Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

            улсын яллагч Ю.Батсүх,

            шүүгдэгч Д.Д,

            хохирогч Б.Бөмгөөлөгч А.Энхзаяа ҮД:27-39 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангад овогт Д.Д холбогдох эрүүгийн 1806 0087 80609 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Д.Д

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар

Яллагдагч Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нүүрс борлуулах цэгийн амралтын байрны шүүгээнд байсан орлогын 645.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Баатарчулуун бид хоёр тулаа хийдэг. 48 цаг гараад 48 цаг амардаг. Ээлжгүй үедээ нүүрс буусан үед нь нүүрс шуудайлдаг байсан. Миний ээлжинд нүүрс буугаагүй. Гэртээ хариад амраад байж байтал шөнө 02 цагийн орчимд Баатарчулуун залгаад маргааш өглөө нүүрс бууна хүрээд ир гэж хэлсэн. Би өглөө нь очиход Баатарчулуун халамцуу байхаар нь чи босооч гэж хэлэхэд дотор муу байна. Нэг юм аваад өгөөч гэхээр нь би 0,33 граммтай архи авч өгсөн. Түүнээсээ 2 хундагыг өгөөд үлдсэнийг нь би далд хийсэн. Удалгүй Баатарчулуун босоод бид 100 шуудай нүүрс шуудайлсан. Өглөө нь би ээлжтэй байсан учир эрт бууна тооцоогоо эртхэн хийгээрэй гэж хэлэхэд. Өлзий арай дуусаагүй байна. Тэдэнд туслахгүй юм уу? гэсэн. Гэтэл удалгүй Баатарчулуун намайг тамхи татаж байхад мөнгө алга болчихлоо гэхээр нь би хаана хаясан юм, юу болов гэж асуусан. Баатарчулуун сүүлд орон дээр тавьсан шиг санагдаж байна гэж хэлсэн.  Тэгж хэлэхээр нь би одоо Отгоог дуудаад камер шүүлгэе гэж хэлсэн. Отгоо ирээд камер шүүгээд намайг гурван удаа орсон байна гэж хэлсэн. Би 3 удаа орсон нь үнэн. Гал түлсэн, ус халаасан, тамхи авсан. Тухайн өрөө рүү Баатарчулуун бид хоёр түлхүү ордог. Баатарчулуун “та л авсан байна” гэхээр нь би “би аваагүй, цагдаа дууд” гэж хэлсэн. Баатарчулууны мөнгийг нь аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б: ...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед гэртээ амарч байхад манай борлуулагч Баатарчулуун над руу утсаар залгаад орлогын мөнгөө алдчихлаа, та ирээд камер шүүгээд өгөөч гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь хэн, хэн орж гарсан юм бэ гэсэн чинь Насаа ах, Мөнхбаяр хоёр байж байсан гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл наад хүмүүсээ байлгаж бай би очоод камер шүүе гэж хэлсэн. Тэгээд 20 минутын дараа очоод камер шүүж үзэхэд Насанбат ах авч байгаа бичлэг харагдаж байсан. Тэгэхээр нь би та л авчихсан байна шүү дээ, камерийн бичлэг дээр Баатарчулууныг мөнгө хийснээс хойш та л ганцаараа 3 удаа орж, гарч шүүгээнд ойртож байна гэсэн чинь наанаас чинь тамхи авсан, би мөнгө аваагүй гээд гүрийгээд байсан, тэгэхээр нь цагдаад хандсан. Маргааш нь тооцоо нийлэхэд 665.000 төгрөг дутсан байсан. Баатарчулуунаас хэдэн төгрөг тоолж хийсэн бэ гэж асуухад 500.000-600.000 төгрөг  байсан байх, би яг тоолоогүй, бүхэл мөнгөө эмхэлж, цэгцэлж байгаад л шүүгээнд хийгээд гараад явсан гэж хэлсэн. Баатарчулуунд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн бараануудаасаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тоолж хүлээж авахад нийт 665.000 төгрөг дутагдсан байгаа юм. Доржпүрэв нь анх манайд ажилд орохдоо Насанбат гэж хэлж байсан. Бид нар ч гэсэн Насанбат гэж дуудаад сурчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Баатарчулууны: ...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оройны 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Нүүрс борлуулах цэгийн манаачийн өрөөнд сууж байгаад орлогоо тушаахаар бэлдэж халаасанд цугларсан мөнгөнүүдээ дэвсгэртүүдээр ялгаж бүхэл мөнгөнүүдээ ялгаад түмбүүшгэнд хийсэн. Тэгээд мөнгөө мартаж гараад хэсэг хугацааны дараа орж ирээд мөнгөө авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерийн бичлэг үзэхэд мөнгө янзлаад хийснээс хойш алга болсныг мэдэх хүртэл Насанбат /Доржпүрэв/ ганцаараа уг манаачийн өрөө рүү орж түмбүүшиг хэсэг дээр ирж юм аваад халаасандаа хийж байгаа бичлэг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Энхтайвангийн: ...Ингээд нийт 1.875.000 төгрөгийн орлого орсноос Баатарчулуун 502.000 төгрөг хүлээлгэж өгсөн. 200 шуудай төслийн нүүрс зарагдсан нь дансаар 600.000 төгрөг орж ирсэн. 260 шуудай савласны мөнгө гэж 78.000 төгрөгийг савласан хүмүүст өгсөн. Манаачийн байранд 2 жижиг мод түлсэн 3.000 төгрөг, таксинд 10.000 төгрөг өгсөн. Мөнхбаярт зээлээр 5 шуудай нүүрс өгсөн 15.000 төгрөг, таньдаг хүндээ 3 нүүрс хямдруулж өгсөн 1500 төгрөг гээд нийт 1.209.000 төгрөгийн зарлага дуусч гарч дутсан мөнгө нь 666.000 төгрөг дутсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Дийн: ...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баатарчулуун надаас ээлжээ авсан. Тэр өдөр Багануурын нүүрс бууна гээд буугаагүй. Тэгээд шөнө нь 03-04 цагийн үед Баатарчулуун над руу утсаар яриад нүүрс буулаа, өглөө эрт ирээрэй гэсэн. Намайг очиход Баатарчулуун унтаж байгаад сэрсэн. Баатарчулуун сэрээд шөнөжин архи уулаа, яг үхэх нь ганц шил аваад ирээч гээд надад 5.500 төгрөг өгч явуулсан. Тэгээд би тэр архийг нь авч ирээд Баатарчулуунд нэг, хоёр хундага өгөөд үлдсэнийг нь би өөрөө бага багаар уучихсан. Тэгээд л ажилчид ирээд нүүрсээ савлаад өдөр өнгөрсөн. Орой 16 цаг өнгөрч байхад 200 шуудай нүүрс бөөнөөр нь зараад ачсан. Тэгээд л Багануурын буусан нүүрснээс 100 шуудайг савлаад ажил дууссан. Тэгээд ах нь явлаа, маргааш ажилтай гээд манаачийн амралтын өрөө рүү орсон чинь араас Баатарчулуун, Мөнхбаяр хоёр орж ирсэн. Тэгээд Баатарчулуун орлогын мөнгөө орон дээр сууж байгаад цэгцэлж байсан. Би тэр үед нь зуухны тэнд гал түлэхээр байж байсан. Тэгсэн Мөнхаяр бандитай болсон гэхээр нь аль авгайгийн чинь хүүхэд юм бэ гэсэн чинь өмнөх авгайгийн хүүхэд гэсэн. Тэгсэн Баатарчулуун чиний хүүхэдтэй юм гэж юу байдаг юм гээд жаахан муудалцаж байгаад бид гурав гарцгаасан. Гадаа гарахад Мөнхбаяр 0,33 литрийн “Хараа” нэртэй архины шилтэй тал архи надад өгөхөөр нь би тэрийг нь аваад амралтын өрөө рүү ороод зуухны ардуур хийсэн. Тэгээд гаднаас нүүрс оруулж ирж зууханд хийчихээд буцаж гарч ус оруулж гал дээр тавьчихаад зуухны урд тонгойгоод архинаас уусан. Тэгээд архины шилээ нууцаар авч гараад нүүрс савлагч Гэрлээ, Өлзий хоёр дээр очоод тамхи авчихаад гарч тамхилаад гадаа юм яриад байж байхад Баатарчулуун амралтын өрөөнөөс гарч ирээд мөнгөө хаячихлаа гэж байсан. Тэгэхээр нь хаана хаясан юм бэ гэсэн чинь хамгийн сүүлд орон дээр тавьсан санагдаад байна гэсэн. Тэгээд л шууд камерийн бичлэг шүүж үзсэн. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө Баатарчулуунтай уулзаад хэдэн төгрөг дутаж байна гэж асуухад нөгөө мөнгөө хасвал 400 гаран мянган төгрөг дутаж байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

  • Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар тал/,
  • Шүүгдэгч Д.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 17, 19 дүгээр тал/,
  • Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад Д.Д нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Н.Баатарчулууны: ...Би яг бүхэл мөнгөнүүдээ тоолсон, тэгсэн дунд нь тасархай 10.000 төгрөгийн дэвсгэрт байхаар нь тэрийг наачихаад тоолно гэж бодоод түмбүүшигт хийсэн, тэгээд мартаад гараад явсан. Маргааш нь тооцоо хийхэд 500.000 төгрөг дутсан байсан...гэх мэдүүлэг /хх-н 11 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Н.Баатарчулууны: ...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оройны 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Нүүрс борлуулах цэгийн манаачийн өрөөнд сууж байгаад орлогоо тушаахаар бэлдэж халаасанд цугларсан мөнгөнүүдээ дэвсгэртүүдээр ялгаж бүхэл мөнгөнүүдээ ялгаад түмбүүшгэнд хийсэн. Тэгээд мөнгөө мартаж гараад хэсэг хугацааны дараа орж ирээд мөнгөө авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерийн бичлэг үзэхэд мөнгө янзлаад хийснээс хойш алга болсныг мэдэх хүртэл Насанбат /Доржпүрэв/ ганцаараа уг манаачийн өрөө рүү орж түмбүүшиг хэсэг дээр ирж юм аваад халаасандаа хийж байгаа бичлэг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Энэ мэдүүлэгээс үзэхэд Н.Баатарчулуун орлогын мөнгөө алдсан байхад хэрэгт хохирогчоор Б.Бг тогтоосон байгаа нь хохирогчийг буруу тогтоосон, хохирогч, гэрчийн байр солигдсон байна гэж үзэхээр байна.

Хохирогчоор Н.Бааатарчулууныг тогтоосон боловч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаартай Прокурорын тогтоолоор мөрдөгчийн хохирогчоор тогтоолыг хүчингүй болгосон байна. /хх-н 55 дугаар тал/

Мөн Н.Баатарчулуун 500.000 төгрөгийг шүүгээнд хийгээд алдсан гэсэн байхад яллах дүгнэлтэнд 665.000 төгрөгийн хохирол учирснаар бичигдсэн байх ба мөнгө хийсэн гэх түмбүүшиг нь мөнгө хийх зориулттай эсэх, түгжээ байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулаагүй орхигдуулсан байна.

Хавтаст хэрэгт камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:...19:07:04 цагт гаднаас Доржпүрэв орж ирээд түмбүүшигнээс тамхи аваад 00 цаас авч таслаад гараа түмбүүшиг рүү дахин оруулаад гар авч байгаа харагдаж 19:07:20 цагт гарав гэсэн тэмдэглээнээс үзэхэд энэ үйлдлийг нь Доржпүрэвийг алдагдсан гэх мөнгийг кармаалсан нь байна гэж үзэж дүгнэх боломжгүй юм. /хх-н 08-09 дүгээр тал/

Мөн хэрэгт хохирогчоор Б.Бат-Отгон, гэрчээр Н.Баатарчулуун нар мэдүүлэг өгөхдөө өөрсдийн нүдээрээ харж яг мөнгийг авч байснаар мэдүүлээгүй бөгөөд гараа түмбүүшиг рүү дахин оруулаад гар авч байгааг камерын бичлэгээс харж дамжмал мэдээлэл, мэдүүлгийг өгч байгаа нь хөдлөшгүй үнэн гэхэд эргэлзээтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дээс түмбүүшигнээс тамхи аваад 00 цаас авч таслаад гараа түмбүүшиг рүү дахин оруулаад гар авч байгаа үйлдлийг тодруулахад тамхины асаагуур авсан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт камерын бичлэгийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч камерын бичлэгт Д.Дийг мөнгө халаасалж байгаа бичлэг байхгүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Д.Дийг бусдын мөнгийг нууцаар авсан гэм буруутайд тооцоход эргэлзээтэй бөгөөд хангалттай баримтаар нотлогдоогүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.9 дугаар зүйл, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Д холбогдох эрүүгийн 1806 0087 80609 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ