Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 215/МА2022/00027

 

 

 

 

 

С.М, С.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2022/00274 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...............тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ..................тоотод оршин суух, эрэгтэй, РД-........, С С  овогт С ын М ,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...........тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............... тоотод оршин суух, эмэгтэй, РД-............., А. овогт С.ын Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ........... тоотод хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Есөнбулаг сумын ............ тоотод оршин суух, эрэгтэй, РД-............, .... овогт Д-ийн Г-т холбогдох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, АУК-н дотуур байрны ард байрлах 85 м.кв орон сууцны зориулалттай, Ү-0518000432 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч Д.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15.000.000 төгрөг, хохиролд 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтох илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, Нэхэмжлэгч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа  нар оролцов.

           Нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргил Ган өргөө 21 дүгээр байр 7 тоот байрыг 2005 онд Т-ээс худалдан авч засвар хийж амьдарч байгаад бэр Д.Н-ыг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Д.Н гараад түүний ах Д.Гынх орсон. Үүнээс хойш 2, 3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд С.М, С.Б бидний өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг, Оргил Ган өргөө 21 дүгээр байр 7 тоот 45 м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай байрыг Д.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай 85 м.кв хоёр өрөө байрыг 2005 онд Тэгшбүрэнгээс худалдаж авсан. Энэ байранд засвар хийгээд амьдарч байгаад бэр байсан Д.Н-ыг Японоос бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Д. гарч түүний ах Д.Гынх орсон. Үүнээс хойш 2-3 удаа байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлд хажуу байрныхаа гэрчилгээг солиод өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Одоо Ү-0518000432 дугаартай үл хөдлөх хөрөнгө С.М, С.Б бидний өмч тул Д.Гын хууль бус эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар бидний өмч болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар баг Оргил Ган өргөө 21 дүгээр байр 7 тоот 45 мкв 2 өрөө орон сууцыг миний хууль бус эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.М нь 2011 онд манайд тухайн байрыг зарах гэсэн юм танайх авах уу гэж 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр өгч авалцаж байсан. Тухайн үед С.М нь байрны гэрчилгээ гэж ер байхгүй дээр үеийн барилга учраас бичиг баримтгүй гэж хэлж манай гэр бүлийнхэн зээл авч тухайн байрыг худалдан авч байсан. Тухайн үед С.М, С.Б нартай худ ургийн холбоотой байсан учир тэр үед тэдний үгэнд итгэн худалдаж авсан. 2011 оноос хойш манайх тухайн байрыг бусдад түрээслэж байгаад 2015 оноос би хурим хийж гэр бүлтэй болон байрандаа амьдрах болсон. Нэхэмжлэлдээ байрыг надаас суллаж өгөхийг шаардсан гэж худал хэлж гүжирдэж байна. Эдгээр хүмүүстэй худ ургийн харилцаа тасарсанаас хойш тухайн байрыг бичиг баримтжуулж өг гэж шаардахад танай дүү Д.Н хүүхдүүдээ авчирч уулзуулж бидний өгч буй тэтгэлэгийг авч байх юм бол бичиг баримтыг чинь шилжүүлж өгнө гэж дарамталсан. Одоо тухайн асуудал буюу намайг болон манай гэр бүлийнхнийг С.М, С.Б нар залилсан байх тул тухайн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Өөрчилсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М, С.Б нар маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай байрыг 2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдсан. Түүнээс хойш тус байрыг манайх засварлаж янзлан 1 өрөөг нэмж барих өргөтгөж уг байрандаа амьдарсаар өдийг хүрсэн. С.М нь надад гэрчилгээ байхгүй, гараагүй гэж зарсан, удахгүй гэрчилгээг гаргуулж өгнө гэж ярьдаг байсан. Гэтэл надад гэрчилгээг гаргаж өгөхгүй худал ярьж хууран мэхэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохыг 2019 оны 03 дугаар сарын 4-нд шүүхэд С.М нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. 2012 оноос хойш манайхыг тус байранд амьдарч байхад С.М нь байрыг суллаж өг гэсэн шаардлага гаргаж, хөөж тууж байгаагүй. Иймд С.М нь намайг хууран мэхлэж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15.000.000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас хохиролд 15.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тайлбартаа: Д.Г бидний хооронд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг, Ган өргөө хорооллын 21 дүгээр байрны 7 тоот байрыг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн хэлцэл хэзээ ч хийгдэж байгаагүй учир түүнээс байрны үнэ гэж 15.000.000 төгрөг авч байгаагүй. Харин Д.Гын ах Д.Н нь надаас 8 тонны даацтай ачааны машин худалдан авсан. Тэр машины үнэ болох 10.000.000 төгрөгийг Д.Г, Д.Н нарын аав Н.Д манай гэрт авчирч бэлнээр өгч байсан. Одоо Д.Г нь Н.Д гуайн авчирч өгсөн Д.Н-ын худалдан авсан ачааны машины үнэ 10.000.000 төгрөгийг өөрийнхөө одоо амьдарч байгаа байрны үнэнд өгсөн хэмээн мэдүүлээд байна. Д.Гын одоо амьдарч байгаа байрыг 2005 онд Тэгшбүрэнгээс худалдан авсанаас хойш өнөөг хүртэл С.Б бид хоёрын өмчлөлд байгаа бидний хууль ёсны өмч. Уг байрны талаар маргаан үүсэх болсон шалтгаан нь 2012 онд Д.Гын аав Н.Доржсүрэн гуай надад түүнийг гэрлүүлэх гэж байгаа, манайх саяхан Д.Н-ыг гэрлүүлсэн, эгч Д.Ц, дүү Д.Н нарыг бас гэрлүүллээ, ойрын 2-3 жилийн хугацаанд гэр бүл болоод Д.Гт байр авч өгч чадахгүй байна. Тиймээс танай саарал байранд түүнийг гэрлүүлье гэдэг санал тавьсан. Би Н.Д гуайтай худ ургийн холбоотой байсан, өмнө нь ч сайн таньдаг ойр дотно харьцаатай байсан, манай хүү М.Т нь Н.Д-гийн хүргэн болсон зэрэг шалтгаануудыг бодолцоод Н.Д гуайн хүсэлтийг зөвшөөрч Д.Гынх 21-р байрны 7 тоот байранд хуримаа хийхийг зөвшөөрсөн. Би Д.Гыг боломжтой болсон үедээ манай байрыг чөлөөлж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл надаас худалдан авсан мэтээр маргаж байна. Айлын хуучин байранд хуримаа хийж байгаа хэн ч уг байраа засаж өнгө будгийг нь шинэчлээд хурим найраа хийдэг. Д.Г ч энэ ёсны дагуу манай байрны дотор ханыг будаж бага зэрэг засварласан. Өргөтгөл хийсэн гэх нөгөө байрны ханыг босгохдоо уг байрны зүүн хана, гараашний урд хана хоёрыг холбож босгосон хоёр хана байгаа. Энэ өргөтгөлийг хийхэд Д.Гаас хөрөнгө, мөнгө гараагүй, миний барилга барьж байсан материалын үлдэгдлүүд болон уурын зуухны үнсээр барьсан. Д.Г энэ байранд амьдрахдаа надад ямар ч түрээс төлдөггүй байсан., бидний хооронд ямар ч хэлцэл хийгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч С.М, С.Б нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг АУК-ын дотуур байрны чанх ард байрлалтай орон сууцны зориулалттай байрыг 2011 онд бэлэн 15,000,000 төгрөгөөр надад худалдсан. Түүнээс хойш манайх тус байрыг завсарлаж, янзлан 1 өрөөг нэмж барин өргөтгөж, уг байрандаа амьдарсаар өдийг хүрсэн. С.М, С.Б нар тухайн үед надад байраа зарахдаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, одоогоор энэ байранд гэрчилгээ байхгүй, өөрөө гэрчилгээгээ гаргуулаад авна биз гэж тухайн үед худалдсан. С.М, С.Б нар нь байрыг суллаж өг гэсэн шаардлага гаргаж байгаагүй. С.М нь намайг хууран мэхэлж, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх тул, тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15,000,000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас хохиролд 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-р 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ҮХХ-822-3370 дугаартай, хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............. тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг ҮОЦС-ын дагуу зах зээлийн хандлага хэрэглэн үнэлж, зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 39,394,378 төгрөгөөр тодорхойлсон байдаг. Миний хувьд анх маргаан бүхий байрыг 1 өрөө байхад нь 15,000,000 төгрөгөөр авч байсан бөгөөд дахин 1 өрөө нэмж барьж өргөтгөсөн ба өнөөгийн зах зээлийн ханшаар тухайн байраа үнэлж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн хохирол болох 15,000,000 төгрөг гэснийг 9,394,378 төгрөгөөр нэмэгдүүлж, хүчин төгөлдөр бус хэлцэлд өгсөн 15,000,000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох С.М, С.Б нараас үр дагавар, хохиролд 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний бие ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хэрвээ байрнаасаа гарвал очих газар байхгүй, энэ мөнгөө гаргуулж авч байж орон гэр авах хүсэлтэй тул хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Энэ байрыг 15,000,000 төгрөгөөр худалдаж авснаасаа хойш өргөтгөл засвар хийж 15,000,000 төгрөг нэмэгдэж нийт 30,000,000 төгрөгийг энэ хүнээр гаргуулж аваад байрыг нь суллаж өгье гэсэн хүсэлтэй байна. Би хохирлоо барагдуулж байж энэ байрыг суллаж өгөх үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед энэ хүн зах зээлийн үнэлгээ нь 15,000,000 төгрөг гэж надад зарсан. Тэр үед энэ хүн надад зарахдаа өргөтгөх боломжтой гээд өдөр болгон эхнэртэйгээ ирж гуйж гувшиж байж надад зарсан. Ийм үндэслэлээр би сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Гэрчилгээний хувьд 85 метр квадрат гэж эзэмшигчээр байгаа. Миний амьдарч байгаа байр 48 метр квадрат байр, ямар үндэслэлээр энэ гэрчилгээг барьж надаас байр чөлөөлүүлж авах гээд байгааг би ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлээ шүүхэд бүрдүүлж гаргасан. Нотлох баримтаа ч хангалттай өгсөн гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1-д заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв, Харзат баг, АУК-н дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай 85 м.кв гэж бүртгэгдсэн, 2 өрөө, нэг давхар барилгын баруун хэсгийн 46.47 м.кв орон сууцны, улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ....... овогт Д-гийн Г /ДЮ/-аас буцаан гаргуулан нэхэмжлэгч С-н С овогт С-ийн М / /, А овогт С- ийн Б / / нарт олгохоор Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-ийн С овогт С-ийн М / /, А овогт С-ийн Б/ / нараас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс өргөтгөл барихад зарцуулсан хөрөнгө буюу 6,799,297 төгрөгийг гаргуулж хариуцагч ........ овогт Д-гийн Г  // т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32,595,081 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 699,850 төгрөгөөс 354,922 төгрөгийгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Д.Гаас гаргуулан нэхэмжлэгч С.М, С.Б нарт олгож, нэхэмжлэгч С.М, С.Б нараас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 6,799,297 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 123,739 төгрөгийг, улсын орлогоос 344,928 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Гт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Антан шатны шүүхэд нэхэмжлэгч нар нь бусдын хууль бус эзэмшилээс эд хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшилээс чөлүүлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт нэхэмжлэгч нарын орон сууцанд С.М Н.Д, Д.Г нар хэлэлцэн тохирсноор хариуцагч Д.Г 2015 оноос хойш эзэмшиж байсан байна үүнийг талууд үгүйсгээгүй гэж ойлгомжгүй хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн. Миний хувьд хэлэлцэн тохирч эзэмшиж байгаагүй эдгээр хүмүүс нь өөрийнхөө юмыг үнэгүй эзэмшүүлж ашиглуулах хүмүүс биш юм. Мөн хуулийн дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн атлаа Д.Г нь өмчлөгчтэй байгуулсан хэлцэлийн үндсэн дээр уг орон сууцыг эзэмшиж байсан нь хууль бус эзэмшил биш орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж байсан байна. Талууд энэ талаар маргаагүй гэх буюу нэг бол хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна, нэг бол хууль бусаар эзэмшиж байсан, нэг бол хууль ёсны дагуу эзэмшиж байсан, нэг бол үнэ төлбөргүй ашиглаж байсан гэх ойлгомжгүй дүгнэлт хийснийг иргэн миний хувьд ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нарын хувьд иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх санаачилгаараа хэрэгт байхгүй, нэхэмжлэгчийн талын гаргаагүй Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаарллагыг гаргасан байна гэж тодорхойлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлээгүй шүүх дур мэдэж нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Тухайн маргааныг шийдвэрлэсэн шүүгчээс удаа дараа татгалзсан боловч татгалзалыг хангаагүй бөгөөд урьд нь энэ шүүгч нэхэмжлэгч нарын манай төрсөн дүүд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ бүхэлд нь хангаж шийдвэрлэж байсан бөгөөд тус шийдвэр нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр манай дүүгийн талд шийдвэрлэж байсан.

Миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд хүчин төгөлдөр хэлцэл хийсэн 15 сая төгрөг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд С.М,                  С.Б  нараас 24.3 сая төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зохигч нарын хооронд худалдах худалдан авах хэлцэл хийгээгүй, үнэ төлбөргүйгээр тухайн хөрөнгийг хариуцагч нь ашиглаж байсан энэ нь нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Сөрөг нэхэмжлэлд 39,3 сая төгрөг нэхэмжилсэн үүнээс хүчин төгөлдөр бус хэлцэлийн дагуу шилжүүлсэн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 15 сая төгрөгийг хэрэгсэхгүй болголоо. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас өргөтгөл хийж барьсан гэх өрөөний 6,7 сая төгрөгийг өөрөө харьцуулж тооцож гаргаад хангалаа гэсэн дүтнэлт хийж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухан хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь хэргийн бодит байдалд нийцүүлж үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, мөн Монгол Улсын дээд шүүхийн тогоолоор тухайн хэргийг буцаасан үндэслэлийг хянаагүй, мөн хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг хэрхэн яаж үгүйсгэж байгаагаа дурдаагүй.

Энэ нь Иргэнийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байна, мөн хуулийн 116 дугаар зуйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн.

Миний хувьд төрийн албанд хөдөлмөрлөж цалингийн зээл тавьж мөн аавыгаа тэтгэвэрийн зээл авхуулж, эгчийгээ цалингийн зээл авхуулж тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан байхад 2012 оноос хойш нэхэмжлэгч нар тухайн байраа үнэ төлбөргүй ашиглуулсан гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж миний хууль ёсны эрхийг зөрчиж, 6.7 сая төгрөг аваад байраа суллаж өг гэж эхнэр 2 хүүхэдийн хамт гудманд гаргах шийдвэр гаргаж байгаа нь өнөөдөр шударга ёс гэж байхгүй, шүүхээр хууль ёсны эрхээ хамгаалуулах иргэний эрхийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэр гарч байгаад гомдолтой.

Иймд хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

                                                              ХЯНАВАЛ:

  Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар Д.Гын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь С.М, С.Б нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул хамтатган шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

   Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  Д.Гын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Д.Гын сөрөг нэхэмжлэлийн дагуу өргөтгөл барьхад зарцуулсан  хөрөнгө 6.799.297 төгрөгийг С.М, С.Б нараас ямар учираас гаргуулж буй нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд өргөтгөн барьсан өрөө нь С.М, С.Б нарын газар дээр баригдсан эсэх, тэдний өмчлөлд ямар учраас шилжиж буй, юуг үндэслэн 6.799.297 төгрөгийг С.М, С.Б нараас гаргуулж байгаа, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн байршил газрын хэмжээ заагыг тодорхойлох, өргөтгөлийн хэсэг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, бүртгэгдээгүй тохиолдолд өмчлөлийг шүүх шилжүүлж буй эсэх нь тодорхойгүй байна.

Д.Гын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж юуг үндэслэн, ямар учраас өөрийн өргөтгөн барьсан гэх хэсгийн үнийг С.М, С.Б нараас нэхэмжилж буй, өмчлөгчийг тодруулах нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...”, 40.3-т “...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэж заажээ

         Шүүхэд маргалдагч талууд маргааны талаарх нөхцөл байдлаа нотлох баримтыг гаргаж өгөх, шүүх түүнийг хуульд заасан журмаар үнэлэхээр хуульчилжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотолсон баримтыг нэхэмжлэгч  шүүхэд гаргах, бүрдүүлж өгөх үүргийг хүлээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заажээ.

Хэргийн 2 дахь хавтас 134 дүгээр талд авагдсан баримтаар  Д.Г маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өргөтгөл хийсэн өрөө, том өрөөнд засвар хийсэн зах зээлийн үнэлгээг тус тусад нь гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж шүүх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 599 дүгээр захирамжаар уг  хүсэлтийг хангаж шинжээч томилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж шүүх маргаан бүхий өргөтгөл хийсэн хэсэг, том өрөөнд хийсэн засварын зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг хангаж эрх зүйн акт гаргасан атлаа уг барилгын нийт хэмжээгээр шинжээч үнэлгээ гаргасныг шүүх өөрөө үнэлгээ тогтоон маргааныг шийдвэрлэсэн нь зохимжгүй байх ба хэргийн оролцогчийн мэтгэлцэх, нотлох баримтыг гаргах, гаргуулах гэж хуульчилсан эрхийг хангаагүй байна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх ёстой эрхийг хязгаарласан гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

          Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2022/00274 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Д.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231483 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ЭНХТӨР

 

           ШҮҮГЧИД                                     Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                                         Ш.БАТТОГТОХ