Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00223

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00223

 

 

 

 

Очирням ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Очирням ХХК-ийн, хариуцагч Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК нарт холбогдуулан гаргасан Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бльюскай хотхоны 44б байрны 24 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Баярсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, Л.Түвшинцэнгэл,

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат

Хариуцагч Мфикскапитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Очирням ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энэхүү орон сууц нь Си Си Ай Эм ХХК-ийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Мфикскапитал ХХК-тай хийсэн орон сууц захиалах 15, 16 тоот гэрээний дагуу 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 249 309 ам.доллар шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн орон сууц юм. 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалах, гүйцэтгэх гурвалсан гэрээний 3.1-д заасны дагуу 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Си Си Ай Эм ХХК-ийн Мфикскапитал ХХК- тай хийсэн орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг цуцалж, Эм Кэй Ай ХХК-иас Си Си Ай Эм ХХК-д энэхүү гэрээний нөхцлийн дагуу гэрээний үнийн дүнг шилжүүлэхээр 3 тал тохиролцсон. Очирням ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барилгын элс хайрга нийлүүлэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью Скай хотхоны 44б байрны 24 тоот 4 өрөө, 148.4 м.кв талбай бүхий орон сууцыг Эм Кэй Ай ХХК-иас бартераар хүлээж авсан. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блью Скай хотхоны 44б байрны 24 тоот 148 м.кв 4 өрөө орон сууцын хууль ёсны өмчлөгч нь Очирням ХХК болохыг тогтоосон. Мфикскапитал ХХК болон Капитрон банк ХХК нь хууль ёсны өмчлөгч болох эрх бүхий компанид мэдэгдэж зөвшөөрөл авалгүй 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг орон сууцыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, мөн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус зөрчсөн. Очирням ХХК-ийн дэд захирал 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ орон сууцанд амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг өөр компани өмчлөх эрхтэйг мэдсээр байж Мфикскапитал ХХК нь мэдэгдэлгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан Капитрон банк ХХК-ийн барьцаанд барьцаалснаас болж компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Капитрон банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөх эрхтэй компаниас зөвшөөрөл аваагүй нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд Мфикскапитал ХХК болон Капитрон банк ХХК нарын хооронд байгуулагдсан Т/07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот Очирням ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот 148.4 м.кв орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, А.Түвшинтөгс нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитрон банк ХХК нь Мфикскапитал ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн Мфикскапитал ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон Мфикскапитал ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, Капитрон банк ХХК нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Мфикскапитал ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай, 16259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44а тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Мфикскапитал ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай, 16260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Мфикскапитал ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар, түүнчлэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Мфикскапитал ХХК-ийн өмчлөлд 44 А Б В Г байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44 А Б В Г байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44А Б В Г 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан.

Капитрон банк ХХК-ийн Мфикскапитал ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Капитрон банк ХХК-ийн хувьд Т07/208 тоот барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч Очирням ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг Мфикскапитал ХХК нь Капитрон банк ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Мфикскапитал ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Капитрон банк ХХК нь Хөх тэнгэр хотхоны 44б байрны 24 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь Мфикскапитал ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Дээрх өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна. Харин Очирням ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 тоот захирамжаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон.

Очирням ХХК нь барьцааны эрхээс хойно иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Мфикскапитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Очирням ХХК нь манай компанийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44б байрны 24 тоот орон сууцыг Эм Кэй Ай ХХК-иас худалдан авсан. Си Си Ай Эм ХХК нь Мфикскапитал ХХК-тай 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15, 16 тоот орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44б байрны 23, 24 тоот 2 ширхэг орон сууцыг нийт 249 309 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Капитрон банк ХХК дахь манай компанийн дансанд шилжүүлсний нэг нь дээрх 24 тоот 148.4 м.кв орон сууц юм. Үүний дараа Мфикскапитал ХХК болон Эм Кэй Ай ХХК-ийн хооронд 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44б байрны 24 тоот 148.4 м.кв орон сууцыг 259 700 000 төгрөгөөр Эм Кэй Ай ХХК худалдан авахаар тохиролцож, гэрээний 3.1 дэх хэсэгт Си Си Ай Эм ХХК-тай байгуулсан 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг цуцалж, Эм Кэй Ай ХХК-иас Си Си Ай Эм ХХК-д гэрээний үнийн дүнг шилжүүлж, худалдан авагч тал Эм Кэй Ай ХХК болохыг дурдаж, Си Си Ай Эм ХХК нь орон сууц захиалах гүйцэтгэх гэрээгээ Эм Кэй Ай ХХК-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Очирням ХХК нь Эм Кэй Ай ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барилгын элс хайрга нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу Эм Кэй Ай ХХК-иас дээрх орон сууцыг бартераар хүлээж авсан. Ингээд Эм Кэй Ай ХХК-иас Мфикскапитал ХХК-д ирүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 94/2011 тоот албан бичиг, 10 дугаар сарын 24-ний өдрийн 99/2011 тоот албан бичгийг тус тус үндэслэн Мфикскапитал ХХК болон Эм Кэй Ай ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний эрхийг Очирням ХХК-ийн дэд захирал иргэн Ч.Баярсумъяагийн нэр дээр шилжүүлж, орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээг байгуулснаар дээрх орон сууц Ч.Баярсумъяа /Очирням ХХК/-ийн нэр дээр шилжсэн. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар Очирням ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа юм. Мфикскапитал ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжинд 2 орцтой, 6 давхар бүхий 8 орон сууц, амины орон сууцны 3 барилга, таун хаусын 2 барилгаас бүтэх хотхоныг 2007-2010 он хүртэл барьж ашиглалтад оруулсан. Ийнхүү дээрх хотхоныг барихын тулд Мфикскапитал ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани, нийт 15 орчим тэрбум төгрөгийн зээлийг Капитрон банк ХХК-иас авч тухайн хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Үүний нэг болох Си Эм Эс Эл ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж, 1.5 тэрбум төгрөгийн зээлийг авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Мфикскапитал ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44а тоотод байрлах, 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг байршуулсан бөгөөд иргэдэд хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнхи хэсгийг төлж барагдуулснаар 44а, 44б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн. Мфикскапитал ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани Капитрон банк ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 27 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, Капитрон банк ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, ам.доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг ам.доллар, юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. Ингээд 2010 оны 5 сард бид Капитрон банк ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор Капитрон банк ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулж, энэхүү гэрээгээр Очирням ХХК-ийн хотхоны 44б байрны 24 орон сууцыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч Капитрон банк ХХК нь зээлийн барьцаанд барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон. Учир нь тухайн барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 сард орон сууц болон авто зогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцнуудад 2009 оны 9 сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд нь оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан. Иймд нэхэмжлэгчийн Мфикскапитал" ХХК болон Капитрон банк ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Очирням ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 548 014 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-иас хувь тэнцүүлэн 774 007 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Очирням ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Капитрон банк ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Очирням ХХК болон Мфикскапитал ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай орон сууц эзэмшигчийн өмчлөлд шилжүүлэх гэрээнээс өмнө Очирням ХХК болон Мфикскапитал ХХК нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулах, худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07/141 тоот барьцааны гэрээ болон 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/208 тоот барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалах үед үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэх, шаардлага гаргах, барьцааны эрхийн талаар мэдэгдэх зохих этгээд байгаагүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Очирням ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Эм Кэй Ай ХХК-иас 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барилгын элс хайрга нийлүүлэх гэрээний үндсэн дээр олж авсан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус гэрээг дүгнэсэн актыг үйлдсэнээр гэрээ дуусгавар болсон байна. Очирням ХХК болон Эм Кэй Ай ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үүсэх тусгай зохицуулалттай. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир арилжааны гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үүрэгт харилцан солилцсоноор өмчлөх эрх үүснэ гэж тайлбарлаж, хуулийг хэрэглэх нь буруу юм.

Очирням ХХК нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхон, 44б байрны 24 тоот 148 м.кв 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон. Дээрх үйл баримтаас харахад Мфикскапитал ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44 б байрны 24 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Капитрон банк ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 07/208 тоот зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох Мфикскапитал ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Очирням ХХК дээрх барьцааны эрхээс хойно иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байр учир Капитрон банк ХХК нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч нь 2016 оноос өмчлөх эрхтэй болсон байх тул Капитрон банк ХХК-ийн зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэхүү харилцаанд шүүгчийн зүгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Мфикскапитал ХХК-ийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн бол хариуцагч Капитрон банк ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэсэн. Гэтэл Капитрон банк ХХК нь Мфикскапитал ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн 44 А, Б, В, Г байрны Ү-2206013655 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000103650 тоот гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг шалгасны үндсэн дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч этгээдтэй нь зээлийн барьцааны гэрээг байгуулсан байхад шүүхийн зүгээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар Капитрон банк ХХК-ийн зүгээс 2007 болон 2010 онд зээлийн барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үнэлгээ хийсэн тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Капитрон банк ХХК-ийн хувьд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланд 44б байрыг нэг бүрчлэн шалгаж, үнэлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Харин шүүгч дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа Капитрон банк ХХК-ийг уг хуулийн дагуу газар дээр нь очиж, үнэлгээ өгөөгүй гэж буруутгасан байна. Хариуцагч Капитрон банк ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг биелүүлсэн бөгөөд зөрчил гаргаагүй талаарх нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байхад шүүх банкийг буруутгаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

Түүнчлэн шүүх хариуцагч Мфикскапитал ХХК-ийг буруутгахдаа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн гэжээ. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаас үзэхэд гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэх журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Очирням ХХК нь хариуцагч Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-иудад холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44Б байрны 24 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр буст тооцож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилган барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр гэрээ байгуулсан ... гэж тайлбарласнаар хариуцагч Мфикскапитал ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Капитрон банк ХХК нь эс зөвшөөрч маргасан байна.

Мфикскапитал ХХК, Капитрон банк ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ байгуулан 1 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтын зээл авч, барьцаанд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины зогсоол зэргийг барьцаалсан байжээ. Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа дээрх орон сууц тус бүрийг улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаар, талбайн хэмжээ, хаяг тус бүрээр нь гэрээнд нэрлэн зааж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тэдгээр барьцаа хөрөнгийн дотор нэхэмжлэгч Очирням ХХК-ийн одоо өмчилж буй 44Б байрны 24 тоот орон сууц орсон болох нь хэрэгт авагдсан нотлох бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-50 дахь тал/

Зохигчид 2010 оны зээлийн барьцааны гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагын хувьд маргаагүй, харин эд хөрөнгийг барьцаалахдаа хуульд заасан гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн гэж марган, мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нарын хооронд байгуулсан 2010 оны зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн, үр дагаврыг арилгахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргаж буй 2010 оны зээлийн барьцааны гэрээг байгуулах үед 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцнууд нь хариуцагч Мфикскапитал ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тодруулбал Мфикскапитал ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 44б байрны 24 тоот орон сууцийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206043655 дугаарт бүртгэгдэж, 000103650 дугаартай гэрчилгээ авсан байдаг. /хх-30 дахь тал/

Нэхэмжлэгч компанийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар барьцааны гэрээнд тусгагдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байна. /хх-17-18, 30 дахь тал/

Түүнчлэн барьцааны зүйл болох 44б байрны 24 тоот орон сууцыг хариуцагч Мфикскапитал ХХК нь Эм Кэй Ай ХХК-д 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалан гүйцэтгэх гэрээгээр 259 700 000 төгрөгөөр худалдах, уг гэрээний үнийг худалдагч тал буюу Эм Кэй Ай ХХК нь Си Си Ай Эм ХХК-д шилжүүлэн төлөхөөр тохиролцжээ. Улмаар Пи Ай Эм Эм ХХК болон Эм Кэй Ай ХХК, Си Си Ай Эм ХХК-иудын 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өр шилжүүлэх гурван талын гэрээгээр Эм Кэй Ай ХХК-ийн орон сууцны үнэ төлөх үүргийг Пи Ай Эм Эм ХХК төлөх үүргийг шилжүүлэн авсан байна. /хх-8-9 дэх тал/ Үүний дараа Эм Кэй Ай ХХК, нэхэмжлэгч Очирням ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу тус компаниас худалдан авсан барилгын материалын /элс, хайрганы/ үнэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Блью скай тауэр хотхоны 44б байрны 24 тоот орон сууцыг бартераар шилжүүлэн өгч, зөрүү төлбөрийг мөнгөн хэлбэрээр тооцсон болох нь хэргийн 12-14 дүгээр талд авагдсан 2010 оны 02 дугаар сарын 15, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барилгын элс, хайрга нийлүүлэх гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэргээр нотлогдож байна.

Дээрхээс дүгнэхэд барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Очирням ХХК-д Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй байсан учир барьцааны гэрээний талууд түүнээс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүйн гадна тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгч болох хариуцагч Мфикскапитал ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсаныг буруу гэж үзэхгүй. Хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч Очирням ХХК нь барьцааны гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулан, үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхгүй юм.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчин, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Харин барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан Очирням ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагаа худалдагч талд холбогдуулан гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өмчлөгч болоогүй байх үед нь хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бус харин худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардах, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ногдох хэмжээний үүргийг банкинд гүйцэтгэж, зардлаа худалдагч талаас гаргуулахаар шаардах, өөрт учирсан хохирлыг арилгуулах зэрэг эрхтэй юм.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Капитрон банк ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Очирням ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Капитрон банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 548 014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД