Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2020/00308

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Багануур дүүргийн .... дүгээр хороо, ....... дугаар байрны ....... тоотод оршин суух, Х овогт М. Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дүгээр хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт С.Од холбогдох 3.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О нь “Хамтдаа хөгжье” гэдэг төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс сүлжээний бизнес гэж үзэн үйл ажиллагааг зогсоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Би С.Од 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 3.300.000 төгрөгийг банкнаас зээлж авч өгсөн, өнөөдрийг хүртэл энэ зээлийн хүүг төлж маш их хохирч байна. Энэ хүнээс нэхэмжилсэн мөнгөө 100 хувь гаргуулах хүсэлтэй байна. Би 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр банкнаас зээл авч, мөнгөө эргүүлээд авч чадах болов уу гээд судалгаа хийсэн. Тэгээд С.О асуухад санаа зоволтгүй ээ, манайх эрсдэлийн сантай, хүмүүсийн сайн сайханы төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж хэлсэн. Тухайн үед ээж маань хорт хавдартай байсан болохоор эм, тарианы мөнгөнд нэмэртэй гэж итгээд мөнгөө энэ хүнд өгсөн. Намайг мөнгөө өгснөөс хойш 10 хоногийн дараа хүмүүс ашгаа олж чадахгүй юм байна, дэмий юм боллоо гэж байсан. Би юу болсон юм бол гээд очих гэтэл ээжийн бие муудаж Улаанбаатар хот руу түргэнээр явсан. Ээж минь нас бараад хэцүү байсан болохоор С.О эгчээс та миний өгсөн мөнгийг буцаагаад өгөөч гэж гуйсан тэгтэл та нар бид нарыг цагдаад өгсөн, чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Төд удалгүй Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс над руу залгаж хэдэн төгрөг өгсөн бэ гэж асууж мэдүүлэг авсан. Би анх банкнаас 6.600.000 төгрөг зээлээд 3.300.000 төгрөгийг С.О эгчид өгсөн. Би банкны хүүгээс хүүгийн хооронд, зээлэндээ ээжийнхээ тэтгэврийг хүртэл өгч их хэцүү амьдарсан. С.О эгч 26 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түүний өрөөнд ороход олон цагдаа нарын зурагтай, өөрөө Багануур дүүргийн .... ажилладаг байсан, нас тогтсон эгчийг хараад хэн ч итгэхгүй байх боломжгүй. Мөнгөө өгөхдөө яаж мөнгөө олоод эргүүлж өгөөд байгаа юм бэ, нэгнээс нь аваад нөгөөд нь өгөөд байгаа юм уу гэж асууж байгаад орсон. Тэр үед Д эгч 1.000.000 төгрөгийн урамшуулал авч байсан. Би С.О эгчид өөр хүмүүсийн нэр бичүүлээд 11 удаа 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нэг хүний нэр дээр их мөнгө хийж болохгүй гэсэн учраас өөр хүмүүсийн нэрээр мөнгөө хийсэн. Намайг хот яваад ирсний дараа хүмүүс дампуурсан, мөнгөнийхөө оронд компьютер, эд хогшлыг нь авсан гэж байсан. С.О эгчтэй очиж уулзаад уйлаад бүх юмаа ярьсан. Тэр үед С.О эгч намайг цагдаад өгчихсөн байгаа гэж хэлээд надад 100.000 төгрөг өгсөн. Би олон ч удаа залгаж мөнгөө нэхэж байсан. Тэр бүрд та нар цагдаагаас мөнгөө авахгүй юу гэдэг байсан. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, тэгээд мөнгөө нэхээд залгахаар шүүх, цагдаагаар яваагүй хүмүүсийн мөнгийг яаж ийгээд өгч байгаа харин шүүх цагдаагаар явсан та нар иргэний шүүхээр нэхэмжлээд мөнгөө ав гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сард С.О эгч надад 50.000 төгрөгийн сүлжээний бараа өгсөн. 7 жилийн турш ингэж хохирсон тул мөнгөө бүгдийг нь авах хүсэлтэй байна. Баримт бүрдүүлэхэд надад хүндрэлтэй байсан, байн байн Улаанбаатар хот руу яваад одоо ч бас хохироод л байж байна. Энэ хүн үйл ажиллагаа явуулна, мөнгийг маань өгсөж өгнө гэж хэлээгүй бол гэртээ сууж байсан хүмүүс яаж мэдэж мөнгөө өгөх вэ?. 50 хувийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би банкнаас зээлсэн мөнгөнийхөө хүүг нэхэмжлээгүй. Энэ хүн үйл ажиллагаа явуулж байсан өрөөндөө ....... нарын зургийг нааж хүмүүсийн итгэлийг төрүүлж, мөнгийг нь авах шунаг сэтгэлтэй байсан. Үнэхээр Багануурчуудын сайн сайханы тулд байсан бол мөнгө хурааж мөнгө өгөх биш, өөр зүйл хийх хэрэгтэй байсан. Хүмүүсийн өгсөн мөнгөний 10 хувийг байгууллагын үйл ажиллагаандаа зарцуулсан гэж байна. Яаж юунд зарцуулсныг бид нар мэдэхгүй. Намайг очиход нэг эмэгтэйд 1.000.000 төгрөг, дараа нь дахиад өөр хүнд 2.000.000 төгрөг өгч байсан. Ямар хүмүүст өгсөн мөнгийг нь тэгж нугалж өгсөн юм бэ. Анхнаасаа л хүний 300.000 төгрөг, өөр хүмүүсийн нэр дээр мөнгө өгөх хэрэггүй гээд бусад мөнгийг маань буцаагаад өгсөн бол ийм асуудал болохгүй байсан. Иймд С.Оаас 3.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төсөлд нэг хүн 300.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500.000-1.080.000 төгрөг авах боломжтой байсан. Би энэ үйл ажиллагаагаа үнэнчээр явуулсан, Багануур дүүргийн иргэдийн хөрөнгө оруулалттайгаар дүүргээ хөгжүүлье гэсэн зорилготой байсан. Хөрөнгийн 90 хувь нь гишүүдэд, 10 хувь нь үйл ажиллагаанд зарцуулагдаж, Д хөрөнгө оруулсан 3.300.000 төгрөгийн 330.000 төгрөг нь үйл ажиллагаанд буюу нийгмийн даатгал, татвар, эрсдэлийн санд зарцуулагдаж, үлдэгдэл 2.970.000 төгрөгийг 5 хүнд хувааж өгөх жишээтэй байсан. Энэ үйл ажиллагааг 1 жилийн турш явуулсан. Үйл ажиллагаа явуулж байхад хүмүүс мөнгөө авч чадахгүй байна гэх мэтээр янз бүрийн санал гаргаж байсан. Тухайн үед 50 гаруй сая төгрөг миний дансанд цугларсан байсан. Тэгээд санал гаргасан хүмүүст мөнгийг нь өгдөг байсан. Хэрвээ тухайн үед Д ээжийн бие муудлаа, 3.300.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлсэн бол би мөнгийг нь буцаагаад өгөх боломжтой байсан. Хүмүүс гомдол санал гаргаснаас болоод би цагдаагийн байгууллагад шалгагдах болсон. Шалгагдаж байсан учраас миний бүх мөнгийг минь хурааж авч, лацадсан учраас хүмүүсийн мөнгийг эргүүлэн өгөх боломжгүй болсон. Миний хувьд тэр мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг завшаагүй. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэг хэрэгсэхгүй болсон. Миний дансанд 100.000 төгрөг үлдсэн учраас 5 хүнд ч болтугай 20.000 төгрөгөөр нь хуваагаад өгье мөнгөө авч болох уу гэж Нийслэлийн Прокурорын газраас асуухад энэ хэрэг олон холбогдогч, хохирогч нартай, тэдэнд бүгдэд нь тогтоол гардуулах ёстой болохоор хэрэг нэг мөсөн дуусаагүй гэсэн хариуг өгсөн. Д над руу ярьдаг байсан, би шууд мөнгийг нь өгөх боломжгүй байсан, цагдаагийн байгууллага яаж шийдэхийг харъя гэж хэлдэг байсан. Өвчтэй, зовлонтой хэцүү хүмүүст бараа бүтээгдэхүүнээр ч болов өр төлбөрийг нь барагдуулдаг. Миний хийсэн үйл ажиллагаанаас надад нэг ч төгрөг үлдээгүй учраас хүний ёс зүйн үүднээс Д өөрийн хамаатан садан хүмүүсийн нэр дээр оруулсан 2.100.000 төгрөгийн 50 хувь болох 1.050.000 төгрөгөөс, 150.000 төгрөгийг хасаж, 900.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хэргийг шударгаар шийдвэрлэдэг бол 50, 50 хувиар нь хувааж шийдвэр гаргах байх, би энэ хүмүүсийн мөнгийг аваад хувьдаа ашигласан зүйл байхгүй, мөнгийг нь өсгөж өгнө гэж хэлээгүй, үйл ажиллагааны явцад урамшуулал авч болно гэж л хэлсэн. Надад энэ хүнийг буруутгаад байх шаардлага байхгүй. Миний үйл ажиллагаа шударга, бичиг баримтуудаа бүгдийг нь хоёр хувь үйлддэг байсан. Надад залилан хийсэн үйлдэл байхгүй. Би ..... ахмадын зөвлөлийн тэргүүлэгч байсан учраас тэр зураг өрөөнд байсан. Түүнийг хүмүүс .......... өмнөөс үйл ажиллагаа явуулж байна гэж бодсон байх, тийм нэр төр барьсан зүйл байхгүй, өөрийн хүсэл зорилгын дагуу хүний төлөө л үйл ажиллагаа явуулсан. Баримтаар тогтоогдсон 3.000.000 төгрөгөөс 150.000 төгрөгөө хасаж, үлдэгдэл мөнгөний 50 хувийг  төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би ломбардаас мөнгө зээлж аваагүй, энэ хүн хүсэл зоригоороо хөрөнгө оруулалт хийсэн. Шүүх баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх байх, тэрнээс  биш хоёр хүнийг ярианы дагуу шийдвэрлэхгүй байх, тиймээс шүүх шударга шийдвэр гаргаж надаас 50 хувийг гаргуулахаар шийдвэрлээсэй гэж хүсч байна. М.Д нь зөвхөн өөрийгөө хохирч байна гэж тайлбарлаад байх юм. 6 жилийн хугацаанд ганцхан энэ хүн хохироогүй миний хувьд ч гэсэн хохирсон. Би зорилго тавьж ажилласан ч зорилгодоо хүрч чадаагүй. Би 6 жилийн турш цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. би нэр төр, бүх юмаараа хохирсон үүнийг мөнгөөр хэмжих боломжгүй. Цаг хугацаа бол мөнгөнөөс илүү үнэтэй. Энэ хүн 3.300.000 төгрөгийг надад өгчихлөө гэж бодохоор хэзээ ч буян ирэхгүй. Би бусдад өгсөн мөнгөө буян үйлдэж өгсөн гэж энэ хугацаанд бодож ирсэн. Би мөнгө нэхсэн хүний үгээр хэргийг шийдвэрлэхгүй байх гэж бодож байна гэв

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч С.Од холбогдуулан 3.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Д нь 300.000 төгрөгөөр элсдэг “Хамтдаа хөгжье” төслийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор 11 удаагийн үйлдлээр 2013 оны 4 сарын 5-ны өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар 3.300.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар 3.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа ба хариуцагч маргаагүй болно.

Зохигчдын тайлбараар тухайн хөтөлбөр нь 300.000 төгрөгөөр элсэж хөрөнгө оруулсан дарааллаар мөнгөө өсгөж авдаг байсан бөгөөд Д элссэн тойрог болоогүй байсан учир мөнгө авч чадаагүй байна.

Тухайн “Хамтдаа хөгжье” төслийн хөтөлбөрт хариуцагч С.О, нэхэмжлэгч М.Д нарын хооронд үүрэг үүсээгүй, хөтөлбөрийн ажиллах зарчим нөхцлийг М.Дд мэдэгдээгүй, нөгөө талаар энэ хөтөлбөр тодорхой үр дүн, хөдөлмөр шингэж байж цалин гарахгүй, дараагийн элсэлтийн гишүүний төлбөр, эхний элсэлтийн хүнд цалин хэлбэрээр орж байгаа, хуулиар зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй, Иргэний хуульд заасан тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд амласан шагнал, мөн ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд олгохоор зарласан шагнал, эрх биш тул хариуцагч С.О нь 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Дд буцаан төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч М.Д, хариуцагч С.О нарын хооронд үүрэг үүсээгүй, харилцан тохиролцон цалин олгох талаар амлаагүй тул С.Оы  нэхэмжлэгч М.Дд өгсөн гэх 100.000 төгрөг, 50.000 төгрөгийн бараа, баримтгүй нэхэмжилсэн 300.000 төгрөг нийт 450.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч С.Оаас 2.850.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дд олгож, үлдэх 450.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч Б овогт С.О 2.850.000 төгрөг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х овогт    М.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оаас 2.850.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дд олгосугай.            

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ