Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00334

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00334

 

 

 

 

Ш.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 184/ШШ2019/02915 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Т хариуцагч М.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Ш.Т нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М.М, С.Д нартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлд Г-ийн өмчлөлийн ...гэрчилгээ бүхий 58,6 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 9, 10 сарын хүүг төлсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин 1 сараар гэрээг сунгасан боловч одоо болтол зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний 3.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө /1хоногт 250 000 төгрөг/ гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасны дагуу зээлийн дүнгийн 50 хувь буюу 25 000 000 төгрөгийг нэмж нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч М.М, С.Д болон хамтран хариуцагч Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ба захиргааны маргаан хянагдаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Г-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татан бүртгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэж дууссан. Иймд М.Моос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Г-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг өөрийнх зөвшөөрлөөр барьцаанд тавьж зээл авсан. Зээлийн барьцаанд тавих өөр эд хөрөнгө надад байхгүй тул зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэж надад тайлбарласан. 2020 оны 05 дугаар сараас зээлийг төлж эхлэнэ гэжээ.

Гуравдагч  этгээдийн шаардлага болон тайлбарт: Миний бие хадам эгч С.Дгийн гуйлтаар өмчлөх эрхийн ... дугаарт бүртгэлтэй, ... 2 өрөө орон сууцаа М.М 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2 сарын хугацаатай барьцаанд тавих итгэмжлэлийг олгосон. М.М нь хөрөнгө оруулалт орж ирж байгаа, санаа зоволтгүй, найдвартай гэдэг байсан. Гэтэл орон сууцыг Ш.Т гэдэг хүнд барьцаалж, 50 000 000 төгрөг зээлсэн тухай сүүлд шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлээс дуудахад нь мэдсэн. М.М миний итгэлийг эвдэж, хууран мэхэлж намайг орох оронгүй болгож байгаад гомдолтой байна. Итгэмжлэлийн хугацаа дууссан байхад орон сууцыг маань барьцаанаас чөлөөлж өгөхгүй байна. Иймд итгэмжлэлийг хүчингүй болгож, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч М.М нь  Гээс хуульд заасан шалгуурыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр авч, итгэмжлэлээр Г нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг 2 сарын хугацаатай олгосон. Итгэмжлэлээр олгосон эрхийг М.М нь 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр хэрэгжүүлснээр Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5зааснаар дуусгавар болсон байдаг. Мөн барьцааны эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй  болгуулахаар Г нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 281  дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Моос 75 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тэд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  зээлийн барьцаанд байгаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж, хариуцагч М.М олгосон 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн   603 150 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.Моос 603 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэжээ. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд зээлийн гэрээний үүргээ М.М биелүүлсэн эсэх талаар маргаагүй. М.М нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэлийг авахдаа бодит байдлыг нуун дарагдуулж хуурч мэхлэх аргаар авсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан болон итгэмжлэлээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхээ сэргээхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл эхнээсээ хуурч мэхлэх аргаар хийгдсэн бол шүүхийн дүгнэснээр Иргэнийхуулийн 64, 67 дугаар зүйлийн 67.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолыг дурджээ. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага нь итгэмжлэлээ хүчин төгөлдөр бусд тооцуулах өмчлөх эрхээ сэргээлгэх тухай байсныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэнгүй. Шүүх гуравдагч этгээд ньхуурч мэхэлж итгэмжлэл, гарын үсэг зурсан гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан хариуцагч М.М зээл авах гэж байсныг Г мэдэж байсан гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт М.Мын зээл авах гэж байгааг мэдээгүй гэж хэлээгүй харин намайг залилсныг эрүүгийн хавтаст хэрэгтэй танилцаад мэдсэн талаар хэлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Ш.Т зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М зөвшөөрсөн болов гуравдагч этгээд Г 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгох бие даасан шаардлага гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үздэг.

Гуравдагч этгээд Г нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг 2 сарын хугацаатай хариуцагч М.М олгосон, хариуцагч М.М, иргэн С.Дгийн хамт нэхэмжлэгч Ш.Тээс 50 000 000 төгрөг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ. /хх7-10/

Тэрээр хариуцагч М.М олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр тул хүчингүй болгохоор бие даасан шаардлага гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад итгэл эвдэж, хууран мэхэлсэн учир итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч ижил эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг шүүх үндсэн нэхэмжлэлтэй адил мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хянан шийдвэрлэдэг журамтай.

Гуравдагч этгээд Г итгэмжлэлийг хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болгох, эсхүл хуурч мэхлэн хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын алийг нь гаргаж байгааг тодруулж, уг шаардлагын талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байна.

Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйтэй холбоотой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 184/ШШ2019/02915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ