Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00735

 

 

М.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2020/00308 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1391 дүгээр магадлалтай,

М.Д гийн нэхэмжлэлтэй,

С.О д холбогдох,

3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Д  нь хариуцагч С.О д холбогдуулан 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2020/00308 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О аас 2,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О аас 2,850,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1391 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2020/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч С.О  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.О  би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1391 дугаартай шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. С.О  би яаж үндэслэлгүй хөрөнгөжиж, ямар хөрөнгөтэй болсноо мэдэхгүй байна. О  би 1996 оноос хойш Багануур дүүрэг, Улаанбаатар хотод ажиллаж амьдрахдаа байнга байр түрээсэлж амьдарч байсан бөгөөд 2019 оны 7-р сараас Багануур дүүрэгт эгчийнхээ гэрт амьдарч байна. Миний бие Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэх байрны эмчээр ажиллаж байгаад 2010 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Өөрийн ажил мэргэжлийн туршлага дээр үндэслэн 2012 онд “Гүн Гашуутын ....” ТББ байгуулан иргэдийн хандив тусламжаар нийгмийн болон бусдын сайн сайхны төлөө “Гэр бүлийн чөлөөт цагийн төв” цогцолбор барих төсөл хэрэгжүүлэн ажиллаж байсан. 2013 онд цөөн хэдэн хүний гомдлоос болж байгууллагын үйл ажиллагааг зогсоон цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдаж 2019 оны 6 сард Нийслийн Прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч олон гишүүдэд тогтоол танилцуулах учраас одоо хүртэл хаагдаагүй байна. Энэ 6 жилийн хугацаанд олон хүний эрх ашиг хохирч, миний хувьд шударгаар ажилласныхаа төлөө нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа, эдийн засгаар хохирсон. Уг төсөлд гишүүдээс хандивласан 575 сая орчим төгрөгийн 500 сая буюу 85 хувь нь гишүүддээ урамшуулал болон буцаж очно, 15 хувь нь байгууллагын үйл ажиллагааны зардал, татвар, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт зарцуулагдсан нь төслийн үйл ажиллагаанд хийгдсэн аудитын дүгнэлтэнд тусгагдсан байгаа. Орлого зарлагын тайлан гарсан ч 700 гаруй хүнд 300-аад сая төгрөгийн хохиролтой гэсэн дүгнэлт гарсан. 6 жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөгийн хохирлыг өөрийн хүн чанарын үүднээс барагдуулж байгаа. Анхан шатны шүүхээс намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг нотолсон баримтыг хавтаст хэргээс авах боломжтой байсан. Гэтэл ямар ч нотлох баримтгүйгээр шууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь иргэн намайг гүтгэсэн хууль бус шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр хадгалсан гэх шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч М.Д д 2,850,000 төгрөг 100 хувь олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч М.Д тэй /байгууллага-хандивлагч гишүүнтэй/ албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 75.2.1-д заасан гэрээ хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Гэвч миний хувьд олон гишүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хүн чанарын үүднээс бодсон ч ялангуяа өндөр настай, өвчтэй зовлонтой хүмүүсийг орхиж чадахгүй. Өөрөө орон байртай болъё гэхээсээ илүү яаж боломж гарвал хэдэн төгрөг хэдэн хүнд өгөх вэ гэдгийг л бодож байна. Гэтэл нэхэмжлэгч М.Д  нь өөрийн гэсэн орон байртай, тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг, надтай холбоо барьж, уулзаж боломж бололцоогоороо өгнө, олон хүн байгаа гэж хэлж байсан боловч хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож намайг гүтгэж доромжилсон ч би гомдоогүй. Гэхдээ өөрийн болон ах дүү нар, хамт ажиллаж байсан хүмүүсийн орлогын баримтыг цуглуулж 100 хувь авна гэж зүтгэж байгаад харамсаж байна. Нэхэмжлэгч М.Д гийн ээж маань нас барсан, банкны зээл төлсөн гэж гомдол гаргасан. Тэгвэл бусад хүмүүст ч адилхан үхэл хагацал, өвчин зовлон тохиолдоод явж л байна. Банкны зээлгүй хүн гэж байхгүй. Миний хувьд ч бас ээж маань 2015 онд ах дүү 2 маань 2017 онд нас барцгаасан. Би элэгний хатуурал өвчний улмаас эмчийн хяналтанд байж л байна. Тэтгэврийн зээлтэй зөрүүгээрээ амьдарч байгаа ч өөрийгөө бодолгүй, өөрийн хоол, эмийн зардлаа яая гэж байж ганц хоёр хүнд хэдэн төгрөг өгчих юмсан гээд илүүчлээд л явж байна. Нэхэмжлэгч М.Д д би мөнгө өгөхгүй гэж хэлээгүй, хэн хэний хариуцлага, орж ирсэн мөнгө 100 хувь шударгаар зарцуулагдсан, би өөртөө үл хөдлөх хөрөнгө, дансандаа орлоготой болоогүй, ямар ч эд хөрөнгө байхгүй учраас 50 хувийг төлье гэсэн, хүлээж аваагүй. М.Д  нь гадны 3 хүний нэртэй орлогын баримтын мөнгийг би өгсөн гээд авчирсан, би бүх мөнгөний баримтыг шүүх шударгаар шийднэ, Д д очих мөнгөний хэмжээ нэмэгдэж байвал гэж бодсоны үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх М.Д гийн ээж нас барсан, банкны зээл төлсөн гэсэн гомдолд сэтгэл хөдлөлөөр хандаж хууль бус шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр хадгалж шийдвэрлэсэнд үнэхээр гомдож, шат шатны шүүгч нарын хууль бус шийдвэрүүд, мөн мэргэжлийн ур чадвар, хуулийн хүрээнд ажиллах сэтгэл дутмаг, зөвхөн өөрсдийгөө хамгаалсан байдлаар ажиллаж байгаад харамсаж байна. Миний хувьд нэхэмжлэгч М.Д д 50 хувийг төлөх хүсэлтэй байгаа бөгөөд Д гээс гадна 600 гаруй хүн намайг харж, надад итгэж хүлээж байгааг харгалзан үзэж Улсын дээд шүүхээс олон хүний эрх ашгийн төлөө, хуулийн дагуу, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс 1,425,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Тиймээс үлдэгдэл 1,425,000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч М.Д  нь хариуцагч С.О д холбогдуулан 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.   

8. Нэхэмжлэгч М.Д  нь 2013.04.05-ны өдрөөс “Хамтдаа хөгжье” төслийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор С.О д 10 удаагийн үйлдлээр нийт 3,000,000 төгрөг төлсөн, хариуцагч уг төлбөрөөс 100,000 төгрөг, 50,000 төгрөгийн барааг буцаан өгсөн зэрэг нь зохигчийн тайлбар, мөнгө төлсөн орлогын баримтууд болон бусад баримтаар тогтоогджээ.

9. Хариуцагч С.О  нь ...Миний төсөлд нэг хүн 300,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 500,000-1,080,000 төгрөг авах боломжтой байсан. Би үйл ажиллагаагаа үнэнчээр явуулсан, Багануур дүүргийн иргэдийн хөрөнгө оруулалтаар дүүргээ хөгжүүлье гэсэн зорилготой байсан, оруулсан хөрөнгийн 90 хувь нь гишүүдэд, 10 хувь үйл ажиллагаанд зарцуулагдсан. ...нэхэмжилсэн төлбөрийн 50 хувийг төлнө... гэж маргах боловч түүний татгалзлын үндэслэл, өөрөөр хэлбэл хариуцагчийн хэрэгжүүлсэн гэх төсөл хөтөлбөр нь хууль ёсны дагуу, гэрээний үндсэн дээр хэрэгжсэн болох нь нотлогдоогүй байна.   

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол ...хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

11. Хэргийн баримтаар зохигчийн хооронд ямар нэгэн хэлцэл, гэрээ байгуулагдаагүй нь тогтоогдсон, хоёр шатны шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.О аас төлбөрт 2,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 450,000 төгрөг /буцаан төлсөн 150,000 төгрөг, баримтгүй нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хасч тооцон/-ийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

12. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн ...би яаж үндэслэлгүй хөрөнгөжиж, ямар хөрөнгөтэй болсноо мэдэхгүй байна. ...нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь болох 1,425,000 төгрөгийг төлөх хүсэлтэй, нэхэмжлэлээс 1,425,000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2020/00308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1391 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.05-ны өдөр төлсөн 37,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА