Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02215

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02215

 

 

 

Л.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03157 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.О-ны хариуцагч Д.Н-т холбогдуулан 6 805 019 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл, М.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2018 оны 2 сарын 9-ний өдөр Д.Н-аас Toyoto Estima маркын 09-52 УБУ улсын дугаартай автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Уг автомашин нь Стандарт Финанс ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд байсан бөгөөд Стандарт Финанс ББСБ ХХК-д Д.Н-ын төлөх ёстой байсан 10 000 000 төгрөгийн зээлийг графикийн дагуу миний бие төлж дуусгасан тохиолдолд өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон. Дараах байдлаар автомашины төлбөрийг шилжүүлсэн. Үүнд: 2018.02.09-ний өдөр 1 200 000 төгрөгийг Д.Н-ын Хаан Банкны 5007347698 тоот дансанд, 2018.01.22-ны өдөр Стандарт Финанс ББСБ ХХК-ийн байранд бэлнээр 2 405 000 төгрөг, 2018.02.21 ний өдөр Стандарт Финанс ББСБ ХХК-ийн Хаан Банкны 5034634771 тоот харилцах дансанд 1 111 868 төгрөг, 2018.04.05-ны өдөр Хаан Банкны 5034634771 тоот харилцах дансанд 1 049 664 төгрөг, 2018.04.23-ны өдөр Стандарт Финанс ББСБ ХХК-ийн Хаан Банкны 5034634771 тоот харилцах дансанд 1 038 487 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 6 805 019 төгрөгийг автомашины төлбөрт өгсөн. Зээлийн ихэнхийг төлж, багахан хэмжээний мөнгө үлдэхэд миний зүгээс Стандарт Финанс ББСБ ХХК-аас уг зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэхэд зээлдэгч Д.Н-аас өөр хүний нэр дээр шилжүүлэх боломжгүй гэсэн тул Д.Н-ыг олж асуудлаа шийдэхээр олон удаа оролдсон боловч холбогдох боломжгүй байсан. Түүнчлэн энэ чигээрээ зээлээ төлсөн ч машин миний нэр дээр шилжих эсэх нь маш эргэлзээтэй байсан тул зээлийн төлөлтийг зогсоосон. Энэ тухай Д.Н-т утсаар ярьж мэдэгдсэн болно. Стандарт Финанс ББСБ ХХК-аас машиныг хурааж авсан. Иймд Д.Н-аас автомашины үнийн дүнд төлсөн нийт 6 805 019 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Би Стандарт Финанс ББСБ ХХК-тай 2018 оны 9 сарын 18 ны өдөр №143 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөг зээлж, барьцаанд өөрийн эзэмшлийн Toyoto Estima маркын 09-52 УБУ улсын дугаартай автомашиныг 2017 оны 9 сарын 18-ны өдөр №143 дугаартай фидуцийн гэрээгээр барьцаалсан. Улмаар барьцаанд байгаа тээврийн хэрэгслээ худалдах зарын дагуу Л.О-нь ирж уулзсан. Би тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт болон бодит байдлыг үзүүлж танилцуулсан бөгөөд Стандарт Финанс ББСБ ХХК-аас авсан 10 000 000 төгрөгийн барьцаанд тус компанийн нэр дээр байгаа та авах бол тус компанид тээврийн хэрэгслийг худалдан авах мөнгөө бүрэн төлөөд авч болно харин мөнгийг нь бүрэн гүйцэд төлөх боломжгүй бол Д.Н-ын нэр дээр байгаа зээлийг графикийн дагуу төлж дуусаад авч болох юм гэхэд нэхэмжлэгч Л.О-нь нь зээлийг графикийн дагуу төлөөд авья гэсэн. Бид Стандарт финанс ББСБ ХХК-д хамт очиж зээлийг нэр шилжүүлэх боломжтой эсэхийг лавлахад ...Зээлийн гэрээний нэр шилжих боломжгүй, та бүхний тохиролцоонд бид хөндлөнгөөс оролцохгүй... гэсний дагуу бид харилцан тохиролцож тээврийн хэрэгслийн төлбөрийг хэрхэн төлөх талаар нөхцөл тодорхойлсон хэлцэл байгуулсан. Д.Н-, Л.О-нь бидний дунд 2018 оны 2 сарын 9-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу Стандарт финанс ББСБ ХХК-аас 12 сарын хугацаатай зээлсэн 10 000 000 төгрөгөөс эхний 2 сарын төлөлтийг би төлсөн болохыг тодорхойлж үлдэх 10 сарын төлбөрийг Л.О-нь хариуцан төлж дуусгаснаар тээврийн хэрэгслийн нэрийг түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохирсон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч зээлийн эргэн төлөлтийг зогсоож энэ талаараа хариуцагчид мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 1794 дугаар магадлал хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Н-аас 6 805 019 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.О-ньд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Н-аас 123 830 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Л.О-ньд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.О-нь нь нэхэмжлэлийн шаардлагаа ...Хариуцагчаас 6 805 019 төгрөг гаргуулах... гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж дүгнэх хангалттай үндэслэлтэй. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж ...6 805 019 төгрөг гаргуулах... шаардлага гаргасан болохоос ...Талуудын дунд байгуулсан гэрээнээс татталзах, гэрээг дуусгавар болгох, гэрээг цуцлах, хүчин төгөлдөр бусад тооцуулах... гэх мэт хууль зүйн үр дагавар үүсгэх хууль зүйн үндэслэлзэ тодорхойлоогүй. Шүүх нэхэмжлэлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хзсгийг үндэслэж маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийн үндэслэлээс харвал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 6 805 019 төгрөг гаргуулахаар шаардсан гэж дүгнэхээр байгаа бөгөөд энэ тохиолдолд талуудын дунд 2018 оны 2 сарын 09-ний өдөр байгуулсан хэлцлийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж боломжтой юм. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байхад тухайн шийдвэр, магадлалд дурьдсан үйл баримтыг дахин нотлох замаар нэхэмжпэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж байгаа нь ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийг зөрчсөн зөрчил болж байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг удаа хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн захирамж, хүсэлтийн талаар шийдвэртээ тусгасан зүйл байхгүй. Шийдвэр гардаж авснаас хойш ч тухайн захирамжаа гаргаагүй танилцуулаагүй байгаа нь шүүх хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. Шүүх нотлох баримт гаргуулахаар даалгасан захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэж шүүх хуралдааныг явуулсан гэх бөгөөд тухайн баримтыг хариуцагч тал танилцах, нотлох баримттай холбоотойгоор санал хүсэлт гаргах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх ямар ч боломж олголгүй шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.О-нь нь хариуцагч Д.Н-т холбогдуулан 6 805 019 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 17-20/

 

Анхан шатны шүүх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Гэвч хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон, талууд мэтгэлцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

 

Нэхэмжлэгч Л.О-нь нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч Д.Н-тай түүний өмчлөлийн Стандарт финанс ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд буй 09-52 УБУ улсын дугаартай Toyata Estima маркийн автомашиныг хариуцагчийн банк бус санхүүгийн байгууллагад төлвөл зохих 10 000 000 төгрөгийн үлдэгдэл зээлийг бүрэн төлөх замаар өөрийн нэр дээр шилжүүлэн авах агуулгатай хэлцэл хийж, 6 805 019 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх 5/

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талууд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих агуулга бүхий гэрээ байгуулжээ. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн өрийг шилжүүлэн авах агуулгатай тохиролцоо хийж байгаа бол Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх, эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэн авах хуулийн заалтууд зөрчигджээ. Өрийг шилжүүлэн авч буй этгээд үүрэг гүйцэтгүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Үүргийн биелэлтийг хангах арга болох барьцаанд байгаа хөрөнгийг худалдан авах агуулгатай гэрээг барьцаалагчийн зөвшөөрөлгүй хийсэн нь хууль зөрчсөн хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, 6 805 019 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Д.Н-ын банк бус санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэснээр Д.Н- зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар тэрхүү мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм.

 

Д.Н-т өөрт нь шилжүүлсэн 1 200 000 төгрөгийн хувьд бол уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байгаа учир уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан авах эрхтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг гэснийг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД