Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01544

 

 

П.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалтай,

 

П.Б-ы нэхэмжлэлтэй,

В.Г-од холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагч В.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт сумыг ус дулаанаар хангаж, халаалтын төвийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн бөгөөд хуульд заасан хамгаалалтын зурваст хамааралтай онцгой объект юм. Иргэн В.Г- нь 2001.10.26-ны өдөр Сумын Засаг даргын 158 тоот шийдвэрээр олгосон 170100093 тоот гэрчилгээний үндсэн дээр автомашины гараашийн зориулалтаар 1000 метр квадрат газрыг ашиглах гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 15 жилийн хугацаа дуусгавар болж, гэрчилгээ нь хүчингүй болсон. В.Г- нь энэ газар дээр эзэмшил өмчлөлийн гэрчилгээгүй байранд халаалтын үйл ажиллагаа явуулдаг барилгатай зэрэгцэн, дулааны шугамын дээр автомашины гараашийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй нь хууль зөрчиж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015.11.06-ны өдрийн 1/72Б тоотоор дээрх халаалтын төвийн газар дээр хэмжилт хийн иргэн В.Г-ын гарааш доогуур дулааны шугам 7 метр орсон байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2016.02.17-ны өдөр А/14 тоот захирамжаар сумын төвийн цэвэр ус, дулаан дамжуулах шугамд Хамгаалалтын зурвас тогтоож өгсөн бөгөөд өнөөдөр хүртэл В.Г- нь дулааны шугам дээр баригдсан барилгаа чөлөөлөөгүй, манай байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 тоот тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.7 дахь хэсэгт Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт нь иргэн В.Г-ын барилга байгууламжийг хамгаалалтын зурвасаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгс ...газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэнд энэ талаар мэдэгдэж... албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн 2017.01.11-ний өдрийн 01/692 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх... дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах талаар аймгийн Засаг даргад удаа дараа хандсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018.02.07-ны өдрийн 1/111 тоотоор иргэн В.Г-од газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн ба хамгаалалтын зурвас бүхий онцгой объектыг чөлөөлүүлэхийг хүсч байна. Иймд иргэн В.Г-ын хамгаалалтын зурваст гараашийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг нэн яаралтай хамгаалалтын зурвасаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...В.Г- миний бие гараашийн газрыг 2001.09.19-ний өдрийн 158 тоот Засаг даргын захирамжаар өнөөдрийг хүртэл тухайн газрыг гараашийн зориулалтаар эзэмшиж байна. 2015.10.30-ны өдөр Улсын тоо бүртгэлд бүртгүүлж кадастрын зураглал хийж баталгаажуулсан. Уг газрын талаар урьд нь маргаан гарч 2019.10.15-ны өдрийн 09 тоот Сум дундын 2 дугаар шүүхийн шийдвэрээр В.Г- миний эзэмшлийн газар гэж тогтоосон юм. “А” ХХК газрыг чөлөөлж өгөхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар одоо чөлөөлүүлэх гэж байгаа газрыг надад хүлээлгэн өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2015.09.17-ны өдрийн 77/44 дугаартай тогтоол үйлдэгдсэн. Иймээс энэ газар миний эзэмшилд хэвээрээ байгаа гэж үзэж байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвийн хамгаалалтын зурвас газраас В.Г-ын эзэмшлийн гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, П.Б-ы нэхэмжлэлтэй В.Г-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020.03.25-ны өдрийн 22 тоот Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой үнэлж чадаагүй бөгөөд гомдолтой байна. П.Б- маргаан бүхий газрыг эзэмшдэг, хууль ёсны гэрчилгээтэй, түүний газар дээр 2016 онд газрыг эзэмшиж, ашиглаж байсан хугацаа нь дуусгавар болсон иргэн В.Г-ын гараашийн болон машин засварын үйл ажиллагаа явуулдаг байшин буйг чөлөөлүүлэхээр олон жил дамжин Сэлэнгэ аймгийн шүүх шийдвэрлэж өгөлгүй, үндэслэлгүй шалтгаан зааж, шударга бус хандаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шалтгаан зааж шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд иргэн В.Г- нь П.Б-ы эзэмшлийн газар дээр машин засварын үйл ажиллагаа явуулсаар ирлээ. П.Б-ы нэхэмжлэл нь түүний эзэмшлийн газар дээр байгаа бусдын эд хөрөнгөтэй холбоотой. Хуульд: “шударга эзэмшигчийн ...эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, “...эзэмшигч эрхээ ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй” гэж заасан. 2019.05.22-ны өдрийн 14 тоот шүүхийн тогтоолоор шүүгч Л.Соёлмаа даргалж “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2007.06.13-ны өдрийн 72 тоот шийдвэрийг үндэслэн 2008.01.14-ний өдөр олгосон нэгж талбарын 170100909 дугаар бүхий 0,7 га халаалтын төвийн зориулалтаар олгосон 0120962 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр П.Б-ыг уг газрыг эзэмшигч мөн болохыг тогтоосон байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзэж байна. Иймд...” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай “захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч байгаа мэт боловч П.Б- нь Халаалтын төвийн эзэмшигч, өмчлөгч мөн эсэх, тухайн сумын халаалтын төвийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэх нь хуулийг тайлбарлаж, хэргийг шударга үндэслэлтэй шийдвэрлэж чадахгүй байгаад гомдолтой байна. “А” ХХК халаалтын төвийн үйл ажиллагаа явуулж ирсэн боловч 2017 оноос хойш “Сэлэнгэ Энергео” ХХК энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Хэдийгээр халаалтын үйл ажиллагаа явуулдаг этгээдийн эрх зөрчигдөж буй боловч нэхэмжлэгч оролцох шаардлагатай гэж үзээгүй. Мөн хуульд заавал оролцуулах тухай заагаагүй. Хуульд зааснаар “нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байх”, “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай заасан. Энэ талаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хэрэгт авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан. Иргэн В.Г- нь бусдын эзэмшлийн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болж, 5 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд иргэн П.Б-тай эвлэрлийн гэрээ байгуулан “ашиглах” гэрчилгээний дагуу 2016 оныг дуустал ашиглаж хэрэглэсэн. Сумын Засаг дарга хамгаалалтын зурвас газар тогтоож өгсөн нь шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах зорилготой. Түүнчлэн нэхэмжлэгч 5 сая төгрөгийн нэхэмжлэлээ татан авсан байхад тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар буцаан олгоогүй нь хууль зөрчиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, миний эзэмшлийн газраас иргэн В.Г-ын байшинг чөлөөлнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч В.Г-од холбогдуулан газар чөлөөлүүлэх, хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн шаардлагаас татгалзаж, “...халаалтын төвийн барилгын зориулалтаар 0.7 га газар эзэмших эрхтэй. ...В.Г-ын газар ашиглах эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болсон, тэрээр халаалтын үйл ажиллагаа явуулдаг онцгой объектод, дулааны шугаман дээр автомашины гражийн үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн, түүний барилгын доогуур дулааны шугам 7 метр орсон...” гэж маргажээ.

 

Хариуцагчаас ...гражийн барилгын газрыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2001.09.19-ний өдрийн 158 дугаар захирамжаар эзэмшиж байгаа. ...уг газрын асуудлаар урьд нь бидний хооронд маргаан гарч, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2009.10.15-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр миний эзэмшлийн газар болохыг тогтоосон. “А” ХХК нь миний газрыг өгөхгүй байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар чөлөөлж, надад хүлээлгэн өгсөн, одоо энэ газар миний эзэмшилд хэвээр байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2001.09.19-ний өдрийн 158 дугаар захирамжаар, В.Г-од сумын төвд халаалтын төвийн хойно төв замын зүүн хэсэгт 1000 м.кв газрыг автомашины гражийн барилгын зориулалтаар 15 жилийн хугацаатай ашиглуулахаар олгожээ. Мөн сумын Засаг даргын 2007.06.13-ны өдрийн 72 дугаар захирамжаар, П.Б-д тус сумын Халаалтын төвийн 64 айлын орон сууцны зүүн хэсэгт байрлах 0.7 га газрыг халаалтын төвийн барилгын зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн, тухайн газар дээр “А” ХХК нь сумын халаалтын төвийн үйл ажиллагааг явуулж иржээ. Тус “А” ХХК-д Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005.04.29-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006.12.19-ний өдрийн 128 дугаар “Барилга худалдах тухай” тогтоолоор тус сумын Халаалтын төвийг худалдсан байх боловч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019.12.18-ны өдрийн 95 дугаар тогтоолоор “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр дээрх 2005 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч П.Б- нь маргаан бүхий газарт халаалтын төвийн барилгын зориулалтаар газар эзэмших эрхтэй, тэрээр “...В.Г- нь халаалтын үйл ажиллагаа явуулдаг онцгой объектод, дулааны шугаман дээр автомашины гражийн үйл ажиллагаа явуулж Эрчим хүчний тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж маргасан. Хэрэгт авагдсан баримтаар тухайн газар дээр “А” ХХК нь сумын Халаалтын төвийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон, гэвч нэхэмжлэгч П.Б-д тус компанийг шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэлийг эрх бүхий этгээдээс олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус халаалтын төвийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс ...нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, улмаар хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцжээ.

 

Харин, давж заалдах шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн маргааныг шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний тухай хуульд заасан, уг журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэлгүй болсон байна. 

 

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                       ШҮҮГЧИД                                                       Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Х.СОНИНБАЯР