Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 348

 

“С”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Сангийн яаманд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:     Г.Банзрагч

                    М.Батсуурь

                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал     

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн яамны илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг Сангийн яаманд даалгах”   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0236 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, К.Г нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, К.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0236 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.7, 15.8, 15.9, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1.4, 231 дүгээр зүйлийн 231.1, Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С”  ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Сангийн яамны үйлдэл хууль бус болохыг тогтоож, “С”  ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг Монгол Улсын Сангийн яаманд даалгажээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 236 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “С”  ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Сангийн яамны үйлдэл хууль бус болохыг тогтоож, “С”  ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохыг Монгол Улсын Сангийн яаманд даалгасугай” гэснийг ““С” ГХОХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Сангийн яамны үйлдэл хууль бус болохыг тогтоож, “С” ГХОХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Сангийн яаманд даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. “С”  ХХК-ийн нэхэмжлэлтэй Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0236 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4. Магадлалд “Сангийн яам нь өнөөдрийг хүртэл Татварын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн хариугаа Татварын ерөнхий газраас аваагүй, орхигдуулсан байна” гэжээ.

5. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Татварын ерөнхий газар нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь заалтын дагуу бусдын нөлөөнд үл автах зарчим баримталж ажиллана. Мөн Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар агентлаг буюу Татварын ерөнхий газар нь яамтай шууд харилцана. Өөрөөр хэлбэл, бие даасан захиргааны байгууллагын хувьд Сангийн яамнаас хүргүүлсэн албан бичгийн хариуг хүргүүлэх үүрэг нь Татварын ерөнхий газарт хамаарах байтал Сангийн яам хариугаа Татварын ерөнхий газраас авалгүй орхигдуулсан байна гэсэн нь үндэслэлгүй байна.

6. Татвар төлөгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг тодруулах зорилгоор Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн талаар магадлалд “Сангийн яам өөрөө хариуцан судалж, зохих шийдвэрээ гаргах үүрэгтэй гэж үзнэ” гэжээ.

7. Татвар төлөгч буюу аж ахуйн нэгж нь хуулийн дагуу татвараа үнэн зөв тодорхойлсон эсэх, татвар төлөх, буцаан олгох татварын дүн зэргийг хянан шалгах үүрэг Татварын ерөнхий хуулийн дагуу Татварын албаны чиг үүрэгт хамаардаг. Сангийн яам нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын (Журам) 5.1 дэх заалтад зааснаар татварын албанаас ирүүлсэн дүнг хянан шийдвэрлэхээр заасан. Сангийн яам нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн дүнг хянаж хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг нягтлах шаардлагатай байсан тул хүсэлтийг буцаан шийдвэрлэж Татварын ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/8548 тоот албан бичгээр хүргүүлсэн. Харин энэхүү Сангийн яамнаас хүргүүлсэн албан бичигт яагаад хариу ирүүлээгүй, “С” ХХК нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж үзсэн үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь заалтад заасны дагуу Татварын ерөнхий газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулж шийдвэрлэх байтал анхан шатны шүүхээс энэхүү оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн.

8. Хууль болон дээрх журамд зааснаар Сангийн яам нь буцаан олголтыг ТЕГ-ын САНАЛ-д үндэслэн шийдвэрлэх зохицуулалттай тул Татварын ерөнхий газраас “санал дахин ирээгүй” тохиолдолд буцаан олгож шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан. Нэхэмжлэгч нь “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, НӨАТ-ыг буцаан олгохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тодорхойлсноор “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” Гэтэл татварын буцаан олголтын баримт бичгийг Сангийн яаманд иргэн хуулийн этгээдээс буюу “С” ХХК-иас бус Татварын ерөнхий газраас ирүүлсэн байдаг бөгөөд Сангийн яамнаас албан бичгээр хариу хүргүүлсэн.

11. Магадлалд “Монгол Улсын Сангийн яамны зүгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргажээ” гэсэн байна.

12. Сангийн яамнаас Татварын ерөнхий газраас ирүүлсэн дүнг хянаж хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг нягтлах шаардлагатай байсан тул хүсэлтийг буцаан шийдвэрлэж Татварын ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/8548 тоот албан бичгээр хүргүүлсэн. “С” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар энэхүү буцаан олголттой холбоотой асуудал түр зогссон болно.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн “НӨАТ-ыг буцаан олгохыг даалгах” гэсэн шаардлагын хүрээнээс хэтэрч “буцаан олгох шийдвэр гаргахыг даалгаж” шийдвэрлэсэн.

14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

16. Нэхэмжлэгчээс “...манай компани илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авахаар ...хуулийн дагуу хандсан...боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй байна...” гэж, хариуцагчаас “...нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хүсэлтийг хянаж үзээд “С”  ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг нягтлах шаардлагатай тул хүсэлтийг Татварын ерөнхий газарт ...албан бичгээр буцаахаар шийдвэрлэсэн” гэж тус тус маргажээ.

17. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 4-2/8548 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх хуулийн боломжгүй бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч хуульд заасан чиг үүргээ  зохих журмын дагуу хугацаанд нь биелүүлээгүй орхигдуулсан гэж үзнэ.

18. Энэ талаар шүүхүүд “...харъяалах татварын алба, улмаар Татварын ерөнхий газар хянаж баталгаажуулан ирүүлсэн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яам буцаах талаар зохицуулалт байхгүй... нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу...” гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

19. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “буцаан олгох шийдвэр гаргахыг” хариуцагчид “шууд” даалгаж түүний хууль болон журамд заасан “саналыг хянах” эрхийг хязгаарласан байх тул “... давж заалдах шатны шүүхээс ... шаардлагын хүрээнээс хэтэрч “буцаан олгох шийдвэр гаргахыг даалгаж” шийдвэрлэсэн нь буруу болсон талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.  

20. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу харъяа дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч компанийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын талаарх хүсэлтийг хянан баталгаажуулж Татварын ерөнхий газарт хүргүүлсэн, уг баримтыг Татварын ерөнхий газраас баталгаажуулсан актыг  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/3650 дугаар албан бичгээр Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. Тухайн Татварын ерөнхий газар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргаагүй, маргааны улмаас Татварын ерөнхий газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээд гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

21. Иймд “...Татварын ерөнхий газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулж шийдвэрлэх байтал...оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

22. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0236 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ““С” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Сангийн яаманд даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                                ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН