| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 109/2020/0003/З |
| Дугаар | 362 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 362
Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн
Санхүүгийн хяналт, аудитын албаны
Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах
байцаагч Н.С-т холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 109/ШШ2020/0007 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирыг оролцуулж,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 109/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3., 47.1.6. дахь заалтууд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “…, 47.1.6 дахь заалтууд, ...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 109/ШШ2020/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Нэг. Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 17/02/01 дүгээр дүгнэлтийг захиргааны акт гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хуудаст “хариуцагчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлт нь дотогш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж тайлбарлаж байна. Дотогш чиглэсэн акт нь тухайн байгууллага буюу Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дотоод нэгж, албан тушаалтандаа гүйцэтгэвэл зохих чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт хамаарна. Харин гадагш чиглэсэн акт нь иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, тухайн этгээддээ шууд хамааралтай эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна. Маргаан бүхий тохиолдолд, 17/02/01 дүгээр дүгнэлт нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас тус аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-т холбогдуулан гаргасан, уг ажилтны мэргэжлийн ур чадварт дүгнэлт өгснөөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул захиргааны акт гэж үзнэ” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 8 дугаар хуудаст “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.С-ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дүгээр дүгнэлтийг “Захиргааны дотоод харилцаанд гарсан дүгнэлт” өөрөөр хэлбэл, дотогшоо чиглэсэн акт гэж үзэх боломжгүй. Дотогш чиглэсэн акт нь тухайн байгууллага дотор энэ тохиолдолд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба дотроо үйлчлэхээр гарсан бол дотогшоо чиглэсэн акт гэж үзнэ” гэжээ. Захиргааны байгууллагын дотоод харилцаа гэдэг зөвхөн хэлбэрээр биш агуулгаар илэрнэ. Тухайн харилцаанд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч болон Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын ерөнхий нягтлан бодогч хоёрын хоорондын харилцаа огтоос биш. Харин Архангай аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга болон Архангай аймгийн Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд төсөвлөсөн хөрөнгийн шууд захирагч болох Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга нарын хоорондын харилцаа юм.
6. Төсвийн хяналт шалгалтын харилцаа бол Төсвийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчаа хянаж шалгаж байгаа дотоод харилцаа юм. Тиймээс ч Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч бүр дотоод аудит ажиллуулах үүрэгтэй бөгөөд түүний үйл ажиллагааг Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын” дүрмээр зохицуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “3ахиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
7. Эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 дүгээр дүгнэлт нь захиргааны актын гадагш чиглэсэн, зохицуулалт агуулсан, захирамжилсан байх шинжүүдийг агуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх захиргааны акт гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий дүгнэлтээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалт агуулсан шинж бий болоогүй. Захиргааны актын зохицуулалт агуулсан шинжид эрх зүйн шууд үр дагавар бий болсон байхыг шаарддаг. Гэтэл тус дүгнэлтээр шууд үр дагавар бий болж Ж.Б-т сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн үр дагавар үүсээгүй бөгөөд төсвийн байгууллагад нягтлан бодох бүртгэл хөтлөх /2 дугаар гарын үсэг зурах/ чиг үүргийн хүрээнд нь гарсан зөрчил дутагдлуудыг тодорхойлж төсвийн шууд захирагчид хүргүүлсэн. Тус дүгнэлт 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гарсан бөгөөд гарсан даруй дангаар эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй.
8. Харин хожим 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын Ж.Б-ыг ажлаас халах Б/71 дүгээр тушаал гарснаар иргэн Ж.Б-ын ашиг сонирхол хөндөгдсөн, эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзнэ. 17/02/01 дүгээр дүгнэлт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй болох нь дээрхээс тодорхой харагдана. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох иргэний хэргийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр Ж.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Магадлалд дүгнэлтийн талаар Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт гаргасныг ажил олгогч тушаалдаа үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан байх хэдий ч улсын байцаагчийн дүгнэлтийг мэргэжил, ур чадварын төвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гэж үзэх үндэслэлгүй” гэж захиргааны хэргийн маргааны үйл баримтыг тодорхой дүгнэсэн.
9. Давж заалдах шатны шүүхээс харин ч дээрх дүгнэлтийг “...аливаа иргэний ажил мэргэжилдээ тэнцэх эсэх асуудлыг ямар байгууллага дүгнэж, ямар эрх зүйн акт гаргавал хууль ёсных гэж үзэх вэ гэдгийг Иргэний хэргийн шүүх дүгнэлт өгсөн гэж үзлээ” гэжээ. Тус маргаанд Ж.Б-ын ажлаас халах үндэслэлийн талаар бус маргаан бүхий акт Ж.Б-ын хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан үр дагавар үүсгэсэн үү гэдэг нөхцөлтэй хамгийн их холбогдоно. Харин ч иргэний хэргийн шүүх дээрх дүгнэлтийг өгч улмаар Ж.Б-ын ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн томилуулах талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноороо Ж.Б-ын хөдөлмөрлөх эрхэд маргаан бүхий акт огтоос хамаагүй буюу үр дагавар үүсгээгүй гэдгийг дүгнэсэн шинжтэй гэж үзэхгүй. Мөн энэ агуулгаар тус дүгнэлтийн захирамжилсан шинж үгүйсгэгдэнэ. ...Маргаан бүхий дүгнэлтийн хувьд Ж.Б-ыг ажлаас чөлөөлөх шууд үр дагаврыг үүсгээгүй тул захиргааны акт гэж үзэхгүй. Маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлт нь эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох, зогсоох зохицуулалт агуулаагүй, зөвлөмжийн шинжтэй тул захиргааны актын “тодорхой нэг асуудлыг зохицуулахаар” гэж заасан шинж мөн адил хангагдахгүй байна.
10. Хоёр. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Мэдэгдэх сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлгээр зохицуулагдсан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэг хэсэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны актыг гаргах харилцаанд хамаарах тул захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны дотоод харилцаанд гаргасан дүгнэлтэд шийдвэр гаргах ажиллагааны журам баримтлах шаардлагагүй. Энэ талаарх үндэслэлд анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн дүүрэн хууль зүйн үндэслэл бүхий хариулт өгөөгүй.
11. Гурав. Дүгнэлтийг илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өмнө дурдсанчлан, хариуцагчийн 17/02/01 дүгээр дүгнэлт захиргааны актын шинжийг агуулаагүй тул илт хууль бус эсэх асуудал яригдахгүй. Тийм боловч шүүх хариуцагчийг өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
12. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д зааснаар “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар...” баталдаг бөгөөд Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн хэрэгжүүлдэг дотоод аудитын үйл ажиллагаа нь Засгийн газрын 2015 оны 433 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дотоод аудитын” дүрмээр зохицуулагддаг. Тус дүрэмд хяналт шалгалтын хүрээ хязгаар, ...улсын ахлах байцаагчийн чиг үүргийг тодорхой заасан. Тухайлбал, Дүрмийн 2.1-д “Дотоод аудитын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлохдоо “Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино” гэж заасан. Мөн дүрмийн 5.1-д “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дараах хүрээнд хийнэ:” гэж зааж 5.1.1-5.1.7-д хяналт шалгалтын хүрээг тодорхойлсон бөгөөд хариуцагч улсын байцаагч нь дүрмийн 6.1.6-д заасан эрхийн хүрээнд “өмнө хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг... ” дүгнэсэн. Мөн дүрмийн 6.3.6-д “санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх” эрхийг олгосон байна. Иймд тухайн дүгнэлтийг илт хууль бус гэж үзэхгүй.
13. Шат шатны шүүхүүд актыг бүхэлд нь бус актын төгсгөлд дурдагдсан “ажилдаа тэнцэхгүй” гэх ганц өгүүлбэрт үндэслэж шийдвэр гаргасан. Хэдийгээр захиргааны акт биш, илт хууль бус акт биш гэж үзэж байгаа боловч шүүх санхүүгийн зөрчлийн талаарх иж бүрэн дүгнэлтийг 1 өгүүлбэрт үндэслэж бүхэлд нь илт хууль бусад тооцож болохгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх үндэслэл дүгнэлтээрээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дүгээр дүгнэлтийн “нягтлан бодогч Ж.Б тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэлээ” гэх хэсгийг илт хууль бусад тооцож, тус хэсэггүйгээр акт үндэслэл, үр дүн бүхий хууль болон журмын дагуу байж чадах тул Захиргааны ерөнхий хуулийн 47.3-т заасны дагуу бусад хэсэг хэвээр үлдэх ёстой байна. Нэхэмжлэгч ч анхнаасаа актад дурдсан алдаа зөрчлүүдийн талаарх бүхий л дүгнэлтүүдтэй бус харин актын тус өгүүлбэртэй л маргадаг.
14. Дөрөв. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй нь буруу байна. Нэхэмжлэгч Ж.Б-ыг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар халсан байх бөгөөд нэхэмжлэгчийн туйлын ашиг сонирхол нь ажиллаж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох явдал байна. Нэхэмжлэгч Ж.Б-ын гаргасан зөрчил дутагдлууд нь дан ганц маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтээр тогтоогдоогүй. Тухайлбал, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн болон 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нийтдээ 13 актаар 33,109,695 төгрөгийн төлбөр тогтоосон бөгөөд эдгээр болон бусад үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн Б/71 дүгээр тушаалыг иргэний хэргийн шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул тэрээр эрх зүйн зохицуулалт агуулаагүй, захиргааны дотоод харилцаанд гарсан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаснаар түүний ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй.
15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж байна.
17. Нэхэмжлэгч Ж.Б-аас “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “хариуцагч нь хөдөлмөрийн харилцаатай хамааралтай ажлын байрандаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй этгээд биш байтал хамааралгүй хууль, тогтоомжийг үндэслэн дүгнэлт гаргасан нь илт хууль бус” гэжээ.
18. Анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн хүрээнд “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.3 болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 1.1, 6.1.6, 6.3.6-д зааснаар хариуцагч нь хэн нэг иргэнийг тухайн ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэх эрхгүй, харин хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх эрхтэй байхад нэхэмжлэгчийг тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлд хамаарах тул маргаан бүхий дүгнэлт нь илт хууль бус байна” гэж зөв дүгнэжээ.
19. Гэхдээ маргаан бүхий дүгнэлтийн агуулга нь зөвхөн нэхэмжлэгчийн тухайн ажлын байранд тэнцэх эсэх асуудлаар хязгаарлагдаагүй, бусад санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой байна. Тодруулбал, “Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон албаны даргын баталсан 05 тоот удирдамжийн дагуу аймгийн Биеийн тамир спортын газрын 2014-2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд: ...Манай албанаас өмнө нь хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар их хэмжээний төлбөр зөрчил илэрч түүнийг арилгуулахаар улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн боловч үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй... Иймд Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.11, 10.12.2, 16.1.4-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Дотоод аудитын дүрэм, Санхүүгийн хяналт шалгалтын стандарт, санхүүгийн хяналт, аудитын албаны дүрмийн 3.1-д “албан үйл ажиллагааны зорилго нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах...” гэснийг үндэслэн “...нягтлан бодогч Ж.Б нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл “Ерөнхий нягтлан бодогчийн эрх үүрэг”, 2013 онд баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6..., 7.1.7..., Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын заалтуудыг зөрчиж, хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна...” гэх зэргээр хариуцагч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд холбогдох бусад дүгнэлтийг хийсэн байна.
20. Гэтэл шүүхүүд маргаан бүхий актын сүүлийн хэсэг болох “...Иймд нягтлан бодогч Ж.Б тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэлээ” гэсэн нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэхдээ уг дүгнэлтээр тогтоосон бусад нөхцөл байдлыг эрх бүхий улсын байцаагч тогтоох эрхгүй мэтээр бүхэлд нь үгүйсгэсэн нь буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс ч дүгнэлтийн бусад хэсгийг үгүйсгэж маргаагүй, шүүхүүд ч энэ талаар дүгнээгүй атлаа тухайн захиргааны актыг бүхэлд нь илт хууль бусад тооцсон нь үндэслэлгүй.
21. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэснээс үзвэл, хэрэв захиргааны актын аль нэг хэсэг нь илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болохгүй бол тухайн хэсгийг илт хууль бусад тооцож болно гэж тайлбарлаж болохоор байна.
22. Хариуцагч маргаан бүхий актын сүүлийн хэсэгт /өгүүлбэрт/ өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар дүгнэлт хийсэн, энэ нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг үр дагаврыг үүсгэсэн тул илт хууль бус болно. Гэвч актын энэ хэсэг нь тухайн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй буюу захиргааны актыг гаргах гол үндэслэл биш тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд маргаан бүхий дүгнэлтийн зөвхөн сүүлийн хэсэг болох “...Иймд нягтлан бодогч Ж.Б тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэлээ” гэснийг илт хууль бусад тооцох боломжтой юм.
23. Энэ утгаараа “...Шат шатны шүүхүүд актыг бүхэлд нь бус актын төгсгөлд дурдагдсан “ажилдаа тэнцэхгүй” гэх ганц өгүүлбэрт үндэслэж шийдвэр гаргасан... шүүх санхүүгийн зөрчлийн талаарх иж бүрэн дүгнэлтийг 1 өгүүлбэрт үндэслэж бүхэлд нь илт хууль бусад тооцож болохгүй..., тус хэсэггүйгээр акт үндэслэл, үр дүн бүхий хууль болон журмын дагуу байж чадах тул Захиргааны ерөнхий хуулийн 47.3-т заасны дагуу бусад хэсэг хэвээр үлдэх ёстой байна. Нэхэмжлэгч ч анхнаасаа актад дурдсан алдаа зөрчлүүдийн талаарх бүхий л дүгнэлтүүдтэй бус харин актын тус өгүүлбэртэй л маргадаг...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-13-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
24. Харин “маргаан бүхий дүгнэлт нь захиргааны акт биш, эрх зүйн үр дагаваргүй, дотогшоо чиглэсэн шийдвэр тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 4-11, 14/ хяналтын гомдол үндэслэлгүй. Учир нь, хэдийгээр хариуцагчийн тайлбарлаж байгаачлан маргаан бүхий дүгнэлт нь угтаа дотогш чиглэсэн, эрх зүйн үр дагаваргүй шийдвэр байх боломжтой байсан боловч хариуцагчаас өөрийн чиг үүрэгт үл хамаарах нэхэмжлэгчийн ажил мэргэжилтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийсэн, энэ нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг үр дагаврыг үүсгэсэн байх тул захиргааны акт биш гэж үзэх боломжгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
25. Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд маргаан бүхий дүгнэлтийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 109/ШШ2020/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийн “Иймд нягтлан бодогч Ж.Б тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэлээ” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ