Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01557

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01557

 

Б сургууль БСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02121 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б сургууль БСБ

Хариуцагч: Н.Эт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 17,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагчийн хүү Б.Ц 2018-2019 оны хичээлийн жилд элсэн орж, 2020-2021 оны хичээлийн жил дуустал буюу 1, 2, 3 дугаар ангидаа Ү сургуульд суралцсан. Ү сургууль 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суралцагч Б.Цийг ерөнхий боловсролын сургалтад хамруулах зорилгоор түүний эцэг, эхтэй гэрээ байгуулсан. Сургуулийн хувьд цар тахлын үед болон тэрнээс өмнөх хугацаанд мөн адил тухайн хүүхдэд 1-3 ангийн түвшний бага боловсролыг олгосон. Гэтэл хариуцагч нь сүүлийн хоёр жилийн сургалтын төлбөр буюу 2, 3 дугаар ангийн сургалтын төлбөрийг төлөөхгүйгээр хүүхэд Б.Ц нь өөр сургууль руу шилжсэн.

1.а. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д 2-12 дугаар ангийн сурагчид сургалтын төлбөрөө 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэж заасан. Мөн гэрээний 2.8-т сургалтын болон бусад төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцно гэж заасан. Түүнчлэн, талуудын хооронд зөвхөн нэг л гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.3-т хичээлийн жилийн эцсийн эцэг эхийн хурлаар дараагийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулна. Шинэ хичээлийн жилд хичээлдээ сууж эхэлснээр суралцагч тус гэрээг анх байгуулсан хугацаагаар дахин сунгасанд тооцно гэж заасанг. Иймд бид хариуцагчаас 17,850,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч тал 2018 онд байгуулсан гэрээг үндэслэж шаардлагаа тодорхойлсон. Сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд харилцан тохирч гэрээний чөлөөт байдлыг агуулдаг. Гэхдээ тусгайлсан зохицуулалт нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээ Б.Цийг зөвхөн 1 дүгээр ангид суралцуулах тухай буюу хугацааг мөн тодорхойлон зааж өгсөн. Энэ гэрээний үйлчлэл нь одоо бүрэн хаагдсан. Тухайн гэрээг шинэчлэн байгуулсан эсхүл гэрээний хугацааг сунгасан зүйл байхгүй. Манай талд гэрээний нөхцөлөө өөрчилж, сургалтын төлбөрт өөрчлөлт оруулж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй тул нэмэгдсэн төлбөр шаардах эрхгүй. Мөн гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэл байхгүй.

2.а. Дэлхий даяар цар тахлын халдвар тархсантай холбоотой Монгол улсад хөл хорио тогтоож, үүнтэй холбоотой хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Энэ үед хөл хорионы улмаас хариуцагчийн зүгээс хүүхдээ Ү сургуулиас шилжүүлэх хүсэлтээ албан ёсоор мэдэгдэж чадаагүй. Тухайн үед эхний хагас жилд сургалтад нь бүрэн хамруулсан тул уг хугацааны төлбөр 2,700,000 төгрөг төлөхөд татгалзахгүй.

2.б. Бидний хооронд байгуулагдсан үүргийн харилцаанд нэхэмжлэгч тал нь гэрээний буюу ажлын үр дүнг бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан заавард хичээл цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотой багшийн журналыг хэрхэн хөтлөх талаар заасан. Гэтэл журналын бүртгэлд өдрийн тэмдэглэл байхгүй, доор нь бүхэл тоог тавьсан буюу журнал хөтлөх журам зөрчсөн. Тиймээс хүүхдийг хичээлд суугаагүй гэж маргаж байна. Сургуулийн дотоод журмыг гаргаж өгдөггүй. Сурагчийн хувийн хэргийг өгдөггүй. Энэ талаар тодруулахаар та нар төлбөрөө төл гэдэг, сүүлдээ эцэг, эх харгалзан дэмжигч нь төрийн байгууллагын тусламжтайгаар хүүхдээ шилжүүлсэн.

2.в. Ковидын тухай хуульд сургалтын төлбөрийг өсгөхгүй байхаар заасан. Гэвч нэхэмжлэгч талаас эцэг, эхэд нь мэдэгдээгүй байж сургалтын төлбөрийг нэмсэн. Хөлсөөр ажиллах гэрээ гэж үзвэл гэрээнд заасан үүргээ бусдад шилжүүлж болохгүй. Анх байсан багш нь байх ёстой, гэтэл сольсон. Ирцийн бүртгэл нь зөрүүтэй, буруу байгаа тул хичээлд суусан гэж үзэж үүрэг хүлээхгүй. Иймд алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.Эээс 10,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б сургууль боловсрол, сургалтын байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б сургууль боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эээс 187,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх 10,800,000 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа талуудын гэрээгээр тохирсны дагуу хариуцагчаас тус үндсэн дүн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тохирох алдангийг гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүхээс 2019-2020, 2020-2021 оны сургалтын төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гаргаж буй шийдвэр. Тэгсэн атлаа хариуцагчийн төлбөр төлөх үүргийн биелэлтийг зохих ёсоор буюу хугацаанд биелүүлээгүйн улмаас үүсч буй гэрээнд заасан хариуцлага болох алдангийг гаргуулахгүй байгаа нь шүүхийн шийдвэр зөрчилдөөнтэй, үндэслэлгүй байна. Иймд хариуцагчаас сургалтын гэрээний үндсэн төлбөр 10,800,000 төгрөг, түүний алданги 5,400,000 төгрөг, нийт 16,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой сургалт явагдаагүй байхад сургалтын үйлчилгээ үзүүлсэн гэж үзээд төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Гэтэл шүүх яагаад 2 жилийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэвэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтад гэрчийн мэдүүлэг орсон. Тухайн гэрч нь бага ангийн сургалт хариуцсан н.Байгалмаа. Танхимаар хичээллэж байх үед танхимын сургалтыг бүрэн явуулж байсан бөгөөд хөл хорио эхлэх үед Монгол улс даяар бүх сургуулиуд цахим сургалт явуулахад бэлэн байгаагүй. Тухайн үед бүх сургуулиуд хамгийн боломжит хувилбар болох фэйсбүүк, мэссэнжрээр хариуцсан багш нарт даалгавруудаа явуулж байсан. Дараа нь Ү ЕБС нь 2020 оны хичээлийн жил эхлэхэд өөрийн гэсэн цахим системтэй болсон талаар гэрч мэдүүлсэн.

5.а. Мөн сурагчийн багшруугаа цахимаар явуулж байсан даалгаврууд байдаг. Дээрх баримтууд нь үзлэгээр нотлогдсон. Гэтэл хариуцагч талаас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа тухайн явуулсан даалгавар нь манай хүүхдийн даалгавар биш байна бид ийм зүйл явуулж байгаагүй гэж үндэслэлгүйгээр тухайн нотлох баримтуудыг няцаах үйлдэл гаргаж байсан. Мөн сургалтын төлбөр нэмэгдсэнийг шүүх хуралдаан явагдах хүртэл мэдээгүй байсан гэж худал тайлбарласан. 2020 онд 10 дугаар сард сургалтын төлбөр нэмэгдсэнийг хариуцагчийн зүгээс Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсролын яаманд гаргасан гомдолдоо дурдсан байдаг. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс төлбөр төлөхгүй байх замаар худал тайлбар өгч байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Б.Цийг 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүрэн суусан гэж дүгнэсэн ба хариуцагчийн зүгээс хүүхдийн суралцах эрхийг зохих ёсоор хангаагүй болох нь математикийн багшийн олон нийтийн сүлжээний хаягт хийсэн үзлэгээр хангалттай тогтоогдсон байхад сургалтын гэрээ үргэлжилж, нэхэмжлэгчийн сургалтын үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн үзлэгээр хийгдсэн Ү сургуулийн цахим сургалтын системд хандах эрхийг хариуцагчид өгөөгүй байдаг ба багш нь албан ёсоор сургалтад хамруулж чадаагүй учраас хувиараа хувь чатаар хичээлийн материалаа өгч авч байсныг сургалтын үйлчилгээ үзүүлсэн мэтээр дүгнэсэн.

6.а. Мөн шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн атлаа гэрээний гол нөхцөл болох сургалтын үйлчилгээ үзүүлэх хэлбэр төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөн үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байхад гэрээний өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрч гэрээг үргэлжлүүлсэн мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, гэрч н.Байгалмаа нь хариуцагч 2020 оны сүүлээр шилжүүлэх хүсэлт гаргасан гэж буруу дүгнэсэн. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу хөл хорионы улмаас сургалт тодорхой хугацаагаар завсардсан болохыг нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхад сургалтын үйлчилгээ 100 хувь үзүүлсэн гэж дүгнэсэн нь буруу.

6.б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргааны гол үйл баримтын талаар бүрэн мэдлэггүй маргааны гол зүйл болох хэзээнээс сургалтын үйлчилгээг тасалдуулсны талаар асуулгахад мэдэхгүй гэж хариулсаар байтал шүүхээс зөвтгөн дүгнэсэн нь буруу. Мөн хүүхэд дараагийн сургуульд шилжин ортлоо сурч боловсрох эрхийн дагуу багш нарын хувийн чатаар илгээсэн сургалтыг авч байсныг төлбөр төлөх үндэслэл болгосон нь буруу. Шүүх 2, 3 дугаар ангийн төлбөр 10,800,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 2019-2020 оны 2 дугаар ангийн хагас жилийн төлбөр болох 2,700,000 төгрөг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд үлдэгдэл 8,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: 3 дугаар ангид ороход сургалтын төлбөр нэмэгдсэнийг бидэнд мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Нэхэмжлэгч талаас сургалтын төлбөр нэмэгдсэнийг мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгсөн атлаа яагаад дахиад алданги нэхээд төлбөрийг бүтэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Фэйсбүүкээр хүүхдийнхээ даалгаврыг явуулахдаа ангийнх нь хүүхдүүдийн бичсэнээс хараад өөрөө зааж хийлгээд явуулдаг байсан. Яагаад гэвэл хүүхдийнхээ сургалтын түвшинг бууруулахыг хүсээгүй. Энэ мэтээр онлайнаар зураг дарж явуулсныг 100 хувь сургалтын үйл ажиллагаа явагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Б сургууль БСБ нь хариуцагч Н.Эт холбогдуулан 2019-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 11,900,000 төгрөг, алданги 5,950,000 төгрөг, нийт 17,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

4. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 23 дугаар Сургууль эцэг эхийн хамтарсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б сургууль БСБ нь Б.Цд сургуулийн сургах, суралцагчийн суралцах үйл ажиллагаан дахь сургуулийн захиргаа, эцэг эх асран хамгаалагчийн хүлээх эрх үүрэг, сургалтыг жигд тасралтгүй, үр дүнтэй явуулах, Н.Э нь 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийт 5,400,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5. Хариуцагч Н.Э нь гэрээнд заасны дагуу 2018 оны сургалтын төлбөрт 5,400,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй, сургалтын төлбөр болон алданги төлөх эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

5.а. Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн хүү Б сургууль БСБ-д 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сургалцсан, 2019-2021 оны хичээлийн жилд Б.Ц нь 2, 3 дугаар ангид хамрагдан суралцаж байсан болох нь сурагчийн хувийн хэрэг /хх.84-89/, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн хүүхдийн гэрийн даавгаврын үнэлгээ /хх.111-150/, 2019-2021 оны Багшийн журнал /хх.151-189/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

5.б. Гэрээний 2.3-т Хичээлийн жилийн эцсийн эцэг эрхийн хурлаар дараагийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулах бөгөөд суралцагч шинэ хичээлийн жилд хичээлдээ сууж эхэлснээр тус гэрээг анх байгуулагдсан хугацаагаар дахин сунгагдсан тооцно гэж заажээ.

Гэрээнд сургалтын төлбөрийг 5,400,000 төгрөг гэж тохиролцсон, 2019-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон талаар хариуцагч талд зохих ёсоор мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг байдлаа баримтаар нотлоогүй.

Иймд Б сургууль БСБ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Эээс сургалтын төлбөрийн үлдэгдэл 10,800,000 төгрөгийг шаардах эрхтэй.

6. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн зүйлийн 222.2 дахт хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж тус тус заажээ.

6.а. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс даяар хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5,950,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

7. Б сургууль БСБ нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулсан, Б.Ц сургалтын хөтөлбөрийг дуусган анги дэвшсэн үйл баримт тогтоогдсон. Энэ тохиолдолд гэрээнд заасны дагуу танхимаар бус, цахим хэлбэрээр сургалт явагдсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн Сургалтын үйлчилгээг бүрэн аваагүй, сургалт тодорхой хугацаагаар завсардсан гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс сургалтын үйл ажиллагааг хангалтгүй явуулсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, улмаар 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын гэрээнээс татгалзсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох хэсгийг баримтлаагүй боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 144,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН