Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 383

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: “М.д” ХХК

Хариуцагч: СБД ТХУБ Б.А

Гомдлын шаардлага: “..” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М.д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.З шүүхэд гаргасан гомдолдоо: “М.д” ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Миний сүлжээ дэлгүүр”-үүдийг ажиллуулдаг. Бид худалдан авагчдаа хамгийн хямд, өргөн сонголттой, чанартай бараа бүтээгдэхүүнээр өдөр тутамдаа хангаж ажиллахыг эрхэм зорилгоо болгож үйлчилдэг. Түүнчлэн манай байгууллага нь Улс орныхоо өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэж, татварын тухай хуулиудыг зөрчиж байгаагүй бөгөөд жилдээ улсад 2,000,000 /2 тэрбум/ гаруй төгрөгийн татварыг төлж, 1000 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Манай байгууллагын Сүхбаатар дүүргийн 17-р хороонд байрлах МД-124 албарын 124-04 тоот посоор 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 361.254.85 төгрөгийн худалдан авалтын гүйлгээний бичилт /талоны дугаар: 124041907002107/ хийгдсэн бөгөөд уг худалдан авалтын и-баримтыг хэвлэж өгөхөд QR кодгүй буюу сугалааны дугааргүй  алдаатай баримт хэвлэгдсэн. Үүний шалтгаан нь тус пос нь ачаалал ихэссэн үеүүд буюу зөвхөн баярын өдрүүдэд ашиглагддаг байсан тул кассын огноо зөрүүтэй гарсантай холбоотой байсан. Манай зүгээс тэр даруйд нь барааны буцаалтын гүйлгээг хийж, алдаатай гарсан и-баримтыг худалдан авагчид дахин хэвлэж өгсөн.

Энэхүү худалдан авагч нь дээрх 361.254.85 төгрөгийн и-баримтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхэд “Аж ахуйн нэгж илгээгүй” гэсэн төлөвтэй гарч ирсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гомдол гаргасныг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр уг хэлтсээс дуудсаны дагуу 28-ны өдөр очиж мэдсэн ба татварын улсын байцаагчийн зүгээс холбогдох баримтуудтай огт танилцуулаагүй.

Манай зүгээс худалдан авагчийн гомдлын дагуу и-баримтыг дахин хэвлэж өгч, гомдол гаргагчийг хохиролгүй болгосон. Иймд СБД ТХУБ Б.А 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.  

            Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 2 дугаар гудамж 14 тоот хаягт оршин суух иргэн А.Б 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан “М.д” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бараа худалдаж авахад НӨАТ-ын и-баримт олгосон боловч тухайн баримт нь бүртгэгдэхгүй аж ахуйн нэгж илгээгээгүй /ААН илгээгээгүй/ талаарх гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн ... дугаартай зөрчлийн хэрэг үүсгэсэн.

Иргэн А.Б нь тус өдөр 361.254.85 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан. Бараагаа аваад буцаалт хийгээгүй, 2 удаа баримт хэвлээгүй, баримтаа шууд бар код уншуулаад хөдөө явсан, ААН илгээгээгүй төлөвт байсан тул гомдол гаргасан байсан.

            “М.д” ХХК нь гомдол гаргасан иргэнд бараа бүтээгдэхүүн худалдан авсан байхад и-баримт олгосон боловч системд илгээгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-т заасан үүргээ биелүүлээгүй болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“М.д” ХХК-иас СБД ТХУБ Б.А холбогдуулан гаргасан “...” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэн А.Б 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах М.д-124 салбараар үйлчлүүлэн худалдан авалтын баримт[1] хэвлүүлэн авсан боловч тус баримт нь ААН илгээгүй төлөвтэй байсан, бүртгэгдээгүй, буцаалт ороогүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гомдол гаргасны дагуу “М.д” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар СБД ТХУБ Б.А 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0177304 дүгээр шийтгэлийн хуудсаар “нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг борлуулалтыг нэгдсэн системд илгээгээгүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн “Татвар төлөгч ... хуулийн этгээд, ...: 11.3.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй; ...бол ... хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”[2] гэж заасныг үндэслэн “М.д” ХХК-ийг 4000 нэгж буюу 4000000 (дөрвөн сая) төгрөгөөр торгосон байна. 

Шүүх хариуцагч татварын улсын байцаагч “Миний дэлгүүр” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: ... 17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ” гэж заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг зөрчсөн гэж торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь “М.д” ХХК нь цахим төлбөрийн баримтийн систем /ebarimt.mn/-д өдөрт 3 удаа мэдээлэл илгээж байгаа, “ААН илгээгүй” төлөвтэй баримтыг тухайн байгууллага мэдэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технолигийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/489 дүгээр, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/112 дугаар албан бичгүүдээр[3] тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэвэл “М.д” ХХК нь хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг өдөрт 3 удаа буюу гурав 3 хоногтйг дотор илгээж байх бөгөөд YC68683926 дугаар бүхий баримт нь “ААН илгээгээгүй” төлөвт байсныг нэхэмжлэгч мэдэх боломжгүй тул “М.д” ХХК-ийг санаатайгаар төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн системд илгээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт (тухайн үед хүчин төгөлдөр байсан заалт) заасан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч “М.д” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, СБД ТХУБ Б.А ... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин цаашид албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системд илгээсэн боловч “ААН илгээгээгүй” төлөвтэй баримт, огт илгээгүй “ААН илгээгээгүй” төлөвтэй баримтыг ялгах, илгээсэн “ААН илгээгээгүй” төлөвтэй баримтыг хэрэглэгчийн системд хэрхэн засах, суутган төлөгчид мэдэгдэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М.д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, .. дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч “М.д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Н.ДАМДИНСҮРЭН