Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 333

 

“М д” ХХК-ийн гомдолтой,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч

Б.А-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                      Г.Банзрагч

                                                М.Батсуурь

                                                Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

            Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А-ын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0383 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 419 дүгээр магадлалтай,

       Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-О нарыг оролцуулж,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э-О нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0383 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч “М д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 419 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт /2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр хүчин төгөлдөр байсан/ заасныг баримтлан “М д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “М д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 8750 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э-О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... энэхүү магадлалаар шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

4.  Магадлалын Хянавал хэсэгт: “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг төлбөр төлөгчид олгоно”, 17.3.3-т “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээн” гэж албан татвар суутган төлөгчийн үүргийг тодорхойлсон ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үед үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж зааснаар хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан” гэж дээрх хуулийн заалтуудыг зөв дүгнэсэн хэрнээ “хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн А.Б нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Миний дэлгүүр-124” салбараар үйлчлүүлж худалдан авалтын баримт хэвлүүлэн авсан боловч уг баримтаа удаа дараа бүртгүүлэх гэхэд “ААН илгээгээгүй” төлөвт байсан үйл баримт тодорхойлогдож байх боловч албан татвар суутган төлөгч болох “М д” ХХК-ийн “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэм буруу нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, “М д” ХХК-ийн   /еbarimt.mn/-д илгээгддэг болох нь Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/112 тоот албан бичгээр нотлогдож байх ба энэ тохиолдолд гагцхүү иргэн А.Б-ын төлбөрийн баримтын мэдээллийг борлуулалтын нэгдсэн системд илгээгээгүй гэж үзэх боломжгүй тул программын алдааны улмаас дээрх зөрчил гарсан гэж ойлгохоор байна” гэж дүгнэсэн.

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар суутган төлөгчид үүрэг болгосон, тухайн системийн алдааг суутган төлөгч өөрөө хариуцахаар хуульчлагдсан, зөрчил нэгэнт гарсан болох нь илэрхий тодорхой байхад гэм буруугүй гэж дүгнээд байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг нотолж байна.

6. Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хүн, хуулийн этгээд зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх талаар тодорхой заасан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан шүүх энэхүү заалтыг мөн буруу хэрэглэж тайлбарласан.

7. “М д” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан суутган төлөгчийн үүргээ биелүүлж алдаагүйгээр хэрэглэгчийн нэгдсэн системд илгээсэн бол иргэн А.Б-ын төлбөрийн баримт “ААН илгээгээгүй” төлөвт бүртгэгдэхгүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасан зөрчил гарсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэн А.Б-ын 4 удаагийн төлбөрийн баримтын шивэлт, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн программын мэдээлэл, албан бичгээр тодорхойлогдоно.

8.  Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй.

9. Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 419 дугаартай магадлалыг хүчингүй болгож Татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

11. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсаар “М д” ХХК-д “борлуулалтын нэгдсэн системд баримт илгээгээгүй” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, “М д” ХХК-иас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...техникийн гэмтэл саатлын улмаас уг алдаа гарсан, бидний буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй, санаатай зөрчил гаргаагүй, ...төлбөрийн баримтын системд бүртгүүлэхэд “аж ахуйн нэгж илгээгүй” гэсэн төлөвтэй байгааг бид мэдэх боломжгүй, … 09.06-ны өдөр баримтыг дахин хэвлэж худалдан авагчид олгосон байхад зөрчил гаргасан гэж 4 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

12. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Сүхбаатар дүүргийн 17-р хороонд байрлах Миний дэлгүүр-124 салбарын 124-04 тоот посын машинаар 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 361.254.85 төгрөгийн худалдан авалтын гүйлгээний бичилт хийгдэж, худалдан авагчид баримтыг хэвлэж өгсөн, худалдан авагч нь баримтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхээр хандахад “аж ахуйн нэгж илгээгүй” гэсэн төлөвтэй, бүртгэгдэхгүй байсан, энэ үндэслэлээр худалдан авагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гомдол гаргасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1909001237 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, мөн өдөр буюу  2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “М д” ХХК-иас 361.254.85 төгрөгийн худалдан авалтын гүйлгээний баримтыг худалдан авагчид дахин олгосноор уг баримт нь татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

13. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “/татвар төлөгч хуулийн этгээд/ татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй /бол дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/”-оор заасан, хариуцагчаас уг шийтгэл оногдуулсан үндэслэлээ “... “М д” ХХК нь гомдол гаргасан иргэнд бараа бүтээгдэхүүн худалдаж и-баримт олгосон боловч системд илгээгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ, ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т ... заасныг зөрчсөн тул ...  шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн” гэжээ.

14. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3-т зааснаар “албан татвар суутган төлөгч нь ... албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэх, ... бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох, ...  хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээх” үүргийг хүлээнэ, тухайн тохиолдолд, албан татвар суутган төлөгч “М д” ХХК нь  “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгээгүй”, “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоогүй”,  “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээгээгүй” зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй гэж шүүх үзсэн нь зөв байна.

15. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17-р хороонд байрлах Миний дэлгүүр-124 салбарын 124-04 тоот посын машинаар 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 361.254.85 төгрөгийн худалдан авалтын гүйлгээний бичилт хийгдэж, худалдан авагч А.Б-д төлбөрийн баримтыг хэвлэж өгсөн, талууд энэ үйл баримттай маргаагүй, тухайн баримтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхээр хандахад “аж ахуйн нэгж илгээгүй” гэсэн төлөвтэй, бүртгэгдэхгүй байсан нь “М д” ХХК “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд бүртгээгүй”, эсхүл “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээгээгүй” гэж шууд буруутгах үндэслэл болохгүй, гомдол гаргагчийн төлөөлөгчийн “... улсын баяр наадмын өдөр хэт ачааллын улмаас техникийн саатал гарсан байх /магадлалтай/” гэх тайлбар, үндэслэлийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, тийм баримтыг хариуцагч гаргаж маргаагүй тул “зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... тухайн системийн алдааг суутган төлөгч өөрөө хариуцахаар хуульчлагдсан, зөрчил нэгэнт гарсан болох нь илэрхий тодорхой байхад гэм буруугүй гэж дүгнээд байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

16. Түүнчлэн,  худалдан авагч бараа худалдан авсан баримтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхээр хандахад “аж ахуйн нэгж илгээгүй” гэсэн төлөвтэй байгаа нь албан татвар суутган төлөгчид мэдэгдэх техникийн тохиргоо байхгүй болох нь тогтоогдсон, Миний дэлгүүр-124 салбарын 124-04 тоот посын машинаар 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 361.254.85 төгрөгийн худалдан авалтын гүйлгээний баримт нь татварын цахим төлбөрийн баримтын системд “аж ахуйн нэгж илгээгүй” төлөвт байгаа талаар мэдмэгцээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “М д” ХХК-иас тухайн иргэнд төлбөрийн баримтыг дахин олгосон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “хүн, хуулийн этгээд нь хууль ... биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан шүүх энэхүү заалтыг мөн буруу хэрэглэж тайлбарласан, ... “М д” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан суутган төлөгчийн үүргээ биелүүлж алдаагүйгээр хэрэглэгчийн нэгдсэн системд илгээсэн бол иргэн А.Балжиннямын төлбөрийн баримт “ААН илгээгээгүй” төлөвт бүртгэгдэхгүй байсан” гэх зэрэг гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т заасан “улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх” зохицуулалт нь захиргааны байгууллагаас гаргах гомдол, нэхэмжлэлийн хувьд хэрэглэгдэнэ, харин “нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгох”-д уг зохицуулалт хамааралгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

18. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 419 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э-О нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                 Д.МӨНХТУЯА