Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01391

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01391

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2020/00308 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Д-гийн хариуцагч С.О-д холбогдуулан гаргасан 3 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Д,

Хариуцагч С.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О нь Хамтдаа хөгжье гэдэг төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс сүлжээний бизнес гэж үзэн үйл ажиллагааг зогсоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Би С.О-д 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3 300 000 төгрөгийг банкнаас зээлж авч өгсөн, өнөөдрийг хүртэл энэ зээлийн хүүг төлж маш их хохирч байна. Энэ хүнээс нэхэмжилсэн мөнгөө 100 хувь гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үед ээж маань хорт хавдартай байсан болохоор эм, тарианы мөнгөнд нэмэртэй гэж итгээд мөнгөө энэ хүнд өгсөн. Төд удалгүй Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс над руу залгаж хэдэн төгрөг өгсөн бэ гэж асууж мэдүүлэг авсан. Би анх банкнаас 6 600 000 төгрөг зээлээд 3 300 000 төгрөгийг С.О эгчид өгсөн. Тэр үед н.Д эгч 1 000 000 төгрөгийн урамшуулал авч байсан. Би С.О эгчид өөр хүмүүсийн нэр бичүүлээд 11 удаа 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нэг хүний нэр дээр их мөнгө хийж болохгүй гэсэн учраас өөр хүмүүсийн нэрээр мөнгөө хийсэн. С.О надад 100 000 төгрөг өгсөн. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, тэгээд мөнгөө нэхээд залгахаар шүүх, цагдаагаар яваагүй хүмүүсийн мөнгийг яаж ийгээд өгч байгаа харин шүүх цагдаагаар явсан та нар иргэний шүүхээр нэхэмжлээд мөнгөө ав гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сард О эгч надад 50 000 төгрөгийн сүлжээний бараа өгсөн. Иймд С.О-аас 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төсөлд нэг хүн 300 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 000-1 080 000 төгрөг авах боломжтой байсан. Би энэ үйл ажиллагаагаа үнэнчээр явуулсан, Багануур дүүргийн иргэдийн хөрөнгө оруулалттайгаар дүүргээ хөгжүүлье гэсэн зорилготой байсан. Хөрөнгийн 90 хувь нь гишүүдэд, 10 хувь нь үйл ажиллагаанд зарцуулагдаж, Даваасүрэнгийн хөрөнгө оруулсан 3 300 000 төгрөгийн 330 000 төгрөг нь үйл ажиллагаанд буюу нийгмийн даатгал, татвар, эрсдэлийн санд зарцуулагдаж, үлдэгдэл 2 970 000 төгрөгийг 5 хүнд хувааж өгөх жишээтэй байсан. Энэ үйл ажиллагааг 1 жилийн турш явуулсан. Миний хувьд тэр мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг завшаагүй. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэг хэрэгсэхгүй болсон. Шүүх хэргийг шударгаар шийдвэрлэдэг бол 50, 50 хувиар нь хувааж шийдвэр гаргах байх, би энэ хүмүүсийн мөнгийг аваад хувьдаа ашигласан зүйл байхгүй, мөнгийг нь өсгөж өгнө гэж хэлээгүй, үйл ажиллагааны явцад урамшуулал авч болно гэж л хэлсэн. Надад залилан хийсэн үйлдэл байхгүй. Баримтаар тогтоогдсон 3 000 000 төгрөгөөс 150 000 төгрөгөө хасаж, үлдэгдэл мөнгөний 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Боржигин овогт С.О-аас 2 850 000 төгрөг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Халх сартуул овогт М. Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас 2 850 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 300 000 төгрөгийг би гардан аваагүй бөгөөд тэрээр зөвхөн ашиг олох шуналын сэтгэлээр өөрийн хүсэл санаачилгаар мөнгөө оруулсан. Нэхэмжлэгчид 2 850 000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй учир зөвшөөрөхгүй байна. Бидний дунд амаар болон бичгээр тохирсон зүйлгүй. Нэхэмжлэгчийн мөнгөө оруулсан Г О ТББ-ын үйл ажиллагааг зогсоосноос болж байгууллагаас мөнгө нэхэж ирсэн хүмүүст мөнгийг буцаан олгох боломжгүй болсон бөгөөд зарим хүмүүст хүн чанарын үүднээс мөнгө төлж байсан. Миний хувьд нийгмийн болон бусдын тусын тулд шударгаар үйл ажиллагаа явуулсны төлөө 2013-2019 оны хооронд цагдаа, прокурорын үүд сахиж, улмаар 2 сар цагдан хоригдож байсан. Энэ хугацаанд би нэр төр, бие махбодь, эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны маш их хохирол амсаж эцэст нь эмчийн байнгийн хяналтад байгаа. Иймд шүүх хэргийг тал бүрээс нь үнэлж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаантай үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч С.О-д холбогдуулан 3 300 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч М.Д нь 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөгөөр элсдэг Хамтдаа хөгжье төслийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор 11 удаагийн үйлдлээр 3 300 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч 10 удаагийн үйлдлээр нийт 3 000 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй./хэргийн 11-16, 19-20, 38 дугаар тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. гэж заасан. Энэ нь хэн нэг этгээд нөгөөдөө хөрөнгө шилжүүлсэн нь хууль бус буюу уг тохиролцоо нь хожим дуусгавар болсноор нөгөө тал нь хөрөнгөжсөн тохиолдолд уг шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийг олгосон зохицуулалт юм.

 

Хамтдаа хөгжье төсөл хөтөлбөр нь хууль ёсны дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжсэн болох нь тогтоогдоогүй тул зохигчдын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв. Иймд нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар 3 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч 100 000 төгрөг бэлнээр, 50 000 төгрөгийн бараа хариуцагчаас авсан үйл баримтын талаар маргаагүй тул анхан шатны шүүх уг мөнгийг дээрх 3 000 000 төгрөгөөс хасч, үлдэх 2 850 000 төгрөгийг хариуцагч С.О-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Д-д олгож шийдвэрлэсэн нь зөв. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2020/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОХАНД

 

С.ЭНХТӨР