Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00527

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00527

 

 

Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/000160 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д хариуцагч БХХК-д холбогдуулан орон сууц өмчлөх эрхтэй болохоо тогтоолгож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон орон сууцны талбайн зөрүү үнэ 5 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д миний бие БХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тус компани ... 18.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бариулж, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөхэд хөрөнгийн гэрчилгээ авахад гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх үүргийг хүлээсэн. Х хотхоны  уг барилга баригдаж, 2016 оны 12 дугаар сард түлхүүрээ авч, байрандаа нүүн орсон ба гэрээний дагуу бүх төлбөрөө төлж барагдуулсан. Гэвч БХХК одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, өмчлөх эрх баталгаажуулж өгөөгүй байна. Энэ талаар тус компанид  гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөөгүй өдийг хүрсэн. Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр Х хотхоны ...дугаар байрны 102 тоот 18.58 м.кв 1 өрөө орон сууцыг бариулж холбогдох төлбөрийг гэрээний дагуу төлсөн боловч метр квадратын хэмжээ дутуу байна. Миний бие 2016 оны 1 сард хэмжилтийн МХХК-иар байрны талбайг хэмжүүлэхэд 16.5 м.кв байна. Анх гэрээнд 18.58 м.кв 1 өрөө байрыг нийт 32.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Иймд дутуу талбайн үнэ болох 5.100.000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Иймд дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг БХХК-аар биелүүлж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: БХХК нь орон сууц захиалгын гэрээг 2015 онд байгуулсан. Энэхүү гэрээгээр ...дугаар байрны 102 тоот орон сууцыг 32,000,000 төгрөгөөр, мкв-ын хэмжээ нь 18.58 мкв гэж худалдсан байдаг. Байрны талбай 20 мкв биш юм. Нэхэмжлэгч тал зөрүүтэй тайлбарыг гаргаж байна. Хууль ёсны хэмждэг байгууллагаар нь хэмжүүлсэн гэж ярьж байгаа боловч тэр байгууллага нь 5 мкв гэж хэмжээгүй. Орон сууц нь 16.05 мкв байна гээд 2.08 мкв дутуу байна гэж дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд хэмжилт хийлгэсэн компанийнхаа хууль ёсны гэрчилгээ болон хуульд заасан нотлох баримтын шаардлага гаргаж хангуулаагүй байсан учраас хэрэг нь дахин шийдэгдэх болсон. Одоо бодитой шаардаж байгаа үнийн дүн нь 2.08 мкв-ын үнэлгээ буюу 3,536,000 төгрөг байгаа. БХХК болон Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдсан даруй 2015 оны 11 сард байрандаа орсон. Байрандаа орсноос хойш Иргэний хуулийн 248 болон 254 дүгээр зүйлд зааснаар тухайн доголдолтой холбоотойгоор ямар нэгэн шаардлагыг гаргаагүй байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тухайн худалдсан эд хөрөнгө нь доголдолтой байвал худалдан авагч нь уг эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ижил төрлийн эд хөрөнгөөр солиулах доголдлыг арилгуулахаар шаардах эрх гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ үүргээ хуульд заасан хугацаандаа хэрэгжүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг хүлээн авахдаа яагаад энэ талаар мэдээгүй  гэдэг асуудал гарч ирнэ. Хэмжилт хийлгэх эрх нь байгаад байна, доголдлыг мэдэх боломж нь байна. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй харагдаж байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан байгаа. Манай байгууллагаас хэмжүүлэх эрхийг нь хязгаарлаагүй. Хүлээн авахдаа хэмжилтээ хийлгээд танайх 2.08 мкв дутаж байгаа учраас үүнд чинь таарсан мөнгийг төлнө гэж хэлэх эрх нь байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй. Тийм учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Иймд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3 дахь хэсэгт зааснаар БХХК-аас 3 536 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 564 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулах үүргийн гүйцэтгэлийг биелүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 141 726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэгч Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 60 800 төгрөгийг нөхөн  гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн давж заалдах гомдолд: Иргэн Д болон БХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээний төрөлд хамаарах бөгөөд Д нь барааны үнэ төлөх, БХХК нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн байдаг. Гэтэл шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Д-ийн худалдан авсан Х хотхоны ...дугаар байрны 102 тоот орон сууцыг хүлээн авахдаа хэмжилт хийлгэн доголдлын талаарх мэдэх боломжтой байсан бөгөөд тухайн орон сууцын м.кв-ын зөрүүтэй байсан талаар мэдэх бүрэн боломжтой байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 183/ШШ2019/00160 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч БХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү үнэд 5 100 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, хариуцагч БХХК нь ........... нутаг дэвсгэрт байрлах Х хотхоны ...дугаар байрны 102 тоот 18,58 м.кв 1 өрөө орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д 32 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сард орон сууцыг хүлээн авч, гэрээнд заасан орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. /хх2, 12-13, 27/

 

Хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээгээр тогтоосон хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн байдал, нэхэмжлэгчийн ... гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхэлсэн байсан ... гэх, хариуцагчийн ... орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байсан ... гэх тайлбар зэргүүдээр гэрээний талууд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгаас тодорхой орон сууцыг худалдаж, худалдан авахаар тохиролцсон нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь талуудын тайлбар, хэргийн баримтад нийцээгүй байна. /хх94,95/

 

Нэхэмжлэгч орон сууцны барилгыг хүлээн аваад талбайн зөрүү байгааг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож хариуцагчид доголдлыг арилгахыг шаардаж байсан гэж тайлбарладаг ба хэргийн 8 дугаар тал дахь МХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт, орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн хариуцагчийн гарын үсэг бүхий акт тухайн цаг хугацаанд орон сууцыг хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбаруудаар нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээн авсан даруйдаа доголдлыг илрүүлж, уг орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаар 18,58 м.кв байх байтал 16,5 м.кв талбайтай байсан нь тогтоогдсон. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хх7-8/

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч энэ хуулийн 254.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх хуулийн зохицуулалттай.

 

Талууд гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээ 18,58 м.кв байна, 1.3-т ... орон сууцны талбайн хэмжээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайгаас 1 м.кв хүрэхгүй хэмжээгээр зөрсөн тохиолдолд талууд гомдол гаргахгүй, гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй ... гэж тохиролцсон тул нэхэмжлэгч нь 1 м.кв-ын зөрүүг шаардах эрхгүй. Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар 2,08 м.кв-1 м.кв=1,08 м.кв талбайн зөрүү үнийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх12/

Гэрээний 1.3 дахь хэсэгт ... хэрэв орон сууцны талбай 1 м.кв-аас дээш хэмжээгээр зөрсөн тохиолдолд 1 м.кв-д ногдох нэгж үнийг үндэслэн дахин тооцоо хийнэ гэж заасныг үндэслэн 1,08 м.кв-ын зөрүү нь 32 000 000:18,58*1,08=1 860 064 төгрөг байх тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолсон байх тул мөнгөн дүнгийн хэмжээгээр тооцоолол хийж 44 711 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16ы өдрийн 183/ШШ2019/000160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-аас 1 860 064 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 239 936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын 141 726 гэснийг 44 711  гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ