Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00678

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/02138 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

И, Ө-т тус тус холбогдох

Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокод оруулсан хөрөнгө 3 751 908 866 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн төлбөр 595 640 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай Өрын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Өрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амгаланбаяр, А.Эрдэнэмөнх, өмгөөлөгч А.Нарантуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, Л.Хатанбаатар, хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэнцэнбямба, хариуцагч Өрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнх, Э.Амгаланбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Си А Ти групп” ХХК нь 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн газартай 04 тоот Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ, 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 58 тоот Урт цагааны ахуйн үйлчилгээний төвийн барилгын 2, 3 дугаар блокийг түрээслэх тухай гэрээг тус тус байгуулсан байдаг. “Си А Ти групп” ХХК-ийн ерөнхий захирлын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3 тоот Хөрөнгө оруулалтыг шилжүүлэх тухай тушаалаар Урт цагааны барилгад оруулсан хөрөнгийг “А” ХХК-ийн балансад шилжүүлэн, Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийн бүх хөрөнгө оруулалт, уг барилгад холбогдох эрх, үүргийг “А” ХХК-д тус тус шилжүүлсэн.

1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн 2, 3-р блокийг хариуцагч нараас “А” ХХК-д акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Энэ үед уг барилга нь шууд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, нурж унахад бэлэн болсон байсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нараас зохих хөрөнгө оруулалт хийж зохих засварын ажил хийсний дараа танайх түрээсийн үйл ажиллагаагаа явуулж болох бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг хувьчлах үед нэхэмжлэгч талд тэргүүн ээлжид хувьчлалын асуудлыг шийдэж өгнө гэсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулагдсан.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажилдаа орж 2, 3 дугаар блокод барилгын их засвар хийх зураг төслийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж, 3 дугаар блокийн засварын ажлыг 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 25 тоот акт үйлдэн Өарт хүлээлгэж өгсөн. Урт цагаан ахуйн үйлчилгээний төв нь 1959-1960 оны үед баригдсан, нэлээдгүй насжилт ихтэй барилга байсан бөгөөд нэхэмжлэгчийн 2000, 2001 онд хийсэн засвар үйлчилгээний үр дүнд өнөөдөр шинэ барилга, орчин үеийн барилгын хэмжээнд хийгдсэн арматур болоод бетон хийцэл нь бүгд шинэ, ашиглалтын хугацааг шинээр тооцож явах ёстой барилгын хэмжээнд хүрсэн ба 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр техникийн шинжээч нар дүгнэлт гаргаж уг барилга байгууламж нь үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой, бүрэн шинэчлэгдсэн гэдгийг актаар баталгаажуулсан. 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө оруулалт хийгээд засварын ажлыг хийж гүйцэтгэснээс хойш 2 жилийн дараа Өраас “А” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бүрэн хүлээн зөвшөөрч 24 тоот Хөрөнгө оруулалтын гэрчилгээ-г олгосон.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “А” ХХК-д мэдэгдэлгүйгээр 2007 оны 12 сард өмч хувьчлах тухай тогтоол гаргаж, Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн барилгыг хувьчлахаар шийдвэрлэснийг Төрийн өмчийн хорооноос 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 91 тоот тогтоолоор баталгаажуулж, өмч хувьчлал явуулах эрхийг нь өмчлөгчид олгож, зөвшөөрсөн байдаг. Гэтэл энэ тогтоол шийдвэрийг И, Өраас “А” ХХК-д мэдэгдэлгүй нуун дарагдуулж явсаар байгаад дараа нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор “А” ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эдгээр үйл баримтыг дурдвал “А” ХХК нь уг барилгыг анхнаасаа хувьчилж авах, санаа зорилготойгоор хөрөнгө оруулалт хийж, засвар үйлчилгээг явуулсан, үүний дараагаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж нийтдээ 6 удаа шинэчлэгдэн, хамгийн сүүлд 2008 онд сүүлийн түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2013 онд “А” ХХК-ийг Урт цагаан ахуйн үйлчилгээний барилгын 2, 3 дугаар блокийн хууль ёсны эзэмшигч мөн гэдгийг тогтоосон бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

“А” ХХК нь уг байрыг 2012 онд “Лэндс” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд “А” ХХК-ийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нь 87.43 хувь, хариуцагч талынх нь 12.57 хувь байгааг шинжээчийн дүгнэлтээр удаа дараа тогтоож өгсөн.

И, Өарт нэхэмжлэгчийн зүгээс хувьчлах болоод хөрөнгө оруулалтыг буцаан авахтай холбоотой асуудлуудыг удаа дараа тавьж байсан боловч шийддэггүй. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийх гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа бөгөөд 2017 оны 6 сард ... та бүхэн түрээсийн төлбөрийн асуудлыг шийдчихвэл бид танай оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж болох юм... гэсэн агуулгатай бичиг өгсөн байдаг.

Энэ бүх нотлох баримтуудаас харахад “А” ХХК нь 20-иод жилийн өмнө оруулсан хөрөнгө оруулалт, өнөөгийн барилгын бодит үнэ цэнийн хэмжээ барилгын бодит үнийн хэмжээг гаргуулж, хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоосон.

Анх шүүхэд гаргасан 3 065 000 932 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа “Гэрэгэ эстимейт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэмэгдүүлж, нийт 3 751 908 866 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Манай нэхэмжлэлийн шаардлага Ид хамаарч байгаа учраас Өарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Өар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урт цагаан гэх үйлчилгээний төвийн 12 барилга нь Нийслэлийн хамгийн том өмчүүдийн нэг бөгөөд уг өмч нь 1999 оны Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолоор Нийслэлийн өмчид 9,900,000 төгрөгийн үнэлгээтэй анх шилжиж ирсэн.

Анх нийслэлийн өмчид бүртгэлтэй байсан утгаараа 29 дүгээр тогтоолоор Нийслэл, төр хоёрын өмчийг салган баталгаажуулж, албажуулж байсан бөгөөд 1999 оноос албан ёсоор Нийслэлийн өмчид тусгаарлагдан бүртгэгдсэн.

“А” ХХК-ийн хувьд 1998 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 4 тоот Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ байгаа, энэ нь анхны албан ёсны эрх зүйн акт бөгөөд үүний дараа 1998 оны 7 сараас эхлээд түрээсийн гэрээ байгуулж эхэлсэн.

“Си А Ти групп” ХХК-тай анх түрээсийн гэрээ байгуулагдаж ирсэн, дээр дурдсан хөрөнгө оруулалтын гэрээ ч гэсэн тус компанитай байгуулагдсан. Үүний дараа 2008 он хүртэл түрээсийн гэрээтэй ажиллаж, түрээсийн төлбөрийг зохих журмын дагуу төлбөрийг төлж ирсэн байдаг.

Ингээд бидний баримтлан шийдвэрлэх гол хоёр эрх зүйн акт нь хөрөнгө оруулалтын гэрээ болоод түрээсийн гэрээ бөгөөд энэ утгаараа хөрөнгө оруулалтын асуудал яригдвал энэ нь гэрээний эрх зүй маргаан болох юм.

Гэрээний дагуу хөрөнгө оруулалтыг баталгаажуулахдаа 477 304 107 төгрөгөөр баталгаажуулсан, энд ямар нэгэн маргаан үүсдэггүй, тухайн үеийн “Си А Ти групп” ХХК нь 2, 3 дугаар блокод өөрсдөө түрээслэн ажил үйлчилгээ явуулахын тулд дээрх хөрөнгийг оруулсан гэдгийг баталгаажуулсан баримт байгаа юм.

Талуудын байгуулсан 4 тоот гэрээнд хөрөнгө оруулалтыг буцаан олгох заалт огт байхгүй. Харин гэрээний 3.8-д Б тал буюу “Си А Ти групп” ХХК нь 2, 3 дугаар блокийг ашиглалтад орсон өдрөөс эхлээд түрээсийн төлбөрийг төлөх болно л гэсэн заалттай байгаа.

“Си А Ти групп” ХХК нь 1998-2007 он хүртэл түрээсийн гэрээтэй, түрээсийн төлбөрөө төлж ирсэн, энд маргаангүй зохих журмын дагуу ашиглаад түрээсийн төлбөрөө төлөөд ирсэн. Түрээсийн гэрээ бол нэг загвараар явагдаж байсан, хавтаст хэрэгт авагдсан байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу “Си А Ти групп” ХХК нь сар бүр түрээсийн төлбөрийг төлж байх үүрэг хүлээсэн байдаг.

Түүнээс түрээслүүлэгч нь ямар нэгэн санхүүжилт оруулах төлбөрийг буцаан олгох тухай заалт байхгүй бөгөөд түрээслэгч нь өөрийн эзэмшиж буй байшиндаа засвар үйлчилгээ хийж Худалдааны гудамж 5 төсөлтэй уялдуулан шинэчлэн засварлаж, засан тохижуулахаар хөрөнгө оруулалтын 4 тоот гэрээг байгуулсан болохоос Өар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санхүүжилт нэмж олгоно, оруулсан хөрөнгийн буцаан олголт хийнэ гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Хөрөнгө оруулалтын журам гээд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 523 тоот захирамжаар батлагдсан Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хянан баталгаажуулж, бүртгэх түр журам гэсэн энэ журмыг 2003 оноос эхлээд өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа.

Нийслэлд байгаа бүх өмч хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийж байгаа асуудлыг дээрх журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд журмын дагуу 1998-1999 он дамнуулан хийсэн хөрөнгө оруулалтыг 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталгаажуулаад 24 тоот хөрөнгө оруулалтын гэрчилгээг Өраас “Си А Ти групп” ХХК-д олгосон.

523 тоот захирамжаар батлагдсан журмын 2.11, 2.14-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль нэг талаас гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар цуцална гэсэн ойлголт байхгүй байгаа. Мөн 2.15, 2.16-д зааснаар өнөөдрийн байдлаар энэ барилгыг гэрээ цуцаллаа танайх гар үгүй бол хувьчилчихлаа өөр эзэмшигч, өмчлөгчид өгөх боллоо гэсэн ямар нэгэн шийдвэр байхгүй, гарсан шийдвэр хүчингүй болсон гэдгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ тайлбарласан.

Энэ утгаараа нэхэмжлэгч тал өөрөө энэ байрыг орхиод явлаа эзэмшихгүй гэж байгаа нөхцөлд бид ямар нэгэн хөрөнгө оруулалтыг буцааж тооцох үндэслэлгүй, хариуцагч нарын зүгээс гэрээг цуцалж, байрыг чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй. 1998 оноос хойш 20 жил эзэмшиж, ашиглаж ирсэн “А” ХХК нь Монгол улсын дэд бүтцийн яам, төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламжийг гэрээ түрээсээр эзэмших хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас оруулсан хөрөнгө оруулалтыг тооцож, үнэлэх элэгдлийг тодорхойлох тухай зөвлөмж, Өрын даргын тушаал байдаг учраас оруулсан хөрөнгө оруулалтад элэгдэл, хорогдлын асуудал зайлшгүй яригдах ёстой.

Өнөөдөр 2017 оны жилийн эцсийн балансын үнэлгээгээр тухайн 12 блок барилга нь 4 612 876 552 төгрөгийн бүртгэлийн үнэтэй, энэ бол одоогийн ханш нь юм. Шүүх дээр ирээд 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, урьдах “Лэндс” ХХК нь шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэг дээр гаргаагүй учраас энд дурдах шаардлагагүй нотлох баримтаар ч авагдах ёсгүй гэж үзэж байгаа.

“Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг 2 010 683 000 төгрөгөөр, хоёр дахь үнэлгээгээр 3 318 430 730 төгрөг гэж үнэлсэн байдаг. Энэ хоёр үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2 үнэлгээг хийхэд хоёулаа зөвхөн 2, 3 дугаар блок буюу “А” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг л үнэлсэн.

Гэтэл энэ хоёр үнэлгээ нь дээр тухайн үеийн 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалтыг үнэлчихээд Нийслэлийн хөрөнгийг огт үнэлэхгүй, “А” ХХК-ийн эзэмшиж байгаа нь 1 089 м.кв газрын үнэлгээ орох ёстой байхад оруулаагүй, орхигдуулсанд бид гомдолтой, дутуу санагдаад байгаа юм.

Хууль зүйн талаасаа бол нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх эрхтэй байдаг болохоос хэн нэгэн үнэлгээний компанийн үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгах боломжгүй учраас нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Энд хөрөнгө оруулалт, засан сайжруулалт гэдэг ойлголтууд хууль зүйн талаасаа Иргэний хуулийн 94 дүгээр зүйл буюу гэрээний заалтын дагуу 318 дугаар зүйлийн хооронд их том ялгаатай байна. Энэ асуудлаар шүүх шийдэх байх. Ер нь засан сайжруулалт мөн үү гэдэгт бид маргана, хөрөнгө оруулалт мөн үү гэвэл мөн.

Гэхдээ Нийслэлийн өмчид оруулсан 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг л баталгаажуулсан нь тэр чигээрээ засан сайжруулалт хийсэн гэсэн үг биш. Урт цагаан үйлчилгээний төв нь нийт 30 аж ахуйн нэгж, иргэдийн гэрээтэй, 20 аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө оруулалттай барилга бөгөөд “А” ХХК нь зөвхөн эдгээрийн нэг нь бөгөөд энэ утгаараа хөрөнгө оруулалт хийсэн 20 иргэн, аж ахуйн нэгж ид бид хэд дахин өсгөж буцаан өгнө гэсэн нөхцөл хуульд ч, гэрээ нь ч байхгүй.

Энэ бол гэрээний эрх зүй, гэрээгээр анх хөрөнгө оруулалт хийгдэж, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өрын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа. Анх 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 58 тоот түрээсийн гэрээний зохицуулалтаар ямар нэг байдлаар санхүүжилт оруулсан төлбөрийг буцаан олгох талаар тусгасан зүйл заалт байхгүй.

Урт цагааны нийт 12 блокийн барилгын нийт үнэлгээ нь 4,6 тэрбум төгрөг буюу тус нэхэмжилж байгаа дүнгээс бага байдаг. Мөн энд нэг үл ойлгогдох зүйл байгаа. Хэрэв талуудаас оруулсан хөрөнгө оруулалтын дүн түүнд ногдох хэмжээ гэдэг байдлаар нэхэмжилж байгаа бол өмчийн эзэн буюу И тус 2, 3 дугаар блокийг 1998 оноос хойш өнөөг хүртэл ашигласан ашиг орлоготой холбоотой хөрөнгө оруулалтын талыг авах ёстой.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Өар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Ганбат захиралтай “А” ХХК нь Нийслэлийн өмчийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны ахуй үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийг 1998 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс түрээсийн гэрээ байгуулан эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2007, 2008 онд үргэлжлүүлэн байгуулж, үүнээс хойш ямар ч гэрээ байгуулахгүйгээр улсын өмчийг эзэмшиж байгаа.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 480 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаар магадлалаар “А” ХХК-иас 2009-2012 оныг дуусталх түрээсийн төлбөрт 417 741 992 төгрөгийг гаргуулж Өарт олгохоор шийдвэрлэсэн.

“А” ХХК нь шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн асуудал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа.

“А” ХХК нь улсын өмчийг дур мэдэн ашиглаж, дүрэм журмын дагуу түрээсийн төлбөр төлөхгүй олон жил улсыг хохироож байгаа учраас тус компаниас Нийслэлийн өмчийн Урт цагаан үйлчилгээний төвийн 1 089 м.кв талбай бүхий барилгын байрыг ашиглаж, эзэмшсэн түрээсийн төлбөрт 2013 онд 102 109 800 төгрөг, 2014 онд 102 109 800 төгрөг, 2015 онд 102 109 800 төгрөг, 2016 онд 102 109 800 төгрөг, 2017 онд 102 109 800 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 85 091 500 төгрөг, нийт 595 640 500 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд “А” ХХК-иас түрээсийн төлбөр 595 640 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид 2010 оны шүүхийн шийдвэр, магадлалыг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учраас маргах зүйл байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр, түрээсийн гэрээг баримтлаад 595 640 500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас манай төлсөн байгаа 50 716 755 төгрөгийг хасаад нийт түрээсийн төлбөр болох 2013 оноос хойшхи төлбөрт 527 970 445 төгрөгийг төлөхөд татгалзалгүй, сүүлд нэмэгдүүлсэн 17 000 000 төгрөгийг төлөхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үнийн дүнд 2018 оны 11 сарын төлбөр орсон байгаа нь зөрчилтэй, он сар нь тодорхойгүй байна. Түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч тал хүлээн авснаар түрээсийн гэрээгээ биелүүлж байгаа гэдэг асуудал харагдана.

Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг бид хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/02138 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2 010 683 200 төгрөгийг гаргуулан “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 741 225 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь Өарт холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг дагуу А ХХК-д холбогдох түрээсийн төлбөрт 595 640 500 төгрөг гаргуулахыг хүссэн Өрын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 075 960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 10 211 366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-иас 2 360 319 төгрөг, хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2 405 119 төгрөгийг тус тус гаргуулан “Тэнгэрийн гэрэл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/02138 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д” гэснийг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт” гэж, “2,010,683,200 /хоёр тэрбум арван сая зургаан зуун наян гурван мянга хоёр зуун/ төгрөгийг” гэснийг” 3 418 431 730 /гурван тэрбум дөрвөн зуун арван найман сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун гуч/ төгрөгийг” гэж, “1,741,225,666 /нэг тэр бум долоон зуун дөчин нэгэн сая хоёр зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгт” гэснийг 333 477 136 /гурван зуун гучин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгт” гэж,

4 дэх заалтын “10,211,366 төгрөг” гэснийг “17 250 108 төгрөг” гэж,

5 дахь заалтын “2,360,319 төгрөг” гэснийг “434 320 төгрөг” гэж, “2 405 119 төгрөг” гэснийг “4 445 680 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 864 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Өрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амгаланбаяр, А.Эрдэнэмөнх, өмгөөлөгч А.Нарантуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй И, Өарт холбогдох түрээсийн гэрээ болон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:

Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4 тоот “Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ”-г Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Уг 4 тоот гэрээгээр “Си А Ти групп” ХХК нь Өартай Урт цагаан үйлчилгээний төвийн Б, В корпусыг өөрийн хөрөнгөөр шинэчлэн засварлаж тохижуулан орчин үеийн шаардлагад нийцсэн тохижилт үйлчилгээтэй бар, ресторан болгон өөрчлөхөд гэрээний зорилго оршино гэж маш тодорхой зорилгоо хугацаатай тодорхойлж харилцан тохиролцож байгуулсан гэрээ юм. Иймд энэхүү гэрээг шууд нэрлэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

“А” ХХК-нь түрээсийн гэрээгээ “цуцалж байна” гэсэн тайлбар мэдүүлгийг шүүх хуралдаан дээр маш тодорхой тайлбарласан /хуралдааны протоколд тусгагдсан/. Гэтэл шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

“А” ХХК-нь гэрээнээс “татгалзаагүй” өөрийн санаачилгаар цуцалсан энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Өмчийн үл хөдлөх хөрөнгөнд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг олгох, хянаж баталгаажуулах, бүртгэх түр журам”-ын 2-р зүйлийн 2.14-д “Хөрөнгө оруулагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж эзэмшигч түрээсийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр тооцож өгөхгүй байх эрхтэй” гэж заасан. Мөн уг журамд хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнээр буцаан олголт хийх заалт байхгүй. Мөн энэхүү заалтад талууд гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй....” гэж заасан шүүх хуулийн энэ заалтыг зөвхөн нэхэмжлэгч талд шийдвэрлэж орхисон нь учир дутагдалтай болсон.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хохирол” гэж 3 065 000 392 төгрөгийг нэхэмжлээгүй, барилгад оруулсан хувь хэмжээ гэж тодорхойлж нэхэмжилсэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-д заасныг баримтлан хохирол болгож шийдвэрлэсэн нь бүхэлдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар:

Магадлалд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.5, 205-р зүйлийн 205.1, 219-р зүйлийн 219.1-д заасныг үндэслэн шийдвэрлэснийг өөрчилж мөн хуулийн 496-р зүйлийн 496.2-д зааснаар гэж өөрчилсөн нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн дээр дурдсан зүйлийг нотолж байна гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийн 496-р зүйлийн 496.2-д зааснаар Нийслэлийг “...хөрөнгөжсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь уг барилгад 1998 онд гэрээ байгуулж хөрөнгө оруулалт засвар үйлчилгээ хийж өөрсдийн үйл ажиллагаагаа 20 жилийн туршид явуулж ашиг орлогоо оруулж эзэмшиж ашиглаж ирсэн. Энэ бүх үйл ажиллагаа нь гэрээний үндсэн дээр хийгдэж зохицуулагдаж байсан. Иймд энэ асуудал нь Иргэний хуулийн 289, 318-р зүйл буюу гэрээний харилцааны үндсэн дээр шийдвэрлэгдэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Тухайн үед Өраас “Си А Ти групп” ХХК-иас уг барилгад нийт 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг баримтжуулж, батламжилсан болохоос эхнээс нь ийм хэмжээний хөрөнгө гаргаж засан сайжруулах тохиролцоо бол хийгдээгүй бөгөөд зөвшөөрөл олгогдоогүй болно, энэ тухай гэрээнд ч тусгаагүй.

Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 496-р зүйлийн 496.2-д заасныг үндэслэн хариуцагчийн эрх зүйн болон санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байгааг хянаж үзнэ үү.

3. Шинжээчийн дүгнэлтийн талаар:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс ИХШХШТ хуулийн 47-р зүйлийн 47.5-д заасан шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх заалтыг биелүүлээгүй нь хууль зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүхээс “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн илүү үнээр үнэлсэн дүгнэлтийг ИХШХТХ-ийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй үнэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь И, Өарт холбогдуулан Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокод оруулсан хөрөнгө 3 751 908 866 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөр 595 640 500 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2 010 683 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч Өарт холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, хариуцагч Өрын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 3 418 431 730 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн газар /А тал/ нь /тухайн үеийн нэршлээр/  1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Си А Ти групп” ХХК /Б тал/-тай №4 дугаартай “Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ”-г байгуулж, “Б” тал “Си А Ти групп” ХХК нь төрийн өмчийн, Чингэлтэй дүүрэг Худалдааны гудамжинд байрлах Урт цагаан үйлчилгээний төвийн Б, В корпусыг “А” талын батлуулсан зураг төслийн дагуу “Худалдааны гудамж-2005” төсөлтэй уялдуулан шинэчлэн засварлаж, тохижуулан орчин үеийн шаардлагад нийцсэн тохижилт үйлчилгээтэй, контор, ресторан, баар болгон өөрчлөх  зорилгоор барилгад өөрийн хөрөнгөөр их засварын ажлыг хийж, гэрээнд заасан хугацаанд “А” талд хүлээлгэн өгч, засварын ажил дуусч барилга ашиглалтанд орсон өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг төлөх, “А” тал Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн газар нь уг барилгын их засварын ажилд зарцуулсан хөрөнгийг эргүүлж төлөгдөх хугацаанд барилгыг эзэмших “Б” талын эрхийг хөндөхгүй байх, гэрээнд оролцогч талуудаас хамааралгүйгээр хуульд заасан бусад зайлшгүй шалтгаанаар уг барилгыг дурдсан хугацаанаас өмнө буцаан авахад хүрвэл их засварт гарсан зардлын төлөгдөөгүй үлдэгдлийг төлж “Б” талыг хохиролгүй болгох, үйлчилгээний төвийн барилга хувьчлагдах тохиолдолд “Б” талд тэргүүн ээлжинд худалдан авахад нь туслалцаа үзүүлэх үүрэг тус тус хүлээжээ. 

Гэрээний дагуу “Си А Ти групп” ХХК засварын ажлыг хийж, 2000 оны 05 дугаар сарын 29, 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд Түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх актын дагуу Өарт ажлыг хүлээлгэн өгсөн, улмаар 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өмчийн харилцааны газрын дарга, комиссын даргаас тус барилгад 477 304 107 төгрөгийн хөрөнгө оруулалт орсныг гэрчилсэн Хөрөнгө оруулалтын 24 тоот гэрчилгээг “Си А Ти групп” ХХК-д олгосон байна.

“Си А Ти групп” ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дээрх хөрөнгийг “А” ХХК-ийн балансад шилжүүлэн, хөрөнгө шилжсэнтэй холбогдуулан урт цагааны барилгад холбогдох эрх, үүргийг “А” ХХК-д шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь барилгад их засвар хийснээс хойш Урт цагаан үйлчилгээний төвийн 2, 3 дугаар блокийг буюу А, Б корпусыг ашиглаж, эзэмшиж байгаа боловч өнөөдрийг хүртэл хувьчлаагүй, хувьчлах үүргээ хотын удирдлага, захиргааны байгууллага биелүүлээгүй атлаа байнга түрээсийн төлбөр шаардаж, байрнаас албадан гаргах болсон үндэслэлээр барилгад оруулсан хөрөнгөө шаардсан байна.

Хэрэгт Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-12 тал/, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-01-44 тал/, “Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн үнэлгээнүүд /2 дугаар хавтас, хх-165-218 тал/ тус тус авагдсан байна.

Анхан шатны шүүх “Тэнгэрийн гэрэл” ХХК-ийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх ямар үндэслэлээр шийдвэрийн үндэслэл болсон үнэлгээг сонгосон, бусад үнэлгээг үндэслэлгүй гэж үзсэн талаараа шийдвэр, магадлалд дүгнэлт хийгээгүй байх тул шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тухайлбал, нэхэмжлэгч нь тус барилгад 2000, 2001 онд засвар хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш өөрийн эзэмшилд байлгаж, түрээсийн гэрээний дагуу ашиглаж ирсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 480 дугаартай шийдвэрээр объектыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь түрээсээр эзэмших барилгадаа өөрийн хөрөнгөөр их засвар хийж, хөрөнгө оруулсан ба түүнийгээ 20 жил өөрөө ашиглаж, үр шимийг нь хүртсэн, өнөөдөр тухайн хөрөнгө оруулалтын элэгдэл, хорогдлыг бодитоор үнэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтүүд нь 2004 онд оруулсан хөрөнгө оруулалтыг инфляцийн түвшинтэй уялдуулан, өнөөдрийн ханшаар үнэлж, элэгдлийг тооцсон байх тул энэ үнэлгээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй, учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл засан сайжруулалтын зардал, эд хөрөнгийн үнэлгээний зааг ялгааг шинжээч тодорхойлж чадаагүй, 1998 онд хийсэн засвар өнөөдөр ямар байдалтай байгаа талаар шинжээч дүгнэлт хийх ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй, бодит байдал тогтоогдоогүй байна.

Дээрх дүгнэлтүүд нь шинжээч томилсон ач холбогдлыг үгүйсгэж байна.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч нь эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй, 289 дүгээр зүйлийн 289.2.6.-д зааснаар хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах, хөлслөн авсан эд хөрөнгөнд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй.

Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/02138 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар магадлалыг тус тс хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ 

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД