Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01929

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01929

 

 

Ц.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 06ы өдрийн 101/ШШ2017/01942 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Солонгын, Б.Ариунтуяад холбогдуулан гаргасан 43 700 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жавхланбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, өмгөөлөгч Ж.Оюунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Ариунтуяагийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр, нийт 23 000 000 төгрөгийг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор барьцаат зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

Б.Ариунтуяа нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байр, 89 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Хамтран өмчлөгч Б.Дугаржав нь итгэмжлэл гаргасан.

Б.Ариунтуяагийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаагаар, мөн өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 8 сараар тус тус сунгасан. Б.Ариунтуяа нь гэрээний хугацаанд төлөх ёстой 11 сарын хүү, анх зээлсэн 13 000 000 төгрөгийн хүү, 3 сарын 1 950 000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 8 сарын хүү, нийт 9 200 000 төгрөг төлөгдөөгүй байна.

 

Ц.Солонгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Ц.Сайхантуяаг танихгүй бөгөөд эдгээр зээлийг анхнаасаа хариуцагч Б.Ариунтуяа авч ашиглахаар зээлсэн боловч тэрээр гэрчид гэрээний зүйлийг шилжүүлэхийг зөвшөөрсөн.

Хариуцагч Б.Ариунтуяа зээлийн гэрээний зүйл болсон 23 000 000 төгрөгийг Ц.Сайхантуяад дамжуулан зээлдүүлсэн ба тухайн зээлийг буцааж төлөөгүй, залилан мэхэлсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч болон гэрч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч нь хамааралгүй.

Гэрч Ц.Сайхантуяад зээлийг бэлнээр өгөх болсон үйл баримтын хувьд хариуцагч тал уг этгээдэд өгөхийг зөвшөөрсөн.

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү төлөгдөж дууссан бөгөөд тухайн өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 8 сарын хүү 9 200 000 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, үндсэн зээл 23 000 000 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. Бид 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дээр дурдсан орон сууцыг барьцаалахаар гэрээгээр тохирсон боловч энэ тухай улсын бүртгэлд тэмдэглэгээ хийгээгүй боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна.

Иймд зээлдэгч Б.Ариунтуяагаас үндсэн зээл 23 000 000 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 9 200 000 төгрөг, нийт 43 700 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3 76 450 төгрөг, нийт 44 076 450 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч хариуцагч нь нийт нэхэмжилж байгаа үнэ 43 700 000 төгрөгөөс 800 000 төгрөг, 650 000 төгрөг, 500 000 төгрөг, 400 000 төгрөгийг төлсөн гэж үзээд энэ үнийн дүнг хасаж тооцон, хариуцагчаас нийт 42 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ариунтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд гэрчээр оролцсон Ц.Сайхантуяагийн гуйлтаар хариуцагч Б.Ариунтуяа өөрийн орон сууцыг нэхэмжлэгчид барьцаалуулж, түүнд зээлж авч өгсөн.

Эдгээр хүмүүс бие, биенээ танихгүй, Ц.Сайхантуяад мөнгө хэрэг болоход тэрээр Б.Ариунтуяаг гуйж, зээл авахуулсан ба хариуцагч гэрээ байгуулсан өдөр нотариатад очиж, гарын үсэг зурчихаад, мөнгөө өгөх болоход яваад өгсөн талаар гэрч мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Зээлийг Ц.Сайхантуяа авч ашигласан тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт Ц.Сайхантуяад холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчоор Б.Ариунтуяаг тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гуравдагч этгээдээр Ц.Сайхантуяаг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүний эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, гэвч тэрээр шүүхийн шийдвэрт түүнээс мөнгө гаргуулахаар тусгасан тохиолдолд зээлийг төлөх болно гэж мэдүүлсэн.

Иймд зээлийг хариуцагч Б.Ариунтуяа авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Ариунтуяагаас үндсэн зээл 23 000 000 төгрөг, зээлийн хүү 6 011 720 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, нийт 40 511 720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Солонгод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 188 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан, хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 13 000 000 төгрөг, зээлийн хүү 2 511 720 төгрөг, алдангид 7 755 860 төгрөг, нийт 23 267 580 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 89 тоот хаягт байрлах Ү-2204003001 тоот дугаартай орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 360 509 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Ариунтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хариуцагч талын мэтгэлцэх, өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь Б.Насанбаяр надад Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн итгэмжлэл олгож, тусгайлан өмгөөлөгч авах эрхийг олгосны үндсэн дээр 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх тухайн хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/10157 тоот захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангасан гэх боловч хариуцагч талаас өмгөөлөгчөө солих хүсэлтийг шүүхэд гаргасан. Уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулж, хариуцагч Б.Ариунтуяад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн.

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Ариунтуяа ... өмгөөлөгч С.Оюунцэцэг нь өвчтэй, иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул өмгөөлөгч авах хүсэлттэй байна гэснийг шүүх хангах боломжгүй гэж үзэж хүсэлтийг шийдвэрлэсэн. Шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна.

Хариуцагч Б.Ариунтуяа өмгөөлөгч авах хүсэлтийг хангахгүй байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзах гаргах тухай хүсэлт гаргасан.

Улмаар ерөнхий шүүгч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 101/ЕШ2017/01471 дүгээр захирамж гаргасан боловч тухайн захирамжийг талуудад танилцуулаагүй, танилцуулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийг хаасны улмаас хариуцачаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, өөрийн эрх ашгийг хамгаалах, бусад тодорхой ажиллагаанууд хийгдээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаантай холбоотой үүссэн эрх зүйн харилцааны талаар буруу дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрт залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Солонго нь хариуцагч Б.Ариунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 700 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ц.Солонго, хариуцагч Б.Ариунтуяа нар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 89 тоот хаягт байрлах Ү-2204003001 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, 13 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 5 хувийн хүүтэй зээлж, барьцаанд дээрх орон сууцыг барьцаалахаар тус тус тохиролцжээ.

Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагч нь мөнгийг шилжүүлж аваагүй, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй.

Хариуцагч Б.Ариунтуяа нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн аваагүй гэж мэтгэлцэх боловч хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухай, мөн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаагаар нэмэлт гэрээ хийж бэлнээр хүлээн авсан, нийт зээлийн хэмжээ 23 000 000 төгрөг болсон талаар баримт үйлдэн талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт авагджээ. /хх-20 дугаар тал/

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 3 удаа сунгаж, хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийт зээлийн дүнг 23 000 000 төгрөгөөр тооцон зээлийн гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байх бөгөөд Б.Ариунтуяа гэрээний хугацаанд зээлийн үүрэгт 2 038 280 төгрөг төлсөн болох нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-3-5, 7, 26, 60 дугаар тал/

Мөн гэрч Ц.Сайхантуяагийн хариуцагч Б.Ариунтуяаг танихгүй, нэхэмжлэгчийг танина гэх /хх-60/ мэдүүлэг нь хэргийн 64 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримт буюу хариуцагчийг хохирогчоор байцаасан тэмдэглэлд дурдсан миний танил Ц.Сайхантуяа надаас мөнгө зээлээч гэж гуйсан, ... Ц.Сайхантуяа эгч өмнө нь надад олон удаа тус болж байсан гэсэн тайлбараас зөрүүтэй байхаас гадна гэрчийн зээлийн хүүг би төлж байсан гэх мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй тул гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзнэ.

Иймээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, нэг талын саналыг нөгөө тал хүлээж авсан байдал зэргийг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Ц.Солонгыг хариуцагч Б.Ариунтуяагаас гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөө төлөхийг шаардах эрхтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хариуцагч Б.Ариунтуяагаас үндсэн зээлд 23 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 011 720 төгрөг, нийт 29 011 720 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Харин талуудыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлээр алдангийн талаар тохиролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох бөгөөд талууд гэрээгээр аль гэрээний үүргийн гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох талаар тодорхой заах ёстой.

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнүүдээр гэрээний хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон боловч 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд зээлийн хүү болон хугацааг зааснаас энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хэмжээгээр алданги тооцох талаар тодорхой заагаагүй байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2.3-т заасны дагуу алдангийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь Б.Ариунтуяагаас алданги шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, алданги болох 11 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн дээрх үндэслэлээр шийдвэрийн 2 дахь заалтаас алдангийн дүнг хасч, хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 15 211 720 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөр хугацаа тогтоогоогүй бол хэргийг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэх ёстой бөгөөд уг хугацааг нэг удаа 30 хоног хүртэл сунгаж болдог.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, мөн оны 3 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.8-д заасан буюу хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаан хойшлуулах, хуульд заасан бусад эрх буюу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ дээрх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд эдлэх ёстой бөгөөд уг эрхээ эдлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болохгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардан авчээ. Шүүх хариуцагч талын өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөө солих тухай хүсэлтүүдийг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 9 удаа хойшлуулсан байх тул хариуцагчийн хуулиар олгосон эрхийг хангасан гэж үзнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзан, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй байна.

Мөн хариуцагч Б.Ариунтуяа 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөө солих хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосны улмаас хариуцагч шүүгчээс татгалзсан байх бөгөөд уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэж, 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ЕШ2017/01471 дүгээр захирамж гаргажээ. Шүүх, энэ захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулах үүргийг хуулиар хүлээгээгүйн гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай мөн өдөр танилцаж гарын үсэг зурсан байх тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдан баталгаажсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06ы өдрийн 101/ШШ2017/01942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ариунтуяагаас үндсэн зээл 23 000 000 төгрөг, зээлийн хүү 6 011 720 төгрөг, нийт 29 011 720 /хорин есөн сая арван нэгэн мянга долоон зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Солонгод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 688 280 /арван дөрвөн сая зургаан зуун наян найман мянга хоёр зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын зээлийн гэрээний үлдэгдэл 13 000 000 төгрөг, зээлийн хүү 2 511 720 төгрөг, алдангид 7 755 860 төгрөг, нийт 23 267 580 төгрөгийг төлөх гэснийг зээлийн гэрээний үүрэг болох 15 511 720 төгрөгийг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД