Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 415

 

Д.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.С, Б.Г нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 307 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаар магадлалтай, Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.С нарт холбогдох 1902004230188 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүгдэгч Б.С, Б.Г нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын  гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2012 оны 10 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 2 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд ялын хугацаа дуусч суллагдсан,  Боржигон овогт Д.А,

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Б.С,

3.Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2010 оны 4 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4  дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 5-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Б.Г,

4.Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2001 оны 6 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2002 оны 2 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоосон, 2003 оны 10 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, 2010 оны 6 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 17-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Б.Г,

5.Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Х.С.

Шүүгдэгч Д.А 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Х.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.С нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г, Д.А, Б.С, Б.Г, Х.С нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолвол зохих байдлууд нотлогдоогүй хэмээн үзэж байна. Учир нь:

1.А, С нарын  мөс гэх бодисыг олж авахад Г оролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймээс энэ үйлдэлд холбогдуулан Гыг шалгах шаардлагатай байна.

2.БНХАУ-д Монгол /Бат-Монгол/ Заяа /Шудрагын Золзаяа/ этгээдүүдээс мөс гэх бодисыг авсан гэдэг бөгөөд эдгээр нөхдүүд нь Монгол Улсад оршин сууж байгаа тул эдгээр нөхдүүдийг олж тогтоож шалгах шаардлагатай байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.С, Б.Г нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 сарын 26-ны өдрийн 362 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 307 дугаартай шүүгчийн захирамжийг прокурор Б.Бүжинлхам эс зөвшөөрч 2020 оны 2 сарын 10-ны өдөр 10 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэлд “Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн. Шүүгдэгчдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Г, Б.С, Д.А, Б.Г, Х.С нарын хоорондоо харилцан зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлгийг үндэслэн хэрэгт хамааралгүй, аль улсын иргэн болох нь тодорхойгүй Монгол, Золоо нарыг шалгах шаардлагатай гэж үзсэн нь ЭХХШТХ-ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн шүүх ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасанд дүгнэлт хийгээгүй” гэжээ.

Уг эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, ор үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх тул яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Г, Д.А, Б.С нарын холбогдсон дээрх хэрэгт өөр хүмүүс хамтран оролцсон байж болзошгүй үндэслэл тогтоогдоогүй байхад дан ганц шүүгдэгч нарын мэдүүлгээр хүнийг хэрэгт холбогдуулан шалгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

1.Ингэхдээ ЭХХШТХ-ийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ЭХХШТХ-ийг ноцтой зөрчиж, давж заалдах шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр магадлал гаргасан. Тухайлбал, шүүх бүрэлдэхүүнд даргалагч шүүгч Л.Дарьсүрэн, илтгэгч шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Н.Батсайхан нар оролцон хэргийг хянан хэлэлцсэн атал магадлалд даргалагч шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч, шүүгч М.Пүрэвсүрэн нар гарын үсэг зуржээ.

2.Прокурорын яллах дүгнэлтэнд Б.Гантулгыг гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилан, Б.С, Д.А нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2018 оны 5 сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних гадаад улсын иргэнээс 2500 юанаар худалдан авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 4 уут (жин тодорхойгүй) “мөс” гэх нэршилтэй бодисыг илгээмжийн үйлчилгээ ашиглан 2018 оны 5 сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Д.А, Б.С нартай бүлэглэн “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2018 оны 5 сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.С нарт 0.6821 грамм “мөс” гэх бодисыг хууль бусаар худалдсан, 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд 0.1023 грамм “мөс” гэх бодисыг хадгалсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн гэжээ.

Яллагдагч Б.Сыг Б.Г, Д.А нартай бүлэглэн 2018 оны 5 сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних гадаад улсын иргэнээс 4 уут буюу 0.69 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг 2500 юанаар худалдан авч илгээмж үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 5 сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. Мөн Д.А, Б.Г нартай бүлэглэн “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2018 оны 5 сарын 23-ны өдөр “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г Х.С нарт 0.6821 грамм “мөс” гэх бодисыг хууль бусаар худалдсан, 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд 0.1023 грамм “мөс” гэх бодисыг хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан ямар нэгэн гэрчийн мэдүүлэг, мөн нууц ажиллагааны магадлагаа болон бусад нотлох баримтаар огт нотлогдож тогтоогддоггүй бөгөөд харин гэрч Г.Бийн 2018 оны 5 сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “...Г А нар хамтдаа хаашаа, яах гэж явсан талаар ярина уу? гэсэн асуултанд хариулахдаа: Тэр хоёр хаашаа яах гэж явсан талаар мэдэхгүй. Би уг нь хаашаа явах гэж байгаа юм, би хамт явъя л даа гэсэн чинь А надад хандан байж бай хайраа, би гялс Гы юманд явчихаад ирье гэсэн” гэж мэдүүлжээ (хх 59-61). Мөн Яллагдагч Б.Гы мэдүүлэгт “...Гараад А надад хандан, тантай ярих юм байна гээд, би хүнд 2 сая төгрөгийн өртэй юм аа, урдаас ирсэн мөсийг зарж борлуулаад өгөөч ээ гэсэн. Хоёулаа хамт Нарантуулын тэнд байх карго ороод ирье гээд дагуулаад явсан” гэх мэдүүлэг (1хх 176-179), сэжигтэн Х.Солонгын “...Гэрэлээ гэх хүүхэн буудалд авчирч өгсөн, тэгэхдээ яг мөсийг гардаж өгсөн хүн бол том биетэй Гэрэлээ гэх хүүхэн, тэр хүүхэн гартаа барьчихсан байж байгаад л Гд өгсөн” гэх мэдүүлэг(1хх-143), яллагдагч Б.Гантулгын “...Г бид нарт хандан, Аээ хоёулаа хамтдаа явчихаад ирье, та нар өрөөнд ороод байж бай гээд, тэр хоёр машинтай яваад бид нар буудлынх нь өрөөнд орсон. Тэр хоёр яваад нэг цаг болоод ирсэн, буцаж ирээд Гэрэлээ өмднийхөө халааснаас мөс гаргаж ирсэн... Би эхнэрийгээ аваад гараад явах санаатай байсан боловч шууд мөс барьчихсан байхыг нь харчихаад гараад явахаар бас янз бүрийн бодол Гд төрүүлчих вий гэж болгоомжлоод үлдсэн” (1хх-87) гэх өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож, миний үйлчлүүлэгчдийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

3.Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А, Б.С нар 2018 оны 5 сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод “мөс” гэх бодисыг олж авсан үйлдэлд Б.Г хамтран оролцсон талаар шинээр мэдүүлсэн, БНХАУ-ын Бээжин хотод Д.А Б.С нарыг байхад Б.Г нь Монголоо гэх залуугаар “мөс” гэх бодисыг Д.Ад өгүүлсэн, Монголоо нь Б.Гы захиалгаар илгээмжийн үйлчилгээг ашиглахыг Д.Ад зааварлаж өгсөн болохыг, мөн Монголоо гэх залуутай Д.А Монгол Улсын нутаг дэвсгэрт явж байхдаа тааралдсан гэдгээ ч мэдүүлдэг.

4.ЭХХШТХ-ийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй” гэснийг зөрчиж, өмгөөлөгч Н.Намжилцогтыг яллагдагч Б.Г, Б.С, Д.А нарын өмгөөлөгчөөр ажиллуулж ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлийг зөрчсөн. ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 8-д “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, мөн 16.3 дугаар зүйлийн 9-д “шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхийг шийдвэрлэнэ” гэжээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хангалтгүй хийгдсэн бөгөөд ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоогоогүй”, ЭХХШТХ-ийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэд шалгаагүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 307 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 сарын 26-ны өдрийн 362 дугаар магадлалыг хүчингүй болгож, ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн бөгөөд давж заалдах шатны шүүх захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм. Давж заалдах шатны шүүх нэгэнт хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүгдэгч Б.С, Б.Г нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Д.А, Б.Г, Б.С нар нь бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх гудамжны нэршилтэй бодисыг 2.500 юанаар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн Д.А, Б.Г, Б.С нар нь бүлэглэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэх үйлдэлд Б.Гыг хамтран оролцсон гэж Д.А, Б.С нар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр мэдүүлж байх бөгөөд энэ талаар болон Монгол /Батмонгол/, Золоо /Шын З/ гэгч этгээдүүдийг уг хэргүүдэд холбогдолтой эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шүүгдэгч Д.А нарт холбогдох хэргийг шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, тухайн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн атлаа магадлалд шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нараас гадна шүүх бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгч Ц.Оч гарын үсэг зурж албажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар өмгөөлөгч Ж.Уранчимэгийн хяналтын гомдолд дурдсан хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах ба мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг шинээр тогтоох, хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, бусад баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх эрхгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.С нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгч Ж.Уранчимэг, Х.Сэргэлэнбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлын бусад хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.А нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН