Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00025

 

Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01942 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1929 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.А-д холбогдох,

43 700 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жавхланбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Б.А-гийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр, нийт 23 000 000 төгрөгийг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор барьцаат зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Б.А- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байр, 89 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Хамтран өмчлөгч Б.Дугаржав нь итгэмжлэл гаргасан. Б.А-гийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаагаар, мөн өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 8 сараар тус тус сунгасан. Б.А- нь гэрээний хугацаанд төлөх ёстой 11 сарын хүү, анх зээлсэн 13 000 000 төгрөгийн хүү, 3 сарын 1 950 000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 8 сарын хүү, нийт 9 200 000 төгрөг төлөгдөөгүй байна.Ц.С-ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Ц.Сайхантуяаг танихгүй бөгөөд эдгээр зээлийг анхнаасаа хариуцагч Б.А- авч ашиглахаар зээлсэн боловч тэрээр гэрчид гэрээний зүйлийг шилжүүлэхийг зөвшөөрсөн. Хариуцагч Б.А- зээлийн гэрээний зүйл болсон 23 000 000 төгрөгийг Ц.Сайхантуяад дамжуулан зээлдүүлсэн ба тухайн зээлийг буцааж төлөөгүй, залилан мэхэлсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч болон гэрч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч нь хамааралгүй. Гэрч Ц.Сайхантуяад зээлийг бэлнээр өгөх болсон үйл баримтын хувьд хариуцагч тал уг этгээдэд өгөхийг зөвшөөрсөн. Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү төлөгдөж дууссан бөгөөд тухайн өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 8 сарын хүү 9 200 000 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, үндсэн зээл 23 000 000 төгрөг тус тус төлөгдөөгүй байна. Бид 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дээр дурдсан орон сууцыг барьцаалахаар гэрээгээр тохирсон боловч энэ тухай улсын бүртгэлд тэмдэглэгээ хийгээгүй боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна.Иймд зээлдэгч Б.А-гаас үндсэн зээл 23 000 000 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 9 200 000 төгрөг, нийт 43 700 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3 76 450 төгрөг, нийт 44 076 450 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч хариуцагч нь нийт нэхэмжилж байгаа үнэ 43 700 000 төгрөгөөс 800 000 төгрөг, 650 000 төгрөг, 500 000 төгрөг, 400 000 төгрөгийг төлсөн гэж үзээд энэ үнийн дүнг хасаж тооцон, хариуцагчаас нийт 42 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд гэрчээр оролцсон Ц.Сайхантуяагийн гуйлтаар хариуцагч Б.А- өөрийн орон сууцыг нэхэмжлэгчид барьцаалуулж, түүнд зээлж авч өгсөн.Эдгээр хүмүүс бие, биенээ танихгүй, Ц.Сайхантуяад мөнгө хэрэг болоход тэрээр Б.А-г гуйж, зээл авахуулсан ба хариуцагч гэрээ байгуулсан өдөр нотариатад очиж, гарын үсэг зурчихаад, мөнгөө өгөх болоход яваад өгсөн талаар гэрч мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Зээлийг Ц.Сайхантуяа авч ашигласан тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт Ц.Сайхантуяад холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчоор Б.А-г тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гуравдагч этгээдээр Ц.Сайхантуяаг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүний эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, гэвч тэрээр шүүхийн шийдвэрт түүнээс мөнгө гаргуулахаар тусгасан тохиолдолд зээлийг төлөх болно гэж мэдүүлсэн.Иймд зээлийг хариуцагч Б.А- авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01942 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.А-гаас үндсэн зээл 23 000 000 төгрөг, зээлийн хүү 6 011 720 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, нийт 40 511 720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 188 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан, хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 13 000 000 төгрөг, зээлийн хүү 2 511 720 төгрөг, алдангид 7 755 860 төгрөг, нийт 23 267 580 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 89 тоот хаягт байрлах Ү-2204003001 тоот дугаартай орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 360 509 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1929 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-гаас үндсэн зээл 23 000 000 төгрөг, зээлийн хүү 6 011 720 төгрөг, нийт 29 011 720 /хорин есөн сая арван нэгэн мянга долоон зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 688 280 /арван дөрвөн сая зургаан зуун наян найман мянга хоёр зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “зээлийн гэрээний үлдэгдэл 13 000 000 төгрөг, зээлийн хүү 2 511 720 төгрөг, алдангид 7 755 860 төгрөг, нийт 23 267 580 төгрөгийг төлөх” гэснийг “зээлийн гэрээний үүрэг болох 15 511 720 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгг заасныг ноцтой зөрчсөн. Хариуцагч талаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “өмгөөлөгч С.Оюунцэцэг нь биеийн байдал хүнд өвчтэйгээс болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон” тул дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангахгүй гэж шийдвэрлэсэн боловч хавтаст хэрэгт тухайн захирамж байдаггүй. Хариуцагч талаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу өмгөөлөгчөө солих талаарх хүсэлтийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.Шүүхээс хариуцагч талыг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэж боломжийг бүрэн хангаагүй. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож бусад тодорхой ажиллагааг явуулах байсныг зөрчсөн гэж үзэж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц.С-о нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 700 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 30 дугаар байрны 89 тоотод байрлах орон сууцыг барьцаалж, 13 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, зээлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлүүлэх, барьцаанд дээрх орон сууцыг барьцаалахаар болжээ.

Хариуцагч Б.А- дээрх гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэж маргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагчийг нийт 23 000 000 төгрөг хүлээн авсан гэж үзсэн байна.

Хоёр шатны шүүх хариуцагчийг үндсэн зээлд 23 000 000 төгрөг, хүүд 6 011 720 төгрөг нийт 29 011 720 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 үгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх алдангийн талаар өөр өөрөөр дүгнэж, анхан шатны шүүх алданги гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс алдангийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээний талаар талууд тодорхой тохиролцоогүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн уг зохицуулалтаар анзын гэрээг бичгээр байгуулах ёстой ба талууд алдангийн хэмжээг тодорхой заагаагүй нь алданги тооцох боломжийг үгүйсгэжээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгасан байх ба хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1929 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН