Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2019/00155

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.*******ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/01115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.*******ад холбогдох,

Төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг, алданги 11.938.950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.******* нь Д.*******тай 2002 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2006 оны 11 сарын 20-ны өдөр охин Э.*******ыг төрүүлсэн. Д.******* бид хоёр удалгүй хамтран амьдрах боломжгүй болсон тул хоёр тийшээ болж салсан. Тэгээд 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн /тухайн үеийн нэрээр/ 1102 дугаартай шийдвэрээр Д.*******ыг охин Э.*******ын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүргийг даалгасан. Охин Э.******* нь одоо 13 настай, зүрхний хавхлагын өөрчлөлттэй тул эмчилгээ хийлгүүлж байгаа, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-нд Эрдэнэт хотод хоолойны гүйлсэн булчирхайны хагалгаанд орсон, эмнэлэгт нэлээн хэдэн удаа хэвтэж эмчлүүлсэн, эм тариа их авсан. Тэгтэл эцэг болох Д.******* нь ямар ч туслалцаа үзүүлээгүй, тэтгэлгийн мөнгө төгрөгөө ч өгөөгүй сураггүй алга болсон. Д.******* хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхөөс зайлсхийж байгаа, хүүхдээ анхаарч үздэггүй, халамж тавьдаггүй, би өөрөө зүрхний архаг цус хомсрох өвчтэй болохоор хүүхдийнхээ эмчилгээнд мөнгө төгрөг гаргах эмчлүүлэхэд санхүүгийн хувьд хэцүү байдаг. Д.******* нь 2006 онд Жаргалант сумын фондны өвсийг архидан согтуурсан үедээ шатаасан хэрэгт холбогдоод 5 сая гаруй төгрөгийн өрөнд ороод хорих ялаа эдэлж гарч ирээд алданги нэмэгдээд 7 сая орчим төгрөгийн өр нэмэгдээд дахин ял эдлэх асуудал үүссэн. Тэгээд Д.******* нь надаас би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 7 сая төгрөгийг төлөхгүй бол дахиж ял эдлэх гээд байна, хүүхдийн тэтгэлэгээ түр хугацаагаар хаачихья, би чамд 1 сая төгрөг өгье, үүнийг аваад та хоёр байж бай, би энэ асуудлаа шийдчихээд дараа нь хүүхдийнхээ хэрэгцээнд тохируулаад мөнгө төгрөг өгнө, тэтгэлэгээ өгнө" гээд уйлаад гуйгаад байхаар нь би нэгд өрөвдөөд, хоёрт итгээд 1.000.000 төгрөг аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм. Тэгтэл Д.******* нь амалсан амлалтаа биелүүлэхгүй охиндоо нэг ч төгрөг өгөхгүй тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Д.******* одоо мал маллаж байгаа, өөрийнх нь нэр дээр 20 гаруй үхэр 300 гаруй бог мал байгаа гэсэн, би үүнийг сая мэдсэн, хүүхдийн тэтгэлэг өгч байсан үедээ бол энэ талаар огт хэлэхгүй байсан тэгэхээр орлогоо нуун дарагдуулж байсан гэдэг нь тодорхой болсон юм. Тиймээс би Д.*******аас хуульд заасны дагуу хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг буюу 7.959.300 төгрөгийг нөхөн төлүүлэх, алдангид төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу 3.979.650 төгрөгийг нэмж, нийт 11.938.950 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мотоциклтой явж байгаад осолд орж тойгны яс бяцарсан бөгөөд улмаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэс засалд орж хөлөндөө 10 гаруй хадаастай одоо эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалттай доголж явдаг хүн юм. Осолд орсноос хойш 5 жилийн хугацаанд ослын үр дагавар арилаагүй бөгөөд би баян тансаг амьдарч жаргалтай яваа хүн бишээ. Анх өвс шатаасан хэргээр хорих ял авч хоригдохдоо Д.*******т өөрийн бүрэн тавилгатай эрээн гэр зэргийг орхиод явсан бөгөөд энэхүү гэрийг би Д.*******ээс буцааж аваагүй үр хүүхдээ бодоод үлдээсэн. Одоо тэр гэр хаана байгаа, яагаад нэхэмжлэл дээрээ нэхэмжлэгч бичихгүйгээр юу ч аваагүй, намайг муу хүн мэт бичээд байгааг түүнээс асуумаар байна. Иймд Д.*******ийг шүүхийн ажиллагаанд өөрийг нь оролцуулмаар байна. Би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Баасанжав гэдэг хүнийг өмнө нь огт харж байгаагүй бөгөөд би Баасанжавтай хамт амьдарч бидний дундаас хүүхэд төрсөн биш болохоор түүнийг энэ ажиллагаанаас гаргаж өгнө үү. Одоо надад нэхэмжлэл дээр бичсэн шиг олон мал энэ тэр байхгүй, бүгд хүний хөрөнгө юм. Мөнгөний хэрэг гарлаа гэж өөрөө гуйсаар байгаад 1 000 000 төгрөг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгочихоод надаар тоглож байгаа мэт дахиад л нэхээд байгааг би юу гэж ойлохоо мэдэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголоо гэж болгочихоод хүссэн үедээ сэргээгээд байдаг тоглоом, шоглоом мэт Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажилладаг юм байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/01115 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Д.*******ад холбогдуулан гаргасан хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг, алданги нийт 11.938.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 3669 дугаартай захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав би Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1115 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс Д.*******ийн төрсөн эцэг Ч.Дондовыг шүүх хуралд гэрчээр оролцуулж, Д.*******ын талаар, охин Э.Буян- Ундрахыг хэрхэн харж хамгаалдаг, тэжээн тэтгэх үүргээ хэр биелүүлдэг, охины биеийн байдлын талаар асуух, Э.*******ыг насанд хүрээгүй гэрчээр шүүх хуралд оролцуулж, эцэг Д.******* нь охинтойгоо уулздаг эсэх, ямар харилцаатай байдаг талаар, Д.*******ын хэзээ, хаана, ямар хэрэгт холбогдож ямар ялаар шийтгүүлсэн талаарх ял шийтгэлийн баримтыг болон шийтгэх тогтоолыг Прокурорын байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар шүүхэд урдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн тайлбарт зохигчдын болон хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлнэ гэж ойлгоно гэж заажээ. Д.*******ын үйлдсэн хэргийн талаарх нөхцөл байдлыг тогтоохыг эрмэлзэхгүйгээр шууд хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан.

Нэр дурьдсан гэрчүүдийн мэдүүлэг нь мөн Д.*******ыг ямар хэрэгт, хэзээ, хэрхэн холбогдсон, ямар өр зээлтэй байсан түүнийгээ дарахын тулд ямар үйлдэл хийсэн, хүүхдийн тэтгэлгээ өгч байсан эсэх, охинтойгоо уулздаг, түүнийг халамжилдаг, анхаарал тавьдаг эсэх зэрэг хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын чухал шинж чанартай, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжийг бүрдүүлэх, нэхэмжлэгч талын мэтгэлцэх, үнэн бодит байдлыг шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоох, шүүгчээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх зэрэг ач холбогдолтой байсан. Уг захирамжиндаа миний гаргасан хүсэлтүүдийг яагаад хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй. Уг нь анхан шатны шүүхэд зохигч түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар эрх тэгш оролцож мэтгэлцэх, хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох, үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэргийн бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх хийгээд түүнийг шинжпэн судлахад тэгш эрхтэй оролцох бололцоог бий болгох ёстой. Гэтэл миний мэтгэлцэх, нотлох баримтаа гаргаж өгөх бололцоог шүүхээс үндэслэлгүйгээр хаасан.

Хоёр: Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан. Тэгэхээр Д.******* хүүхдийн тэтгэлгээ шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу огт төлж байгаагүй, үүнээс байнга зайлсхийж ямар нэгэн арга саам хайж харж явдаг, ингэхийн тулд ял эдлэх гээд байгаа мэтээр Д.*******т ойлгуулж, санаатай зайлсхийсэн үйлдэл байгааг харгалзаж үзэх шаардлагатай байсан. Түүнчлэн Д.******* нь өөрт ямар ч хөрөнгө байхгүй, орлогогүй, нэн ядуу иргэн гээд гэж Д.*******т гар утсаар ярих болгондоо байнга хэлдэг байсан, Д.*******ын сүүлд суусан эхнэр нь сүүлдээ гар утсыг аваад хэл амаар доромжилдог байсан тул Д.******* харьцаагаа тасалсан. Гэтэл Жаргалант сумын Засаг даргаас ирүүлсэн малын А данс дээр Д.*******ын нэр дээр үхэр 14, хонь 75, ямаа 132 нийт 221 толгой мал тоолуулсан талаар тодорхойлолтыг ирүүлсэн байдаг.

Гурав: Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох 4 үндэслэлийг заасан. Д.*******ын хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг нь энэ хуульд заасан үндэслэлээр л дуусгавар болох ёстой.

Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-д төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан-аар ******* төлбөр авахаас татгалзах хүсэлт гаргаж улмаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэж маргаад байгаа. Гэтэл тус зүйлийн 29.1.6-д гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг дуусгавар болгохоос биш дээр дурдсан зүйлээр буюу 29.1,2-т зааснаар дуусгавар болгохгүй гэж заасан.

Тэгэхээр Д.*******ын охин Э.*******ыг тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох хууль зүйн үндэслэл байхгүй.

Д.******* төлөгдөөгүй тэтгэлгээ өгөх ёстой, тэтгэлэг төлөх үүрэг нь хуулинд заасан үндэслэлээр дуусгавар болоогүй байхад хүүхдийн тэтгэлгийг дуусгавар болгосон гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж зөвхөн Д.*******ийн бичсэн ганцхан цаасаар бүхэл бүтэн хүүхдийн эрхийг хөндөж зөрчиж байгаа юм. Тэтгэлэг нь зөвхөн хүүхдэд захиран зарцуулагдах ёстой тул хүүхдэд ашиггүй байдлаар харилцан тохиролцох нь буруу үүнийг харгалзан үзэх шаардлагатай байна.

Д.*******аас хуульд заасны дагуу хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг буюу 7.959.300 төгрөгийг нөхөн төлүүлэх, алдангид төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу 3.979.650 төгрөгийг нэмж, нийт 11.938.950 төгрөгийг нэхэмжилж анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ тооцоог би гаргахдаа зохих байгууллагаас гаргасан амьжиргааны доод түвшингийн хэмжээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үеэс эхлэн нэхэмжлэл гаргасан өдрөөр дуусгавар болгож тооцсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1115 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүухийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1115 дугаартай шийдвэртэй Д.Энцэцэгийн нэхэмжлэлтэй Д.*******д хариуцагдах иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн гаргуулах гэх агуулгатай нэхэмжлэл байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэлд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1- д зааснаар нэхэмжлэлийн шаардпагыг үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан зохицуулалт нь Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдээгүй байгаа асуудалд зориулж хууль тогтоогчоос тогтоосон эрх зүйн хэм хэмжээ юм. Гэтэл нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийг буруу ойлгож тайлбарлаж байх бөгөөд Д.*******аас тэтгэлэг гаргуулах асуудлыг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1102 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий асуудлыг нэг удаа шийдэх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн дур зоргоор хоёр удаа шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй юм.

Дээр дурьдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 01 дүгээр сарын 16- ны өдрийн 012-55-18 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь төлбөр төлөгч Д.*******аас 1.000.000 төгрөг өгчүүл төлбөр авахаас татгалзана гэж хэлээд 1.000.000 төгрөгийг авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн. Үүний дагуу Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13/83- 09 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож буй 2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хууль үйлчилж байсан ба тус хуулийн 16 дугаар зүйлд Шүүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар зааж 16.1, 16.1.1- д төлбөр авагч төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр, 16.1.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаахаар заасан. Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгчийн дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хаасан шийдвэрт Д.******* нь гомдол гаргаагүй нь түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Д.*******ын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн, тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөгдөх талаар хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй юм.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1115 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******аас хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 7.959.300 төгрөг, алданги 3.979.650 төгрөг, нийт 11.938.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1102 дугаар шийдвэрт үндэслэн тодорхойлсон.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Д.******* Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бид хоёр тохиролцож 1.000.000 төгрөг бэлнээр аваад цаашид тэтгэврийн асуудлыг хаалгахаар тохиролцсон гэсэн хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Зохигчид 2002 оноос танилцан хамтран амьдарч байгаад 2006 оны 11 дүгээр сарын 20-ны охин Э.*******ыг төрүүлсэн. Цаашид амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсноос болж тусдаа амьдарсан, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.*******ыг охин Э.*******ын эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан. 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Д.******* Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүүхдийн тэтгэлгийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэгдэж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу төлбөр авагчийн хүсэлтээр дуусгавар болсон байх ба хариуцагч Д.******* хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, орлогоо нуун далдалсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******ыг цалин орлогоо нуун далдалсан, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж нэхэмжлэлийн шаардллагын үндэслэлээ тодорхойлсон боловч энэ талаар нотлох баримт гаргаж шүүхэд өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ/2019/01115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ