Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 372

 

"Х ш”  ХХК-ийн гомдолтой,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын

улсын байцаагч С.Б-т холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      М.Батсуурь

                     Б.Мөнхтуяа

                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал     

Гомдлын шаардлага: “Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”    

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0291 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 382 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т,

Хариуцагч С.Б нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0291 дүгээр шийдвэрээр: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х ш”  ХХК-иас гаргасан “Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 382 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,…” гэснийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3, 8 дугаар зүйлийн 8.3, 8.4.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.8, 9.9, 9.12,…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, “Х ш”  ХХК-ийн захирал Т.С-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад тусгасан хуулийн зүйл, заалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Үүнд:

4. Нэг. Магадлалын хянавал хэсэгт “...”Х ш”  ХХК-ийн ашиглаж буй уурын уух стандартын шаардлагад нийцсэн эсэх, үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, хэмжилт хийгдсэнээс үл хамааран хууль болон журамд зааснаар тус компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах үүрэгтэй...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Менежментийн төлөвлөгөө нь тухайн холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хэмжилт хийгдсэнээр сөрөг нөлөөллийн тогтоож, уг мэргэжлийн байгууллагаар хийгддэг. БОНБҮтХ 9.1-д “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна.” Хэмээн нарийвчилсан мэргэжилтэн бүхий мэргэжлийн байгууллага хийхээр хуульчилсан байна. Иймд холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс үл хамааран хийх боломжгүй. Энэ нь таныг цоо эрүүл байхад “сүрьеэ өвчин туссан эсэхээс үл хамааран сүрьеэ өвчинд хийдэг тариа хийнэ” гэж байгаагаас өөрцгүй юм.

6. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийхэд шаардагдах урьдчилсан тодорхой нөхцөлийг хуульчилсан байдаг. 1.БОНБҮтХ 9.1-д “...тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх...зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.” 2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам 1.5-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ /агаарын чанар, гадаргын ба газрын доорх усны нөөц, хөрсөн бүрхэвч, газрын хэвлий, ургамлын нөмрөг, амьтны аймгийг хамгаалах, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон арга хэмжээ болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг тусгана/ 3.Дээрх Журам 2.1-т “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.”

7. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ямар зорилгоор хийхийг БОНБҮтХ 9.1-ээр, харин  менежментийн төлөвлөгөөгөөр ямар ажил хийхийг Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.5 ба 2.1-ээр маш тодорхой зохицуулсан байна. Тодруулбал “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан нь тогтоогдсон байгууллага байгаль орчны “сөрөг нөлөөллийг арилгах” зорилгоор хийлгэх бөгөөд түүнийг хэрхэн хийх аргачлал, хугацаа, гарах зардлыг нарийн төлөвлөж тусгасан цогц үйл ажиллагаа байна.

8. “Х ш”  ХХК-ийн хувьд стандартаас давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл менежментийн төлөвлөгөө боловсруулах боломжгүй байхад биднийг менежментийн төлөвлөгөө боловсруулж, хянуулж батлуулах үүрэгтэй гэх нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байна.

9. “Х ш”  худалдааны төвийн хувьд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байгаль орчны сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй гэдэг нь дараах эрх бүхий мэргэжлийн байгууллагаас хянан шалгаж тогтоосон дүгнэлт болон актуудаар батлагдана. /Хавтас хэрэгт байгаа/

10. 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага “Э-С” ХХК-иас “Худалдааны төвийн цогцолборын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-гийн дүгнэлтээс үзвэл “Х ш”  худалдааны төвийн үйл ажиллагаанаас зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байгаль бохирдол тогтоогдоогүй байна.

11. “Х ш”  ХХК-ийн уурийн зуух нь сүүлийн үеийн чанар, тавигддаг стандарт болон бусад шаардлагыг бүрэн хангасан эсэхийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэмжилт хийсэн АЧХЗБХ-ийн оператор техникч Н.Б, хянасан АЧХЗБХ-ийн ахлах мэргэжилтэн О.А, мөн танилцсан баталсан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Г нарын гаргасан “Хэмжилтийн дүнгийн хуудас”-аар илэрхийлэгдэж, хэмжилтэд утааны хийн агууламж нь МNS 5043:2016 стандартад нийцсэн, хүлцэх хэмжээнээс хэтрүүлж бохирдуулаагүй болох нь тогтоогдсон байна.

12. Мөн газрын чанарын шаардлага хангасан эсэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэргэжилтнүүд хэмжилт хийж 2019 оны 10 дугаар сарын 31-нд “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт” гаргасныг Улсын Ерөнхий шинжээч А.Б баталгаажуулсан ба уг дүгнэлтэд “... хөрсний стандартын зөвшөөрөгдөх (МNS 5850:2008) хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, бохирдолгүй байна.” гэж тогтоосон байна.

13. Байгаль орчин газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б-ийн хяналт шалгалт, хяналтын хуудас зэргээр байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөлөл байхгүй болохийг тогтоосон байна.

14. Хоёр. Магадлалд дурдсан дараах дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

15. “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Д.Э-ын 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 6/1964 дүгээр албан бичигт “Х ш”  ХХК-ийн боловсруулсан ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн байна.”

16. “... 2012 оны Худалдааны төвийн цогцолборын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах чиглэлийг зааснаас гадна уг тайланд 5 жил тутам нэмэлт тодотгол хийлгэж байхаар тусгасан...”

17. “...Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болох нь ерөнхий шинжээчийн дээрх дүгнэлтээр тогтоогджээ”

18. Тайлбар. Ерөнхий шинжээчийн даалгасны дагуу 2012 онд “Х ш”  ХХК-иас Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байдаг. Энэхүү үнэлгээгээр зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл илрээгүй, өөрөөр хэлбэл ерөнхий шинжээч БОНБҮтХ 7.4.3 дагуу нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр даалгасан нь буруу байсныг нотолдог.

19. Мөн дээрх Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд 5 жил тутам нэмэлт тодотгол хийлгэж байхаар тусгасан учир ... менежментийн төлөвлөгөө хийх үүрэгтэй хэмээснийг зөвшөөрөхгүй. Учир нь ямар ч хууль болон хэмжээний актад 5 жил тутам: Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг шаардсан заалт алга байна. Шүүх зөвхөн хүчин төгөлдөр хууль болон хэм хэмжээний актыг хэрэглэж маргааныг шийдэх байтал ерөнхий байцаагчийн дүгнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг эрх зүйн эх сурвалжаар үнэлж хэрэглэж байгаа нь хууль бус байна.

20. Гурав. Магадлалд “... хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, ... нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” гэсэн нь зөвхөн сөрөг нөлөөллийг бууруулах, арилгахын тулд бус мөн үүсч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилго ч байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамаарч байна” гэжээ.

21. Манай захын хувьд байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл огт байхгүйгээс гадна 2012 оноос хойш 2020 он хүртэл 8-н жил хяналт, хэмжилт, шалгалтыг тогтмол хийлгэхэд сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй байхад гэнэт сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй гэх нь утгагүй юм. Дээрх хуульд буй “бий болж болзошгүй сөрөг үр дагавар гэдэг” нь байгаль орчинд шууд аюул учруулах эрсдэл өндөртэй үйл ажиллагаанууд тухайлбал, химийн хорт бодис, цацраг идэвхт бодис зэргийг хэрэглэх илэрхий аюултай үйл ажиллагаанууд хамаарна. Түүнээс хүнсний зах ажиллуулах нь байгаль орчинд аюултай, эрсдэлтэй гэж дүгнэх боломжгүй бөгөөд 2012 оны тайлангаар мэргэжлийн байгууллага ямар ч аюул эрсдэл байхгүйг тогтоосон байна.

22. Дөрөв. Магадлал “...Үүнээс гадна хуулийн ... 9.9-д “Энэ хуулийн 9.10-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана” гэж тус тус зааснаас үзэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулах төдийгүй биелэлтийг жил бүр тайлагнах нь “Х ш”  ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг болно”

23. БОНБҮтХ 9.6, 9.7. 9.8, 9.9 заалтууд нь менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн дүн тодорхой болсны дараах процесс буюу өөрөөр хэлбэл давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоод түүнийг арилгах арга хэмжээ буюу жил бүр хийгдэх төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэх баталгаа болгож нийт зардлын 50% тэнцэх мөнгийг байршуулах харилцааг зохицуулсан байна.

24. “Х ш”  ХХК-ийн хувьд мэргэжлийн байгууллагаас хийдэг хугацаат болон жил бүрийн хяналт, шалгалтын дүгнэлт, актуудаар 2012 оноос одоог хүртэл ямар нэгэн стандартаас давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй байна. Хийх ажил нь байхгүй байхад яаж мөнгөн зардлыг нь тооцох юм бэ, ямар ажил хийсэн гэж жил бүр биелэлтийг нь тайлагнах болж байна аа. Иймд давж заалдах шатны шүүгчид хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байна.

25. Харин улсын байцаагч нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хийхийг шаардах эрх дараах тохиолдолд үүсэхээр хуулиар зохицуулсан байна.

26. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 9.1 “...тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, ...сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” хэмээн “байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-ээр зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл тогтоогдсон бол байгаль орчны улсын байцаагч шаардах эрхтэй.

27. “Х ш”  ХХК-ийн хувьд 2012 онд “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийлгэсэн бөгөөд тэрхүү үнэлгээгээр байгаль орчны бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй байна. Тэгээд ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2012 оны “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-тэй холбогдуулан Зөрчлийн тухай хууль хэрэглэн торгууль ногдуулах боломжгүй байна.

28. Агаарын тухай хуулийн 12.3 “мэргэжлийн алба нь ... сөрөг нөлөөллийн түвшин стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад ... шуурхай мэдээлнэ ...”, тус хуулийн 20.2 “аж ахуйн нэгж байгууллагын ... сөрөг нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн нь ... тогтоогдсон тохиолдолд байгаль орчны ... улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу уг зөрчлийг арилгах”

29. Газрын тухай хуулийн 58.5-д “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулна...”, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмын 36-д “Холбогдох мэргэжлийн байгууллага,...газарт хийсэн хянан баталгааны явцад илэрсэн зөрчлийг, ... холбогдох Засгийн газрын эрх бүхий байгууллагад мэдээлэх үүрэгтэй” хэмээн хуульчилсан байна.

30. Эдгээр хуулийн заалтаас харахад эрх бүхий мэргэжлийн шинжээчид агаарын хувьд жил бүр, газрын хувьд 5 жил бүр хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах бөгөөд хэрэв зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан зөрчил илэрвэл Байгаль орчны улсын байцаагчид мэдэгдэж улмаар зөрчлийг арилгуулахаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хийхийг шаардах эрх үүсэхээр байна.

31. Гэтэл “Х ш”  ХХК-ийн хувьд 2019 онд дээрх мэргэжлийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

32. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 2.1-т “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж ... тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна“ гэжээ. Байгаль орчны улсын байцаагч нь байгаль орчны хууль тогтоомж, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хэдийд ч хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгуулахаар БОНБНҮ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийхийг шаардах эрхтэй байна.

33. Гэтэл “Х ш”  худалдааны төв дээр Байгаль орчны улсын байцаагчид 2019 онд гэхэд л 2 удаа хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж тэмдэглэл үйлдсэн байна /хавтас хэрэгт байгаа/. Ялангуяа Байгаль орчны улсын байцаагч С.Б-ийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан бохирдол илрээгүй байна. “Х ш”  ХХК хийсэн хяналт шалгалтуудаар зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй тул түүнийг буюу байхгүй зүйлийг арилгахаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хийхийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

34. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

35. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 02-03/06 тоот хяналт шалгалтын удирдамжийн “Дөрөв”-т нийслэлийн нутаг дэвсгэрт 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийг хамруулахаар заасан бөгөөд энэхүү удирдамжийн дагуу улсын байцаагч С.Б “Х ш”  ХХК-д хяналт шалгалтыг явуулж, “байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан” зөрчил гаргасан үндэслэлээр “Х ш”  ХХК-д 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

36. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг...аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хуулийн 7.3-д заасан байгууллагаар хийлгэхээр, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байхаар, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.5-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, агаарын чанар...хог, хаягдлын менежментийн арга хэмжээ, орон нутгийн захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллага, ажлын хэсгийн дүгнэлт, шаардлагаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нөлөөллийн бүсийн оршин суугчдад тайлагнах үйл ажиллагаа, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр орох”-оор заасан,  “Х ш”  ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулах үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнчлэн “зөвхөн үйл ажиллагааны улмаас үүссэн сөрөг нөлөөлөл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд л байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах үүрэг үүснэ гэж үзэхгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

37. Нөгөөтэйгүүр байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүссэн үед л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна гэж хуулийг хэт явцууруулан тайлбарлаж байгаа хяналтын гомдол үндэслэлгүй, учир нь аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа хуулийн этгээд  нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэртээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг хангаж ажиллах нь байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгод нийцэхээс гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлэх нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг болно.

38. Иймд “...”Х ш” ХХК-ийн хувьд стандартаас давсан сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл менежментийн төлөвлөгөө боловсруулах боломжгүй байхад биднийг менежментийн төлөвлөгөө боловсруулж, хянуулж батлуулах үүрэгтэй гэх нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй” гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 382 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН