Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 425

 

Д.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар магадлалтай, Д.Л-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял,

Мөн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Мөн  шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр өмнөх 2016 оны 126 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Х овогт Д-н Л-.

Д.Л- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 3 дугаар гудамжны 20 тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Д.О-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Л-ын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сар 3 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Л-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлэх ял, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоног хорих ялыг тус, тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай бөгөөд давж заалдах шатны шүүхэд хохирогч Д.О- нь Д.Л-т зодуулаагүй, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн тухайгаа гомдол гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, энэ талаараа мэдүүлсээр байтал давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр боллоо. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогч нарын тайлбар мэдүүлгээс хэргийн үйл баримт харилцан зөрүүтэй, хохирогч худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Мөн тус хэргийн мөрдөгч нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган Дархан-Уул аймгийн хяналтын прокурорт хүргүүлсэн байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд зааснаар уг хяналтын прокурор нь хэргийг 14 хоногийн дотор хянаж буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх байтал хугацаа хэтрүүлэн шилжүүлсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Л- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэртээ найз Сашкаг дуудсан, миний гар бэртэлтэй байсан учир мод хагалж, гал түлээд өг гэж дуудсан. Мод, түлээгээ хагалчихаад гэр рүү явж байхад хашааны үүдэнд О- ах, Ганхүү нартай таарсан, тэр 2 халамцуу байсан, архи авч өг гэсэн мөнгө байхгүй гээд явах гэхэд О- намайг шоронгийн хадаас, хулгайч гээд элдвээр доромжлоод, миний нас барсан ахыг бас доромжлоод байсан тул түүний куртикнээс татаад газарт цуг унасан, миний гар хугарсан, хадаастай болохоор зовиурлаж шууд гэр рүүгээ явсан бөгөөд О-тай хэрүүл маргаан хийж, зодож, гэмтээгээгүй, надтай муудалцахаас 3 хоногийн өмнө үхэрт мөргүүлж гэмтсэн болон худал мэдүүлэг өгсөн талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тайлбарласан байхад намайг О-ыг зодсон гэж буруутгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгасан мөрдөгч гэм буруугаа хүлээвэл бага ял авдаг, хорих ялгүй хэрэг гээд хүлээн зөвшөөрүүлж мэдүүлэг авсан, бусдын ятгалгаар өгсөн мэдүүлгээс болж хэрэгтэн боллоо анх өгсөн мэдүүлгийг мөрдөгч хууль зөрчиж авсан буюу намайг 0,76 хувийн согтолттой байхад мэдүүлэг авсан. Багажаар шалгасан баримт хэрэгт авагдаагүй байсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай бөгөөд давж заалдах шатны шүүхэд хохирогч Д.О- нь Д.Л-т зодуулаагүй, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн тухай гомдол гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож энэ талаар мэдүүлсээр байтал давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогч нарын тайлбар мэдүүлгээс хэргийн үйл баримт харилцан зөрүүтэй, хохирогч худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан, хэргийг үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан төрөл, хэмжээнд ял оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүх оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Л-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Л- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 3 дугаар гудамжны 20 тоот хашааны гадна Д.О-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 3 хоногоор тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг зохицуулахдаа гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж нэмж нэгтгэх, мөн хэд хэдэн өөр төрлийн ял оногдуулсан бол тэдгээрийг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заажээ. Эндээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэмж нэгтгэх байдлаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэрвээ шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдох тул шүүгдэгч Д.Л-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нарын хяналтын журмаар гаргасан гомдолд заасан үндэслэл, нотолгоо нь анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, түүнд тулгуурлан тогтоосон хэргийн үйл баримтад үл хамаарах асуудал байх тул эдгээр үндэслэлд тулгуурлан хэргийн үйл баримтыг шинээр тогтоох, өөрчлөн дүгнэх эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд олгогдоогүй болохыг тэмдэглэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН