Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2019/00012

 

 

ГүнтэлмэнХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2019/00002/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор Гүнтэлмэн ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Батчимэгт холбогдох  20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Гүнтэлмэн ХХК болон иргэн Ц.Батчимэгтэй 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр 29-14 УНС улсын дугаартай LBZF46EA1BA019085 арлын дугаартай BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн буулгагч худалдан авахаар тохирч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Гүнтэлмэн ХХК болон иргэн Ц.Батчимэг нарын хооронд 29-14 УНС улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машиныг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Тухайн үед Ц.Батчимэг нь уг машинаас гадна ковш авахаар тохиролцсон боловч мөнгөний бололцооноосоо болоод эхлээд ачааны машин худалдаж авахаар болсон. Улмаар худалдах худалдан авах гэрээ байгуулж ачааны машиныг хүлээлцэн 2 тал гарын үсэг зурсан байдаг.

Уг ачааны машин өнөөдрийн байдлаар Ц.Батчимэгийн эзэмшилд байгаа бөгөөд айлын хашаанд байгаа. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авснаар худалдан авагчид эрсдэл шилждэг. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасны дагуу гомдол гаргах эрхийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь уг ачааны машиныг эвдрэл гэмтэлтэй байдаг ч 6 сарын дотор энэ асуудлаар гомдол гаргаагүй.

Тус гэрээний дагуу Ц.Батчимэг нь 30.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Уг тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд бүрэн шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар уг нотлох баримтыг гаргуулж авах эрх хариуцагчид байсан.

Мөн гэрээний дийлэнх үнийн дүнг төлсөн тул худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзнэ. 30.000.000 төгрөг бол бага мөнгө биш. Гэтэл 30.000.000 төгрөг хүнд өгөөд дээрээс нь эвдэрхий машин авчихаад бүхэл бүтэн 7 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар хэнд ч гомдол гаргаагүй. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Тиймээс хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие нь Гүнтэлмэн ХХК-тай 29-14 УНС улсын дугаартай BEIBEN маркийн автомашиныг худалдах,худалдан авах гэрээг хийгээгүй. Тус шүүхэд өгсөн гэрээ нь хуурамч гэрээ байна. Өөрөөр хэлбэл миний бие нь Гүнтэлмэн ХХК-тай ковш 50 маркийн буулгагч худалдах-худалдан авах гэрээ хийсэн ба шилжүүлсэн 30 сая төгрөг нь ковшийн мөнгө юм. Гэтэл Гүнтэлмэн ХХК нь миний ковш буюу буулгагчийн гэрээний сүүлийн хуудас буюу гарын үсгийг зурсан хэсгийг оруулж нүүр хуудсыг өөрсдөө дур мэдэн зохион үйлдсэн байна. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ковш болон маргаан болоод байгаа ачааны машиныг худалдаж авахаар тохиролцоод ковшний төлбөрт 30.000.000 төгрөг төлсөн. Ачааны машины хувьд ямар ч гэрээ байгуулаагүй. Уг ачааны машиныг хүнд зарчихсан байж байгаад буцааж аваад 22-р товчооны ойролцоо оройн 20 цагийн үед өгсөн. Ковш болон ачааны машинаа хүлээж аваад явж байтал Баруунхараад ирээд үзэхэд аль аль нь ажиллагаагүй байсан. Тэгэхээр нь утасдаад энэ байдлыг нь хэлээд ковшийг нь буцаагаад явуулсан. Ковшийг ачиж ирэхийн тулд 700.000 төгрөг төлсөн. Тэгээд ачааны машиныг аваад цааш явж байтал замд дугуй нь хагарах тос маслоны асуудлууд гарч эхэлсэн. Ахиад утас руу нь залгаад хэлтэл хүний гараар дамжиж ирсэн болохоор би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би засварчин дуудаж үзүүлэхэд мотор муутай маш муу машин байна гэж хэлсэн. 30.000.000 төгрөгийг ковшинд өгсөн. Ачааны машины хувьд гэрээ ч байгуулаагүй мөнгө ч өгөөгүй. Надад тухайн техникийн бичиг баримтыг ч өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Батчимэгээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК-д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй этгээд гаргасан байгааг шүүгч анхаарч үзээгүй, нэхэмжлэлийг шүүхэд Гүнтэлмэн ХХК-ий захирал Ж.Батчулууны олгосон итгэмжлэлээр М.Шаравнямбуу гаргасан ба маргааны гол агуулга болох худалдах, худалдан авах гэрээг машины эзэмшигч гэх Ж.Нэргүйтэй хийсэн байтал Ж.Нэргүй нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж оролцсон М.Шаравнямбуу нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлэхдээ ... маргааны зүйл 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн автомашины эзэмшигчийг яг хэн гэдгийг мөн хэний нэр дээр байсныг мэдэхгүй байна, би бодохдоо Гүнтэлмэн ХХК-ний нэр дээр байгаа байх гэж гэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч тал нь нэхэмжилж буй зүйлээ өөрийн эзэмшлийн хөрөнгө гэдгээ шүүхэд нотолж чадаагүй, гэрчилгээтэй холбоотой баримт байхгүй зэргээс харахад хариуцагчийн хэлж буй Гүнтэлмэн ХХК-ийн захирал Ж.Батчулуунтай гэрээ хэлцэл хийгээгүй гэдэг нь нотлогдож байна. Хэрэгт авагдсан баримт буюу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс харахад Гүнтэлмэн ХХК-ний захирал Ж.Нэргүй гэж хийсэн ба техникийг хүлээлгэж өгсөн гэх хүн нь өөрөө Ж.Нэргүй байтал хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээн даэр захирал нь Ж.Батчулуун гэх хүн бүртгэгдсэн байгаа нь нэхэмжлэгч нь хэн байх вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээ нь утга агуулга, хуулийн шаардлагын хувьд зөрүүтэй байгааг анхаарч үзээгүй,

- Хариуцагч Ц.Батчимэг нь 2018.05.28 ны өдөр Ж.Нэргүй нь эзэмшлийн гэх 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машиныг 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээнд 30.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 28 ны өдөр төлөхөөр, үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2018.05.30 ны өдөр төлөхөөр болсон.

Ингээд гэрээний дагуу 2018.05.28 ны өдөр 30.000.000 төгрөгийг шилжүүлээд тээврийн хэрэгслийг авч явсан боловч замдаа эвдрэл гарсан эд хөрөнгө болох 23-16 УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машиныг доголдолтой гэж үзээд буцаагаад аваачиж өгсөн. Ингээд буцаагаад мөнгөө авах гэтэл мөнгийг чинь өгнө, гэхдээ 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн өөрөө буулгагч машиныг мөнгийг чинь буцааж өгтөл ашиглаж бай гэсний дагуу барьцаа маягаар авч явсан.

Гэтэл нэхэмжлэгч нь 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машин дээр хийгдсэн гэрээний утгыг 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн өөрөө буулгагч машинтай хольж хутган нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн агуулга нь 2018 оны 05 дугаар сарын 28ны өдрийн 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн машиныг худалдах, худалдан авах гэрээний агуулгатай үнэ болон төлөх хугацаа нь зөрүүтэй, харин 23-16УБ улсын дугаартай шар өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн авто ачигч машин дээр хийгдсэн гэрээний агуулгатай таарч байгаа нь хариуцагчийн хэлсэнчлэн 2018 оны 05 дугаар сарын 28ны өдрийн 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн машиныг худалдах, худалдан авах гэрээг гол гэрэзний агуулга болгож хийгээгүй болох нь харагдаж байна. Хэрэв шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн машиныг худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийгдсэн гэж үзэх юм бол тус гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэрээ гэдгийг анхаарч үзэх үндэслэлтэй байсан.

Тус гэрээн дээр хэний эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдаж байгаа талаарх баримт байхгүй, гэрчилгээг гэрээний хавсралтанд тусгаагүй байхад шүүгч ямар дотоод итгэлээр нэхэмжлэгчийн өмч гэж үзэж шийдэж байгаа нь ойлгомжгүй дээр энэ гэрээ нь яг худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт юм уу эсвэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт юм уу гэдгийг нарийвчлан ялгаж тусгаагүй.

Иймээс хариуцагчийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 31-ний өдрийн 56 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн машиныг худалдах, худалдан авах гэрээний агуулга нь илтэд хуулийн шаардлага хангаагүй гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК нь хариуцагч Ц.Батчимэгт холбогдуулан автомашины үнэ 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 29-14 УНС улсын дугаартай ВЕIВЕМ маркийн өөрөө буулгагч машины үлдэгдэл 20.000.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хооронд хоёр өөр төрлийн автомашин худалдахаар шилжүүлсэн талаар тайлбар гаргасан ба хэрэгт зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдах авах 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 18/57, 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 18/55 гэсэн хоёр гэрээ авагджээ.

Нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК нь хариуцагчтай байгуулсан аль гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, аль гэрээний дагуу автомашиныг хариуцагчид шилжүүлсэн, тухайн шилжүүлсэн автомашин нь эрхийн зөрчилгүй буюу өмчлөгчийн хөрөнгө мөн эсэх, хариуцагч Ц.Батчимэгийн эзэмшилд буй хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК мөн эсэх нь тодорхойгүй бөгөөд худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн гэх автомашины техникийн гэрчилгээ нь хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, хэргийн үйл баримт тогтоогдоогүй, уг машины эзэмшигч нь тодорхой бус байхад шүүх хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН