Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2019/00016

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00382/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор *******ы нэхэмжлэлтэй *******од холбогдох  Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт сумыг ус дулаанаар хангаж, халаалтын төвийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн бөгөөд хуульд заасан хамгаалалтын зурваст хамааралтай онцгой объект юм.

Иргэн ******* нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сумын Засаг даргын 158 тоот шийдвэрээр олгосон 170100093 тоот гэрчилгээний үндсэн дээр автомашины гражийн зориулалтаар 1.000 метр квадрат газрыг ашиглах гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 15 жилийн хугацаа дуусгавар болж, гэрчилгээ нь хүчингүй болсон. ******* нь энэ газар дээр эзэмшил өмчлөлийн гэрчилгээгүй байранд халаалтын үйл ажиллагаа явуулдаг барилгатай зэрэгцэн, дулааны шугамын дээр автомашины гражийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй нь хууль зөрчиж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоотоор дээрх халаалтын төвийн газар дээр хэмжилт хийн иргэн *******ын граж доогуур дулааны шугам 7 метр орсон байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* тоот захирамжаар сумын төвийн цэвэр ус, дулаан дамжуулах шугамд Хамгаалалтын зурвас тогтоож өгсөн бөгөөд өнөөдөр хүртэл ******* нь дулааны шугам дээр баригдсан барилгаа чөлөөлөөгүй, манай байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 тоот тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.7 дахь хэсэгт Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт нь иргэн *******ын барилга байгууламжийг хамгаалалтын зурвасаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгс ...газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэнд энэ талаар мэдэгдэж... албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/692 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх... дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах талаар аймгийн Засаг даргад удаа дараа хандсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоотоор иргэн *******од газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн ба хамгаалалтын зурвас бүхий онцгой объектыг чөлөөлүүлэхийг хүсч байна.

Иймд иргэн *******ын хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг нэн яаралтай хамгаалалтын зурвасаас чөлөөлүүлж өгнө үү

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* миний бие гражийн газрыг 2001 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 158 тоот Засаг даргын захирамжаар өнөөдрийг хүртэл тухайн газрыг гражийн зориулалтаар эзэмшиж байна. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын тоо бүртгэлд бүртгүүлж кадастрын зураглал хийж баталгаажуулсан. Уг газрын талаар урьд нь маргаан гарч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 тоот Сум дундын 2 дугаар шүүхийн шийдвэрээр ******* миний эзэмшлийн газар гэж тогтоосон юм. ******* ХХК газрыг чөлөөлж өгөхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар одоо чөлөөлүүлэх гэж байгаа газрыг надад хүлээлгэн өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 77/44 дугаартай тогтоол үйлдэгдсэн. Иймээс энэ газар миний эзэмшилд хэвээрээ байгаа гэж үзэж байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвийн хамгаалалтын зурвас газраас *******ын эзэмшлийн гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:... Анх энэ хэргийн нэхэмжлэгч нь ******* ХХК-ний захирал Б.Ганбаатар байсан ба өмнөх шүүх хуралдааны үед маргаж буй газар нь *******ы эзэмшлийн газар байсан учраас нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгчийг сольсон. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг сольсон хэрнээ өмнөх компаний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал уншиж шийдвэрлүүлсэнд гомдож байна. Хэрвээ энэ хэргийн нэхэмжлэгч нь ******* болж солигдсон юм бол *******ы эрх, ашиг сонирхол яаж зөрчигдсөн талаар хэрэгт баримт, нэхэмжлэл, тайлбар байхгүй юм. Гэтэл Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь ...манай компани хохирсон гэж , манай компаний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж байгаа нь ойлгогдохгүй байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар Д.Батсайхан нь энэ *******" ХХК-тай ямар ч холбоо байхгүй юм. Иймээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж энэ хэрэгт гомдол гаргаагүй иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 69 тоот шийдвэрт энэ хэргийн хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй, гомдол гаргагчийн гомдлын үндэслэл тодорхойгүй байх ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний зөвшөөрснөөр иргэн *******ы гаргасан хүсэлтээр хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийг сольж шийдвэрлэсэн. Иргэн ******* нь хэргийн материалтай болон эрх үүрэгтэй танилцан гарын үсэг зурсан, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх шаардлага байгаагүй. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 06 сарын 13-ны өдрийн 72 тоот Газар эзэмшүүлэх захирамж, халаалтын төвийн барилгын зориулалтаар 0,7 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон гэрчилгээг нотлох баримт болгон шүүхэд гаргасан, шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдвэрлэхэд татгалзахгүй гэдгээ шүүхэд мэдэгдсэн.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлсэн гэж үзнэ. ******* нь 2001 оны 10 сарын 26-ны өдрийн Алтанбулаг сумын Засаг даргын 158 тоот шийдвэрээр 1000 м кв газрыг 15 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээний үндсэн дээр энэ газар дээр граж засварын үйл ажиллагаа эрхэлж байгаад 2016 онд ашиглах гэрчилгээ хугацаа нь дуусгавар болж, хүчингүй болсон. 2009 онд газар давхцсантай холбоотой нэхэмжлэлийг ******* захиргааны шүүхэд гаргасан бөгөөд иргэн ******* энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон. 15 жилийн хугацааны дотор хоорондоо зохицож байхаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулахад нь татгалзаагүй. Хуульд зааснаар ******* нь энэ газарт ашиглах эрхийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан бөгөөд тухайн үед газрын алба шүүхэд гаргасан тайлбартаа энэ талаар дурдсан байсан. Тийм учраас газрын давхцалын талаар гаргасан нэхэмжлэл нь эвлэрлийн гэрээний үндсэн дээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд шүүх хуралдаан дээр газар давхцаж буй талаар ярих нь үндэслэлгүй юм.

Иргэн П.Батсайхан нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 72 тоот шийдвэрийн дагуу 0,7 га газрыг 20 жилийн хугацаатай халаалтын төвийн барилгын зориулалтаар эзэмшдэг бөгөөд хариуцагч *******ын газар ашиглах хугацаа 2016 оны 10 сарын 27-нд дуусгавар болсон. Энэ газарт Алтанбулаг сумыг бүхэлд нь халуун дулаанаар хангадаг дулааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг. Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ газар Хамгаалалтын зурвас тогтоогдсон онцгой объект юм.

Гэтэл халаалтын үйл ажиллагаа явуулдаг барилгатай зэрэгцэн иргэн *******ын граж, засварын ажил эрхэлдэг объект нь хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй нь Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тодорхой болсон. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 1/72Б тоотоор халаалтын төвийн газарт хэмжилт хийн иргэн *******ын граж доогуур дулааны шугам 7 м орсон байна гэсэн дүгнэлт гарсан.

2015 оны 12 сарын 15-ны 18-04-016/223 тоот Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Эзэмшил газрын тухай дүгнэлт гарсан.

Монгол улсын Газрын тухай хуулийн 56-р зүйлийн 56.9-д Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно , Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 33-р зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.

Халаалт, дулаан үйлдвэрлэдэг хамгаалалтын зурвас бүхий газарт машины засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулах нь эрсдэл аюул бүхий үйлдэл юм. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.27-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хуулийн 12.4.4-т хамгаалах зурваст газар олгосон бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хариуцлага тооцох тухай заасныг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тодорхой тайлбарласан.

2017 оны 12 сарын 11-ны 01\692 тоот Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгсийн газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэнд энэ талаар мэдэгдэж... газрыг анхны байдалд оруулах... шаардлагатай бол албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй , Аймгийн Засаг дарга Ш.Оргил нь иргэн *******од хариу мэдэгдсэн 2018 оны 02 дугаар 07-ны 1\111 тоот албан бичигт ... хамгаалалтын зурвас зөрчигдсөн байна, хуулийн хугацаанд газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн болно.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан нь тухайн иргэнд газар олгосон асуудал биш бөгөөд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг сумын Засаг даргын захирамжаар олгодог, түүний бүрэн эрхийн асуудал юм.

Сумын засаг дарга хууль зөрчиж шийдвэр гаргах эрхгүй, гагцхүү хуульд захирагдах, мөн ард нийтийн эрх ашгийг илүүд үзэх ба иргэн В.Ганболдын эрх ашиг зөрчигдөж, хохирсон гэх нь үндэслэлгүйгээс гадна Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж шүүгчийн захирамж гарсан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлиин 27.4-т "...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно энэ хуулийн 41 дугаар зүйлийн 41.1 -д Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж, аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ , 47 дугаар зүйлд Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх эд хөрөнгийн эрх дуусгавар болно гэж заасан.

Иргэн *******ын халаалтын төвийн зориулалт бүхий газар дээр газар эзэмших өмчлөх эрхийн гэрчилгээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дулааны шугам граж доогуур нь орсон барилгыг халаалтын төвийн хамгаалалтын зурвас газраас чөлөөлөх ажиллагаа хуульд заасан дагуу шүүх шударга зөв шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төвийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн халаалтын төвийн хамгаалалтын зурвас газарт барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа тул түүний үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтын зурвас дахь газар чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийг иргэн *******од холбогдуулан тус компанийн захирал Б.Ганбаатар гаргажээ.

Хэргийн судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзвэл тухайн компани нь нэг гишүүнтэй, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр АНУ-ын иргэн Lee Join Kwang бүртгэгдсэн байх бөгөөд Б.Ганбаатар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгч ******* ХХК-ийг жинхэнэ нэхэмжлэгч гэж иргэн *******аар солих ажиллагаа хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч ******* нь тухайн хэргийн жинхэнэ нэхэмжлэгч гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр нэхэмжлэл гаргаагүй бөгөөд ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ...хариуцагч ******* нь ******* ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн... гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч нэхэмжлэгч ******* байсан боловч компанийн төлөөлөх эрхийг бусдад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Дээрх баримтаас үзвэл *******д Алтан билэг ХХКомпанийг төлөөлөх эрхийг эрх бүхий этгээд итгэмжлэлээр олгоогүй тул түүнийг ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар *******ы нэхэмжлэлтэй хариуцагч *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, *******ы нэхэмжлэлтэй *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН