Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 444

 

Т.Б-, Б.Б- нарт холбогдох

                                                                     эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1708017701503 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Т.Б-, 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийг 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 248 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

            2. Б.Б-, 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

А/ Шүүгдэгч Т.Б- нь дангаараа 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

1. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны аркны орчимд иргэн Д.Батцэцэгийн өмчлөлийн гар цүнхтэй эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 259.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шилэн хийц” ХХК-ийн ард талд иргэн Н.Батцэцэгийн өмчлөлийн “Samsung A5” загварын гар утсыг хүч хэрэглэн авахаар довтолж, 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, бусдад нийт 859.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн дангаараа 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 14 тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны эзэмшлийн Монгол гэрийн хаалгыг  хөшин нэвтэрч, “Аrina” загварын 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 639.920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

2. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 07-201 тоотод оршин суух иргэн Э.Нэргүйн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, “ТCL” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 205.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

3. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-865 тоотод оршин суух иргэн Г.Оюунтуяагийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, “Panasonic” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 499.997 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

4. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-60 тоотод оршин суух иргэн С.Батсайханы эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, “Samsung” загварын 43 инчийн зурагт, хятад гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 860.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Мөн Б.Б-той бүлэглэн 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 7-21 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, “LG” загварын 43 инчийн зурагт, “Ерөөл” архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 925.780 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

2. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-05 тоотод оршин суух иргэн У.Энхбаатарын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, зөөврийн компьютер, “Nokia 3300” загварын гар утас 1 ширхэг, “Blackberry” загварын гар утас 1 ширхэг, дунд гарын хаш чулуун хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.174.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

3. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21-33 тоотод оршин суух Б.Эрдэнэмөнхийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч, “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер, өсгөгч, индүү, ус буцалгагч, хувцас хатаагч, сандал, хөнжил, ширээ, монетон бөгж, цахилгаан тогоо, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.294.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

4. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, халуун тогоо, мөнгөний гахай, түүн дотор бэлнээр байсан 500.000 төгрөг, хуримын монетон бөгж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 944.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу нийт ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад нийт 7.544.597 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,  

Б/ Б.Б- нь дангаараа 1 удаагийн үйлдлээр:

1. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-123 тоотод оршин суух иргэн О.Энхтөгсийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч, “BSB” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 210.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Мөн Т.Б-тэй бүлэглэн 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 7-21 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, “LG” загварын 43 инчийн зурагт, “Ерөөл” архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 925.780 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

2. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-05 тоотод оршин суух иргэн У.Энхбаатарын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, зөөврийн компьютер, “Nokia 3300” загварын гар утас 1 ширхэг, “Blackberry” загварын гар утас 1 ширхэг, дунд гарын хаш чулуун хөөрөг 1 ширхэг зэргийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.174.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

3. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21-33 тоотод оршин суух Б.Эрдэнэмөнхийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч, “Samsung” загварын 43 инчийн зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер, өсгөгч, индүү, ус буцалгагч, хувцас хатаагч, сандал, хөнжил, ширээ, монетон бөгж, цахилгаан тогоо, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.294.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

4. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, халуун тогоо, мөнгөний гахай, түүн дотор бэлнээр байсан 500.000 төгрөг, хуримын монетон бөгж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 944.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн, бусдад нийт 5.549.680 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэгт,

Мөн дангаараа 1 удаагийн үйлдлээр:

1. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Дамбийнямын эзэмшлийн “Toyota Prius 10” загварын, 87-39 улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.Б-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 17080177011503 дугаартай хэргээс тусгаарлаж, тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Т.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, шүүгдэгч Б.Б-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Т.Б-гийн цагдан хоригдсон 366 хоног, Б.Б-ын цагдан хоригдсон 283 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Б.Б-ын 90 хоног цагдан хоригдсон хугацааг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 193 хоног цагдан хоригдсоныг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-гээс 857.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Батцэцэгт 598.000 төгрөг, хохирогч Д.Батцэцэгт 259.000 төгрөгийг тус тус олгож, Б.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад намайг дахин яллагдах нөхцөл байдалд оруулж, эрх зүйн байдлыг маань дордууллаа. Мөн дээрэмдэх гэмт хэргийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна. Би хохирогч Д.Батцэцэгийн цүнхийг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Харин хохирогч Н.Батцэцэгийн гар утсыг дээрэмдэхдээ хүч хэрэглээгүй. Үүнийг нотлох камерын бичлэг байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн төлөөлөгч Төгөлдөр намайг утас булаагаад зугтаж байгаа бичлэгийг гар утсаараа үзүүлж байсан. Миний бие сургуульд сураагүй, бичиг, үсэг мэдэхгүй, боловсролгүй гэдгээ мэдүүлсээр байтал прокурор Д.Ганчимэг надад хамааралгүй хулгайн үйлдлийг тулгах гэж намайг бичиг үсэг мэддэг өөрийнх нь хажууд өргөдөл гомдол бичиж байсан мэтээр худал ярьсан. Мөн эрүүгийн төлөөлөгч Бөхбат, Гүенбаатар нар надад ганцаараа болон бүлэглэж үйлдсэн 8 удаагийн хулгайн хэргийг тулгаж, дарамталж, зодож мэдүүлэг авсан. Би гарын үсгээ зураагүй байхад зурсан болгож хавтаст хэрэгт оруулсан. Тухайлбал намайг 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Батсайханы гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан гэдэг. Гэтэл би тухайн үед цагдан хоригдож байсан. Би 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс одоог хүртэл тасралтгүй хоригдож байгаа. Дээрх дурдсан 8 удаагийн хулгайн үйлдлээс би 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Д.Наранцэцэгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлээ л хүлээн зөвшөөрнө. Шийтгэх тогтоолд заасны дагуу хохирогч Н.Батцэцэг, Д.Батцэцэг нарт хохирлыг тус тус төлж барагдуулсан. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь нягталж, дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр үйлдсэнийг тогтоож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, дээрэмдэх болон хулгайлах гэмт хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэв. 

            Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Анхан шатны шүүх хулгайлах хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дээрэмдэх гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулсан. Энэ байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь, Т.Б-гийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдвол дахин шийтгэх тогтоолоор ял шийтгэл хүлээх болно. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгтэй танилцаж, 3 удаа шүүх хуралдаанд оролцсоны эцэст Т.Б-д холбогдох хулгайлах гэмт хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж үзсэн. Прокурор хохирогчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, алдагдсан эд зүйлийн үнэлгээг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх дээрх нотлох баримтууд Т.Б-г тухайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох үндэслэлгүй гэж үзэж 2 эрхийн актаар хэргийг буцаасан. Тухайлбал, 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаартай захирамжаар, мөн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэргийг тогтоогдохгүй байна гэж буцаасан. Хохирогч нар Т.Б- болон түүнтэй хамтран үйлдсэн хүнийг сэжиглэсэн тухай огт мэдүүлдэггүй. Зөвхөн хулгайд юмаа алдсан тухай мэдүүлдэг. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хэрэг гарсан тухай тэмдэглэл байдгаас биш Т.Б-гийн гутлын мөр, эсхүл бусад эд мөрийн баримт гэх зүйл тогтоогдоогүй. Эд зүйлийн үнэлгээ нь зөвхөн хохирогч нарын гэрээс алдагдсан хөрөнгийг үнэлсэн үнэлгээ юм. Иймд дээрх үндэслэлээр ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн эрхийн актууд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хулгайлах гэмт хэргийг тогтоохын тулд Т.Б-г 1 жил орчим хугацаанд цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүх хэргийн бүрдэл байхгүй гэх үндэслэлээр прокурорт хэргийг буцаасан. Энэ хооронд ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд Т.Б-гээс ч мэдүүлэг аваагүй байдаг. Хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд хуурамч нотлох баримт бүрдэх эрсдэл үүсэх магадлалтай. Иймд Т.Б-д холбогдох хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус хэргийг 7-8 мөрдөгч шалгаж, 5-6 прокурор хянасан боловч хэрэгт шаардлагатай бүхий л ажиллагааг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Шүүхээс буцаасан үндэслэлийн дагуу ямар ажиллагаа дутуу хийгдсэн, ямар ажиллагааг нэмж хийсэн талаар огт дурдаагүй, нэмж тогтоогоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2. Т.Б- нь хохирогч Н.Батцэцэг, Д.Батцэцэг нарын эд зүйлийг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хохирогч Н.Батцэцэг 2017, 2018, 2019 онуудад өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “миний баруун гараас булааж авсан”, “зүүн гараас булааж авсан”, “халааснаас авсан”, мөн Т.Б-г “танина”, “танихгүй” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Түүнчлэн “20 орчим насны залуу булааж авсан” гэж мэдүүлдэг. Гэтэл Т.Б-г 20 орчим насны залуу биш юм. Хохирогч хэргийн материалтай танилцсан учир сүүлдээ Т.Б-г таньдаг болсон бөгөөд үүний дараа таньж олуулах ажиллагаа хийх үед шууд заадаг. Хохирогчийн өгсөн удаа дараагийн зөрүүтэй мэдүүлгээр “хүч хэрэглэсэн” байдал тогтоогдохоо больсон. Мөн өөр гэрч байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилж өгнө үү.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүнд ял шийтгэл оногдуулсан. Учир нь Т.Б- урьд ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр хүндрүүлж зүйлчилсэн гэж шийтгэх тогтоолд дурдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасныг зөрчсөн. Т.Б- урьд 3 удаа ял шийтгүүлсэн байхад шийтгэх тогтоолд “5 удаа ял шийтгүүлсэн” гэж бичиж хүндрүүлсэн. Хуульд заасан заалтыг зөрчиж ял оногдуулсан мөртлөө ял эдлэх дэглэмийг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад Т.Б-гийн ар гэрээс дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 300.000 төгрөгийг өмгөөлөгч надад өгсөн байсныг миний бие цагдаад хүлээлгэж өгсөн. Үүнийг хохирогчид өгсөн үгүйг прокурор яллах дүгнэлтдээ бичих ёстой байсан. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй, прокурор хяналт тавиагүйгээс болж шүүх ямар ч төлбөр төлөөгүй гэж хүндрүүлж, тоомжиргүй ял оногдуулсан. Хэрэв уг баримт байсан, прокурор тогтоосон бол шүүх “хохирлын гуравны нэгийг төлсөн” гэж дүгнэх боломжтой байсан.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үүнд, хохирогч Д.Батцэцэг нь тодорхой оршин суух хаяггүй тул түүний хохирлыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дансанд хийсэн, баримт нь хэрэгт авагдсан. Хохирогч Н.Батцэцэг нь хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй гэж шүүхэд тодорхойлолт өгсөн. Түүнчлэн, энэ хэргийн төлөө Т.Б- нь 1 жил 2 сар 16 хоног цагдан хоригдсон байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг цагдан хоригдсон хугацаанд дүйцүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна.

Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчлэх үндэслэлгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, оногдуулах хорих ялыг цагдан хоригдсон хугацаанд нь дүйцүүлж, шүүгдэгч Т.Б-г суллаж өгнө үү.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж шийтгэл оногдуулсан. Т.Б- нь оргон зайлаагүй, прокурор болон шүүхээс мэдэгдэх хуудас өгөөгүй, дахин гэмт хэрэг үйлдээгүй, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид ямар нэгэн дарамт үзүүлээгүй байхад 1 жил 2 сар 16 хоног цагдан хорьсон нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхдээ Т.Б- болон бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх Б.Б- нарт хүч хэрэглэж мэдүүлэг авсан, бичиг үсэг мэдэхгүй хүнээс өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Түүнчлэн Т.Б-гээс мэдүүлэг аваагүй байж хуурамч бичиг баримт үйлдэж түүний гарын үсгийг зурсан. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгайлан гаргах тайлбар байхгүй. Шийтгэх тогтоолыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Х.Б-, Б.Б- нарт холбогдох хэрэгт хэрэг нэгтгэгдэж, нэг хэрэг тусгаарлагдсан. Шүүгдэгч нар дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтыг хэрэгжүүлж, ял хүндрүүлэх нөхцөл байдал үүсгэсэн гэж байна. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Мөн хохирогч Н.Батцэцэгийн хувьд хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдэж авсан талаар тогтвортой мэдүүлдэг. Түүнийг араас нь тэвэрч аваад, гараа халаасандаа хийчихсэн байхад гарыг нь мушгиж гар утсыг нь авсан байдаг тул хүч хэрэглэсэн дээрэм гэж үзсэн нь үндэслэлтэй. Дээрэмдэх гэмт хэргийн гол шинж нь хохирогчид халдсан үйлдэл байдгаараа тогтоогддог. Шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхдээ тус үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэг гэж үзсэн. Шүүгдэгч Т.Б- дээрэмдэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо огт төлж барагдуулаагүй. Мөн тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мэдүүлэг авахад зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байсан. Харин мөн зүйлийн 3 дахь хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд “миний ял хүндэрчихлээ” гэж эсэргүүцэж хэргээ хүлээн зөвшөөрөхгүй өлсгөлөн зарласан байдаг. Прокуророос тухай бүрт нь очиж уулзан, санал хүсэлтийг нь авч байсан. Хэргийн материал болон яллах дүгнэлт танилцуулахаар удаа дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчид хандаж байсан. Энэ нь цагдан хорих ангийн камерын бичлэгээр нотлогдоно. Өмгөөлөгч Ш.Бадмаараг хэргийн материалтай танилцсан ч гарын үсэг зураагүй тохиолдол гарч байсан.  Шүүгдэгч Т.Б-г эрүүдэн шүүсэн асуудлын талаар Авлигатай тэмцэх газарт шалгуулж, зохих прокурор шийдвэрээ гаргасан. Тухайн үед энэ талаар хүсэлт гаргаж, шалгуулаагүй хэрнээ зөвхөн шүүх хуралдааны үед эрүүдэн шүүсэн гэх асуудлыг ярьдаг. Энэ хэрэгт бусад 8 хэрэг нэгтгэгдэхэд хэрэг тус бүрт өөр өөр мөрдөгч шалгаж байсан. Энэ үед яллагдагч нарыг ихэвчлэн өмгөөлөгчтэй оролцуулсан ба хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, эрүүдэн шүүсэн эсэх талаар тодруулж ажиллагаа хийлгэхийг даалгасан. Үүнийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. 5 жилийн хорих ял нь зөвхөн дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан ял учир хэт хүнд ял оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Т.Б-г дангаараа 2 удаагийн үйлдлээр, 2017 оны 9 дүгээр сарын 30, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрүүдэд, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч иргэн Д.Батцэцэг, Н.Батцэцэг нарт нийт 859.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн дангаараа 4 удаагийн үйлдлээр, Б.Б-той бүлэглэн 4 удаагийн үйлдлээр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас иргэн Д.Энхтайван, Э.Нэргүй, Г.Оюунтуяа, С.Батсайхан, Д.Наранцэцэг, У.Энхбаатар, Б.Эрдэнэмөнх, Б.Батмөнх нарт нийт 7.544.597 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Б.Б-ыг дангаараа 1 удаагийн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Дамбийнямын эзэмшлийн “Toyota Prius 10” загварын, 87-39 улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явснаас 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн дангаараа 1 удаагийн үйлдлээр, Т.Б-тэй бүлэглэн 4 удаагийн үйлдлээр, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас иргэн О.Энхтөгс, Д.Наранцэцэг, У.Энхбаатар, Б.Эрдэнэмөнх, Б.Батмөнх нарт нийт 5.549.680 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, прокуророос Т.Б-, Б.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хэргийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй...” гэсэн үндэслэлээр тусгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй орхигдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд заасан “Шүүгч гагцхүү хуульд захирагдан шийдвэрээ гаргах” зарчимд нийцэхгүй тул үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.Батцэцэгийн “...2017 оны 10 дугаар сарын 3-ны орой 22 цаг өнгөрч байхад манайд хөдөөнөөс хүн ирэх гээд би тосож авахаар гарсан. Доош уруудаж байхад харанхуй булан хэсэгт ... үл таних нэг залуу араас ирээд гартай хамт тэвэрч авахаар нь гар утас барьсан гараа халаасандаа хийтэл баруун гарыг татаж гаргаж ирээд мушгиад, гар утас аваад зугтаасан. Тэр залуу хар өнгийн куртик, малгайтай, 165-170 см өндөртэй, дунд зэргийн биетэй байсан. ...” /1хх 23-24, 25-26, 27/ гэх,

- хохирогч Д.Батцэцэгийн “...2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 19 цаг 30 минутын үед ажлаа тараад, хамт ажилладаг Баатар, Отгоо нартай 32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг уушийн газарт орж, нэг хүний 5 шил шар айраг уусан... тэр газраас гараад 32 дугаар байрны аркаар ертөнцийн зүгээр хойд зүг рүү гараад алхаж байтал араас нэг хүн гүйж ирээд цүнх шүүрээд зүүн хойд зүг рүү зугтаасан... Бараан өнгийн хувцастай, 30-35 орчим насны эрэгтэй хүн байсан. Цүнхэнд бэлэн 180.000 төгрөг байсан. ...” /1хх 79-81/ гэх тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдийн гадна төрх байдал, алдагдсан эд зүйлийнхээ шинж онцлогийн талаар өгсөн мэдүүлгүүд,

 - шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Гурвалжин” төв дээр архи ууж байгаад Хархорины 32 дугаар байр орсон. ... 3 билүү 4 хүүхэн явж байхаар нь зүүн талд явж байсан хүүхний гар цүнхийг шүүрээд зугтаасан. ... дотор нь 180.000 төгрөг, будаг шунх байсан. Мөнгийг нь аваад бусдыг нь хаясан. Мөнгөөр нь архи уусан. ... 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Саппоро” төв дээр архи ууж байгаад “Шилэн хийц” компанийн хажууд алхаж явтал замд нэг хүүхэн гартаа гар утсаа барьчихсан явж байхаар нь араас нь очоод тэвэрч, гарт нь байсан гар утсыг нь шувтарч булааж аваад зугтаасан. Гар утсыг нь “Хархорин” зах дээр явж байгаад замын хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөр гутал, цамц өмд авч өмссөн. ...” /1хх 51-52, 100/ гэх мэдүүлэг,

- таньж олуулах ажиллагааны явцад, хохирогч Н.Батцэцэг гэмт этгээдийг гаднах дүр төрх, биеийн шинж байдлаар Т.Б- мөн болохыг заасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-17/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 42, 87, 93/,

- хохирогч Л.Дамбийнямын “...2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Таван шар”-ын автобусны буудал дээр зогсоод ТҮЦ-рүү орж 1 хайрцаг тамхи авч, 1 ширхэг кофе найруулж уучихаад буцаад гарч ирэхэд автобусны буудал дээр асаалттай, онгорхой орхисон байсан 87-39 УНП улсын дугаартай, хөх өнгийн “Toyota Prius 10” загварын автомашин алдагдсан байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Миний автомашиныг унаж явсан хүнийг би танихгүй. Уг автомашинаа 2019 оны 9 дүгээр сард 2.300.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /5хх 75-76/ гэх тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, алдагдсан эд зүйлийнхээ шинж онцлогийн талаар өгсөн мэдүүлэг,

- иргэний нэхэмжлэгч Ц.Төгөлдөрийн “...2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын хойд талын өгсдөг зам дээр өөрийн 80-02 УБТ улсын дугаартай автомашинтайгаа явж байхад 87-39 УНП улсын дугаартай, цэнхэр өнгийн “Toyota Prius 10” загварын автомашин зам дээр зогсож байсан. Би хойно нь очиж зогсоод хажуугаар нь гарах гэтэл нөгөө автомашин ухраад миний автомашиныг мөргөсөн. Уг автомашинаас нэг согтуу эрэгтэй хүн буугаад “Содон” хороолол тал руу гүйхээр нь араас нь гүйж очиж барьж аваад цагдаад дуудлага өгсөн. ...” /5хх 93/,

- гэрч С.Ууганбаярын “...2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө эргүүлд явж байх үед станцаар “Таван шар”-аас 87-39 УНП улсын дугаартай, цэнхэр өнгийн “Toyota Prius 10” загварын автомашин алдагдлаа гэсэн мэдээлэл ирсэн. 20 орчим минутын дараа “Содон” хорооллын ойролцоо алдагдсан автомашин осол хийсэн байна гэсэн мэдээлэл ирэхээр нь очтол “Toyota Prius 10” загварын автомашин дотор 20 гаран насны, жижиг биетэй, бараан өнгийн хувцастай, согтуу эрэгтэй хүн байхаар нь гавлаад, дэслэгчийг дуудаж хүлээлгэн өгсөн. ...” /5хх 92/,

- шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах уушийн газарт ах Батдэлгэрийн хамт архи ууж байгаад тэндээсээ ганцаараа гарч Таван шарын автобусны буудлын хойд талд такси барих гээд зогсож байтал асаалттай автомашин байхаар нь суутал жолооч нь байхгүй байсан. Тэгээд согтуудаа автомашиныг нь унаад гэр лүүгээ явах замдаа “Содон” хорооллын орчим цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын автомашинтай мөргөлдөж цагдаад баригдсан. ...” /5хх 70-71/ гэх мэдүүлгүүд,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 101-105/,

- алдагдсан автомашин болон бусдын автомашинд учирсан хохирлын үнэлгээ /5хх 81-83, 112-114/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /5хх 87/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

Т.Б- нь согтуугаар, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны аркны орчимд иргэн Д.Батцэцэгийн өмчлөлийн гар цүнхтэй эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 259.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн согтуугаар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шилэн хийц” ХХК-ийн ард талд иргэн Н.Батцэцэгийн өмчлөлийн “Samsung A5” загварын гар утсыг хүч хэрэглэн авахаар довтолж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 859.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Б.Б- нь согтуугаар, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван шар”-ын автобусны буудал дээр түр зогссон байсан иргэн П.Дамбийнямын эзэмшлийн “Toyota Prius 10” загварын, 87-39 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Т.Б- нь урьд танхайрах, хулгайлах гэмт хэргийг үйлдэж, 3 удаа ял шийтгүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, мөн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлж байсан боловч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар Т.Б-д 5 жилийн хорих ял, Б.Б-од 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Т.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 283 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас нь хасаж, түүнийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...хулгайлах гэмт хэргийг тусгаарласнаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, хохирогч Н.Батцэцэгийн эд хөрөнгийг дээрэмдэхдээ хүч хэрэглээгүй...” хэмээн маргадаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь тохиолдолд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ:”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол;” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-, Б.Б- нарт холбогдох хэд хэдэн төрлийн гэмт хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд хамтатган шийдвэрлэлгүй, заримыг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтоох, тэдний гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийхэд нөлөөлөхөөргүй байна.

Шүүгдэгч Т.Б-, Б.Б- нарт холбогдох хулгайн үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн байх бөгөөд энэ хуулиар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг багтаах гэсэн ойлголтыг халж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоодог болсон.

Иймээс хэргийг тусгаарлан “гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн болох”-ыг сайтар шалгаж тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх боломжтой ба ингэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй.

Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэж, шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүгдэгч Т.Б-г “эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэх асуудлаар холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргасны дагуу зохих шалгалтыг явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр /6хх 68-69/-ийг гаргажээ.

Шүүгдэгч Т.Б- нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “өөрийгөө боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй” гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүддээ “өөрийгөө бага боловсролтой, уншиж бичиж чадна” гэж тодорхойлж байсан. Мөн төрсөн ах болох Т.Түмэнбаяраас түүний хувийн байдлыг тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авахад “Т.Б-г бүрэн дунд боловсролтой, Эрдэнэт хотын 3 дугаар 8-н жилийг төгссөн” /4хх 46/ гэж мэдүүлснийг дурдвал зохино.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран өөр хоорондоо ялгагддаг.

Тухайлбал, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтаан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол хүч хэрэглэж, хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон буюу хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Иймээс тухайн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр тодорхойлон зүйлчлэхдээ дээрх шинжүүдийг анхаарч үзэхийн зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар тодруулан тогтоож хууль зүйн дүгнэлт хийсэн байвал зохино.

Шүүгдэгч Т.Б- нь “хохирогч Н.Батцэцэгийн гар утсыг авахдаа хүч хэрэглээгүй, шүүрч аваад зугтаасан” хэмээн маргадаг боловч энэ нь хохирогчид хууль сануулж авсан удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар няцаагддаг.

Тухайлбал, хохирогч Н.Батцэцэг “...үл таних нэг залуу араас ирээд гартай хамт тэвэрч авахаар нь гар утас барьсан гараа халаасандаа хийтэл баруун гарыг татаж гаргаж ирээд мушгиад, гар утас аваад зугтаасан. ...” /1хх 23-24, 25-26, 27/ талаараа тодорхой мэдүүлж, таньж олуулах ажиллагаа /1хх 12-17/-ны явцад, гэмт этгээдийг гаднах дүр төрх, биеийн шинж байдлаар Т.Б- мөн болохыг шууд таньсан байдаг.

Харин Т.Б- яллагдагчаар /өмгөөлөгчтэй/ өгсөн мэдүүлэгтээ “...урд нэг хүүхэн гартаа гар утсаа барьчихсан явахаар нь гэнэт булаагаад авчихъя гэж бодсон... араас нь очоод тэвэрч, гарт нь байсан гар утсыг шувтарч булааж аваад зугтаасан...” /1хх 51-52/ гэж хохирогчийн биед халдан хүч хэрэглэж, гар утсыг нь авсан болохоо хүлээсэн.

Хэдийгээр хохирогч Н.Батцэцэг өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгох зорилгоор Шүүх эмнэлэгт үзүүлээгүй боловч “...тухайн үед гар мушгиснаас болж бага зэрэг хөхөрсөн...” гэж мэдүүлж байжээ.

Хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд заавал гэмтэл учирсан байхыг шаардахгүй бөгөөд гэмт этгээд хүч хэрэглэн хохирогчийн эсэргүүцлийг дарж, илээр эд хөрөнгийг нь салган авсан үеэс энэ гэмт хэрэг төгсдөг.

Дээрх байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Т.Б-гийн санаа зорилго анхнаасаа бусдын эд хөрөнгө рүү шууд чиглэж, тухайн эд хөрөнгийг авахын тулд эхлээд өмчлөгчийн биед халдан түүний эд хөрөнгөө хамгаалан тэмцэх, эсэргүүцлийг сулруулж, улмаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа холдон зугтаасан байна.

Шүүгдэгч Т.Б- нь “намайг гар утас булаагаад зугтааж буй бичлэгийг мөрдөгч надад үзүүлсэн” гэх боловч энэ талаар нотолсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүйн гадна, хохирогч Н.Батцэцэгийн “тухайн үед хажуугаар хүн өнгөрөөгүй, камерын бичлэг байгаагүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Иймээс шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь хуульд нийцнэ.

Гэтэл шүүгдэгч Т.Б- “дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдээгүй” хэмээн үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэрэгт дүгнэлт хийлгүй орхигдуулснаар ял шийтгэлийн хэр хэмжээг зохистой байдлаар тогтоож чадаагүй байна.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Т.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан давж заалдах гомдлоос “...шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн хэсгийг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, түүний өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 1708 0177 01503 дугаартай хэргээс тусгаарлаж, тус дүүргийн прокурорын газарт буцаасугай” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял;” гэснийг “Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял;” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, түүний өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН