Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01212

 

 

 

 

 

 

2022 06 27 210/МА2022/01212

 

Ө.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/01370 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Бын хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, эд хөрөнгө хураах тогтоолыг болон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан, Б.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар шийдвэрээр Ө.Б, Ө.Энхжаргал, Т.Өлзийсайхан, Ж.Батханд нараас 250,969,075 төгрөгийг гаргуулан Доог алт ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч миний эрх, ашгийг ноцтойгоор зөрчсөн. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа болох талаар надад албан бичгээр болон шуудангаар мэдэгдээгүй, ямар ч албан бичиг, тогтоол, тоот хүргүүлээгүй атлаа миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан. Үүнд нь гомддог. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний мэдэгдэх хуудсыг 22-ны өдөр хүргүүлсэн, Оюунаа гэх хүнд өгсөн байдаг. Албадан дуудлага худалдаа болсон талаар миний бие 2020 оны 10 дугаар сарын 09-нд мэдсэн, тэгээд 2020 оны 10 дугаар сарын 12-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргахад 2020 оны 10 дугаар сарын 19-нд хүлээн авахаас татгалзсан. Энэ хугацаанд 22-нд ахлах гүйцэтгэгчид гомдол гаргасан. 29-нд хариуг өгсөн. Би албадан дуудлага худалдаанд гомдол гаргасан байхад үнэлгээ нь үндэслэлтэй гэсэн ойлгомжгүй хариуг өгсөн. Ингээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлын хариуг авангуутаа 30-нд гомдол гаргаж, 11 дүгээр сарын 17-нд хариуг 4/3424 тоотоор өгсөн. Мөн л үнэлгээ тогтоосон нь үндэслэлтэй гэсэн хариу өгдөг. Ингээд шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 07-нд нэхэмжлэл гаргасан нь одоо хэлэлцэгдэж байна. Дандаа хугацаанд нь л гомдол гаргаж байсан, энэ талаар баримтуудыг хэрэгт өгсөн. 3 төрлийн гомдол гаргаад байхад нэгийг нь шийдээд бусдыг шийдэхгүй орхигдуулаад байсан. Дээрх байдлаар миний хууль ёсны эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, анхны албадан дуудлага худалдааг надад мэдэгдээгүй явуулсан гомдолтой байна. Иймд албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа даруй 4 дэх жилдээ явагдаж байна. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй, төлбөр төлөгч нар нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, барьцааны зүйлийн талаар ээлжилж шүүхэд гомдол, нэхэмжлэл гарган ажиллагааг явуулдаггүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 189 дугаар шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 18300460/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулсан. Төлбөрөө төлөөгүй, үнийн саналаа ирүүлээгүй тул шинжээч Мөнх оргил трейд ХХК-аар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 207,500,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч 4/16994 дугаартай албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг тус тус мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Ж.Батханд нь шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00540 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 903 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн тогтоолоор төлбөр төлөгч Ж.Батхандын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 4-121/33950 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тогтоолын хамт төлбөр төлөгч Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б нарын амьдардаг хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд хүлээн авсан нь шуудангийн баримтуудаар нотлогдсон. Нэхэмжлэгч нь өмнөх ажиллагаануудад Чингэлтэй дүүргийн хаягаар оролцож байсан, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч энэ хаягаараа л гаргасан, Ж.Батхандтай биечлэн уулзаж төлбөр төлөгч Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б нар нь тус хаягт амьдарч байгаа эсэхийг тодруулахад уг хаягтаа байгаа гэсэн тайлбар өгсөн талаар тэмдэглэл байна. 88055054 дугаарын утсаар холбогдож дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан талаар мэдэгдсэн, 89086121 дугаараас зурвас илгээхэд Ж.Батханд мэдэгдлийг авсан талаар хариу зурвас ирүүлснийг мессежийг хэрэгт өгсөн. Тухайн барьцааны зүйл 2020.10.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Үнэлгээний талаар болон эд хөрөнгө хураасан тогтоолын талаар өмнө нь Ж.Батхандын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, шүүхээс хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн. Нэхэмжлэгч Ө.Б өөрөө төлбөр төлөгч бөгөөд хэрэв өөр хаягт байгаа бол энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байсан. Одоо энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаж, дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг шилжүүлэх шатанд түдгэлзсэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэх боловч манай байгууллага үйл аижллагаагаа зогсоогоогүй, байнга ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргаж, манай байгууллагаас тухайн хугацаанд нь гомдлыг шийдвэрлэж байсан гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бидний эрх ашгийг ноцтой зөрчин явагдсан. Анхны албадан дуудлага худалдааг бол утсаар л надад мэдэгдсэн, бидэнд мэдэгдлийг гардуулж өгөөгүй. Шуудангаар ч мэдэгдлийг аваагүй. Ө.Б нь анхнаасаа л 2015 оноос хойш Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/1 байрны 61 тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхний хаяг нь ч ийм байдаг, хэрэгт хорооны Засаг даргын тодорхойлолт байна. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд би гэр бүлийн гишүүдээ төлөөлөөд бүх ажиллагаанд нь оролцож байсан, шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж ажиллагааг явуулсан. Надад ажиллагаагаа мэдэгдсэнийг Ө.Бд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй атлаа 2 дахь худалдааг мэдэгдсэн нь хууль бус болсон. Нэхэмжлэл дээр андуурч Чингэлтэй дүүргийн хаягаар бичсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг бидний зүгээс хэтрүүлсэн зүйл огт байхгүй. НШШГГ гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хамаарахгүй ойлгомжгүй хариу өгөхөд нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханд тогтоолоо засаад өгөөч, хуулийг ноцтойгоор зөрчсөн ажиллагаануудаа, албадан дуудлага худалдаа, 18300460/03 дугаартай тогтоол, алдаатай хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудаа засаад, тогтоолуудаа хүчингүй болгоод өгөөч гэхэд намайг загнаад шүүхдээ л ханд гэсэн байдлаар үл тоож харьцаж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4., 55 дугаар зүйлийн 55.7., 63 дугаар зүйлийн 63.4., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Бын гаргасан, хариуцагч НШШГГ холбогдох, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2. дахь заалтад үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдахаар мэдэгдэл хүргүүлжээ гэжээ. Нэхэмжлэгч миний бие анхны дуудлага худалдааны зарыг хүлээж аваагүй, энэ талаар надад албан ёсоор мэдэгдсэн хүн байхгүй.

5.б. Мөн шийдвэрийн 4.5 дахь заалтад анхан дуудлага худалдааны мэдэгдэл хүргэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Батхандад утсаар мэдэгдсэн, төлбөр төлөгч нар дээрх хаягт бүгд амьдардаг болохыг Ж.Батханд нотолсон, энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан гэжээ. Манай ээж Ж.Батханд анхны дуудлага худалдааны талаар мэдээгүй мэдэгдэл аваагүй, надад ч тэр талаар хэлсэн зүйлгүй.

5.в. Мөн Доог алт ХХК-ийн төлбөрт барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгэээнд нэр нь байгаа учраас энэ хаягт байх ёстой гэх өрөөсгөл байдлаар асуудалд хандаж, тухайн хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны зарын мэдэгдлийг өгсөн мэт болгож хариуцагч тайлбарлахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Өр төлбөртэй байгаа нь төлбөр төлөгч нарын буруу гэж үзэж болох ч хүний амьдардаг орон гэрийг хурааж, дуудлааар худалдах гэж байгаа тохиолдолд мэдэгдлээ хуульд заасан үндэслэлийн дагуу мэдэгдэх ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Ө.Бд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдээгүй буюу өөр Баянзүрх дүүрэгт оршин сууж байгаа хүнд өгөх мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн хаягаар явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэх дүгнэлт хуульд нийцэхгүй байна.

6.б. Мөн шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч Ж.Батханд нарт 2020 оны 09 дүгээр 21-ний өдрийн 4-121/33950 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар мөн өдөр хүргүүлсэн нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүргэгдсэн миний утсаар мэдэгдсэн гэх. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдлийг Бүрэнжаргалд албан ёсоор мэдэгдээгүй гэр бүлийн гишүүд нэг хаягтай гэдэг утгаар асуудалд хандах нь өрөөсгөл дүгнэлт.

6.в. Нэхэмжлэгч Ө.Быг удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6-р хороолол Анкарагийн гудамж 10-р байр 02 тоот хаягаар гаргасан гэх боловч Ө.Б нь нэхэмжлэл бичүүлэхэд дээрх хаягаар бичиж байсан үйлчлүүлэгчийн хэлсэн тайлбарлаж буй зүйлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гуравдагч этгээд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудсыг хаягаар мэдэгдээгүй гэж тайлбарласан боловч тухай бүр шуудангаар мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогддог. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч НШШГГ холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар захирамжаар Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Б, Ө.Энхжаргал нараас 250,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 2 тоотод байрлах 95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

3.а. Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Б, Ө.Энхжаргал нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 2 тоотод байрлах 95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

3.б. Төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Доог-Алт ХХК нь шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

3.в. Шинжээчээр ажилласан Мөнх-Оргил трейд ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга аргачлалыг зах зээлийн харьцуулан жиших хандлагыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Төлбөр төлөгч Ж.Батханд шинжээчийн тогтоосон үнийг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 903 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2020/00342 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ө.Б, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батханд нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн дээрх шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Ө.Бын хаягийг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Анкарагийн гудамж, 10 дугаар байр, 2 тоот гэсэн байх ба хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг түүнд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дээрх хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй. /хх 117/

Хэргийн 17 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Ө.Бын цахим үнэмлэхэд түүний хаягийг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/1 дүгээр байрны 61 тоот гэсэн байх ба нэхэмжлэгч энэ хаягт оршин суудаг гэж тайлбарлаж байх боловч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүрэгтэй. Иймд энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

4.б. Нэхэмжлэгч Ө.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, эд хөрөнгө хураах тогтоол болон үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/89 дүгээр тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2хх-78/ Нэхэмжлэгч Ө.Б тогтоолыг зөвшөөрөхгүй ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04/3424 дүгээр албан бичгээр хариу өгснийг /2хх 79/ нэхэмжлэгч мөн өдөр гардаж авсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /2хх-84/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох ба нэхэмжлэгч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь дээрх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт шүүхэд гомдол гаргах хугацааг заагаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/01370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдийн урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.