Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1942

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

43,700,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц. тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Хариуцагч Б.гийн хүсэлтээр нэхэмжлэгч Ц. түүнд 2 удаагийн үйлдлээр 23,000,000.00 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Анх 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13,000,000.00 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн бол 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

 

            Талууд энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 89 тоот хаягт байрлах тоот дугаартай орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн юм.

 

            Гэвч хариуцагч тал өөрийн ажил, орлогоос шалтгаалан зээлийг хугацаандаа төлөөгүй тул зохигчид харилцан тохиролцож анхны зээлийн хугацааг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, улмаар бүх зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дахин сунгаж, өмнөх нөхцлийг хэвээр дагаж мөрдөхөөр болсон.

 

            Нэхэмжлэгч Ц.Солонгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Ц.г танихгүй бөгөөд эдгээр зээлийг анхнаасаа хариуцагч Б. авч ашиглахаар зээлсэн боловч тэрээр гэрчид гэрээний зүйлийг шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Өнөөдрийн байдлаар Б.гийн гомдолтой Ц.д холбогдох эрүүгийн хэргийг харъяа эрх бүхий байгууллага шалгаж, хариуцагчийг энэхүү хэргийн хохирогчоор тогтоосон байх тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч тал хамааралгүй.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч Б. зээлийн гэрээний зүйл болсон 23,000,000.00 төгрөгийг Ц.д дамжуулан зээлдүүлсэн ба тухайн зээлийг эгүүлэн төлөөгүй, залилан мэхэлсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч болон гэрч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхгүй, гэрч Ц.д зээлийг бэлнээр өгөх болсон үйл баримтын хувьд хариуцагч тал уг этгээдэд өгөхийг зөвшөөрсөн байдаг.

 

            Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү төлөгдөж дууссан бөгөөд харин тухайн өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 8 сарын хүү 9,200,000.00 төгрөг, алданги 11,500,000.000 төгрөг, үндсэн зээл 23,000,000.00 төгрөг тус тус төлөгдөөгүй байна.

 

            Бид, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дээр дурьдсан орон сууцыг барьцаалахаар гэрээнд тохирсон боловч энэ тухай улсын бүртгэлд тэмдэглэгээ хийлгээгүй боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна.

 

            Иймд, хариуцагчаас 43,700,000.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б. тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд гэрчээр оролцсон Ц.гийн гуйлтаар хариуцагч Б. өөрийн орон сууцыг нэхэмжлэгчид барьцаалуулж, түүнд зээл авч өгсөн байдаг.

 

Эдгээр хүмүүс бие, биенээ танихгүй, Ц.д мөнгө хэрэг болоход тэрээр Б.г гуйж, зээл авахуулсан ба хариуцагч тал гэрээ байгуулсан өдөр нотариат дээр очиж гарын үсэг зурчихаад мөнгө өгөх болоход яваад өгсөн талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой дурьдсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар үүнийг гэрч Ц. бүрэн баталж, зээлийг тэрээр авч ашигласан тул зохигчдын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гэрчид холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчоор Б.г тогтоосон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын зүгээс гуравдагч этгээдээр Ц.г оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүний эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, гэвч тэрээр шүүхийн шийдвэрт түүнээс мөнгө гаргуулахаар тусгасан тохиолдолд зээлийг төлөх болно гэж мэдүүлсэн.

 

Иймд, зээлийг хариуцагч Б. авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.ос хариуцагч Б.д холбогдуулан 43,700,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал 13,000,000.00 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр болж, зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 89 тоот хаягт байрлах тоот дугаартай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 8, 9, 25-р хуудас/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж зааснаас гадна 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.................” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хэрэв уг шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид дээр дурьдсан хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

            Түүнчлэн зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал 10,000,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 /нэг/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, уг  гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өмнөх барьцааны гэрээнд заасан тус орон сууцыг барьцаалахаар гэрээнд тусгасан боловч барьцааны талаарх бүртгэлийг хийлгээгүй байна /х.х-ийн 6-р хуудас/.

 

            Тодруулбал, хэдийгээр талууд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хожим байгуулсан буюу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлийг холбогдох байгууллагад хийлгээгүй байх тул энэхүү орон сууцыг 10,000,000.00 төгрөгийн зээлийн хувьд барьцаалагдсан гэж үзэхгүй юм.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, мөн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгах тухай санал гаргасны дагуу талууд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, түүнчлэн тухайн зээлийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээтэй хамт 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, бусад гол нөхцлийг үндсэн гэрээнд зааснаар дагаж мөрдөхөөр тохирсон байна /х.х-ийн 3, 4, 5, 7-р хуудас/.

 

            Өөрөөр хэлбэл, зохигчид 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хамт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн бусад нөхцлийг өөрчлөөгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж, мөн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан.

 

            Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ийнхүү зээлийн гэрээнүүдийг сунгасан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч тал зээлийг өөрөө хүлээн авч ашиглаагүй, гэрчээр оролцсон Ц. авсан тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тохиролцсон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагыг эдгээр зээлийн гэрээнүүд хангасан байх ба тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж” зааснаар нэхэмжлэгч Ц. болон хариуцагч Б. нар харилцан хүсэл зорилгоо илэрхийлж, зээлийн гэрээг байгуулсан байна /х.х-ийн 6, 8-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хэдийгээр хариуцагч Б. зээлийг өөрийн биеэр хүлээн аваагүй гэх боловч түүний зөвшөөрснөөр нэхэмжлэгч Ц. нь зээлийг Ц.д хүлээлгэн өгсөн, талууд нийт 23,000,000.00 төгрөгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баримт үйлдэж баталгаажуулсан байхаас гадна хариуцагч тал өөрийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг удаа дараа сунгаж байсан, түүнчлэн зээлийн гэрээг сунгасан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2,038,280.00 төгрөгийг буцаан төлсөн байх тул тэрээр уг зээлийн харилцааг хүлээн зөвшөөрч байжээ /х.х-ийн 20, 26-р хуудас/.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, түүнчлэн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу хариуцагчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, мөн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгах тухай санал, 23,000,000.00 төгрөгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн баримт, 2,038,280.00 төгрөгийг буцаан төлсөн үйлдэл зэргийг тус тус шинжилбэл зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн, үүсгэх хүсэл зориг тухайн үед байсан гэдгийг хариуцагч нь хожим өөрийн бодит үйлдлээр дэмжин илэрхийлсэн байна.

 

  Хэдийгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээх боловч гэрээний зүйлийг зээлдэгчээс санал болгож, хүлээн зөвшөөрсөн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн тохиолдолд зээлдүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан нь үүрэг гүйцэтгэгч этгээд хууль болон гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх ёстой үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гадна түүний зөвшөөрсөн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөнтэй адилтган үздэг.

 

Иймд, нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Б.гийн зөвшөөрсөн этгээдэд мөнгийг шилжүүлсэн байх тул түүнийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн хэмээн үзэж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 13,000,000.00 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, түүнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр 10,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба талууд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн авлага, өглөгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч тал гагцхүү 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны хүүг үндсэн зээл, алдангийн хамт нэхэмжилж байна /23,000,000x5%x8=9,200,000/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13,000,000.00 төгрөгийн зээлийг ашигласан хугацаа болох нийт 110 хоногийн хүү 2,350,684.00 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хувьд нийт 17 хоногийн ашигласан хугацааны хүү 279,452.00 төгрөгийн талаар маргаагүй.

/13,000,000x5%x12:365=21,369x110=2,350,684/10,000,000x5%x12:365=16,438x17=279,452/

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,188,280.00 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000.00 төгрөг болон 50,000.00 төгрөг, нийт 2,038,280.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 26-р хуудас/.

 

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг сунгасан баримт ёсоор нийт 23,000,000.00 төгрөгийн 7 /долоо/-н сарын хүү 8,050,000.00 төгрөг, үүнээс хариуцагч тал 2,038,280.00 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийн байдлаар үндсэн зээл 23,000,000.00 төгрөгийг үлдэх 6,011,720.00 төгрөгийн хүүгийн хамт зохих ёсоор төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй боловч хариуцагч тал зээл, зээлийн хүүг төлөөгүй, зээлийг буцаан төлөх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэтрүүлсэн байна.

 

Иймд, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний буюу зээлийг ашиглах хугацаа дууссан, зээлдүүлэгч Ц. тус гэрээний дагуу зээлдэгч Б.гаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй тул тэрээр үндсэн зээл 23,000,000.00 төгрөг, ашигласан хугацааны хүү 6,011,720.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.

 

Гэвч талууд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ийнхүү зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгаснаас хойш хариуцагч тал 2,038,280.00 төгрөгийг төлсөн боловч тухайн төлбөрийг уг 2 зээлийн гэрээний аль үүргийн гүйцэтгэл буюу зээлийн хүүнд тооцох талаар тусгайлан тохироогүй байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж, мөн 216.2-т “Хэд, хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасан.

 

Энэ нь, хариуцагч тал 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг нэгэн зэрэг буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх бөгөөд түүний анх зээлсэн 13,000,000.00 төгрөгийн зээл нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш төлөгдөөгүй, удаа дараа сунгагдсан, төлөх хүүгийн хэмжээ 10,000,000.00 төгрөгийн зээлийн хүүгээс их байх тул өмнө төлсөн 2,038,280.00 төгрөгийг 13,000,000.00 төгрөгийн зээлийн хүүнд төлөгдсөн гэж үзэх боломжтой юм.

 

Тодруулбал, 13,000,000.00 төгрөгийн 7 /долоо/-н сарын хүү 4,550,000.00 төгрөг, үүнээс хариуцагчийн өмнө нь төлсөн 2,038,280.00 төгрөгийг хасч тооцвол 2,511,720.00 төгрөгийн хүү төлөгдөөгүй ба үүн дээр 10,000,000.00 7 /долоо/-н сарын хүүг нэмж тооцоход 3,500,000.00 төгрөг, нийт 6,011,720.00 төгрөгийн хүү төлөгдөөгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 2, 3 дугаар зүйл, түүнчлэн зээлийн гэрээний хугацааг сунгах тухай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн баримтаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, түүнчлэн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасны дагуу талуудын алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагатай нийцэж байна.

 

Нэгэнт дээр дурьдсанаар хариуцагч тал үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд зааснаар нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй  юм.

 

Хариуцагч Б.гийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 13,000,000.00 төгрөг, төлөгдөөгүй хүү 2,511,720.00 төгрөг, нийт 15,511,720.00 төгрөг, мөн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000.00 төгрөг, төлөх ёстой хүү 3,500,000.00 төгрөг, нийт 13,500,000.00 төгрөгөөс тус тус хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т хэмжээнээс их байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг 11,500,000.00 төгрөгөөр тогтоож, үүнээс 7,755,860.00 төгрөгийн алдангийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн алдангид тооцож, үлдэх  3,744,140.00 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 7 дугаар зүйлд зааснаар зохигчид барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангах аргыг сонгож, нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Б. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийг хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Ц.Солонгын зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.     

        

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үндсэн зээл 13,000,000.00 төгрөг, зээлийн хүү 2,511,720.00 төгрөг, алдангид 7,755,860.00 төгрөг, нийт 23,267,580.00 төгрөг, мөн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үндсэн зээл 10,000,000.00 төгрөг, хүү 3,500,000.00 төгрөг, алдангид 3,744,140.00 төгрөг, нийт 17,244,140.00 төгрөг, эдгээрийн нийлбэр 40,511,720.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,188,280.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч хариуцагч Б.гаас үндсэн зээл 23,000,000.00 төгрөг, зээлийн хүү 6,011,720.00 төгрөг, алданги 11,500,000.00 төгрөг, нийт 40,511,720.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,188,280.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч тал 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 13,000,000.00 төгрөг, зээлийн хүү 2,511,720.00 төгрөг, алдангид 7,755,860.00 төгрөг, нийт 23,267,580.00 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 89 тоот хаягт байрлах тоот дугаартай орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

                                                                                                                      

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 376,450.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 360,509.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР