Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ШТ2017/00045

 

Де Макунем Алексисийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1996 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Дэ Макунем Алексисийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Мөнхзулд холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 234.000 ам.доллар буюу 469.827.540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхоны гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 01 тоот 179 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014849 дугаарт бүртгэлтэй гурван өрөө орон сууцыг 322.200 ам.доллараар худалдан борлуулахаар харилцан тохиролцож 2012/09/45Б-1 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулан орон сууцыг хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь гэрээний 2.2.1-д заасан хуваарийн дагуу байрны үлдэгдэл төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 156.040 ам.доллар, алдангид 78.020 ам.доллар, нийт 234.000 ам.доллар буюу 469.827.540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Дэ Мэкунэм Алексисийн өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаарын гэрчилгээтэй 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471.056.400 төгрөгөөр тооцож төлбөрийн нөхцлийг хэсэгчлэн төлөхөөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсантай тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Уг орон сууцыг худалдан авахдаа чанар байдлын талаар асуухад асуудалгүй гэж хэлсэнд нь итгээд худалдаж авахаар болсон. Гэтэл эд хөрөнгийн доголдолтой байсан ба удаа дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсанд хэлж шаардахад санаа тавьж санаачилга гаргахгүй байсан учраас наймаагаа буцаая гэсэн байр суурьтай байсаар өдийг хүрсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 469.827.340 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед м.квадратыг нь 1.800 ам.доллар гээд тухайн үеийн ханш байна гэж тохиролцоод 471.056.400 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчийн буруугаас болж би болон миний гэр бүлийнхэн хүйтэн, сэрүүний улиралд хохирч бага насны хүүхдүүд маань даарснаас болж хоолой нь өвдөх, ханиад томуу хүрэх тав тухгүй байж хохирч байна. Иймд нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцалж, чанаргүй салхи сэнгэнэсэн орон сууцыг нэхэмжлэгчийн талд өгч, орон сууцны төлбөрт өгсөн 166.160 ам.долларыг буцаан гаргуулж өгнө үү. Би Улсын мэргэжлийн хяналтын газарт хандан удаа дараа барилгын доголдлын талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, өвлийг хүлээхээс өөр аргагүй гэсэн хариу өгсөн. Орон сууц худалдан авсан үлдэгдэл төлбөрт 156.040 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж одоо төлөх боломжгүй байгаа, мөн энэ байр хүйтэн, чанаргүй орон сууцыг худалдсан тул алдангийг төлөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Мөнхзулаас 234.000 ам.доллар буюу 469.827.540 төгрөгийг гаргуулан Алексис Луис Роланд /De Mecquenem Alexis Louis Roland Marie/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.507.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхзулаас 2.507.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алексис Луис Роланд /De Mecquenem Alexis Louis Roland Marie/-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1996 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: “Талуудын хоорондбайгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.2.2-т зааснаар байр хүлээлцэх акт үйлдэж, түлхүүр хүлээлцэж, худалдан авагч тал орон сууцыг ашиглаж эхлэхээр тохиролцсон боловч гэрээний үнэ бүрэн төлөгдөөгүй байхад худалдан авагч талын эзэмшил, ашиглалтад орон сууцыг худалдагч хүлээлгэн өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх улсын бүртгэл хийгдээгүй байна. Түүнчлэн талууд гэрээний үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрх шилжүүлэх талаар тохиролцоогүй байна.” хэмээн дүгнэж талуудын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь гэрээний 3.2.2-т “Гэрээний төлбөрийг 100 хувь төлсний дараа байр худээлцэх акт үйлдэж, түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхлэх” хэмээн заасан нь байрны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу 100 хувь төлсний дараа л байрыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн талуудын хүсэл зоригийг илэрхий харуулдаг. Харин төлбөр 100 хувь төлөгдөөгүй байхад хариуцагч талд байранд орохыг зөвшөөрч өнөөг хүртэл 3 жил гаруй ашиглаж байгаагийн шалтгаан нь хариуцагч тал байрны төлбөрийг хугацаанд нь найдвартай төлнө байрандаа хурдан орж байя гэж удаа дараа гуйсны улмаас Худалдагч тал итгэл хүлээлгэж төлбөр төлөгдөж дуусаагүй байхад байрандаа оруулсан гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн ба хариуцагч тал энэ үйл баримтыг үгүйсгэж маргалдаагүй (энэ бүхэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг). Харин ч хариуцагч тал 2013 оны 07 дугаар сард гэрээ байгуулсны дараахан байранд нүүн орж ашиглаж эхэлсэн гэдгээ шүүхэд тайлбарлаж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг (хх-ийн 115 тал).

Мөн магадлалын хянавал хэсэгт “Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байгаа нөхцөлд уг орон сууц нь өнөөдрийн байдлаар хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа нь шаардах эрхийг тодорхойлоход ач холбогдолтой байхад шүүх 2011 онд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан гэх үндэслэлээр хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт шүүх бүрдүүлэх зохицуулалтыг тус тус зөрчжээ.” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй байгаа тул байрны өмчлөх эрх, гэрчилгээ нь худалдагч талын нэр дээр байгаа гэдгийг нэхэмжлэл гаргасан үеэс шүүхэд тайлбарлаж энэ талаар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн. Харин хариуцагчийн хувьд энэ үйл баримтын талаар иргэний хэрэг үүссэн үеэс хойш олон сар болоход огт маргаж байгаагүй ба зөвхөн байр хүйтэн байдаг, төлбөрийг төлнө гэхдээ тухайн үеийн долларын ханшаар төлнө, алданги төлөхгүй гэж маргадаг болно (хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар ба шүүх хурлын тэмдэглэл хх-115 тал). Мөн хариуцагч талын зүгээс өөрөө болон өмгөөлөгч нь эрүүл мэндийн асуудал гарсан, хэргийн харьяалал шилжүүлнэ гэж шүүх хуралдааныг олон удаа шалтаг гарган хойшлуулж 2016 оны 2 дугаар сард иргэний хэрэг үүссэн хэргийн анхан шатны хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын сүүл хүртэл буюу 7 сар орчим хийлгэхгүй хойш нь татаж байсан. Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч нь шүүхийн коридорт сөрөг нэхэмжлэл гэх зүйл гараар тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж ямар ч нотлох баримт хавсаргаагүй, тэмдэгтийн хураамж төлөөгүй дэвтэрийн хуудас шүүх рүү өгч хурал хойшлуулна гэсэн ба шүүх тухайн сөрөг нэхэмжлэл гэх зүйлийг хүлээн авах боломжгүй гэхэд байрны чанарын талаар гэрч асуулгана, байр хэний өмчлөлд байгааг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулна гэдэг хүсэлтүүд нэмж гараар бичиж өгсөн болно. Эндээс харахад хариуцагч нь хуралдаанаар хэргийн үнэн зөвийг шийдвэрлүүлэх биш хэрэгт хамааралгүй олон янзын хүсэлт гаргаж хойшлуулах гэсэн санаа зорилго л харагддаг. Анхан шатны шүүх хуралдааны үед байр хэний өмчлөлд байгаа талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргахад шүүх хуралдааны даргалагч шүүгч тухайн хүсэлтийг тодруулж “Хавтаст хэрэгт байгаа байрны гэрчилгээг дахин авах гээд байгаа юм уу?” хэмээн асуухад хариуцагчийн өмгөөлөгч “Тиймээ, албан ёсоор гаргуулах гэсэн юм” гэж хариулсан байдаг. Мөн шүүхээс “тухайн байранд өөр өмчлөгч гарч ирсэн асуудал байгаа юм уу” гэж асуухад хариуцагч тал “байхгүй” гэж хариулсан зэргээс үзэхэд анхан шатны шүүх тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй орхисон нь үндэслэлтэй юм (хавтаст хэргийн 114-р талын арын нүүр). “Гэрээний 4.1.2-т “Актаар хүлээлгэн өгсөн байранд “Барилгын тухай хууль”-д заасан хугацаанд гүйцэтгэгчийн буруугаас чанарын дутагдал гарвал гүйцэтгэгчийн зардлаар үнэ төлбөргүйгээр засах баталгааг худалдагч тал гаргасан байх бөгөөд орон сууцыг хүлээлцсэн талаар талууд акт үйлдсэн эсэх нь тодорхойгүй тул Барилгын тухай хуульд заасан хугацааг тоолох боломжгүй, эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хугацаанаас хамаарч үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйгээс алданги шаардах эрх хэрэгжих эсэхийг дүгнэх боломжгүй байна.” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал байрыг чанарын доголдолтой хэмээн ярьдаг боловч энэ талаар нотлох баримт болон шүүхэд шаардлага, сөрөг нэхэмжлэл гаргаж өгдөггүй (хэрэг анхан шатанд 7 сар гаруй болоход). Мөн байр худалдан авах гэрээг цуцлах шаардлага гаргаагүй энэ талаарх нэхэмжлэгчид мэдэгдэл, шаардлага өгч байгаагүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг (хх-ийн 40 дүгээр талын арын нүүр). Хариуцагч талын зүгээс байр хүлээн авсан эсэх дээрээ огт маргаагүй ба чанарын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацааны асуудал дээр талууд огт маргаагүй байхад давах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх зарчмыг үл хайхарч хэрэгт хамааралгүй баримтыг авахуулахаар хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Алексис Луис Роланд /De Mecquenem Alexis Louis Roland Marie/-аас олгосон итгэмжлэлийн дагуу түүний төлөөлөгч Б.Баянсан нь хариуцагч С.Мөнхзулаас орон сууцны үнийн дутуу төлбөр 156.040 ам.доллар, алданги 78.020 ам.доллар нийт 234.000 ам.доллар буюу 469.827.540 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч “...худалдан авсан байр хүйтэн, чанаргүй байгаа, байрны үнийг гадаад валютаар тогтоосноор ханш өсөхөд өндөр үнэтэй болсон, алдангийг төлөхгүй...” гэсэн үндэслэлээр маргажээ.

            Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу 46Б байрны 1 тоот 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 322.000 ам.доллараар худалдахаар С.Мөнхзултай харилцан тохирсон байх ба шүүх уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна. Хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг 2013 оны 7 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа ажээ.

Зохигчид нь орон сууцны төлбөрийн үлдэгдэл 156.040 ам.доллар болохыг  маргаагүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 2.2.1-д “хариуцагч  нь үлдэх төлбөрийг  2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлөх үүрэгтэй” гэж заажээ. С.Мөнхзул нь үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн буруутай тул нэхэмжлэгч нь үндсэн үүргээс гадна алданги шаардах үндэслэл бий болсон байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээний талууд хүлээсэн үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой. 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзыг багасгах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байна. Хариуцагч нь орон сууцыг худалдан авах үеийн ам.долларын ханш, нэхэмжлэлийг шийдвэрлэх үеийн ханшийг харьцуулан ханшаас шалтгаалж үнийн дүн өссөн үйл баримтыг алданги төлөхгүй байх үндэслэл гэж үзсэн байна. Энэ байдлыг болон хариуцагч нь үүргийн тал хувийг биелүүлсэн байгааг харгалзан үзэж, алдангийг багасгах боломжтой гэж үзэв.  

 Иймд хариуцагч С.Мөнхзулаас үлдэгдэл төлбөр 156.040 ам.доллар, алдангийг багасгаж 39.010 ам.доллар, нийт 195.050 ам.доллар буюу 391.623.340 төгрөгийг  гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Харин магадлалд заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д нийцээгүй тул хүчингүй болгоно.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Алексис Луис Роланд болох нь эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба  хариуцагч худалдан авсан сууцны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийг өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д нийцсэнгүй. Гэрээний 3.2.2-т гэрээний төлбөрийг 100 хувь төлсний дараа  байрыг хүлээлгэж өгнө” гэж заасан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй байхад орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн байна. Зохигчдын дээрх тохиролцоо нь орон сууцны үнийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгатай байх тул өмчлөх эрх шилжүүлэх үүрэг бүхий талыг буюу нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй юм.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрх шилжүүлэх үүргээ сууцны үнийг төлөх хариуцагчийн үүрэгтэй нэгэн зэрэг биелүүлж  болохоор байхад өмчлөх эрхийн бүртгэлийг тодруулах зайлшгүй шаардлага байхгүй байжээ. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1996 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...234.000 ам.доллар буюу 469.827.540... гэснийг ...195.050 ам.доллар буюу 391.623.340... гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 78.204.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад “... 2.507.100 төгрөг гаргуулж гэснийг 2.116.067 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.507.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                                ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА