Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 403

 

Д.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы өмгөөлөгч Ж.Уранчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 433 дугаар магадлалтай,  Д.Х-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Бүгд найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д.Х-.

Д.Х- нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний 22 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт “Их хүрд” ХХК-ийн баруун урд талын замд “Тоёота эстима” загварын 87-49 УБН дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3-т 3.4.а/, 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б, Т.Г нарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 2 хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Д.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-гаас 15,307,720 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгиод олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Х-гийн ар гэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдэж хохирол учирсны үр дагавар хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-т 8,521,880 төгрөг, хууль ёсны төлөөлөгч Б.М-д 15,600,000 төгрөгийг төлсөн. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрийг хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт төлөхөө илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтаар шүүгдэгч Д.Х- бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хятад хэлний орчуулагчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг, гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргээр түүний хувийн байдал тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруугийн байдал, түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн үндэслэлээр гомдол гаргаж байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан хэлсэн саналдаа “С.Санжаажамц өмгөөлөгчтэй санал нэг байна. Тухайн үед Эмээлтийн замын үзэгдэх орчин муу байсан, зөрсөн машины гэрэл гялбасан, хохирогч нар гарцгүй газраар зам хөндлөн гарсан зэргээс шалтгаалан хоёр хүний амь хохирсон маш харамсалтай хэрэг гарсан байна. Шүүгдэгчийн хурдаа тохируулаагүй буруутай үйлдэлд санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэг нь “хэн нэгэн миний нөхрийн амийг санаатай хохироогүй, хохирлыг авч шийдвэрлүүлмээр байна” гэсэн хүсэлт илэрхийлсэн байдаг. Прокурор 6 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 5 жил хорих ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлтэй байсан.

Шүүгдэгч нь бидний элэг нэгт Өвөр монгол залуу юм. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж, ухамсарласан. Хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахын тулд хорих ялаас бага ч гэсэн хасуулж, ар гэрт нь туслалцаа үзүүлэх боломжтой юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы өмгөөлөгч Ж.Уранчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна. Оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ххолбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Х- нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний 22 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт “Их хүрд” ХХК-ийн баруун урд талын замд тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3-т 3.4.а/, 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б, Т.Г нарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Хийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тул нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн агуулгаас зөвхөн шүүгдэгчийн үйлдэлд хамаарах хэсгийг яллах дүгнэлтэнд хэсэгчлэн дурдаж ингэхдээ хохирогч нар замын хөдөлгөөний холбогдох дүрмийг зөрчсөн талаарх дүгнэлтийг зориуд орхигдуулсан байгаа нь прокурорын зүгээс хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүй, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа яллах талын баримтыг бэхжүүлэхэд түлхүү чиглэгдсэн байгааг харуулж байна.

Харин анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ, шинжээчийн дүгнэлтүүдийг бүрэн шинжлэн судалсан талаар шийтгэх тогтоолд дурдсан атлаа шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага оногдуулахад явган зорчигч нарын үйлдэлтэй холбогдуулан ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс зам тээврийн осол гарахад амь хохирогч 2 явган зорчигчийн буруутай үйлдэл байгааг дүгнэсэн атлаа энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй гэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.       

Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байсан шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь тухайн зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байгаа хэдий ч явган зорчигч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож ЗХД-ийн 5.6 дахь заалтыг зөрчсөн нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой дүгнэх, гэм буруугийн хэр хэмжээг зөв тодорхойлох, улмаар эрүүгийн хариуцлагын хэмжээг хамгийн зохистой байдлаар тогтооход зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдал юм.                 

Дээр дурдсан үндэслэлд тулгуурлан шүүгдэгч Д.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын хайхрамжгүй байдал нөлөөлсөн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн санал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөх боломжтой байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жил хорих ялыг 3 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...ял хөнгөрүүлэх” агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 433 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Д.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамцын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН