Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01097

 

 Л.Очирваанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03157 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2215 дугаар магадлалтай,

 

Л.Очирваанийн нэхэмжлэлтэй

Д.Нандинбаярт холбогдох

 

6,805,019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Л.Очирвааниас Д.Нандинбаярт холбогдуулан 6,805,019 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03157 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Нандинбаяраас 6,805,019 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Очирвааньд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Нандинбаяраас 123,830 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Л.Очирвааньд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2215 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг гэснийг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь алдагдуулсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Очирвааний ...хариуцагч Д.Нандинбаяраас 6,805,019 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг буюу ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... буюу нэхэмжлэгч Л.Очирваанийг гэрээнээс татгалзсан гэж давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан ...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон... мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг ...Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийн нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно... гэж тодруулбал талуудын дунд 2018.02.09-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу талуудын дунд хэлцлийн дагуу үүрэг үүсээгүй буюу үүрэг үүссэн бол хожим дуусгавар болсон, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн өмнөөс өөрөө мэдсээр байж түүний өр төлбөрийг төлж барагдуулсан гэх мэтээр үнэлж дүгнэн зүйлчилсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Л.Очирвааниас шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагад талуудын дунд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон гэрээнээс татгалзах, цаашлаад иргэний хуулийн тусгайлсан зохицуулалт болох үүрэг гүйцэтгэх эрх зүйн хэм хэмжээтэй холбогдуулан хууль зүйн үндэслэлээ тодорхойлж шаардсан зүйл огтоос байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ хязгаараас хэтрүүлж талуудын дунд үүссэн маргаан бүхий харилцааг зохицуулаагүй хуулийн хэм хэмжээг үндэслэж шийдвэр, магадлал гаргасан нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан.

4.2. Хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөхөд хүргэсэн.

Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах 2020.09.09-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утсаар маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020.09.14-ны өдрийн 09 цаг товлож байгааг мэдэгдсэн. Тухайн цаг хугацаанд төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан товлогдсон 2020.09.14-ны өдөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хурал зарлагдсан байгаа тул давхцалыг арилгах боломж байгаа эсэхийг лавлахад тодорхой хариу хэлээгүй. Улмаар төлөөлөгчийн зүгээс 2020.09.10-ны өдөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдаан товлон зарлагдсан шүүх хуралдааны тов болон мэдэгдэх хуудсыг цахим хаягаар шилжүүлэн авч мөн өдрөө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөө орон нутагт зарлагдсан шүүх хуралдаан давхцаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр нэг удаа хойшлуулж өгөхийг хүссэн. Гэвч анхан шатын шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэлгүй 2020.09.14-ний өдөр явагдсан шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа илэрхийлэх буюу шүүхэд мэдүүлэх, мэтгэлцэх, шүүхийн өмнө эрх, тэгш байх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмууд, хариуцагчийн хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалууд нь хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үйл баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон үндсэн эрхүүдийг эдлүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шинжээрээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Дээрх хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ноцтой зөрчлүүдийг дээд шатны шүүхээс залруулах боломжгүй буюу процессын тодорхой зөрчлүүд байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Л.Очирваань нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2018.02.09-ний өдөр Д.Нандинбаяраас Тоёота Эстима маркийн 0952 УБУ улсын дугаартай автомашиныг 10 сая төгрөгөөр худалдаж авахаар болж, ...машин Стандарт финанс ББСБ ХХК-ийн барьцаанд байсан тул зээлийг графикийн дагуу төлж дуусгасны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирч, 2018.04 дүгээр сар хүртэлх хугацаанд Д.Нандинбаярын Стандарт финанс ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрт 6,805,019 төгрөгийг төлж, зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн боловч нэр шилжүүлэх боломжгүй гэсэн тул Д.Нандинбаяртай уулзаж асуудлаа шийдэхээр олон удаа оролдсон, Д.Нандинбаяр олдоогүй, ...автомашин миний нэр дээр шилжих нь эргэлзээтэй байсан тул төлбөрөө төлөхийг зогсоосон, ...ББСБ автомашиныг хурааж авсан тул Д.Нандинбаяраас автомашины үнэд төлсөн 6,805,019 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч Д.Нандинбаяр: ...нэхэмжлэгч нь зээлийг бүхэлд нь төлж дуусгасны дараа автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар шаардах эрхтэй, ...тэрээр хэлцлээс татгалзаж байгаа талаараа мэдэгдээгүй, ...түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримт, маргаан бүхий асуудлыг урьд шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй... гэжээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хариуцагч түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, ...тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 

9. Нэхэмжлэгч нь 2018.02.09-ний өдөр хариуцагч Д.Наранбаярын Стандарт финанс ББСБ ХХК-д зээлийн барьцаанд, фидуцийн гэрээгээр эрх нь шилжсэн Тоёота Эстима маркийн 0952 УБУ улсын дугаартай автомашиныг худалдаж авах, төлбөрийг хариуцагчийн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг ББСБ-тай байгуулсан Зээлийн гэрээний графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож, автомашины өөрийн эзэмшилд авсан байна.

 

2018.04.23-ны өдрийг хүртэлх хугацаанд автомашины төлбөрт нийт 6,805,019 төгрөгийг төлсөн, 2020 оны 02 дугаар сард Стандарт финанс ББСБ ХХК автомашиныг хурааж авсан, энэ үед Д.Нандинбаяр нь 14 хоногийн дотор зээлийг төлж дуусгаагүй тохиолдолд автомашиныг худалдан борлуулахыг ББСБ-д зөвшөөрсөн үйл баримт тогтоогджээ.

 

10. Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, 2020.02.27-ны өдөр ББСБ зээлийн гэрээний үүрэгт автомашиныг хураан авч, хариуцагчаас ББСБ-д автомашиныг худалдан борлуулахыг зөвшөөрснөөр гэрээ хэрэгжих боломжгүй болсон, гэрээнээс татгалзсан гэж үзнэ... гэж дүгнэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 6,805,019 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

11. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...талуудын хооронд байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих агуулгатай байна, ийнхүү өрийг шилжүүлэн авахдаа үүрэг гүйцэтгүүлэгч ББСБ-ын зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус, ...хариуцагч Д.Нандинбаярын ББСБ-ын өмнө хүлээсэн зээлийн үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэснээр Д.Нандинбаяр зээлийн үүргээс чөлөөлөгдсөн, ...иймд нэхэмжлэгчээс ББСБ-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй, хэлцэл хүчин төгөлдөр бус тул хариуцагч өөрт нь шилжүүлсэн 1,200,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ... гэж дүгнэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Зохигчийн хооронд өрийг шилжүүлэн авах тохиролцоо бус барьцаанд байгаа автомашины үнийг төлж өмчлөлдөө худалдах авах хүсэл зориг илэрхийлэгдсэн нь тогтоогджээ.

 

12. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн, худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон, тус автомашин ББСБ-д зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байгаа талаар худалдагч үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгсөн байна, харин үнийг худалдагчийн заасан этгээдэд төлөхөөр худалдан авагч хүлээн зөвшөөрснийг хариуцагчийн зээлийн өрийг шилжүүлэн авах хэлцэл хийгдсэн гэж дүгнэх боломжгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

13. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ, 112.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 

Эд хөрөнгийн үнэ бүрэн төлөгдөөгүй байхад хариуцагч нь ББСБ-д тухайн хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, худалдан борлуулахыг зөвшөөрсөн үйлдэл нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан агуулгатай байх бөгөөд маргааны зүйл болсон автомашиныг нэгэнт өөрийн эзэмшилд шилжүүлэх боломжгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч төлсөн мөнгөө буцаан шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж, маргаан бүхий харилцааг зохицуулаагүй хуулийг үндэслэж шийдвэр, магадлал гаргасан... талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /тодорхойлох хэсгийг 4.1-д тусгагдсан/

 

15. Хэрэгт авагдсан баримтаар 2020.09.14-ний өдрийн шүүх хуралдааныг 2020.09.01-ний өдөр товлож, талуудад мэдэгдэж, зохигч гарын үсгээ зурсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.09.11-ний өдөр хэргийн материалтай танилцсан, 2020.09.10-наар огноолсон хүсэлтэд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хянаад хариуцагч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй /өөрийнх нь тайлбарласнаар/ тул шүүх хуралдаан давхацсан нь хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй... гэж дүгнэж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуралдах шүүх хуралдааныг сонгож оролцсон, энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй тул ...шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа илэрхийлэх буюу шүүхэд мэдүүлэх, мэтгэлцэх, шүүхийн өмнө эрх, тэгш байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, хэргийн оролцогчийн эрхүүдийг ноцтой зөрчсөн... гэх гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв. /тодорхойлох хэсгийн 4.2-т тусгагдсан/

 

16. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2215 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржоос 2020.12.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН            Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                          Г.БАНЗРАГЧ

                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                   Х.ЭРДЭНЭСУВД