Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0419

 

“М д” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “М д” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. “М д” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь заалт буюу “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн А.Балжинням гомдол гаргаж төлбөрийн баримтаа нөхөж авах, сугалаанд оролцох, буцаалтаа авах эрх нь үүссэн. Мөн тухайн гомдол гаргагч иргэний төлбөрийн баримтын дүнгээр “М д” ХХК-ийн орлого буурч татвар төлөлт багассан байна. “ААН илгээгээгүй төлөвт” байгаа баримтыг тухайн байгууллага мэдэх боломжгүй гэх боловч өдөр тутмын төлбөрийн баримтын илгээлт, программын алдаа дутагдлыг хариуцан татварын тайлан мэдээгээ үнэн зөв гаргах үүрэгтэй. Иймд  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.3 дах заалтуудыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтаар хариуцлага хүлээлгэсэн. Шүүхээс “М д” ХХК-ийн 17.3.3-т заасан 3 хоногийн дотор төлбөрийн баримтын мэдээллийг илгээх үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээлгэсэн торгуулийн арга хэмжээг Гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн төвийн албан бичигт үндэслэн хүчингүй болгож байгаа нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй. Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “М д” ХХК нь  “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А-ын 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “М д” ХХК-ийг  “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг борлуулалтын нэгдсэн системд илгээгээгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.3.1-д “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.3.3-т “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ” гэж албан татвар суутган төлөгчийн үүргийг тодорхойлсон ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж зааснаар хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн А.Балжинням нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Миний дэлгүүр-124” салбараар үйлчлүүлж худалдан авалтын баримт хэвлүүлэн авсан боловч уг баримтаа удаа дараа бүртгүүлэх гэхэд “ААН илгээгүй” төлөвт байсан үйл баримт тодорхойлогдож байх боловч албан татвар суутган төлөгч болох “М д” ХХК-ийн “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэм буруу нь тогтоогдохгүй байна. Тодруулбал,

“М д” ХХК-ийн борлуулалтын мэдээ нь өдөрт 3 удаа цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-д илгээгддэг болох нь Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/112 тоот албан бичгээр нотлогдож байх ба энэ тохиолдолд гагцхүү иргэн А.Балжиннямын төлбөрийн баримтын мэдээллийг борлуулалтын нэгдсэн системд илгээгүй гэж үзэх боломжгүй тул программын алдааны улмаас дээрх зөрчил гарсан гэж ойлгохоор байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулах тохиолдолд хуульд заасан үүргээ биелүүлэх боломжтой байсан атлаа биелүүлээгүй байх урьдач нөхцөл хангагдсан байхыг шаардахаас гадна “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил нь идэвхтэй үйлдлээр илрэх зөрчилд хамаарна.

Гэтэл нэхэмжлэгч “М д” ХХК-ийн тухайд үүргээ биелүүлэх боломжтой байсан хууль зөрчсөн идэвхтэй үйлдэл нотлогдоогүй, уг баримтыг “ААН илгээгүй” төлөвт байсныг мэдээгүй тул санаатайгаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй талаар шүүхийн дүгнэснийг буруутгах боломжгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн төвийн албан бичигт үндэслэн хүчингүй болгож байгаа нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

          Түүнчлэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.4-т “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан нь шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдийн эрх зүйн байдал болон нэхэмжлэлийн төрлийг тодорхойлсон бөгөөд энэ хэргийн тухайд төрийн албан хаагч хариуцагчаар оролцож байгаа тул хамааралгүй гэж үзнэ.

          Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн, энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт /2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр хүчин төгөлдөр байсан/ заасныг баримтлан “М д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “М д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 8750 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                           А.Сарангэрэл      

                ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН