| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/00101/И |
| Дугаар | 210/МА2022/01053 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2022/01053
2022 05 30 210/МА2022/01053
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01101 дугаар шийдвэртэй Ц.Г-ийн нэхэмжлэлтэй Ж.Х-т холбогдох 7,264,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Захирахбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц.Г нь Баянзүрх захад мах худалдаалдаг ба Ж.Х нь 2018 оны 12 сарын 22, 23, 24-ний өдрүүдэд мах худалдан авахдаа өөрөө ирээгүй жолоочоо явуулсан гэдэг. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 543,1 кг үхрийн цул мах, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 283 кг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 692 кг мах, нийт 1 тонн 518 кг 9,264,070 төгрөгийн мах худалдаж авсан. Тухайн үед махыг Э.Энхтогтох жинлэж өгсөн.
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ж.Х-ын эхнэр Ш.Э-ын данснаас урьдчилгаа болгож 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэх 7,264,070 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч Ж.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Ц.Г оос 1 кг ч мах худалдаж авч байгаагүй ба энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2 удаа шалгагдаж, түүнээс мах аваагүй гэдгээ тогтоолгож мэдүүлэг өгсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Х-т холбогдуулан гаргасан 7,264,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,175 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Учир нь Ж.Х анхан шатны шүүх хуралдаанд Баянзүрх захаас мах авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Тэрээр Ц.Г оос мах авсан гэж хэлээгүй ч тухайн захын жин хариуцсан Э.Энхтогтох болон түүний нөхрөөр дамжуулж нийт 10 тонн орчим махыг Ц.Г оос авсан нь тогтоогдсон.
Ж.Х нь жин хариуцсан Э.Энхтогтохоор дамжуулан мах авсан болон түүний жолооч Баянзүрх захын хэд хэдэн махны лангуунаас мах цуглуулан жинлэж авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан талуудын тайлбараар бүрэн нотлогдсон.
Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Э нь Ж.Х нь жолоочоо явуулж мах авдаг байсан, уг махыг би мах зардаг лангуунуудаас цуглуулж, жинлэж өгдөг байсан гэж мэдүүлснийг Ж.Х үгүйсгээгүй.
Мөн Ж.Х нь Ц.Г оос мах авч байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрч тухайн үед махны урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг дагуу үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага 7,264,070 төгрөгийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ж.Х-т холбогдуулан 7,264,070 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Ц.Г нэхэмжлэлээ 2018 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд Ж.Х-т 1 килограммыг нь 6,100 төгрөгөөр 9,264,070 төгрөгийн мах нийлүүлсэн ба Ж.Хүрэлбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 7,267,070 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Ж.Х татгалзлаа ... Ц.Г-оос нэг ч килограмм мах аваагүй гэж зөрүүтэй тайлбар гарган маргасан тохиолдолд маргааны үйл баримтыг зөв тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь татгалзлаа нотлохоор Э.Э-ыг шүүхэд гэрчээр асуулгасан, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж буй эрүүгийн 200602630 дугаар хэргээс Б.О, Б.Г, Ж.Х нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулжээ.
Дээрх мэдүүлгүүдэд Б.Ганцоогийн хэдэн килограмм, юуны махыг, хэзээ, хэн, хэдэн удаа Ж.Х-т хүлээлгэж өгсөн нь тодорхой бус, ойлгомжгүй байна.
Түүнчлэн, хариуцагч Ж.Х-ын цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэгт ...би Ц.Г гэдэг хүнээс биечилж мах авч байгаагүй, Дамба гэдэг хүнээр дамжуулж авч байсан, ... би Дамбад өөрт нь бэлэн мөнгөөр болон дансаар махны тооцоог төлдөг байсан, ... Дамбаар дамжуулж нилээн хэдэн удаа мах авсан, ... Ганцоо гэдэг хүний тооцоог хийсэн гэсэн падаан 2 удаа ирсэн тэрний мөнгийг би Дамбын данс руу Ганцоог оруулаад нийт 7 хүний махны тооцоог хийсэн, миний мэдэхээр тэр Ганцоо гэдэг хүн өдөрт 1 тонн гаран мах гаргах хүчин чадалгүй гэжээ.
Дээрх мэдүүлгээс үзвэл Дамба буюу Цэрэндамба гэх хүнээр дамжуулж Ж.Х нь Б.Ганцоогоос мах авсан эсэх нь тодорхой бус байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 38 дугаар зүйлд зааснаар мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн явуулаагүй гэж үзнэ.
Иймээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хууль буруу тайлбарласан, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх үндэслэл тогтоогдож буй тул мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01101 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,176 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ