Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181ШШ/2017/02818

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг барилга, 604 тоот хаягт байрлах, “О” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж 4 хаягт байрлах, “К” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Виста барилгад байрлах, “М” ХХК-д тус тус холбогдох,

“К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан Т/07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо хаягт байршилтай, “О” ХХК-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Баярсайхан, өмгөөлөгч Л.Даваасүрэн,  Л.Түвшинцэнгэл, хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс, С.Ялалт, хариуцагч “Мфикскапитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, гэрч Б.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Энэхүү орон сууц нь “Си Си Ай Эм” ХХК-ийн  2007 оны 9 сарын 12-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай хийсэн Орон сууц захиалах 15,16 тоот гэрээний дагуу 2007 оны 9 сарын 21-ний өдөр 249.309 ам.доллар шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн орон сууц юм.

2. 2009 оны 6 сарын 29-ний өдрийн Орон сууц захиалах, гүйцэтгэх  гурвалсан гэрээний 3.1-д заасны дагуу 2007 оны 9 сарын 12-ны өдрийн “Си Си Ай Эм” ХХК-ийн  “Мфикскапитал” ХХК- тай хийсэн “Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг цуцалж, “ Эм Кэй Ай” ХХК-иас “Си Си Ай Эм” ХХК-нд энэхүү гэрээний нөхцлийн дагуу гэрээний үнийн дүнг шилжүүлэхээр 3 тал тохиролцсон байдаг.

3. “Очирням” ХХК нь 2010 оны 02 сарын 15-ны өдрийн Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээгээр  Хан-Уул дүүргийн  11-р хороо, Блю Скай хотхоны 44 Б байрны 24 тоот 4 өрөө, 148.4 мкв талбай бүхий орон сууцыг “Эм Кэй Ай” ХХК-иас бартераар хүлээж авсан.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блю Скай хотхоны 44 Б байрны 24 тоот 148 м.кв 4 өрөө орон сууцын хууль ёсны өмчлөгч нь “Очирням” ХХК болохыг тогтоосон.

“Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК нь хууль ёсны өмчлөгч болох эрх бүхий компанид мэдэгдэж зөвшөөрөл авалгүй 2010 оны 9 сарын 02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж уг орон сууцыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д: “барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана”, мөн 13-р зүйлийн 13.1-д: ”Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон хязгаарлагдмал эрхийн талаар мэдэгдэнэ” гэж заасныг болон Монгол Улсын Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т: “барьцааны гэрээ  байгуулах үед барьцаалах хөрөнгийн тухай гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн.

Манай компанийн дэд захирал 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ орон сууцанд амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 343.3. дахь хэсэгт зааснаар уг байрыг өөр компани өмчлөх эрхтэйг мэдсээр байж “Мфикскапитал” ХХК нь мэдэгдэлгүйгээр 2010 оны 5 сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан “Капитрон банк” ХХК-ийн барьцаанд барьцаалсанаас болж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөж байгаа юм.

“Капитрон банк” ХХК-тай барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөх эрхтэй компаниас зөвшөөрөл аваагүй нь "Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, 23.4-т: “...эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчилэн үзэж өгсөн үнэлэлт дүгнэлт дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ.

Иймд “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан Т/07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн гудамж, 44 Б байрны 24 тоот “Очирням” ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.2.-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, ХУД-ийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 44Б байрны 24 тоот 148,4 мкв орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэсэн зохицуулалтыг үндэслэл болгон Капитрон банкийг барьцааны гэрээ байгуулах үед  хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

Хэргийн үйл баримтын талаар:

“Капитрон банк” ХХК  нь “Мфикскапитал” компанитай 2007 оны 8 сарын 10-ны өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1,400,000.00 америк долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “Мфикскапитал” компанитай 2007 оны 8 сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гражийн хамт, Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон Мфикскапитал компанийн бараа материалын үлдэгдэл.

“Капитрон банк” ХХК  нь “Си Эм Эс Эл” ХХК-тай 2007 оны 10 сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1,500,000,000.00 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг “Си Эм Эс Эл” ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай,  16259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай, 16260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,  “Мфикскапитал” ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар, түүнчлэн 2010 оны 5 сарын 13-ны өдөр “Мфикскапитал” компанийн өмчлөлд 44 А Б В Г байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44 А Б В Г байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан.

Хууль зүйн үндэслэл: Капитрон банкны “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 11 дүгээр зүйлийн 11.1., 12 дугаар зүйлийн 12.1. дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Капитрон банкны хувьд Т07/208 тоот Барьцааны гэрээг 2010 оны 9 сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. дах заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.-д заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм.

Нэхэмжлэгч “Очирням” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “Мфикскапитал” компани нь Капитрон банктай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр “Мфикскапитал” ХХК нь 2007 оны 8 сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 18 дугаар зүйлийн 18.1.-д  “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нъ түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Тухайлбал, Ү-2206013655 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000103650 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо 44 Б байрны 24 тоот авто зогсоол.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4.-т “...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...”-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. “Капитрон банк” нь Хөх тэнгэр хотхоны 44 Б байрны 24 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “Мфикскапитал” компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Мөн “Мфикскапитал” компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт бусад баримтад тус барилгын захиалагчаар “Мфикскапитал” компани, гүйцэтгэгч компаниар “Вилмар” компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “Мфикскапитал” ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон.

Дээрх авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан авто зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна. Харин “Очирням” ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 тоот захирамжаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас харахад “Мфикскапитал” ХХК нь 2010 оны 5 сарын 13-ны өдөр 44 А Б В Г байрны 24 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, “Капитрон банк” нь 2010 оны 9 сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “Мфикскапитал” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин “Очирням” ХХК нь дээрх барьцааны эрхээс хойно иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир “Капитрон банк” ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т “Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, мөн хуулийн 23.4.-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хумүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.” гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 сарын 23 -ны өдөр 44 А Б В Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн авто зогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авсан.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Мфикскапитал” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Очирням” ХХК нь манай компанийн барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44 Б байрны 24 тоот орон сууцыг “Эм Кей Ай” ХХК-иас худалдан авсан бөгөөд энэхүү гэрээг дараах байдлаар хийсэн болно. Үүнд: ”Си Си Ай Эм” ХХК нь “Мфикс капитал” ХХК-тай 2007 оны 9 сарын 12-ны өдрийн 15,16 тоот “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44 Б байрны 23, 24 тоот 2 ширхэг орон сууцыг нийт 249,309 ам доллараар худалдан авахаар тохиролцож, 2007 оны 9 сарын 21-ний өдөр Капитрон банкин дахь манай компанийн дансанд шилжүүлсний нэг нь дээрх 24 тоот 148,4 м.кв орон сууц юм.  Үүний дараа “Мфикс капитал” ХХК болон “Эм Кей Ай” ХХК-ийн хооронд 2009 оны 6 сарын 29-ний өдрийн “Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд баригдаж буй барилгын 44 Б байрны 24 тоот 148,4 м.кв орон сууцыг 259,700,000 төгрөгөөр “Эм Кей Ай” ХХК худалдан авахаар тохиролцож, гэрээний 3,1 дэх хэсэгт “Си Си Ай Эм” ХХК-тай байгуулсан 2007 оны 9 сарын 12-ны өдрийн 15 тоот “Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, “Эм Кей Ай” ХХК-иас “Си Си Ай Эм” ХХК-нд гэрээний үнийн дүнг шилжүүлж, худалдан авагч тал “Эм Кей Ай” ХХК болохыг дурдаж, “Си Си Ай Эм” ХХК нь “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-гээ “Эм Кей Ай” ХХК-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Очирням” ХХК нь “Эм Кей Ай” ХХК-тай 2010 оны 02 сарын 15-ны өдрийн Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээг байгуулж гэрээний дагуу “Эм Кей Ай” ХХК-иас дээрх орон сууцыг бартераар хүлээж авсан байдаг. Ингээд “Эм Кей Ай” ХХК-иас “Мфикскапитал” ХХК-д ирүүлсэн 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 94/2011 тоот албан бичиг, 10 сарын 24-ний өдрийн 99/2011 тоот албан бичгийг тус тус үндэслэн ”Мфикскапитал” ХХК болон “Эм Кей Ай” ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 6 сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний эрхийг “Очирням” ХХК-ийн дэд захирал иргэн Чулуунбатын Баярсумъяагийн нэр дээр шилжүүлж, Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээг байгуулснаар дээрх орон сууц Ч.Баярсумъяа /Очирням ХХК/- ийн нэр дээр шилжсэн.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар “Очирням” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44Б байрны 24 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа юм.

“Мфикскапитал” ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжинд 2 орцтой, 6 давхар бүхий 8 орон сууц, амины орон сууцны 3 барилга, таун хаусын 2 барилгаас бүтэх хотхоныг 2007-2010 он хүртэл барьж ашиглалтад оруулсан. Ийнхүү дээрх хотхоныг барихын тулд “Мфикскапитал” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани нийт 15 орчим тэрбум төгрөгийн зээлийг Капитрон банкнаас авч тухайн хотхоны орон сууцуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг.  Үүний нэг болох “Си Эм Эс Эл” ХХК нь 2007 оны 10 сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 1,5 тэрбум төгрөгийн зээлийг авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах, 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг байршуулсан бөгөөд иргэдэд хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар 44 А, 44 Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн.

“Мфикскапитал” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “Капитрон банк” ХХК-иас нийтдээ 15 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 27 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “Капитрон банк” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 сард бид “Капитрон банк” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “Капитрон банк” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 9 сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулж, энэхүү гэрээгээр “Очирням” ХХК-ийн хотхоны 44 Б байрны 24 орон сууцыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч “Капитрон банк” ХХК нь зээлийн барьцаанд автозогсоолуудыг барьцаалахдаа “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.4.-т зааснаар “.... эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг.

Учир нь тухайн автозогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 сард орон сууц болон автозогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан.  Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 9 сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 сараас байранд нь оруулсан, айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан юм.

Иймд нэхэмжлэгчийн “Мфикскапитал" ХХК болон “Капитрон банк” ХХК-тай 2010 оны 9 сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаварыг арилгаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэв.

Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Очирням” ХХК нь хариуцагч “Капитрон банк” ХХК, “Мфикскапитал” ХХК-д тус тус холбогдуулан, “Капитрон банк” ХХК болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулсан Т/07/208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44 Б байрны 24 тоот хаягт байршилтай, “Очирням” ХХК-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.2.-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Капитрон банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, хариуцагч “Мфикскапитал” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Маргаж буй №Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээ “Капитрон банк” ХХК болон “Мфикскапитал” ХХК-ийн  хооронд 2010 оны 9 сарын 02-ны өдөр байгуулагдсан, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44 Б байрны 1-24 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд нэхэмжлэгч “Очирням” ХХК-ийн өмчилж буй 44 Б байрны 24 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө багтаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар 2007 оны 9 сарын 12-ны өдөр “Си Си Ай Эм” ХХК, “Мфикскапитал” ХХК-тай  “Орон сууц захиалах гүйцэтгэх” 15, 16 дугаартай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын  44 Б байрны 23, 24 тоот орон сууцыг бариулахаар, 1 м.кв талбайн үнийг 900 ам.доллар, гэрээний үнийн дүн 115.749 ам.доллар, 133.560 ам.доллар тус тус байх, гэрээний гуравын 3.1.-д гйүцэтгэгч нь орон сууцны барилгын ажлыг 2008 оны 7 сарын 01-ний дотор багтаан барьж ашиглалтанд оруулж, захиалагчид орон сууц эзэмших эрхийн хамт хүлээлгэн өгөхөөр  тохиролцсон. /хэргийн 60-61,153-154 хуудас/

  “Си Си Ай Эм” ХХК нь 15, 16 дугаартай Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний төлбөрт, гэрээний 4.2.-т заасан хугацаанд 2007 оны 9 сарын 21-ний өдөр 249.309 ам.доллар төлж барагдуулснаар /хэргийн 10-р хуудас/  захиалсан орон сууц болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 44 Б байрны 24 тоот орон сууцыг өмчлөгч болох  эрх  үүссэн байна.

2009 оны 6 сарын 29-ний өдөр “Мфикскапитал” ХХК, “Эм Кэй Ай” ХХК-ийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын  44 Б байрны 24 тоот 148.4 м² талбайтай орон сууцыг 259.700.000 төгрөгөөр худалдах худалдан авах “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ” байгуулж, энэ гэрээгээр 2007 оны 9 сарын 12-ны өдөр “Мфикскапитал” ХХК болон “Си Си Ай Эм” ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг цуцалж,  “Эм Кэй Ай” ХХК нь “Си Си Ай Эм” ХХК-д гэрээний нөхцлийн дагуу гэрээний үнийн дүн 259.700.000 төгрөгийг шилжүүлэхээр талууд тохиролцсон,

мөн 2009 оны 6 сарын 29-ний өдөр “Пи Ай Эм” ХХК,  “Эм Кэй Ай” ХХК-ийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулахаар “Өр шилжүүлэх 3 талын гэрээ” байгуулж, энэ гэрээгээр “Пи Ай Эм” ХХК-иас  “Эм Кэй Ай” ХХК-нд төлөх өрөнд 2009 оны 6 сарын 29-ний өдөр “Мфикскапитал” ХХК, “Эм Кэй Ай” ХХК, “Си Си Ай Эм” ХХК-иудын хооронд байгуулсан “Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээ”-ний 3.1.-д заасан “Эм Кэй Ай” ХХК-иас “Си Си Ай Эм” ХХК-д төлөх 259.700.000 төгрөгийг “Пи Ай Эм Эм” ХХК нь “Эм Кэй Ай” ХХК-ийн нэрийн өмнөөс  “Си Си Ай Эм” ХХК-д хариуцан төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон.

 Ингэж тохиролцсоноор “Эм Кэй Ай” ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын  44Б байрны 24 тоот 148.4 м² талбайтай орон сууцыг өмчлөгч болох эрх үүссэн гэж үзнэ.

2010 оны 02 сарын 15 болон 2011 оны 02 сарын 15-ны өдөр  тус тус “Очирням” ХХК, “Эм Кэй Ай” ХХК-ийн хооронд байгуулсан Элс хайрга нийлүүлэх  гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  44 Б байрны 24 тоот орон сууцыг “Эм Кэй Ай” ХХК-иас “Очирням” ХХК-д гэрээнд заасны дагуу нийлүүлсэн элс хайрганы төлбөр болох 263.972.800 төгрөгний төлбөрт шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон /хэргийн 12,13,14,15,16-р хуудас/,  энэ талаар зохигч маргаагүй болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Очирням” ХХК-ийг  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  44 Б байрны 24 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар “Очирням” ХХК шаардах эрхтэй байна.

Гэтэл “Мфикскапитал” ХХК нь уг орон сууцыг Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний 3.1.-д заасны дагуу захиалагчид эзэмших эрхийн хамт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй, 2010 оны 5 сарын 12-ны өдөр дээрх орон сууцыг 90%-ийн гүйцэтгэлтэй байхад нь өөрийн компанийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн 000103650 дугаартай гэрчилгээ авсны дараа 2010 оны 9 сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9.-д заасан “ барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана” гэснийг, мөн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх...” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2.-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн, “Мфикскапитал” ХХК нь 2010 оны 9 сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд шаардлага гаргах эрхтэй этгээдэд барьцааны  эрх үүссэн талаар мэдэгдэх үүргээ зөрчсөн байна.

Мөн түүнчлэн барьцаалагч “Капитрон банк” ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлэх, 23.4.-т заасан эд хөрөнгийн тодорхойлолтод хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байх заалтыг зөрчиж, зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулжээ.

Иймд 2010 оны 9 сарын 02-ны өдрийн №Т07/208 дугаартай барьцааны  гэрээний  44 Б байрны 24 тоот орон сууцанд холбогдох хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.2.-т заасны дагуу барьцааны гэрээний нэхэмжлэлд дурдсан орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн үндэслэл тогтоогдоогүй.

Харин шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэл байгаа эсэхийг шалгах нь зүйтэй ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна гэж дүгнэсэн болно.

Иймд “Капитрон банк” ХХК, “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн №Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44 Б байрны 24 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна. Нэгэнт гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг орон сууцын барьцааны хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.1.8.-д зааснаар “” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн №Т07/208 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44 Б байрны 24 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.548.014 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “К” ХХК, “М” ХХК-иас хувь тэнцүүлэн 774.007 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.

 

  1.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7. дахь хэсэгт  зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БААТАР