Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

   2020             4              7                                        2020/ДШМ/433                                                

 

                                  Н /Д.Х/-д холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Наsi /Д.Х/-ийн өмгөөлөгч С.Санжаажамц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгио, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Наsi /Д.Х/-д холбогдох эрүүгийн 1903009970446 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н /Д.Х/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн,

Шүүгдэгч Наsi /Д.Х/ нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт “Их хүрд” ХХК-ийн баруун урд талын замд “Тоёота эстима” маркийн 87-49 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болдбаатар, Т.Ганболд нарыг мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Наsi /Д.Х/-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Наsi /Д.Х/-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 2 хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Наsi /Д.Х/-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Наsi /Д.Х/-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Наsi /Д.Х/-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Наsi /Д.Х/ цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэгт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Наsi /Д.Х/-ийн жолоочийн В ангиллын 315087 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 87-49 УБН улсын дугаартай “Toyota Estima” маркийн тээврийн хэрэгслийн 01760419 дүгээр гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Наsi /Д.Х/-аас 15.307.720 /арван таван сая гурван зуун долоон мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгио /Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, 61-28 тоотод оршин суух, РД:МФ89030621/-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Наsi /Д.Х/-д авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Наsi /Д.Х/ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хоёр хүний амь насыг хохироосон явдалд маш их харамсаж байгаа бөгөөд өөрийн гэм бурууг бүрэн хүлээж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 7 жилийн нээлттэй хорих ял ба 6 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулсан болно. Миний бие энэхүү гэмт хэргийг санамсар болгоомжгүйгээс анх удаа үйлдэж байгаа болон хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх оноосон ялыг хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан үзэгдэх хүрээндээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт нь энэхүү дүрэмд заасан хурдны хязгаараас дотогш хурдтай явахыг ойлгохоор байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх дүрмийг зөрчсөн хэмээн үзсэн. Гэтэл техникийн шинжээч Н.Шинэбаатар уг дүрмийг зөрчсөн гэж үзээгүй учир нь шүүх хуралдааны мэтгэлцээнд би жолоочийн нүд гялбасан эсэхийг мэдэх ямар ч боломжгүй тухайн жолооч л нүд гялбасан эсэхээ мэднэ жолоочийн суудал дээр сууж явж байгаагүйгээс тогтоох ямар ч боломжгүй гэсэн байхад шүүгч яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүгдэгчийн эсрэг ашиглаж нотлох баримтаар дүгнэсэн. Шүүгдэгч шүүх хуралдаанд гэрлийн гялбаанд ороогүй хэмээн мэдүүлсэн.

Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4-р хавсралтын 5.3-т заасан гэрэл асахгүй бүдэг асдаг болсон гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч уг дүрмийн заалтууд нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй болохыг техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа зэргээс харахад жолооч Д.Х Замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөнөө мэдэх ямар ч боломжгүй. Яалт ч үгүй Д.Хгийн машинд 2 хүн мөргөгдөж амь хохирсон тухайн үед эмнэлэг, цагдаагийн байгууллагад өөрийнхөө утсаар дуудлага өгч хэргийн газраас зугтаагүй хүн дайрснаа хүлээн зөвшөөрч цагдаа эмнэлэг ирэхэд хэргийн газартаа байсан. Шүүх хуралдааны явцад шүүгчийн буруутгасан Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн 4.2-т заасан зүйл ангитай маргаагүй, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэх гэм бурууг эргэлзээгүй тогтоолгохоор саналтай орсон. Хэргийг цагаатгах, гэм буруугүй хэрэгсэхгүй болгох байр сууринаас хэрэгт оролцоогүй байхад гэм буруугаа хүлээгээгүй, Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3-д заасныг хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо илт зөрүүтэй байхад шүүгдэгч өөрийгөө замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчснөө мэдэх ямар ч бололцоогүй байна.

Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 065124 дүгээр дүгнэлтэд баруун талын холын гэрлийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байгаа эвдрэл, гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтлүүд байна, зүүн гар талын гэрлийн тусгал ойр дээрээ 10000 кандель, баруун талын гэрлийн тусгал 0 кандель байна гэж дүгнэсэн бөгөөд баруун талын холын гэрэл ослын үед тохиргоо алдагдаж эвдэрч гэснийг дүгнэлтэд дурдсан бөгөөд осол болоход үүссэн гэмтэл болохыг тогтоосон. Шинжээч Б.Зулын мэдүүлэгт ч ослын үед зүүн гэрэл хагарсан хол ойрын гэрэл асахгүй, хагарсан байдалтай байсан, Энэ нь одоо тоног төхөөрөмжөөс мэдээлэл авч 0 гэсэн утгыг зааж илэрхийлдэг гэсэн байдаг. Энэ утгаараа хагарсан гэрэл угаасаа асахгүй учраас 0 канделийг нь заах нь ойлгомжтой. Энэ бүгдийг үзээд дүгнээд дүрмийн заалт зөрчсөн эсэхийг дүгнэдэг техникийн шинжээч уг эвдрэл гэмтэл техник оношлогоогоор гаргасан дүгнэлтүүд нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй гэдгийг тогтоон дүгнэсэн.

Явган зорчигч нар маш их хэмжээгээр согтуурсан үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн нь техникийн шинжээч, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоогддог.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хохирогч нарын өмгөөлөгч нар хохирогч нарт нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлдэг боловч Д.Х нь талийгаач нарыг нас барсны дараахан нь хохирогчийн ар гэрийнхэнд нь тус бүр 500.000 төгрөг төлсөн, гэм буруугийн хурлын дараа 5 хоногийн завсарлага авч амь хохирогч Т.Ганболдын хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу 8.522.000 төгрөг төлсөн. Амь хохирогч Б.Болдбаатарын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгионд 15.307.720 төгрөгийг Д.Хгийн эхнэр эрүүгийн хариуцлагын хурал эхлэхийн өмнө Б.Мөнгөндолгоионы хэлсэн данс руу шилжүүлсэн.

Иймд дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхийг хүсэж байгаа бөгөөд Д.Х болон өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруу дээр маргах зүйл байхгүй бөгөөд хохирлоо төлж барагдуулсан, цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 -д заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг журамлан хэргийг хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгионы өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Мөнгөндолгион бага насны 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Осол гарах үед Б.Мөнгөндолгион жирэмсэн, том гэдэстэй байсан. Гэтэл Д.Х болон түүний өмгөөлөгч, мөрдөгч нар “энэ хүүхэд чинь талийгаачийн хүүхэд мөн юм уу” гэх байдлаар хандаж, Б.Мөнгөндолгионы сэтгэл зүйд янз бүрээр нөлөөлж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаанд 15.000.000 төгрөг төлсөн байсан гэдэг бол худал. Д.Х нь гэм буруу дээр огт гэмшдэггүй, уучлалт гуйж байгаагүй. Хор уршиг арилаагүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Хүний амь нас хохирч юугаар ч сольшгүй хор уршиг учирсан байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн хэрэг хувийн байдалд тохирсон. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгио тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Бага хүүхдээ төрүүлээд гурван сар болж байна. 3 сараас 11 насны гурван хүүхэдтэй. Бид гэр бүлийн баталгаагүй, 13 жил хамт амьдарсан. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ганболдын эхнэр бөгөөд 1994 онд гэр бүл болсон. 13-15 насны хоёр хүүхэдтэй. Би хөгжлийн бэрхшээлтэй тул талийгаач ар гэрээ тэжээж авч явдаг байсан. Би шүүгдэгчийг нэг ч удаа “миний буруу” гээд уучлалт гуйгаагүйд үнэхээр их гомдолтой байгаа. Анхан шатны шүүхээс тохирсон ял шийтгэл оногдуулсан, ялыг хүлээн зөвшөөрч байсан учраас дуугүй явж байсан. Гэтэл одоо “ял хөнгөлөөд өгөөч” гээд явж байна. Д.Х бидэнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Наsi /Д.Х/ нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний шөнийн 22 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт “Их хүрд” ХХК-ийн баруун урд талын замд “Тоёота эстима” маркийн 87-49 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болдбаатар, Т.Ганболд нарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэгийн “...2019 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 22 цаг 40 минутын үед хамт ажиллаж байсан талийгаач Болдбаатарын эгч Уранбилэг утсаар залгаж “Ганболд, Болдбаатар хоёр машинд мөргүүлээд сая нас барчихлаа” гэж хэлсэн. ...” /1 хх 34-35/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгиогийн “...2019 оны 8 дугаар сарын 31-ний 22-23 цагийн үед болсон зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй. Талийгаачийн эгчийн охин орж ирж “эгчээ ах машинд дайруулчихлаа” гэсэн. Тэгээд очиход нас барсан байсан. ...” /1 хх 71-72/,

гэрч Li Peinquing /Ли Пэй Чинь/-н “...Орой Наsi-ийн машинд дайгдаад өөрийнхөө үйлдвэр дээр очихоор явж байсан. Гараад удаагүй явж байтал түс тас хийсэн чимээ гарсан. Тэгээд жолоочийн хамт машинаас буусан чинь хүн дайрчихсан харагдсан. Жолооч цагдаа болон эмнэлэг дуудсан гэж хэлсэн. 60 км/цаг-ийн хурдтай явж байсан, яаруу яваагүй. Осол гарах үед машиныг Наsi жолоодож явсан. Харагдах орчин муу байсан. Хажуугаар том машин өнгөрсөн. Тэр машины гэрлийн гялбаанд орсон. ...” /1 хх 100/,

Наsi /Д.Х/-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн зам нь газрын уруу, бас бага зэргийн эргэлттэй зам байхаар нь хурдаа Хд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал гэнэт түс тас хийгээд явсан. Явж байсан эгнээндээ зогсоод буугаад харсан чинь хоёр хүн дайрсан байсан. Утсаа аваад 102, 103 дуудсан. Хөдөлгөөн их, зам хуурай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан. Кабиндаа хоёулаа явж байсан. Би 60 км/цаг-ийн хурдтай явж байсан. Мөргүүлсэн хоёр хүн харагдаагүй. Би архи уугаагүй, эрүүл явсан. Машины зүүн урд хэсгээрээ хүчтэй мөргөсөн. Өөдөөс эсрэг урсгалд том машин зөрсөн, түүний гялбаанд орсон. Осол миний буруугаас болоогүй, харин явган зорчигч нар согтуу, гарцгүй газраар гэнэт гарч ирж мөргүүлсэн. Тэр үед бас давхардаад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан машины гэрлийн гялбаанд орсон. ...” /1 хх 166-167/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Т.Ганболдын цогцост гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины баруун дух, зулай, чамархай, чамархайн суурь, дагз хэсэг, зүүн чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 1 дүгээр нугаламын мултрал, гавал яс аман хүзүүний суурийн холбоосын урагдал, тасрал, өвчүү ясны хугарал, баруун шилбэ, шаант ясны ил хугарал, зүүн уушгины цусархаг няцрал, баруун бөөрний дээд булчирхайн цус харвалт, баруун бөөрний гадна капсулын цус харвалт, дух, баруун хацар, цээж, хэвлий, баруун ташаа, зүүн ташаа, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, баруун өгзөгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...авто ослын үед босоо байрлалтай үед илүүтэй үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...Талийгаачийн цусанд 3,3%, ходоодны шингэнд 4,0% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна. ...” /1 хх 124-125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Б.Болдбаатарын цогцост гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл буюу гавлын суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун эгэм ясны хугарал, баруун 1,4,5,6-р хавирганы хоёрлосон, баруун 2,3-р хавирганы гурвалсан хугарал, баруун уушгины цусархаг няцрал, элэгний язрал, дух, баруун шанаа, баруун хацар, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн тохой, зүүн шуу, бүсэлхий, зүүн ташаа, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн сарвуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...авто ослын үед босоо байрлалтай үед илүүтэй үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...Талийгаачийн цусанд 3,6%, ходоодны шингэнд 7,2% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна. ...” /1 хх 129-130/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Зүүн гар талын гэрлийн тусгал ойр дээрээ 10000 кандель, хол дээрээ 0 кандель, ойр дээрээ 0 кандель, хол дээрээ 0 кандель /стандарт нь 10000 кандель/. “Тоёота эстима” маркийн 87-49 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд копут зүүн гар тал нь нугаларч, гажсан, урд их гэрлийн зүүн гар тал хагарсан, урд буферийн зүүн гар тал хагарч, цуурсан, зүүн гар талын урд крыло нугаларч, будаг нь халцарсан, урд салхины шил зүүн гар тал гаднаас дотогшоо чигт хагарч, цөмөрсөн, улсын дугаарын гэрлийн зүүн тал асахгүй, мөн баруун гар талын холын гэрлийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна. Уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлүүд нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй, улсын дугаарын гэрлийн зүүн тал асахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн байна. Уг тээврийн хэрэгслийн урд копут зүүн гар тал нугаларч, гажсан, урд их гэрлийн зүүн гар тал хагарсан, урд буферийн зүүн гар тал хагарч, цуурсан, зүүн гар талын урд крыло нугаларч, будаг нь халцарсан, урд салхины шил зүүн гар тал гаднаас дотогшоо чигт хагарч, цөмөрсөн, мөн баруун гар талын холын гэрлийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байгаа эвдрэл, гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ эвдрэл, гэмтлүүд байна. Уг тээврийн хэрэгслийн тоормос шингэн дамжуулгат, цахилгаан, АВS системтэй. Жолоодлого хийж болон тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд тоормоз стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийн тоормоз ...гишгэх үед зам дээр тоормозны мөр тасалдах байдлаар үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр нь ажиллаж байна. Хэрэв ажиллахгүй тохиолдолд жолооч хурдаа хянах боломжгүй болно. ...” /1 хх 136-139/,

шинжээч Б.Зулын “...Бид гурав тус тусдаа үзэж байгаад сүүлд нь нэгтгэж хоорондоо ярилцан дүгнэлтийг үндэслэн маргаан байхгүйгээр гаргасан. Кандель гэдэг бол гэрлийн хүчин чадлыг хэмждэг нэгжийн нэршил юм. Ослын үед зүүн их гэрэл хагарсан, хол ойрын гэрэл асахгүй, хол ойрын гэрэл хагарсан байдалтай байсан. Энэ нь одоо тоног төхөөрөмжөөс мэдээлэл авч дүгнэлтийн хуудсан дээр 0 гэсэн утгыг зааж илэрхийлдэг. Тодорхой хэмжээний гэрэл асаж байсан бол 1-10000 буюу түүнээс дээш нэгжээр гэрлийн мэдээлэл илэрхийлэгддэг. Баруун талын их гэрэл нь хол, ойр дээрээ тусгалын хүчин чадал нь хүрэхгүй, дотор талын цайр нь бохирдож гэрэлтүүлэх чадваргүй болсон. Эдгээр гэмтлүүд нь үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө. ...” /1 хх 156/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “Тоёота эстима” маркийн 87-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Наsi /Д.Х/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч талийгаач Б.Болдбаатар, Т.Ганболд нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ...” /1 хх 145-146/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “…“Тоёота эстима” маркийн 87-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Наsi /Д.Х/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч талийгаач Б.Болдбаатар, Т.Ганболд нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 9 дүгээр  сарын 10-ны өдрийн 065124 дугаартай дүгнэлтэд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй гэж гаргасан байна. “Тоёота эстима” маркийн 87-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь 12.3-т заасныг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Д.Х, Ли Пэй Чинь нар нь осол хэрэг болохоос өмнө өөдөөс ирж яваа автомашины гэрлийн гялбаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. ...” /1 хх 151-152/ гэх дүгнэлтүүд,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1 хх 11, 8-25/, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 2/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 22-25, 26-29/ зэрэг хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Наsi /Д.Х/-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 2 хүний амь нас хохироосон хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Наsi /Д.Х/-ийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дэх заалтад заасан шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Наsi /Д.Х/-ийн “...оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,  шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамцын “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 -д заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг журамлан хэргийг хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Гэтэл шүүгдэгч Наsi /Д.Х/-ийн хувьд гэм буруугаа хүлээж буй байдлын дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Наsi /Д.Х/ нь мөрдөн шалгах явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаж байсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ“...гэмт хэргийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар...”-ыг харгалзан үзэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал юм.

Энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчдийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг зохих хэмжээгээр харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэг, Б.Мөнгөндолгио нарын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хүний амь нас хохирсон хэргийн хохирол, хор уршиг арилаагүй талаар тайлбар гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Наsi /Д.Х/ нь хохирогч нас барснаас учирсан гэм хор болох оршуулгатай холбогдсон зардлыг төлж барагдуулсан, зам тээврийн осол гарахад хохирогч нарын буруутай үйлдэл байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, 2 хүний амь нас хохирсон зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Наsi /Д.Х/-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгио амь хохирогч Б.Болдбаатар нар гэр бүлийн байдлаа зохих байгууллагад бүртгүүлээгүй, гэрлэлтийн баталгаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан Б.Идэржавхлан, М.Жавхлантөгс  нарын төрсний гэрчилгээ /1 хх 77, 78/, гэрч Э.Батнасан, Ш.Цацрал /1 хх 89, 92/ нарын мэдүүлгээс дүгнэвэл тэд хамтран амьдарч байсан, хүүхдүүдийнхээ эцэг, эх болох нь тогтоогдож байна.

Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Наsi /Д.Х/-аас 15.307.720 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөндолгиод олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзвэл шүүгдэгч Наsi /Д.Х/ давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 15.600.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х /Hasi/, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н /Д.Х/, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ