Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 437

 

                                                    Б.Б, П.Б нарт холбогдох                                                       

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 553 дугаар магадлалтай, Б.Б, П.Б нарт холбогдох 1808026200309 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жанцангууд овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 5 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржгон овогт П.Б нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, шүүгдэгч П.Бг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000  төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 200.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Я.Батханд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа дурдаагүй. Шүүгдэгч П.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийн зөрүүг үнэлэхдээ хэт нэг талыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.Б.Бийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “...Тэгээд 960.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахуулна гэхэд... би 200.000 төгрөгийг аваад... цагдаагийн ахлах ахлагч Ө.Энхбаагар бид хоёр хувааж 50.000, 50.000 төгрөгөөр нь авсан...” гэх мэдүүлэг,

2.Б.Бийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “...200.000 төгрөг авч хувьдаа хэрэглэсэн нь үнэн болно.” гэх илтгэх хуудас,

3.Ө.Энхбаатарын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн “...тэгээд хэсэг байж байгаад гарч ирэхдээ 200.000 төгрөг барьчихсан “энүүгээр торгуулаад салчихъя” гээд гуйгаад байхлаар ахмад Б 200.000 төгрөгийг нь аваад тэр жолоочийг явуулсан... Б.Б надад 50.000 төгрөг өгсөн.Түүнийг би хувьдаа гэртээ зарцуулсан” гэх мэдүүлэг,

4.Ө.Эын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “...авсан мөнгөө  /100.000/ гэртээ зарцуулсан” гэх илтгэх хуудас,

5.П.Бгийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн “...200.000 төгрөгөөр торгуулаад яв даа гэсэн...” гэх мэдүүлэг,

6.Б.Хийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гэрчээр өгсөн “...П.Б уулзаад 200.000 төгрөгөөр торгоно гэж байна гээд надаас 100.000 төгрөг бэлнээр аваад явсан” гэх мэдүүлэг.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.Бид гарал үүслийн гэрчилгээгээ шалгуулахдаа уг гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор...” гэж дүгнэжээ. Шүүх гарал үүслийн гэрчилгээ засвартай байсан, түүнийгээ нууж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цагдаагийн албан хаагчид хахууль өгсөн гэж дүгнэхдээ хэргийг дутуу шалгасан. Архангай аймгийн Ихтамир сумын БОУБ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон гарал үүслийн бичиг, шүүгдэгч Б.Бид шалгуулсан гарал үүслийн бичиг нь агуулгын хувьд зөрүүгүй, 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хүчинтэй байсан байх ба ойн байцаагч Ц.Б, Н.О нар гарал үүслийн бичгийг засвартай бичиж өгөөгүй гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч Б.Бид өгсөн гарал үүслийн бичгийн “03” гэснийг “04” гэж өөрчилж бичсэн нь шүүгдэгч П.Б биш тул Ц.Б, Н.О нар давхарлаж, засварлаж бичсэн эсэхийг шинжээч томилох замаар тогтоож, хууль бус үйлдлээ нууж, өөртөө ашигтай байдал бий болгох нөхцөл байдал байсан эсэхийг тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Түүнчлэн гэрч Ц.Б, Н.О нар нь засварласан эсэх талаар эргэлзээтэй өгсөн мэдүүлгийг шалгах нь зүйтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр хэргийг дахин шалгах боломжтойг анхаарахгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангаагүй байна.

...Анхан шатны шүүх Б.Бид торгох ял оногдуулсан атлаа П.Бд хорих ял оногдуулж ялгамжтай хандсан. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, бусдыг шан харамж, хахууль өгөхийг шаардсан этгээдэд торгох ял оногдуулж, тухайн нөхцөл байдалд торгуулсан этгээдэд хорих ял оногдуулсан нь шударга ёсонд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Ө.Эын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “...тэгээд хэсэг байж байгаад гарч ирэхдээ 200.000 төгрөг барьчихсан “энүүгээр торгуулаад салчихъя” гээд гуйгаад байхаар нь ахмад Б 200.000 төгрөгийг нь аваад тэр жолоочийг явуулсан... Б.Б надад 50.000 төгрөг өгсөн. Түүнийг би хувьдаа гэртээ зарцуулсан” гэх мэдүүлэг, Ө.Эын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “...авсан мөнгөө /100.000/ гэртээ зарцуулсан” гэх илтгэх хуудас болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 8 албан хаагч 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр тус бүр 20.000 төгрөг цуглуулсан эсэхийг шалгахгүйгээр Ө.Э хэргээс мултрах, ял завших учиргүй. Өөрөөр хэлбэл Ө.Э тухайн мөнгийг өөрөө авч хувьдаа зарцуулсан, хэрэглэсэн болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон байхад бодитоор мөнгө цуглуулсан эсэх, албаны тээврийн хэрэгсэлд сэлбэг хэрэгслийг хувийн хөрөнгөөр худалдаж авдаг болон авсан эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж Ө.Эыг ял завшуулж болохгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 39.5, 36.8. 36.9, 39.7, 39.8-д заасны дагуу шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгож, шүүхээр нөхөн гүйцээх боломжгүй ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа П.Бгийн тээвэрлэж явсан модны гэрчилгээг шалгахдаа засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлэлгүй П.Бгийн үйлдлийг шалгуулахгүй байх үүднээс 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч П.Б нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, П.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Анх 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр П.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлгийн /хх-10/ дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Б, жолооч цагдаа Ө.Э нар албан тушаалын байдлаа ашиглаж П.Бгаас торгууль нэрээр 200.000 төгрөгийг авсан үйлдэлд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр П.Бг хохирогчоор тогтоож /хх-41/, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн /хх-109/ ажиллагаа нь хуульд нийцсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шүүгдэгч Б.Бийн үйлдлийг “Хахууль авах” буюу Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /хх-237/, П.Бгийн үйлдлийг “Хахууль өгөх” буюу Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт зааснаар /хх-212/ тус тус зүйлчлэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Бг 56-81 АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 20 м3 хэрэглээний мод тээвэрлэж явахдаа 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт түүнийг түр зогсоосон тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер Б.Бид модны гарал үүслийн гэрчилгээг шалгуулахдаа уг гэрчилгээнд засвар оруулж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг хууль ёсны дагуу шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Бид 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэж хэргийн үйл баримтыг тогтоосон боловч мөрдөн байцаалтын шатанд Д.Бгийн үйлдэлд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзэх гэмт хэрэг, эсхүл зөрчлийн шинж тогтоогдоогүй байна гэж үзэв.

Шүүгдэгч П.Бгийн тээвэрлэж явсан 20 м3 хэрэглээний модыг Архангай аймгийн Их Тамир сумаас Улаанбаатар хот руу 56-81 АРХ тээврийн хэрэгслээр тээвэрлэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1626599 дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгогдсон болох нь Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Их тамир сум дахь сум дундын ойн ангийн техникч Ц.Б /хх-46, 55/, Архангай аймгийн Их тамир сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Н.О /хх-52/ нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1626599 дугаартай гарал үүслийн гэрчилгээ /хх-106/, Архангай аймгийн Их тамир сумын Сум дундын ойн ангийн эрх бүхий ажилтан Ц.Бат-Эрдэнийн олгосон 1626599 дугаартай гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувийг хуулбарлан авч, хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна П.Бгийн биедээ авч явсан 1626599 дугаартай гарал үүслийн гэрчилгээг хуурамч болохыг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт байхгүй байна.

Шүүгдэгч П.Б урьд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул 56-81 АРХ улсын дугаартай “Киа Рио” маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ц.Жаар жолоодуулан 20 м3 хэрэглээний мод тээвэрлэж явах үед эргүүлийн офицер Б.Б түүнийг түр саатуулан шалгахдаа П.Бгийн үзүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1626599 дугаартай гарал үүслийн гэрчилгээн дээр огноо бичсэн хэсэгт 4-ийн тоог 3-ийн тоон дээр давхардуулсан мэт тэмдэглэснийг зохих журмын дагуу шалгаж, зөрчил мөн эсэхийг тогтоохын оронд түүнийг 960.000 төгрөгөөр торгоно гэж мэдэгдэн, улмаар Хангай зах руу хамт явж, П.Бгаас 200.000 төгрөгийг торгууль нэрээр залилан авч завшсан үйлдэл нь “Албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Бгийн хувьд засвартай гарал үүслийн гэрчилгээ бүхий мод тээвэрлэсэн зөрчилд өөрийгөө торгууль төлөх ёстой гэж ойлгон, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицер ажилтай Б.Бид 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримтын талаар шүүгдэгч П.Б /хх-23/, гэрч Б.Хүрэлцэцэг /хх-50/, Ц.Жамбал /хх-166/, М.Дагва /хх-101/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд бичигдсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаасан дүгнэлтийг хийгээгүй байна.

Иймд энэ талаар шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч Я.Батхандын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, прокуророос П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэснээр хэргийн зүйлчлэл хүндрэх, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл үүсэхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын хэмжээг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох” ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэх зарчимтай тул шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын “Ө.Энхбаатарын Б.Боос 50.000 төгрөг авсан үйлдлийг шалгуулах” үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн болно.

Шүүх Б.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 болгож өөрчилсөнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 200.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.Бийг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

Прокуророос шүүгдэгч Боржгон овогт П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

П.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 4, 9 дэх заалтыг бүхэлд нь, 10 дахь заалтын П.Бд холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 553 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

3.П.Бгийн өмгөөлөгч Я.Батхандын хяналтын журмаар гаргасан гомдлоос хэргийг прокурорт буцаах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.П.Б нь энэ хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 158 хоног цагдан хоригдсон, энэ гэмт хэргийн улмаас учирсан 200.000 төгрөгийн хохирол мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлөгдсөн болохыг дурьдсугай.

5.П.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу энэ хэргийн улмаас учирсан хохирлоо оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болно.

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН