Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/00664

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00664

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25ы өдрийн 183/ШШ2019/00445 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Г холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 306 070 800 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Хүрэлням, хариуцагч Г , нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Тус банк бус санхүүгийн байгууллага нь Г тай 2013 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2014 оны 11 сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй, 2013 оны 12 сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2014 оны 12 сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, 2014 оны 5 сарын 06-ны өдөр зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6 сарын хугацаатай буюу 2014 оны 12 сарын 06-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд ... 352 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг барьцаалсан. Зээлдэгчид 2017 оны 12 сард багтаан зээлээ төлж дуусгах хугацаа олгосон боловч төлөхгүй өдий хүрсэн тул Г аас үндсэн зээл 119 200 000 төгрөг, зээлийн хүү 186 870 800 төгрөг, нийт 306 070 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: Барьцаа тавьж зээл аваад, төлөөд явж байтал орлого, зарлага, үйл ажиллагааны доголдлоос болж төлж чадаагүй. Зээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ... зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 178 561 600 /нэг зуун далан найман сая таван зуун жаран нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д /............./ олгож, шаардлагаас үлдэх 127 509 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1 688 304 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 050 758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэр-Одын давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч С ХХК -ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар болон өмгөөлөгч авах боломжоор хангаж өгөх хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар хүлээн авч шийдвэрлэлгүй орхигдуулсан.

Шүүх хурлын процесс ажиллагааны дарааллын дагуу нотлох баримт шинжлэн судлах явцад, нэхэмжлэгчийн гаргаж өгөөгүй баримтыг үндэслэн хурлын процессын ажиллагааг зөрчсөн, уг баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг өөрийн үзэмжээр үндэслэл болгон Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

 

Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь гэрээнүүдийн хугацаа дууссан 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүүг шаардах эрхгүй гэж дүгнэсэн атлаа нэмэгдүүлсэн хүүг нь шүүхэд хандах хүртэлх хугацаагаар тооцон хариуцагч надаас 34 329 600 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, нэмэгдүүлсэн хүү тооцсон заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болоод маргааны үйл баримтын талаар үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч С ХХК зээлийн гэрээний үүрэгт 306 070 800 төгрөг хариуцагч Г аас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г болон иргэн Д нарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 70 000 000 төгрөг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэн, үүргийн гүйцэтгэлд Н ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, ................ байршилтай 352 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 30 000 000 төгрөг 30 хоногт 3 хувийн хүүтэй, 2014 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл, 2014 оны 5 сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөг 30 хоногт 3 хувийн хүүтэй, 2014 оны 12 сарын 06-ны өдөр хүртэл тус тус зээлдүүлэх гэрээ байгуулж гэрээний зүйл болох 130 000 000 төгрөгийг зээлдэгч талд хүлээлгэн өгчээ. /хх3-13, 18-20/

 

Талуудын тохиролцоо, нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд дээрх гэрээнүүдийн дагуу нийт 171 400 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 25 080 000 төгрөг төлж, үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба нэхэмжлэгч нь уг үүргийг шаардах эрхтэй. Уг үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.2-т үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд, үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор зохицуулсан.

 

Хариуцагч тал зээлийг тогтоосон хугацаанд буцаан төлөх санхүүгийн боломжгүй байгаа талаар зээлдүүлэгчид мэдэгдэж, зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд албан бичгээр гаргаж байсан, нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах, 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зогсох нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхээ алдаагүй, харин хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна. Шүүхээс 3 зээлийн гэрээний дагуу төлөгдөх хүүгийн хэмжээг 25 032 000 төгрөг гэж тооцоолон нэмэгдүүлсэн хүүд 34 329 600 гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын тохиролцоо болоод нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай нийцсэнгүй. Нэхэмжлэгч үндсэн зээлд 119 200 000 төгрөг, гэрээт болон хэтэрсэн хугацааны хүүд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 186 870 800 төгрөг нэхэмжилсэн.

 

Хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 70 000 000 сая төгрөгийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 70 000 000 төгрөг, зээлийн хүүд 25 200 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 10 800 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 30 000 000 сая төгрөгийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 400 000 төгрөг нийт 171 400 000 төгрөг буцаан төлөх үүрэгтэй, үүнээс хариуцагчаас төлөгдсөн үндсэн зээл 10 800 000 төгрөг, зээлийн хүү 14 280 000 төгрөгийн төлөлтийг хасахад 146 320 000 төгрөг төлөх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдож, хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцсэн, хариуцагч хэргийн материалтай танилцаж гарын үсгээ зурсан, хуралдааны тов мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь баримтаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх 42, 43, 32, 45/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25ы өдрийн 183/ШШ2019/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 178 561 600 гэснийг 146 320 000 гэж, 127 509 200 гэснийг 159 750 800 гэж, 2 дахь заалтын 1 050 758 гэснийг 889 550 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 598 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ