Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01126

 

“О”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02818 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаар магадлалтай,

“О”ХХК-ний нэхэмжлэлтэй

“К Б”ХХК, “М К” ХХК нарт холбогдох

“К Б”ХХК, “М К” ХХК нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Бы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, хариуцагч “К Б”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “О”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энэхүү орон сууц нь Си Си Ай Эм ХХК-ийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “М К” ХХК-тай хийсэн орон сууц захиалах 15, 16 тоот гэрээний дагуу 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 249309 ам.доллар шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн орон сууц юм. 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалах, гүйцэтгэх гурвалсан гэрээний 3.1-д заасны дагуу 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Си Си Ай Эм ХХК-ийн “М К” ХХК- тай хийсэн орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг цуцалж, Эм Кэй Ай ХХК-иас Си Си Ай Эм ХХК-д энэхүү гэрээний нөхцлийн дагуу гэрээний үнийн дүнг шилжүүлэхээр 3 тал тохиролцсон. “О”ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барилгын элс хайрга нийлүүлэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью Скай хотхоны 44б байрны 24 тоот 4 өрөө, 148.4 м.кв талбай бүхий орон сууцыг Эм Кэй Ай ХХК-иас бартераар хүлээж авсан. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блью Скай хотхоны 44б байрны 24 тоот 148 м.кв 4 өрөө орон сууцын хууль ёсны өмчлөгч нь “О”ХХК болохыг тогтоосон. “М К” ХХК болон “К Б”ХХК нь хууль ёсны өмчлөгч болох эрх бүхий компанид мэдэгдэж зөвшөөрөл авалгүй 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг орон сууцыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, мөн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус зөрчсөн. “О”ХХК-ийн дэд захирал 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ орон сууцанд амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг өөр компани өмчлөх эрхтэйг мэдсээр байж “М К” ХХК нь мэдэгдэлгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан ”К Б”ХХК-ийн барьцаанд барьцаалснаас болж компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. “К Б”ХХК-тай барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөх эрхтэй компаниас зөвшөөрөл аваагүй нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд “М К” ХХК болон “К Б”ХХК нарын хооронд байгуулагдсан Т/07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот “О”ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот 148.4 м.кв орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “К Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, А.Түвшинтөгс нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К Б”ХХК нь “М К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “М К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М К” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, “К Б”ХХК нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М К” ХХК-ийн өмчлөлийн Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай, 16259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44а тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М К” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай, 16260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М К” ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар, түүнчлэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М К” ХХК-ийн өмчлөлд 44 А Б В Г байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44 А Б В Г байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44А Б В Г 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. “К Б”ХХК-ийн “М К” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. “К Б”ХХК-ийн хувьд Т07/208 тоот барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгч “О”ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “М К” ХХК нь “К Б”ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр “М К” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. “К Б”ХХК нь Хөх тэнгэр хотхоны 44б байрны 24 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “М К” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Дээрх өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна. Харин “О”ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 тоот захирамжаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. “О”ХХК нь барьцааны эрхээс хойно иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир “К Б”ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О”ХХК нь манай компанийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блью скай хотхоны 44б байрны 24 тоот орон сууцыг Эм Кэй Ай ХХК-иас худалдан авсан. Си Си Ай Эм ХХК нь “М К” ХХК-тай 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15, 16 тоот орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44б байрны 23, 24 тоот 2 ширхэг орон сууцыг нийт 249 309 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “К Б”ХХК дахь манай компанийн дансанд шилжүүлсний нэг нь дээрх 24 тоот 148.4 м.кв орон сууц юм. Үүний дараа “М К”ХХК болон Эм Кэй Ай ХХК-ийн хооронд 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44б байрны 24 тоот 148.4 м.кв орон сууцыг 259 700 000 төгрөгөөр Эм Кэй Ай ХХК худалдан авахаар тохиролцож, гэрээний 3.1 дэх хэсэгт Си Си Ай Эм ХХК-тай байгуулсан 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг цуцалж, Эм Кэй Ай ХХК-иас Си Си Ай Эм ХХК-д гэрээний үнийн дүнг шилжүүлж, худалдан авагч тал Эм Кэй Ай ХХК болохыг дурдаж, Си Си Ай Эм ХХК нь орон сууц захиалах гүйцэтгэх гэрээгээ Эм Кэй Ай ХХК-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч “О”ХХК нь Эм Кэй Ай ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн барилгын элс хайрга нийлүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу Эм Кэй Ай ХХК-иас дээрх орон сууцыг бартераар хүлээж авсан. Ингээд Эм Кэй Ай ХХК-иас “М К” ХХК-д ирүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 94/2011 тоот албан бичиг, 10 дугаар сарын 24-ний өдрийн 99/2011 тоот албан бичгийг тус тус үндэслэн “М К” ХХК болон Эм Кэй Ай ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний эрхийг “О”ХХК-ийн дэд захирал иргэн Ч.Баярсумъяагийн нэр дээр шилжүүлж, орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээг байгуулснаар дээрх орон сууц Ч.Баярсумъяа /”О”ХХК/-ийн нэр дээр шилжсэн. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар “О”ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа юм. “М К” ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжинд 2 орцтой, 6 давхар бүхий 8 орон сууц, амины орон сууцны 3 барилга, таун хаусын 2 барилгаас бүтэх хотхоныг 2007-2010 он хүртэл барьж ашиглалтад оруулсан. Ийнхүү дээрх хотхоныг барихын тулд “М К” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани, нийт 15 орчим тэрбум төгрөгийн зээлийг “К Б”ХХК-иас авч тухайн хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Үүний нэг болох Си Эм Эс Эл ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж, 1.5 тэрбум төгрөгийн зээлийг авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М К” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44а тоотод байрлах, 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг байршуулсан бөгөөд иргэдэд хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнхи хэсгийг төлж барагдуулснаар 44а, 44б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн. ”М К” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К Б”ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 27 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, ”К Б”ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50хувиар үнэгүйдүүлж авах, ам.доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг ам.доллар, юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. Ингээд 2010 оны 5 сард бид “К Б”ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К Б”ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулж, энэхүү гэрээгээр “О”ХХК-ийн хотхоны 44б байрны 24 орон сууцыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч “К Б”ХХК нь зээлийн барьцаанд барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон. Учир нь тухайн барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 сард орон сууц болон авто зогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцнуудад 2009 оны 9 сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд нь оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан. Иймд нэхэмжлэгчийн “М К”" ХХК болон ”К Б”ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02818 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар ”К Б”ХХК, “М К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б байрны 24 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “О”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 548 014 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “К Б”ХХК, “М К” ХХК-иас хувь тэнцүүлэн 774 007 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “О”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “К Б”ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 548 014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр үл зөвшөөрч Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хянахдаа хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримт (факт)-ыг зөв үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ИХШХШХ-ийн 40-р зүйлийн 40.2-д заасныг ноцтой зөрчсөн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Хариуцагч “М К”ХХК нь Хан-Уул Дүүргийн 11-р хороо Зайсангийн 44Б байрыг 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай 2007 оны 10-р сарын 29-нд “Си Эм Эс Эл" ХХК-ийн Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд барьцаалсан байдаг. 2007 оны 9-р сарын 21-нд “Си Си Ай Эм” ХХК нь Хан-Уул Дүүргийн 11-р хорооны Зайсангийн 44Б байрны 23, 24 тоот орон сууцыг худалдан авч, төлбөрийг “Капитрон банк" дахь “М К”ХХК-ийн 3053002379 тоот дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогддог. Тодруулбал, дээрх зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн гүйлгээ бөгөөд үүнийг банк мэдэж байсан, мэдэх боломжтой байсан. Мөн энэхүү зээлийн барьцаанаас дээрх 44Б байрыг 2010 оны 4-р сарын 26-ны өдөр зээлийн барьцаанаас чөлөөлсөн байдаг. 2.Хариуцагч “К Б” ХХК нь 2010 оны 9-р сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа барьцааны зүйлийн бодит байдлыг нэг бүрчлэн нягталж биечлэн үзээгүй болох нь тухайн орон сууцны үнэлгээ, метр квадрат зөрүүтэй байгаагаас харагддаг. Хэрэв 44Б байрны 24 тоотыг тогшоод үзчихсэн бол дотор айл амьдарч байгааг мэдэх боломжтой байсан, энэ байрыг банк зээлийн барьцаанд авч байна гээд хэлчихэж болох л байсан. “К Б” ХХК нь уул хотхоны барилгын ажил өрнөх эхний үйл явцаас оролцсон болох нь үйл явцаас тодорхой харагддаг. Тухайн хотхоныг барьж байгуулахад нэжгээд барилгын материал нийлүүлэх, хөрөнгө оруулагчид оролцож байгаа нь нүдэн дээр илтэд байна. Тиймдээ ч барилгын компаниудын төлбөр тооцооны хэрэгсэл нь бартераар буюу нийлүүлсэн барилгын материал, хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр орон сууц өгөхөөр гэрээлдэг заншлыг мэддэг бөгөөд тэр ч байдлаар энэ хотхоны бүтээн босголтонд “Си Си Ай Эм” ХХК, “Эм Кей Ай” ХХК, “Очирням” ХХК-иуд оролцож “Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ”-гээ шилжүүлснээр өмчлөх эрх бопон шаардах эрхээ шилжүүлсэн гэдгээ дээрх компанийн захирлууд болох М.Батхүү, М.Мандахбилэг нар Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлдэг. 2007 оны 8-р сарын 01-ний өдрийн Т07/141 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр “М К”ХХК нь ирээдүйд бий болох хөрөнгө гэдгээ 5 блок барилга, 205 автомашины зогсоол гэж тодорхойлсон ч тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байгаагүй болох нь хэргийн материалаас харагдана./хх50/ Улмаар 2010 оны 9-р сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа зөвхөн 205 автомашины зогсоолын барьцааг л баталгаажуулсан байдаг. Тийм ч учраас манай компани нь энэ зээлийн барьцааны гэрээг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй. Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүх энэ хэргийн бодит байдал, үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо магадлалын тогтоох хэсэгт баримтлах хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “О”ХХК нь хариуцагч “К Б” ХХК болон “М К”ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “К Б” ХХК болон “М К”ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 07\208 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44Б байрны 24 тоот орон сууцыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М К”ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч “К Б” ХХК нэхэмжлэлийг татгалзахдаа барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд “М К”ХХК бүртгэлтэй байсан тул хэн нэгний зөвшөөрөл шаардлагагүй байсан гэсэн үндэслэл заажээ.

Нэхэмжлэгч “О”ХХК нь нийлүүлсэн барилгын элс, хайрганы зарим үнэд тооцон 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Эм Кэй Ай ХХКомпаниас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44Б байрны 24 тоот 4 өрөө орон сууцыг авсан, үүнээс өмнө Эм Кэй Ай ХХКомпани 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц захиалах гэрээний дагуу  орон сууцны үнийг “М К”ХХК-д төлсөн, нэхэмжлэгч нь 2010 оноос хойш орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байна. Тэрээр орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байхад “М К” ХХК нь барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, 2010 оноос хойш орон сууцыг эзэмшиж, ашиглаж байхад “К Б” эд хөрөнгийг биечлэн үзэхгүйгээр барьцааны гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр маргажээ. 

“М К” ХХК, “К Б”ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ байгуулан 1 400 000 ам.долларын зээл авч, барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины зогсоол зэргийг барьцаалсан, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа дээрх орон сууц тус бүрийг улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаар, талбайн хэмжээ, хаяг тус бүрээр нь гэрээнд нэрлэн зааж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тэдгээр барьцаа хөрөнгийн дотор нэхэмжлэгч “О”ХХК-ийн эзэмшиж буй 44Б байрны 24 тоот орон сууц орсон нь тогтоогджээ. /хх-50 дахь тал/

2010 онд барьцааны гэрээг байгуулах үед “М К” ХХК нь 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгчөөр, 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 44б байрны 24 тоот орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206043655 дугаарт бүртгэгдэж, 000103650 дугаартай гэрчилгээг авсан байна. /хх-30 дахь тал/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч “О”ХХК нь төлбөртөө тооцож, бусдаас орон сууц авч, шударга эзэмшигч болсон хэдий ч нөгөө талыг орон сууцны өмчлөх эрхтэй эсэхийг шалгаагүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг олж авсан байна. “О”ХХК нь 2010 онд орон сууцыг төлбөртөө тооцож авах үед орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд “М К” ХХК бүртгүүлсэн байсан тул барьцааны гэрээ байгуулах үед өмчлөх эрх олж аваагүй байсан нэхэмжлэгчээс зөвшөөрөх авах үндэслэл байгаагүй байна.

Түүнчлэн “О”ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар шүүгчийн захирамжаар барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон хэдий ч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар уг орон сууц барьцааны үүргийн хамт өмчлөгчид шилждэг байна.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг тул эд хөрөнгийг биечлэн шалгах үүргээ биелүүлээгүй явдал гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй,  нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5-д заасан шаардлагыг хангаагүй тул магадлалд өөрчлөлт оруулав. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 223 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад, ...нэхэмжлэгч “О”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул  хариуцагч “К Б”ХХК, “М К”ХХК-д холбогдох “К Б”ХХК болон “М К”ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44Б байрны 24 тоот орон сууцыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч “О”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 548 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА