Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 406

 

С.А-, А.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 633 дугаар магадлалтай, А.М-, С.А- нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ***,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг торгуулийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлж дууссан, О овогт А-н М,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж чихэр боов” ХХК-нд технологич хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Центрийн 07 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-н А.

С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элба” төвийн урд хохирогч Д.М-тай маргаж, түүнтэй зодолдон чулуугаар нүүрэнд тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн А.М- нь С.А-той зодолдох явцдаа нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, С.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.А-ыг 3 жил 5 сар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос С.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Олхонууд овгийн А-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Боржигон овгийн С-н А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,

шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...Тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч А.М-д хүнд гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, торгох ялаар шийтгүүлэх талаар гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.А-ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж, 1 жил хорих ял оногдуулсныг эсэргүүцэж байна.

Хэрэгт авагдсан хохирогч С.А-ын /хх-ийн 5-6/, хохирогч А.М-гийн /хх-ийн 8-9/, гэрч Д.Даваабаярын /хх-ийн 12/, гэрч Г.Болдбаатарын /хх- ийн 13/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2317 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22/, шинжээч эмч О.Болороогийн 2271 дугаартай дүгнэлт /хх-ийн23-24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар С.А- нь газраас тоосго буюу чулууг аваад А.М-гийн нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба тухайн цохисон гэх тоосго буюу чулуу нь хэргийн газраас олоогүй болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогддог.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хууль хэрэглээний тайлбарыг хэрэглэхдээ чулууг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж буруу ойлгон тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг”, зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан байна. Чулуу нь өөрөө бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх чадалтай байгалийн хатуу биет тул зэвсгийн чанартай зүйлд хамааруулж ойлгогдохоор байна.

Тухайн хэргийн явцад С.А- нь хохирогч А.М-г чулуугаар цохисны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, харин А.М- нь хохирогч С.А-ын нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхой харагдаж байхад чулууг бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтгүй гэж дүгнэлт хийж зүйлчлэлийг өөрчилж байгаа нь, мөн магадлалын тодорхойлох болон тогтоох хэсэгт зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж гэж тусгасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх С.А-ыг А.М-гийн нүүрэн тус газарт тоосгоор цохисон үйлдлийн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн хүндрүүлэх шинжийг үгүйсгэсэн. Эрүүгийн хуульд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгохоор тодорхойлсон. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч бусдын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Хуулийг албан ёсны ба албан бусаар тайлбарладаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан. Харин хэрэг үйлдэгдэхэд ашигласан тоосго нь зэвсэг болон хүйтэн зэвсэгт хамаарахгүй, тусгайлан бэлтгээгүй.

Тухайн үед газарт байсан зүйлийг санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас авч ашигласан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор М.Энхбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.М-, С.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элба” төвийн урд хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд гэмтэл учруулсан буюу С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан, А.М-г мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоосгыг тусгайлан бэлтгэсэн зэвсэг, хэрэгсэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Мөн давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх А.М-, С.А- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Түүнчлэн шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ын үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эсрэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Дээрхээс гэмт хэрэг үйлдсэн арга гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А- нь тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчид гэмтэл учруулахдаа ямар эд зүйл хэрэглэсэн болохыг хөдөлбөргүй тогтоогоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ямар нэгэн зүйл хураагдаж ирээгүй, тийм ч учраас прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт тоосго буюу чулуу гэх мэтээр ойлгомжгүй бичигдсэн байх төдийгүй хүний биед гэмтэл учруулахаар зориудаар тусгайлан бэлдсэн, урдаас засаж тохируулсан байх шинжийг хангасан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч А.М-д зодуулсан үедээ гарт баригдсан зүйлээ ашигласан байж болох нөхцөл байдал зэргийг шууд үгүйсгэж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн шинжтэй зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэн дүгнэх боломжгүй бөгөөд чулуу, тоосго зэргийг ашигласан тохиолдол бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй болно.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч С.А-ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 633 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН