Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 394

 

Т.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 444 дүгээр магадлалтай, Т.Б, Б.Б нарт холбогдох 1708017701503 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2005 оны 2 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2006 оны 6 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, 2010 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 13-нд 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, Боржигон овогт Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Т.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 1708017701503 дугаартай хэргээс тусгаарлаж, тус дүүргийн прокурорын газарт буцааж,

шүүгдэгч Т.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, шүүгдэгч Б.Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 366 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Б.Б 283 хоног цагдан хоригдсон тул түүнийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгээс 857.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бт 598.000 төгрөг, Д.Бт 259.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 1708017701503 дугаартай хэргээс тусгаарлаж, тус дүүргийн прокурорын газарт буцаасугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял;” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, түүний өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Б гаргасан гомдолдоо: “...Би хохирогч Бийн гар утсыг шүүрэн авч зугтаж хохирол учруулсан нь үнэн. Гэтэл хохирогч мэдүүлгээ олон янзаар өөрчилж өгсөн байдаг тул миний хийсэн хэрэгт нийцэхгүй байгааг харгалзан үзнэ үү. Би хулгайн хэрэг үйлдээгүй байхад прокурор хулгай хийсэн гэж, шүүхийн шатанд нотлогдоогүй гэж үздэг. Үүнд:

1.Цагдан хоригдож байхад хулгай хийсэн гэж,

2.Быг огт танихгүй байхад хулгай бүлэглэж хийсэн гэж,

3.Быг надтай бүлэглэн 1 өдөр 2019.01.08-нд 3 хулгайн хэрэг хамт хийсэн зэргээр.

Хохирогч нь бид хоёрыг сэжиглэсэн мэдүүлэг өгөөгүй байхад прокурор уг хэргийг нотлогдсон гэж үздэг. Бтой холбоотой ямар ч эд мөрийн баримт гэх гарын хээ, гутлын мөр байдаггүй. Миний бие 1 жил 4 сар цагдан хоригдсон, 4 удаа өлсгөлөн зарласан, хуулийн хүрээнд өргөдөл гомдол бичсэн тул хэрэгсэхгүй, чи юу ч олохгүй гэж тохуурхдаг. Би яллах дүгнэлт болон зүйлчлэлийг эс зөвшөөрч, дээрмийн хэргийн зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Намайг бичиг үсэг мэддэг, өргөдөл гомдлоо өөрөө бичдэг гэж худал ярьж, эрүүгийн төлөөлөгчийн зодож тулгасан мэдүүлгээр прокурор Д.Ганчимэг нь нотлох баримтгүй хэргийг хувийн байдлаар шийдсэнд гомдолтой байна. Миний хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Ш.Бадмаараг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Т.Бг хохирогч Н.Бийн гар утсыг хууль бусаар авахад хүч хэрэглэсэн гэж дүгнэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Б нь хохирогч Н.Бийн утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан нь нотлогддоггүй. Иймд Т.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ялаас хасаж өгөхийг хүсье. Сонгинохайрхан дүүргийн шүүх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчин прокурорын санал, өмгөөлөгчийн хүсэлт гараагүй байхад Т.Бд холбогдох хулгайн хэргийг дээрмийн хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнд:

1.Т.Б, Б.Б нарт холбогдох хулгайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг 1 жил гаруй явуулсан.

2.Анхан болон давах шатны шүүхүүд Т.Б, Б.Б нарт холбогдох хулгайн хэрэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

3.Уг хэргийг хянасан прокурор Д.Ганчимэг нь Т.Б, Б.Б нарт холбогдох хулгайн гэмт хэргийг тогтоогдоогүй гэснийг үндэслэлтэй гэж дүгнэж байгаагаар.

4.Хулгайн хэргийн хохирогчид Т.Б, Б.Б нарыг сэжиглэж, мэдүүлэг өгдөггүй.

5.Хэргийн газарт үйлдэгдсэн үзлэгт Т.Б, Б.Б хоёрыг хулгайн хэрэг үйлдсэн гэх нотлох баримт тогтоогдоогүй.

6.Энэ хэргийг тогтоох талаар мөрдөгч нар 1 жил гаруй ажиллаж, прокурорууд хяналт тавиад Т.Б, Б.Б нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж чадаагүй.

Иймд Т.Бд холбогдох хулгайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Т.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Т.Бгийн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд үйлдсэн 8 удаагийн үйлдэл, Б.Бын 5 удаагийн үйлдлийг нотлогдоогүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тусгаарласан нь үндэслэлтэй. Хохирогч Н.Бийн гар утсыг дээрэмдсэн үйлдэлд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Шүүх Т.Б, Б.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 байрны аркны орчим иргэн Д.Бийн 259.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

мөн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Бийн “Самсунг А-5” загварын 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдэж, бусдад нийт 859.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед иргэн П.Дын эзэмшлийн “Тоёота Приус 10” маркийн 87-39 улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Т.Бгийн үйлдсэн дээрэмдэх, Б.Бын үйлдсэн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Т.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 1708017701503 дугаартай хэргээс тусгаарлаж, тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Т.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхээс Т.Бд оногдуулсан 5 жил хорих ялыг 3 жил хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчилснийг шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэснээс гадна хохирогч Д.Бт 256.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр анхан шатны шүүхийн Төрийн сангийн дансанд байршуулсан /6хх-154/, хохирогч Н.Бт 600.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр /6хх-155/ төлж барагдуулсныг харгалзан түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгч Т.Б нь хохирогч Н.Бийн “Самсунг А-5” загварын гар утсыг хүч хэрэглэж авсан болох нь хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тогтвортой өгсөн “...үл таних залуу өөдөөс ирээд гар мушгиад, гарт байсан утсыг булаагаад гүйсэн... тухайн үед гар мушгиснаас болж бага зэрэг хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-23, 23, 27/, Т.Бгийн яллагдагчаар өгсөн “…замд нэг хүүхэн гартаа гар утсаа барьчихсан явж байхаар нь араас нь очоод тэвэрч аваад, гарт нь байсан гар утсыг нь шувтарч булааж аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-51/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Бгийн хохирогч Н.Бийн гарыг мушгиж, гар утсыг нь хүч хэрэглэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй болно.

Түүнчлэн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул прокуророос шүүгдэгч Т.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу эрүүгийн хэргийг 1708017701503 дугаартай хэргээс тусгаарлаж прокурорт буцаасан хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 444 дүгээр магадлалд “Шүүгдэгч Т.Бд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН