Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01087

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01087

 

 

Летфорекс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/107 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Летфорекс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Чинбаярт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 466 918 412 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч 뺺 С.Буянхишиг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Чинбаяр нь тус ББСБ ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 700 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус тавьсан. Летфорекс ББСБ ХХК нь Х.Чинбаярт 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 300 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 100 000 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус хүлээлгэн өгч, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Х.Чинбаярын Голомт банкны 1609075949 тоот дансанд 185 741 667 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний 1.9-д Зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн дүнгийн 0.8 хувийн шимтгэлийг нэг удаа тооцож авна" гэж зааснаар суутган авч, үлдэх хэсгийг олгосон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу зээл түүний хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Х.Чинбаяр үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, харин хүүд 253 398 534 төгрөг, тухайн сарын хүүд 7 466 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25 510 382 төгрөг, нийт 286 375 583 төгрөг төлсөн. Одоо Х.Чинбаяраас үндсэн зээл 700 000 000 төгрөг, зээлийн хүү 640 676 465 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126 241 946 төгрөг нийт 1 466 918 412 төгрөг нэхэмжилж байна. Х.Чинбаярт 700 000 000 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 хувааж олгосон тул эхний саруудын хүүгийн дүн өөр өөрөөр бодогдсон ба хүү болон зээлийн тооцооллыг программаар бодсон тул ямар нэгэн маргаан байхгүй. Тус ББСБ 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр хүүгээ зогсоож, нэхэмжлэлээ 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан. Зээлдэгч төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол 3 барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч нь 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 946 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлөх хүсэлт гаргаснаар уг орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн тул үлдэх хоёр объектоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Чинбаяраас 1 429 540 966 төгрөгийг гаргуулж, Летфорекс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 377 445 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2205008553 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 дугаар байр, 6 тоот, 42 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1 429 540 966 төгрөгийг гаргуулж, Летфорекс ББСБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, улсын үртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаанаас чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 492 542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Чинбаяраас 7 305 654 төгрөгийг гаргуулж Летфорекс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Чинбаяр нь "Летфорекс ББСБ" ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 700 сая төгрөгийг авсан. Зээлийн гэрээний хугацааг 6 сараар тогтоосон ба зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрээг шинэчлэн нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийг ам.доллар болгон хугацааг сунгасан болно. Гэвч гэрээний шинэчлэн оруулсан өөрчлөлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй төдийгүй зөвхөн зээлдүүлэгчийн ашиг сонирхлыг илэрхийсэн гэж үзэх байна. Зээлийн гэрээгээр талууд үндсэн нөхцлүүдийг харилцан тохиролцсон бөгөөд Х.Чинбаяр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч улс оронд бий болсон эдийн засгийн хямрал, санхүүгийн чадавхиас шалтгаалан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон.

Гэхдээ Х.Чинбаяр нь зээл болон зээлийн хүүгийн буцаан төлөлтөд мөнгөн хэлбэрээр 190 381 250 төгрөг, бараа бүтээгдэхүүн хэлбэрээр 98 336 000 төгрөг, нийтдээ 288 717 250 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 2015 оны 9 дүгээр cap хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлсөн. Зээлийн гэрээ байгуулахдаа зээл, зээлийн хүүг буцаан төлөх нөхцөл, хугацааг тусгайлан гэрээнд тохиролцож тусгаагүй ба буцаан төлөхдөө үндсэн зээл, зээлийн хүүг нийлүүлэн төлөхөөр тохиролцсон. Зээлийн эргэн төлөлтийг төлсөн хугацаагаар үзвэл, гэрээний хугацаанд буюу 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сарын хооронд 115 881 250 төгрөг, 2013 оны 9 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын хооронд 172 836 000 төгрөг тус тус төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн тодорхой хуваарь байхгүй тул гэрээний хугацаа хэтэрсэн хугацаанд төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн холбогдох хэсэгт зааснаар үндсэн үүргийн төлбөрт буюу үндсэн зээлийн төлбөрт тооцох ёстой гэж үзэж байна. Дээрх тооцоогоор үзвэл, үндсэн зээлийн хэмжээ 500 сая орчим төгрөг болох ба зээлийн хүүгийн хэмжээ мөн хэмжээнд уялдсан байх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч буцаан төлсөн бүх төлбөрийг зөвхөн хүүний төлбөрт тооцож тооцоо гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ. Дээрх нөхцөл байдлыг баримтлан тооцож үзвэл, Х.Чинбаярын төлөх төлбөрийн хэмжээг 1 тэрбум 192 сая төгрөг гэж тооцох боломжтой байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн хангалттай үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хууль зүйн үүднээс үзвэл, зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Энэхүү тооцоо болон хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч талаас судлан зохих баримт бичгийг нотлох баримтын хэлбэрээр шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэсэн байсан боловч шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч зайлшгүй шалтгаанаар өөрчлөгдөж, шинээр томилогдсон төлөөлөгч нөхцөл байдалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, мэтгэлцэх эрхийг хангаагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 тэрбум 192 сая төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох, шүүх хуралдаанд оролцож хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Летфорекс ББСБ ХХК нь хариуцагч Х.Чинбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 466 918 412 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Летфорекс ББСБ ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0000946 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Х.Чинбаярт 700 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, бизнесийн зориулалтаар зээлдүүлж, барьцааны 0000946 тоот гэрээгээр Б.Шүрэнхүү, Ч.Ариунжаргал, Ч.Анунгоо, Х.Чинболд нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202011969 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн 2 дугаар хэсгийн 401 тоот хаягт байрлах 599.6 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 78/1 тоот хаягт байрлах, 347.2 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан болох нь хэргийн 7-11 дүгээр талд авагдсан зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүдийн дагуу 700 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Талууд зээлийн гэрээний 1.12-т зээл түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд зээлийн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ.

 

Мөн зохигчид зээлийн гэрээний 2.2-т гэрээний хавсралт 1-д дурдсан хуваарийн дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцааж төлнө гэж тохирсон боловч уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийгээгүй байх тул хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүх шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Хариуцагч Х.Чинбаяр нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч хариуцагчид зээлийн гэрээний дагуу 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 300 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 200 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 100 000 000 төгрөгийн зээлийг хэсэгчилж олгосон бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дуусахад нэхэмжлэгчид хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 700 000 000 төгрөг, зээлийн 6 сарын хүүд 130 308 337 төгрөг нийт 830 308 337 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан тооцооноос үзвэл хариуцагч зээлийн хүүд 260 865 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25 510 382 төгрөг нийт 286 375 583 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч зээлийн хүүд 130 308 337 төгрөг төлөхөөс 113 539 583.33 төгрөг төлсөн байх ба зээлийн гэрээний хугацаа 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дууссан, гэрээний хугацаа дууссанаас хойш 172 836 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн нь тогтоогджээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн 172 836 000 төгрөгөөс гэрээний хугацааны хүүгийн дутуу төлөгдсөн 16 768 753.67 төгрөгийг хасч үлдэх 156 067 250 төгрөгийг үндсэн зээл 700 000 000 төгрөгөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Иймд хариуцагч 700 000 000 төгрөг зээлсэн, үндсэн зээлээс 543 932 750 төгрөг төлөгдөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 543 932 750 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 628 242 326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 648 465 төгрөг нийт 1 297 823 541 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 429 540 966 төгрөг гэснийг 1 297 823 541 төгрөг гэж, 37 377 445 төгрөг гэснийг 131 717 425 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1 429 540 966 төгрөгийг гэснийг 1 297 823 541 төгрөгийг гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 7 305 654 төгрөгийг гэснийг 6 647 067 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Чинбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 345 705 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ