Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00006

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00006

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/02138 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-, Ө-т тус тус холбогдох,

 

3 751 908 866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээний үүрэгт 595 640 500 төгрөг гаргуулах тухай Ө-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Ганбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, Э.Сугар-Эрдэнэ

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэмөнх, Э.Амгаланбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С- ХХК нь 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ө- газартай 04 тоот Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ, 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 58 тоот Урт цагааны ахуйн үйлчилгээний төвийн барилгын 2, 3 дугаар блокийг түрээслэх тухай гэрээг тус тус байгуулсан байдаг. С- ХХК-ийн ерөнхий захирлын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3 тоот Хөрөнгө оруулалтыг шилжүүлэх тухай тушаалаар Урт цагааны барилгад оруулсан хөрөнгийг *** ХХК-ийн балансад шилжүүлэн, Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн бүх хөрөнгө оруулалт, уг барилгад холбогдох эрх, үүргийг *** ХХК-д тус тус шилжүүлсэн.

1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн 2, 3-р блокийг хариуцагч нараас *** ХХК-д акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Энэ үед уг барилга нь шууд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, нурж унахад бэлэн болсон байсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нараас зохих хөрөнгө оруулалт хийж зохих засварын ажил хийсний дараа танайх түрээсийн үйл ажиллагаагаа явуулж болох бөгөөд Н-лаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг хувьчлах үед нэхэмжлэгч талд тэргүүн ээлжид хувьчлалын асуудлыг шийдэж өгнө гэсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулагдсан.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажилдаа орж 2, 3 дугаар блокод барилгын их засвар хийх зураг төслийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж, 3 дугаар блокийн засварын ажлыг 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 25 тоот акт үйлдэн Ө-т хүлээлгэж өгсөн. Урт цагаан ахуйн үйлчилгээний төв нь 1959-1960 оны үед баригдсан, нэлээдгүй насжилт ихтэй барилга байсан бөгөөд нэхэмжлэгчийн 2000, 2001 онд хийсэн засвар үйлчилгээний үр дүнд өнөөдөр шинэ барилга, орчин үеийн барилгын хэмжээнд хийгдсэн арматур болоод бетон хийцлэл нь бүгд шинэ, ашиглалтын хугацааг шинээр тооцож явах ёстой барилгын хэмжээнд хүрсэн ба 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр техникийн шинжээч нар дүгнэлт гаргаж уг барилга байгууламж нь үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой, бүрэн шинэчлэгдсэн гэдгийг актаар баталгаажуулсан. 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө оруулалт хийгээд засварын ажлыг хийж гүйцэтгэснээс хойш 2 жилийн дараа Ө-аас *** ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бүрэн хүлээн зөвшөөрч 24 тоот Хөрөнгө оруулалтын гэрчилгээ-г олгосон.

Н-лаас *** ХХК-д мэдэгдэлгүйгээр 2007 оны 12 сард өмч хувьчлах тухай тогтоол гаргаж, Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн барилгыг хувьчлахаар шийдвэрлэснийг Төрийн өмчийн хорооноос 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 91 тоот тогтоолоор баталгаажуулж, өмч хувьчлал явуулах эрхийг нь өмчлөгчид олгож, зөвшөөрсөн байдаг. Гэтэл энэ тогтоол шийдвэрийг Н-, Ө-аас *** ХХК-д мэдэгдэлгүй нуун дарагдуулж явсаар байгаад дараа нь Н-лаас хүчингүй болгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор *** ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эдгээр үйл баримтыг дурдвал *** ХХК нь уг барилгыг анхнаасаа хувьчилж авах, санаа зорилготойгоор хөрөнгө оруулалт хийж, засвар үйлчилгээг явуулсан, үүний дараагаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж нийтдээ 6 удаа шинэчлэгдэн, хамгийн сүүлд 2008 онд сүүлийн түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2013 онд *** ХХК-ийг Урт цагаан ахуйн үйлчилгээний барилгын 2, 3 дугаар блокийн хууль ёсны эзэмшигч мөн гэдгийг тогтоосон бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

*** ХХК нь уг байрыг 2012 онд Лэндс ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд *** ХХК-ийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нь 87.43 хувь, хариуцагч талынх нь 12.57 хувь байгааг шинжээчийн дүгнэлтээр удаа дараа тогтоож өгсөн.

Н-, Ө-т нэхэмжлэгчийн зүгээс хувьчлах болоод хөрөнгө оруулалтыг буцаан авахтай холбоотой асуудлуудыг удаа дараа тавьж байсан боловч шийддэггүй. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийх гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа бөгөөд 2017 оны 6 сард ... та бүхэн түрээсийн төлбөрийн асуудлыг шийдчихвэл бид танай оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж болох юм... гэсэн агуулгатай бичиг өгсөн байдаг.

Энэ бүх нотлох баримтуудаас харахад *** ХХК нь 20-иод жилийн өмнө оруулсан хөрөнгө оруулалт, өнөөгийн барилгын бодит үнэ цэнийн хэмжээ барилгын бодит үнийн хэмжээг гаргуулж, хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоосон. Анх шүүхэд гаргасан 3 065 000 932 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Гэрэгэ эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэмэгдүүлж, нийт 3 751 908 866 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Манай нэхэмжлэлийн шаардлага Н-д хамаарч байгаа учраас Ө-т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг бид хүлээн зөвшөөрч байна.

Бид 2010 оны шүүхийн шийдвэр, магадлалыг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учраас маргах зүйл байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр, түрээсийн гэрээг баримтлаад 595 640 500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас манай төлсөн байгаа 50 716 755 төгрөгийг хасаад нийт түрээсийн төлбөр болох 2013 оноос хойшхи төлбөрт 527 970 445 төгрөгийг төлөхөд татгалзалгүй, сүүлд нэмэгдүүлсэн 17 000 000 төгрөгийг төлөхгүй.Учир нь 2018 оны 11 сарын төлбөр орсон байгаа нь зөрчилтэй, он сар нь тодорхойгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ө-ын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урт цагаан гэх үйлчилгээний төвийн 12 барилга нь Нийслэлийн хамгийн том өмчүүдийн нэг бөгөөд уг өмч нь 1999 оны Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолоор Нийслэлийн өмчид 9 900 000 төгрөгийн үнэлгээтэй анх шилжиж ирсэн.

*** ХХК-ийн хувьд 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4 тоот Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ байгаа, энэ нь анхны албан ёсны эрх зүйн акт бөгөөд үүний дараа 1998 оны 7 сараас эхлээд түрээсийн гэрээ байгуулж эхэлсэн. С- ХХК-тай анх түрээсийн гэрээ байгуулагдаж ирсэн, дээр дурдсан хөрөнгө оруулалтын гэрээ ч гэсэн тус компанитай байгуулагдсан. Үүний дараа 2008 он хүртэл түрээсийн гэрээтэй ажиллаж, түрээсийн төлбөрийг зохих журмын дагуу төлбөрийг төлж ирсэн байдаг.

Гэрээний дагуу хөрөнгө оруулалтыг баталгаажуулахдаа 477 304 107 төгрөгөөр баталгаажуулсан, энд ямар нэгэн маргаан үүсдэггүй, тухайн үеийн С- ХХК нь 2, 3 дугаар блокод өөрсдөө түрээслэн ажил үйлчилгээ явуулахын тулд дээрх хөрөнгийг оруулсан гэдгийг баталгаажуулсан баримт байгаа юм.

Талуудын байгуулсан 4 тоот гэрээнд хөрөнгө оруулалтыг буцаан олгох заалт огт байхгүй. Харин гэрээний 3.8-д С- ХХК нь 2, 3 дугаар блокийг ашиглалтад орсон өдрөөс эхлээд түрээсийн төлбөрийг төлөх болно л гэсэн заалттай байгаа. С- ХХК нь 1998-2007 он хүртэл түрээсийн гэрээтэй, түрээсийн төлбөрөө төлж ирсэн, энд маргаангүй зохих журмын дагуу ашиглаад түрээсийн төлбөрөө төлөөд ирсэн. Түүнээс түрээслүүлэгч нь ямар нэгэн санхүүжилт оруулах төлбөрийг буцаан олгох тухай заалт байхгүй бөгөөд түрээслэгч нь өөрийн эзэмшиж буй байшиндаа засвар үйлчилгээ хийж Худалдааны гудамж 5 төсөлтэй уялдуулан шинэчлэн засварлаж, засан тохижуулахаар хөрөнгө оруулалтын 4 тоот гэрээг байгуулсан болохоос Ө-, Н-лаас санхүүжилт нэмж олгоно, оруулсан хөрөнгийн буцаан олголт хийнэ гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Хөрөнгө оруулалтын журам гээд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 523 тоот захирамжаар батлагдсан журмын 2.11, 2.14-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль нэг талаас гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар цуцална гэсэн ойлголт байхгүй байгаа. Нэхэмжлэгч тал өөрөө энэ байрыг орхиод явлаа эзэмшихгүй гэж байгаа нөхцөлд бид ямар нэгэн хөрөнгө оруулалтыг буцааж тооцох үндэслэлгүй, хариуцагч нарын зүгээс гэрээг цуцалж, байрыг чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй. 1998 оноос хойш 20 жил эзэмшиж, ашиглаж ирсэн *** ХХК нь Монгол улсын дэд бүтцийн яам, төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламжийг гэрээ түрээсээр эзэмших хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас оруулсан хөрөнгө оруулалтыг тооцож, үнэлэх элэгдлийг тодорхойлох тухай зөвлөмж, Ө-ын даргын тушаал байдаг учраас оруулсан хөрөнгө оруулалтад элэгдэл, хорогдлын асуудал зайлшгүй яригдах ёстой.

2017 оны жилийн эцсийн балансын үнэлгээгээр тухайн 12 блок барилга нь 4 612 876 552 төгрөгийн бүртгэлийн үнэтэй, энэ бол одоогийн ханш нь юм. Шүүх дээр ирээд 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, урьдах Лэндс ХХК нь шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэг дээр гаргаагүй учраас энд дурдах шаардлагагүй нотлох баримтаар ч авагдах ёсгүй.

Тэнгэрийн гэрэл ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг 2 010 683 000 төгрөгөөр, хоёр дахь үнэлгээгээр 3 318 430 730 төгрөг гэж үнэлсэн байдаг. Энэ хоёр үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2 үнэлгээг хийхэд хоёулаа зөвхөн 2, 3 дугаар блок буюу *** ХХК-ийн хөрөнгө оруулалтыг л үнэлсэн. Гэтэл энэ хоёр үнэлгээ нь дээр тухайн үеийн 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалтыг үнэлчихээд Нийслэлийн хөрөнгийг огт үнэлэхгүй, *** ХХК-ийн эзэмшиж байгаа нь 1,089 м.кв газрын үнэлгээ орох ёстой байхад оруулаагүй.

Ер нь засан сайжруулалт мөн үү гэдэгт бид маргана, хөрөнгө оруулалт мөн үү гэвэл мөн. Гэхдээ Нийслэлийн өмчид оруулсан 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг л баталгаажуулсан нь тэр чигээрээ засан сайжруулалт хийсэн гэсэн үг биш. Энэ бол гэрээний эрх зүй, гэрээгээр анх хөрөнгө оруулалт хийгдэж, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 480 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаар магадлалаар *** ХХК-иас 2009-2012 оныг дуусталх түрээсийн төлбөрт 417,741,992 төгрөгийг гаргуулж Ө-т олгохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл уг шийдвэрийг биелүүлээгүй.

*** ХХК нь улсын өмчийг дур мэдэн ашиглаж, дүрэм журмын дагуу түрээсийн төлбөр төлөхгүй байгаа учраас тус компаниас Нийслэлийн өмчийн Урт цагаан үйлчилгээний төвийн 1089 м.кв талбай бүхий барилгын байрыг ашиглаж, эзэмшсэн түрээсийн төлбөрт 2013 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт нийт 595 640 500 төгрөгийг төлөөгүй байна. Иймд *** ХХК-иас түрээсийн төлбөр 595 640 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н-лын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө-ын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа. Анх 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 58 тоот түрээсийн гэрээний зохицуулалтаар ямар нэг байдлаар санхүүжилт оруулсан төлбөрийг буцаан олгох талаар тусгасан зүйл заалт байхгүй.

Урт цагааны нийт 12 блокийн барилгын нийт үнэлгээ нь 4,6 тэрбум төгрөг буюу тус нэхэмжилж байгаа дүнгээс бага байдаг. Мөн энд нэг үл ойлгогдох зүйл байгаа. Хэрэв талуудаас оруулсан хөрөнгө оруулалтын дүн түүнд ногдох хэмжээ гэдэг байдлаар нэхэмжилж байгаа бол өмчийн эзэн буюу Н- тус 2, 3 дугаар блокийг 1998 оноос хойш өнөөг хүртэл ашигласан ашиг орлоготой холбоотой хөрөнгө оруулалтын талыг авах ёстой.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д хариуцагч Н-лаас 2 010 683 200 төгрөгийг гаргуулан *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 741 225 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь Ө-т холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг дагуу *** ХХК-д холбогдох түрээсийн төлбөрт 595 640 500 төгрөг гаргуулахыг хүссэн Ө-ын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 075 960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-лаас 10 211 366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгч *** ХХК-иас 2 360 319 төгрөг, хариуцагч Н-лаас 2 405 119 төгрөгийг тус тус гаргуулан Тэнгэрийн гэрэл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл болон тайлбарт дурдсан үйл баримтыг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Ашиглах боломжгүй болсон барилгад "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ"-ний дагуу нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийсэн, хийсэн хөрөнгө оруулалт болон барилгын их засварын ажлыг Түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх тухай 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 20 тоот акт, "Түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх 25 дугаартай акт, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2001 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 139 тоот техникийн дүгнэлт, Өмчийн харилцааны газраас хөрөнгө оруулалтыг баталгаажуулж 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 24 тоот "Хөрөнгө оруулагчийн гэрчилгээ" зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

Ц.Сэржээгийн гаргасан үнэлгээний тайланг нэг бүрчлэн үзвэл уг үнийн дүн нь зөвхөн өртгийн хандлагаар гаргасан болохыг маш тодорхой харж болно. Учир нь үнэлгээний тайлангын 26 дугаар хуудсанд өртгийн, зах зээлийн, орлогын гэсэн гурван хандлагын үнэлгээг гаргасан байх боловч дүгнэлт хэсэгтээ зөвхөн өртгийн хандлагын үнэлгээ болох 2 010 683 200 төгрөгийг авч хэрэглэсэн байдаг. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл, Үнэлгээний Олон Улсын стандарт /2017/-ын 105-н 60.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн.

Тэнгэрийн гэрэл ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэлслэн Гэрэгэ эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлэгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг мөрдлөгө болгон Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 4 291 328 910 гэж тогтоож үүнээс *** ХХК-д ногдох хэсэг нь 3 751 908 866 төгрөг болохыг маш тодорхой тогтоож өгсөн. Ийнхүү хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлогдож байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 741 225 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

"***" ХХК-ны санхүүжилт, хөрөнгө оруулалтаар бий болгосон баялаг, эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нийт үнэ цэнийг тооцохдоо хөрөнгийн үнэлгээний аргуудыг хослуулан тодорхойлсон, хуулийн болон олон улсын ба ундэсний стандартыг дагаж мөрдсөн "Гэрэгэ эстимэйт" ХХК-ны шинжээчийн дүгнэлтийг баримтлан Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээ, зохицуулалтыг хэрэгжүүлж, анхан шатны шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н-лын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4 тоот гэрээг шүүхээс дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг 4 тоот гэрээ нь "Хөрөнгө оруулалт хийлгэх тухай" гээд шууд нэрлэсэн утга агуулга нь тодорхой байхад нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

Шүүх Н-лыг уг объектыг хувьчлах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна гэж буруутгаж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагад хувьчлах асуудлыг шаардаагүй болно.

*** ХХК нь шүүх хуралдаанд гэрээг цуцалж байна гэж мэдүүлсээр байхад шүүх гэрээнээс татгалзсан гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар батлагдсан " Нийслэлийн Өмчийн үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг олгох, хянаж баталгаажуулах, бүртгэх түр журам"-ын 2.14-д Хөрөнгө оруулагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж эзэмшигч түрээсийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр тооцож өгөхгүй байх эрхтэй гэж заасан.Мөн уг журамд хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнээр буцаан олголт хийх заалт байхгүй.

Уг барилга байгууламжид шүүхээс 2 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч 2 дүгнэлт нь хоорондоо үлэмж хэмжээний зөрүүтэй байхад шүүх дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь заалтад нийцээгүй.

*** ХХК нь нийслэлийн барилга байгууламжинд сүүлийн 10 жил ямар ч түрээсийн төлбөр төлөхгүй 18 жил зөвхөн өөрийн компаний эзэмшилд ашиглаж ирснийг тооцохгүйгээр Уг хөрөнгө оруулалтанд элэгдэл хорогдол тооцох журмыг хэрэглэлгүйгээр 20-оод жил эзэмшсэний эцэст зах зээлийн үнээр төлбөр тооцсон нь үндэслэлгүй.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ө-аас татгалзсан нөхцөлд Н-лын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэмэлт нотлох баримт гаргах, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах санал гаргах боломж олгохгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Н-, Ө-т тус тус холбогдуулан 3 751 908 866 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ө- нь *** ХХК-аас 2013 оны 4 дүгээр сараас 2018 оны 11 сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 595 640 500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ө-т холбогдох шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзаж, 3 751 908 866 төгрөгийг Н-лаас гаргуулах тухай тайлбарыг гаргаж, хариуцагч Ө-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь *** ХХК нь Ө-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулж хариуцагч Ө-ын *** ХХК-д холбогдох түрээсийн төлбөрт 595 640 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг энэ удаа шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй тул шийдвэрийн энэ хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын хүрээнд хэвээр үлдээлээ.

 

Ө- газар /тухайн үеийн нэршлээр/ болон С- ХХК-ийн хооронд 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ-г байгуулж, С- ХХК нь төрийн өмчийн, Чингэлтэй дүүрэг Худалдааны гудамжинд байрлах Урт цагаан үйлчилгээний төвийн Б, В корпусыг шинэчлэн засварлаж, тохижуулан орчин үеийн шаардлагад нийцсэн тохижилт үйлчилгээтэй бар, ресторан болгон өөрчлөх үүрэгтэй, их засварын ажилд зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөгдөх хүртэл хугацаанд барилгыг эзэмшиж, түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /1 хх, 7-8 дах тал/

 

С- ХХК нь 2000 оны 05 дугаар сарын 29, 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх акт-ын дагуу ажлыг Ө-т хүлээлгэн өгсөн ба засварын зардлыг 2000 онд 113 569 682 төгрөг, 2001 онд 363 734 425 төгрөгөөр талууд тодорхойлж хүлээлгэн өгчээ. /1хх, 9-10, 38-41 дах тал/ Улмаар Өмчийн харилцааны газрын дарга, комиссын даргаас С- ХХК /*** ХХК/-д 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөрөнгө оруулалтын 24 тоот гэрчилгээг олгосон ба уг гэрчилгээнд уг гэрчилгээнд хөрөнгө оруулалтын үнийн дүнг 477 304 107 төгрөгөөр тодорхойлсон байна. /1 хх 11 дэх тал/

 

Талуудын гэрээний 2.6-д үйлчилгээний төвийн барилга хувьчлагдах тохиолдолд Б тал буюу С- ХХК-аас оруулсан хөрөнгийн хэмжээ, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанар, явуулж буй үйл ажиллагааны цар хэмжээ, ирээдүйг харгалзан үзэж тэргүүн ээлжинд худалдан авахад нь туслалцаа үзүүлэх үүргийг Өмчийн харилцааны газар хүлээсэн. Уг болзол хангагдаагүй талаар талууд маргаангүй. Энэхүү нөхцөл байдал Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 480 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаар магадлалаар тогтоогдсон. Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад гэрээний зүйл орсон боловч хувьчлагдаагүй./1хх 117-123 дах тал/

 

С- ХХК-ийн ерөнхий захирлын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3 тоот тушаалаар тус компанийн 2004 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд тусгасан Урт цагааны барилгад оруулсан хөрөнгийг *** ХХКийн балансад шилжүүлсэн тул *** ХХК нь 1998 онд байгуулагдсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. /1хх 129 дэх тал/ С- ХХК нь энэхүү шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар *** ХХК-д шилжүүлсэн гэж үзнэ.

 

Ө- болон *** ХХК-ийн хооронд 2008 оны 03 дугаар сараас эхлэн түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээ хүчин төгөлдөр, гэрээний үүрэг болох түрээсийн төлбөрийг *** ХХК нь төлөх үүрэгтэй, маргааны зүйл буюу хөрөнгө оруулалт хийсэн барилгыг дундаа хэсгээр өмчлөх эрх хариуцагчид үүсээгүй талаархи үйл баримт Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 480 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаар магадлалаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. /1 хх, 47-83, 155-166 дах тал/

 

Иймд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар анхан шатны шүүхээс Өмчийн газар болон С- ХХК-ийн хооронд 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээдундын өмчлөл үүсгэх зорилгогүй байсан гэж дахин дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Талуудын хооронд нэг талаас хөрөнгө оруулалт хийх, нөгөө талаас гэрээний зүйлийг хувьчлагдах тохиолдолд хөрөнгө оруулалтыг харгалзан үзэж тэргүүн ээлжид худалдан авах эрх олгохоор тохиролцсон зэрэг гэрээний агуулгыг авч үзвэл түрээслэгч талаас гэрээний зүйлийг засан сайжруулахыг түрээслүүлэгч буюу хариуцагч Ө- зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

  Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4 дэх хэсэгт Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нөхцөлд уг барилгын их завсарын ажилд зарцуулсан хөрөнгийг эргүүлж төлөгдөх хугацаанд барилгыг эзэмших Б талын эрхийг хөндөхгүй байх үүрэг хүлээнэ, 2.5 дахь хэсэгт Гэрээнд оролцогч талуудаас хамааралгүйгээр, хуульд заасан бусад зайлшгүй шалтгаанаар уг барилгыг 2.4-д дурьдсан хугацаанаас өмнө буцаан авахад хүрвэл их засварт гарсан зардлын төлөгдөөгүй үлдэгдлийг төлж Б талыг хохиролгүй болгоно гэж заасан тохиролцооны агуулгаас дүгнэвэл барилгын их засварын ажилд зарцуулсан хөрөнгийг хөрөнгө оруулагч тал эргүүлэн авах эрхтэй байх ба гэрээний зүйл болсон барилгын хэсэг нь хувьчлагдаагүй, гэрээ байгуулснаас хойш 19 жил, их засварын хийж хүлээлгэж өгсөн 2001 оноос хойш 16 жил өнгөрсөн, уг барилгын хэсэг хувьчлагдах эсэх нь тодорхойгүй болжээ. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж... зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий барилгад оруулсан хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан Лэндс ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэн нэхэмжлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон Тэнгэрийн гэрэл ХХК-ийн үнэлгээг үндэслэж хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн газраас 2 010 683 200 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэжээ.

 

Лэндс ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгохоос татгалзсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй. Гэвч уг үнэлгээг хариуцагч тайлбарынхаа үндэслэл болгоогүй тул талуудын мэтгэлцэх зарчмыг үндэслэн шүүхээс уг үнэлгээнд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Тэнгэрийн гэрэл ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалтын үнэлгээг зардлын хандлагын аргаар үнэлж 2 010 683 200 төгрөгөөр тодорхойлсон бол Гэрэгэ эстимэйт ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан үнэлгээг зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тооцож 3 418 431 730 төгрөгөөр тодорхойлжээ. /2хх 165-216 дах тал, 3 хх 1-43 дах тал/ Тэнгэрийн гэрэл ХХК болон Гэрэгэ эстимэйт ХХК тус бүр үнэлгээ гаргахдаа зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргад тулгуурласан боловч хооронд нь харьцуулахад эрс зөрүүтэй байна. Анхан шатны шүүх Тэнгэрийн гэрэл ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгосон шалтгаанаа хангалттай тайлбарлаагүй байна. Харин Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдлыг дүгнэлт хийхдээ Дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтийг 2000-2017 оны байдлаар, ажилгүйдлийн хувь, инфляцийн хувь, зээлийн хүү, худалдааны тэнцэл, ДНБ-д эзлэх засгийн газрын өр зэргийг үзүүлэлт болгож хувь хэмжээг тодорхойлж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн байдлыг 2004-2015 оны байдлаар судалж, үнэлэгдэж буй эд хөрөнгийн байршил, давуу болон сул талын талаархи тодорхойлолт зэргийг харгалзсан тооцоолол, тохируулгад нарийвчилсан судалгаа үнэлгээг тулгуурласан тул давж заалдах шатны шүүхээс уг шинжээчийн үнэлгээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 523 дугаар захирамжаар баталсан Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хянаж баталгаажуулах, бүртгэх түр журам-ын 2.14 дэх заалтад Хөрөнгө оруулагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж эзэмшигч түрээсийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр тооцож өгөхгүй байх эрхтэй гэж заасан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т заасан их засварын ажилд зарцуулсан хөрөнгийг хөрөнгө оруулагчид эргүүлэн төлөхгүй байх үндэслэлд хамааралгүй юм. Иргэний эрх зүйн харилцаанд талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээг чөлөөтэй байгуулдаг тул Нийслэлийн Засаг даргын гаргасан журмыг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дахь хэсэгт зааснаар иргэний хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэх учиртай тул гэрээний нөгөө талд үүрэг үүсгэхгүй юм. Иймд журамд заагаагүй тохиолдолд хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнээр буцаан олгохгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулжээ. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/02138 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д гэснийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт гэж, 2,010,683,200 /хоёр тэрбум арван сая зургаан зуун наян гурван мянга хоёр зуун/ төгрөгийг гэснийг 3 418 431 730 /гурван тэрбум дөрвөн зуун арван найман сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гэж, 1,741,225,666 /нэг тэр бум долоон зуун дөчин нэгэн сая хоёр зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгт гэснийг 333 477 136 /гурван зуун гучин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгт гэж,

4 дэх заалтын 10,211,366 төгрөг гэснийг 17 250 108 төгрөг гэж,

5 дахь заалтын 2,360,319 төгрөг гэснийг 434 320 төгрөг гэж, 2 405 119 төгрөг гэснийг 4 445 680 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 864 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА