Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01061

 
 

   2018           06             21

           001/ХТ2018/01061

                                              

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/03257 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 572 дугаар магадлалтай,                                                                                                           

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох

9,769,600.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.        

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Б” ХХК-тай 2014 оны 08 сарын 16-ны өдөр 14/08/16/01 дугаартай гэрээг байгуулан Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж 40 дүгээр байр 51 тоот, 135 м.кв талбайтай орон сууцанд Интерьер дизайны засварыг батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний нийт хөлсийг 61,468,111.5 төгрөг байхаар тохиролцон уг гэрээг байгуулсан. Гэтэл “Б” ХХК нь ажлын хөлсийг шалтаг тоочин бүгдийг урьдчилан авсан боловч засварын ажлаа дутуу хийж орхин явсан. Утсаар ярихад “удахгүй янзалж өгнө” гэж өнөөдрийг хүрсэн. “Б” ХХК нь Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээний заалтуудыг зөрчсөн. Ийм учраас манай зүгээс дутуу орхисон засварын ажил дээр мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоолгосон. “Б” ХХК-аас Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс дутуу орхисон ажлын хөлс 11,196,060 төгрөг, мөн уг үнэлгээг гаргахад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д төлсөн ажлын хөлс 700,000 төгрөг, “Б” ХХК нь байранд засвар хийж байхдаа хаалга захиалж авчихаад Д.Б-ээр хаалганы мөнгө 2,200,000 төгрөгийг төлүүлсэн. Иймд “Б” ХХК-aac Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол нийт 14,096,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Б” ХХК нь Д.Б-тэй 2014 оны 08 сарын 16-ны өдөр 14/08/16/01 дугаартай гэрээг байгуулан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, 40 дүгээр байр 51 тоот 135 м.кв талбайтай орон сууцанд интерьер дизайны засварыг батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний нийт хөлсийг 61,468,111.5 төгрөг байхаар тохиролцон уг гэрээг байгуулсан. Гэтэл Д.Б- нь ихэнх материалдаа өөрөө хамт явж, төсөвт өртөгт орсон үнэлгээтэй материал бус түүнээс хэт давсан үнэтэй материалуудыг сонгон авсан. Түүнээс шалтгаалан гэрээнд тохирсон үнийн эцсийн дүн ажил дуусахад 71,492,708 төгрөг болон хувирсан. Д.Б- өөрийн өндөр хэрэглээгээ зохицуулж чадалгүй гэрээний дүнг өсгөсөн, эргээд өөрөө зохисгүй хэрэглээнийхээ буруутан болсонд манай байгууллага огтхон ч хамааралгүй юм. Мөн гэрээнд тохирсон ажлуудаас гадна олон тооны ажлууд нэмж хийлгэсэн нь тухайн гэрээт ажлыг хугацаанд нь дуусгах ямар ч боломжгүй байсан гэдгийг илтгэж байгаа юм. Гүйцэтгэлийн ажил дуусахад нийт ажлын төрөл 77, нийт ашиглагдсан материалын төрөл 321 болж тоо хэмжээ нь ихэссэн бөгөөд дээрх зарим гүйцэтгэлийн ажил, материалын дүнгээс 3,938,158.99 төгрөгийг хугацааны алдагдалд төлөхөөр санал болгосон боловч дахин өөрийн дураар аман байдлаар алдангийн дүн зохион гаргаж, бидэнд шууд тулгаж, дээрх дүн дээрээс нэмж хассанаар манай байгууллага 5,000,000 орчим төгрөгийн алданги хүлээсэн болно. Гэвч энэхүү ажлын бодит алданги нь 3,907,440 төгрөг байсан. Мөн дутуу орхисон гэх ажлуудын материалын мөнгө, гүйцэтгэлийн ажлын хөлс зэргийг эцсийн үлдэгдэл тооцоог хийхдээ нэхэмжлэгч талаас тооцож аваагүй. Тэдгээр хийгдээгүй ажлуудын оронд бид дүйцэхүйц гүйцэтгэлийг мөн дээрх тооцоо дүн, үнэлгээнд алинд нь ч оруулалгүйгээр үнэгүй хийж өгсөн болно. Яагаад хийгдээгүй орхигдсон бэ гэхээр, захиалагч буюу нэхэмжлэгч нь Монголд байхгүй материалыг өөрийн санаачлагаар зураг төсөлд тусгуулан, улмаар Хятад Улсад хүртэл харилцагч хүмүүсээрээ хайлгаснаар манай байгууллага тодорхой хэмжээний зардал гаргасан. Тухайн материал буюу мозайк нь нэхэмжлэгчийн орон сууцанд хэрэглэгдэхүйц бага хэмжээгээр орж ирэх боломжгүй байсан юм. Иймд монголд байгаа төстэй бүх материалыг үзүүлж санал болгосон боловч хийлгэхийг зөвшөөрөөгүй. Мөн гал тогооны арын зурагтай шил гэх ажил нь монголдоо шилэн дээрх хэвлэлтээрээ хамгийн туршлагатай “Шилэн хийц” ХХК-ийн бүтээгдэхүүнийг санал болгосон боловч мөн л зөвшөөрөөгүй болно. Манай байгууллага нэхэмжлэгчээс гадаадаас материал судалж, тухайн материалыг өөрсдийн биеэр очиж тээвэрлэн авчирч, Монгол Улсын хил гаалиар оруулан авч, гүйцэтгэлийн ажилдаа ашиглана гэж ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Тийм учраас Монголд байгаа нөөц бололцоогоо ашиглахыг зөвшөөрч чадаагүй нэхэмжлэгчийн буруу нь манай байгууллагад хамааралгүй. Дээрх тайлбаруудаас харахад дутуу орхисон ажлын хөлс гэж байхгүй. Мөн гэрээнд тусгагдаагүй олон тооны нэмэлт ажлуудыг гүйцэтгэхээс татгалзаж болох байсан боловч захиалагчаа эн тэргүүнд тавин ажлаа үргэлжлүүлсэн болно. Мөн баталгаа олгосон 1 жилийн хугацаанд манай байгууллагаас 4 ч удаа очиж, эвдэрсэн крант солих, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлж байсан. Дараа дараагийн дуудлага нь захиалагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан эвдрэл гарсан байсан учир манай ажилчид үнэгүй засвар хийж өгөхөөс татгалзсан байсан. Нэхэмжлэгч талын буруутай үйлдэл нь зочны өрөөний ариун цэврийн өрөөнийхөө бүрэн автомат угаалгын машиныг нааш цааш нь хөдөлгөөн ихтэй байлгаснаас үүдэн халуун хүйтэн усны крант эвдрэл ихтэй байсан. Түүнчлэн хаалганы мөнгө 2,200,000 төгрөгийг Д.Б-ээр төлүүлсэн гэдэг нь мөн л худал юм. Хэрэгт авагдсан хаалганы баримт миний гарын үсэгтэй байгаа. Иймд манай байгууллага Интерьер дизайны ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол гэх 14,096,060 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/03257 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч “Б” ХХК /Beatific zone/-aac 7,569,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,440 төгрөгийн 228,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Б” ХХК /Beatific zone/-aac 136,064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 572 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/03257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “үлдэх 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхтөрийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/03257 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 572 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “...Хариуцагч Б ХХК нь “...Д.Б-ийн орон сууцны ажлын гүйцэтгэлийн ажилд баталгаа гаргах нь...” гэсэн бичгийн баримтад нэрлэн заасан болон ажлуудыг хийж гүйцэтгээгүй дутуу орхисон, доголдлууд байгаа талаар баримт үйлдэж, уг доголдлуудыг арилгах хугацааны талаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 10 дугаар тал/ Хариуцагчийн төлөөлөгч гүйцэтгэлийн баталгаа нэртэй баримтад дурдсан доголдлуудыг арилгаагүй болохоо шүүх хуралдаанд зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь урьдчилан төлсөн ажлын хөлснөөс доголдолтой гүйцэтгэсэн ажилтай холбоотой хөлсийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалтад заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид хөлсийг буцаан төлөх үүрэгтэй болно.” гэсэн нь хариуцагчийн төлөөлөгч миний шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт өгсөн хариу тайлбаруудыг манай байгууллагын эсрэг буруугаар ашигласан хэмээн үзэж байна. Яагаад гэвэл Д.Б-ийн орон сууцны ажлын гүйцэтгэлийн ажилд баталгаа гаргах нь гэсэн миний өөрийн гараар бичгээр үйлдсэн баталгааны дагуу тус баталгааны нэг, хоёр, тав, зургаа, долоо, найм зэргийг зөрчилгүй, заасан хугацаанд нь гүйцээж өгсөн бөгөөд эдгээр үлдэгдэл ажлуудыг асуудалгүй дуусгавар болгосны үндсэн дээр бусад үлдэгдэл ажил нь захиалагчаас тодорхойгүй хугацаагаар шалтгаалж байсан учраас манай байгууллага эцсийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэгч талаас авсан. Түүнчлэн баталгаат 1 жилийн хугацаандаа 4 удаа засвар хийж өгсөн. Мөн хоёрдугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн орон сууцны паркетан шаланд одоо хүртэл ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй болно. Гар бичмэл баталгааны гурав, дөрөвдүгээр зүйл нь нэхэмжлэгч тавилгаа одоо хүртэл хийлгээгүй байгаа гэсэн буруутай үйлдлээс нь шалтгаалан угсрагдаагүй болно. Тиймээс Үндэслэх нь: хэсгийн тав, зургаадугаар догол мөрний үндэслэлийг манай байгууллагын эсрэг буруугаар ашиглах нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Үндэслэх нь: Тус хэсгийн долоо болон ес дэх догол мөрнөөс “...хариуцагчийн төлөөлөгч нь “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ыг томилсон ба шинжээчийн үнэлгээг хариуцагч баримтаар няцаагаагүй гэж үзнэ. Иймд “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын хийсэн үнэлгээгээр тогтоогдсон дуусгаагүй буюу дутуу хийсэн ажлын хөлс 7,569,600 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.” гэсэн нь миний бие Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ыг томилоогүй, нэхэмжлэгч Д.Б-ийн хүсэлт нь өмнөх шүүх хурлын хавтас хэрэгт байгаа. Өмнөх хуралдаан дээр нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн үнэлгээнд талбайн м.кв-аас барилгын материалыг илүү төсөвлөсөн гэж тооцсон гэх бүх барилгын материалд нэхэмжлэгч Д.Б- нь өөрөө хамт явалцаж худалдаж авсан. Үүнийг худалдан авсан зарлагын баримтаар нотлохоор нэхэмжлэгч талаас албадан гаргуулахаар хүсэлт өгсөн. Түүний дагуу зарлагын баримтыг нэхэмжлэгч тал гарган өгсөн. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх болон Д.Б-ийн шүүхээр томилуулсан Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын гурван шинжээч хэн нь ч нэг ч удаа сөхөж хараагүй, дүн шинжилгээ хийгээгүйгээр барахгүй, 2017 оны 12 сарын 20-ны өдрийн шүүх хурал эхлэх үед тэдгээр зарлагын баримтыг албаар орхигдуулсан уу, эсвэл хариуцлагагүй үйлдэл үү гэдгииг дахин нягталж, тус зарлагын баримтуудыг нэхэмжлэгч Д.Б-тэй эцсийн тооцоо хийсэн тайлан төсөвтэй тулгаж, шинжээчийн эцсийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Түүгээр ч барахгүй гурван шинжээч нэхэмжлэгч болон хариуцагч талтай ганцаарчлан уулзахгүй гэсэн зүйлд талуудаас гарын үсэг зуруулан авсан боловч түүнийгээ зөрчсөн. Гэрээт ажлын обьектод дүн шинжилгээ хийсэн анхны өдрөө нарийн хэмжилт хийлгүй мэргэжлийн бус алдаа гарган, дахин очиж нарийн хэмжилт хийнэ гэсэн боловч очоогүй гэдэг нь хэрэгт өгөгдсөн үнэлгээнд нь 2 дахь удаагаа очиж нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн гэсэн тэмдэглэл байгаагүй зэргээр тус шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв, эргэлзээгүй, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэхэд нотлох баримтын шаардлага хангахуйц дүгнэлт болж чадаагүй байна. Тиймээс, Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын шинжээчид нь мэргэжлийн бус хүмүүс учраас мэдэхгүй зүйлүүд их байна, мөн нэхэмжлэгч, хариуцагч хоёрын гэрээт ажлын бусад зүйлийг мэдэхгүй учраас үнэлгээндээ тусгаагүй, обьект дээр нарийн дүн шинжилгээ хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн учир дутагдалтай тайлбаруудыг шүүх хуралдааныг даргалагч шүүгч нь сонссон хэрнээ чухалд тооцож үзээгүй зэргийг бодолцон үзэж, үүнийг батлах баталгаа нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана.

Тиймээс тус үнэлгээний газраар гаргуулсан үнэлгээг няцаах бүрэн үндэслэлтэй эцсийн төлбөрийн тооцоо хийсэн, шүүхийн хавтас хэрэгт хавсаргасан, интерьерийн гүйцэтгэлийн ажил болон зардлын жагсаалтыг батлах тэдгээр барилгын материал худалдаж авсан зарлагын баримтуудаар энэхүү шүүх хуралдааны шийдвэрийг учир дутагдалтай гэдгийг нотлох хүсэлтэй байна. Манай компани нь Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын гаргасан үнэлгээг няцааж чадаагүй шалтгаан нь нэхэмжлэгч тал шүүхэд гол нотлох баримт болох барилгын материал худалдан авсан зарлагын баримтуудыг гаргаж өгчихөөд байхад шүүх өөрөө болон шинжээчид давхар шалгаж үзээгүйгээс болсон гэж үзэж байна. Хэрвээ үнэхээр манай компанийг ажлаа дутуу хаяснаас гадна нийт төсвөөсөө мөнгө идсэн гэж үзэж байгаа юм бол яагаад тэдгээр баримтуудыг шинжээчид болон шүүх нотолгоо болгон ашиглаагүй юм бэ. Иймээс шүүх тэдгээр зарлагын баримтуудаар Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-аа гаргуулсан үнэлгээний нэгж бүрийг тулган харж, дүн шинжилгээ хийлгүүлэх, эсвэл тус ТББ-аас өөр барилгын мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлтэй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд шинжээчийн үүргийг заасан байх бөгөөд 14.1.1-д “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.2-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүтнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу дутуу гүйцэтгэсэн гэх ажлын талаарх дүгнэлтийг дахин шинжээч томилуулан нэг мөр эргэлзээгүй гаргуулах зайлшгүй шаардлагатай байна. Миний бие анхан шатны шүүхэд “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчдийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах үндэслэл бүхий хүсэлт гаргасаар байхад шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын шинжээчдийн гаргасан 7,569,600 төгрөгийн ажил дутуу гүйцэтгэсэн гэх дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар үнэн зөв болох нь илтэд эргэлзээтэй, бодит үнэлгээг гаргаж чадаагүй байгаа тул дахин шинжээч томилуулж хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэх үүднээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Д.Б- нь “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой 14,096,060 төгрөг гаргуулахаар шаардан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн үнийн дүнг 9,769,600 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, захиалагч олон тооны нэмэлт ажлууд хийлгэсэнтэй холбоотойгоор гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон, ажлын хөлсний хэмжээ хэтэрсэн, тодорхой ажлууд дутуу үлдсэнийг хийж гүйцэтгэхээр баталгаа гаргаж өгсөн, нэмэгдсэн зардлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Интерьер дизайны ажил гүйцэтгэх  гэрээ”-гээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ хотхоны 40 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 135 м.кв талбайтай орон сууцны интерьер дизайн, гал тогооны засвар, гадна засварын гүйцэтгэлийн ажлыг захиалагчийн баталсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, гэрээт ажлын нийт төсөв 61,468,111 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон ажлын хөлс 61,468,111 төгрөгийг хариуцагч авсан тухай талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээгээр ажлын нийт хөлсийг тохиролцсон боловч бараа материалын төрөл, хэмжээ, чанар, үнэ болон ажлын хөлс зэргийн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож шүүхэд ирүүлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр дээрх дутуу ажлын хэмжээг 11,196,060 төгрөг гэж тооцсоныг хариуцагч эс зөвшөөрч, хүсэлт гаргасны дагуу шүүх “Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ыг шинжээчээр томилсон ба уг байгууллага хариуцагчийн гүйцэтгэсэн ажлаас дуусгаагүй, дутуу хийсэн ажил, хөлсний хэмжээг 7,569,600 төгрөг гэж тооцсон 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт хэрэгт авагджээ.

Гэрээгээр тохиролцоогүй олон тооны ажлуудыг нэмж хийсэн, өндөр үнэтэй материал худалдан авсантай холбоотойгоор ажлын хөлсний хэмжээ хэтэрсэн, нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд тооцон авсан 61,468,111 төгрөгөөс алданги тооцож, буцааж төлсөн, худалдан авсан материалын үлдэгдлийг нэхэмжлэгчид буцаан өгсөн гэж хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. 

Иймээс нэхэмжлэгч гэрээнд заасан ажлын үр дүнгийн талаар зохигчдын хооронд хийгдсэн гэрээ болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шаардлага гаргаж байхад ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болохоо хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй юм. Гэвч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч орон сууцны засварын зарим дутуу ажлын гүйцэтгэлийг арилгах хугацаа тогтоож баталгаа бичиж нэхэмжлэгчид өгсөн байгаагаас үзэхэд гэрээнд заасан зарим ажлыг дуусгахгүй дутуу гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүн, тоо хэмжээний хувьд биет байдлын доголдолгүй гэж үзэх боломжгүй тохиолдолд дутуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч мөн хуулийн 352.2.3-т зааснаар буцаан шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид интерьер дизайны ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 7,569,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.  

Хаалганы төлбөр 2,200,000 төгрөгийг Д.Б-ээр төлүүлсэн гэж нэхэмжилсэн  боловч тушаагч Л.Энхтөр гэж бичигдсэн баримт хэрэгт авагдсан байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн ч  нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэмжээг шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой бичээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 572 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 136,064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН