Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00681

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00681

 

 

Н.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00301 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаартай шийдвэрийн дагуу Альяанс проперти групп ХХК-ийн хамт 66 628 350 төгрөгийг гаргуулж иргэн Г.Чулуунцэцэгт төлөх болсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2279 дугаар магадлалаар гаргасан 66 628 350 төгрөгийг Альяанс проперти групп ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгт олгож, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нт даалгаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/00476 дугаар тогтоолоор хэвээр баталсан. Гэтэл Н нь Альяанс проперти групп ХХК-аас хөрөнгө гаргуулах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй атлаа барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шууд шийдвэрлэж байгаа нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж зохицуулжээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүрэг гүйцэтгэгч Альяанс проперти групп ХХК, үүрэг гүйцэтгүүлэгч Г.Чулуунцэцэг, өмчлөгч Н.Э нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохирох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй атлаа шууд шинжээч томилох тухай 297 дугаар тогтоол гаргаж түүний дагуу хөрөнгийн үнэлгээг хийсэн нь хуулийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-эстимэйт ХХК нь миний орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хэт доогуур, бодит бусаар үнэлсэн байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаар шийдвэрээр Алъяанс проперти групп ХХК, Н.Э нараас 66 628 350 төгрөг гаргуулж Г.Чулуунцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Алъяанс проперти групп ХХК-ийн харилцах данснаас 16 000 000 төгрөг хасалт хийж төлбөр авагчид олгож, төлбөр төлөгч Н.Эгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024338 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал асуухад төлбөр төлөгч Н.Э үнийн санал ирүүлээгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд 62 973 100 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/22212 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26392 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39А байрны 1 тоот орон сууцны үнэлэгдсэн үнэ 62 973 100 төгрөгийн 70 хувь 44 081 170 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт зааснаар Нт холбогдох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол 39 а байрны 1 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Эгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Альяанс проперти групп ХХК-ийн данснаас 66 628 350 төгрөгийг бүрэн гаргуулах боломжтой байсан атал зөвхөн 16 628 350 төгрөгийг данснаас авч үлдэх 50 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөнөөс шууд гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээч томилох тухай 297 дугаар тогтоол болон түүний дагуу хийсэн хөрөнгийн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Э нь Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШШ2018/02711 дугаар шийдвэрээр Альянс проперти групп ХХК-аас 66 000 000 төгрөг гаргуулж, Г.Чулуунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Н.Эгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Альянс проперти групп ХХК-ийн бусад хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2279 дугаар магадлалаар Альяанс проперти групп ХХК-иас 66 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгт олгож, хариуцагч нь дээрх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нт даалгаж, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Альянс проперти групп ХХК-ийн бусад хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилснийг

Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 00476 тоот тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...175.1 дэх хэсэгт зааснаар гэсний дараа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамжны 39а байрны 01 тоот орон сууц болох... гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх.9-27/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19250701/02 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамжны 39а байрны 01 тоот орон сууцыг битүүмжилж, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эд хөрөнгийг хураасан байна. /хх.41,61, 63/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Альянс проперти групп ХХК, өмчлөгч Н.Э нарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/22212, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/21313 тоот мэдэгдэх хуудсуудаар үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна. /хх.66/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 247 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг тогтоолгохоор Хөрөнгө эстимейт ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

Хөрөнгө эстимэйт ХХК орон сууцыг 62 973 100 төгрөгөөр үнэлж дүгнэхдээ ...хөрөнгийн тухай шинж байдал, байрлал, орчинтой газар дээр нь очиж танилцсан, хөрөнгөд үзлэг, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийсэн. Хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судалж өнөөгийн болон ирээдүйн төлвийг сонирхож үнэлгээнд зайлшгүй шаардагдах мэдээллээ олж авсан гэж дүгнэжээ. /хх.70-76/

Хөрөнгийн үнэлгээний тайланг өмчлөгч Н.Эд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан /хх 77/ байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна. /хх.31/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байгаа нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч Н.Эгийн ...орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур, бодит бусаар үнэлсэн гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/00301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО