Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 440

 

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 714 дүгээр магадлалтай, Б.Ц-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Алтансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, “КАОС” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Шинэ төгөл 19-в байрны 22 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Өвгөн овогт Баасанжавын Ц-.

Б.Ц- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины кузов засварын газарт Х.Б-тай ажлын байранд архи уусан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар өшиглөн зодож, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт бүхий гэмтэл учруулсны улмаас Х.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ыг 8 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “прокуророос Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Өвгөн овгийн Баасанжавын Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Баасанжавын Ц-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэж

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, Д.Алтансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байдлыг залруулж чадаагүй. Тодруулбал бидний зүгээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Үндэслэл нь, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянах үүргээ хангалттай биелүүлээгүй. Хэдийгээр Б.Ц-ын зүйлчлэлийг өөрчлөн бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон боловч хэргийн бодит байдлыг зөв тогтоосон бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ч зүйлчлэгдэх боломжтой байсан. Учир юу гэвэл шинжээчийн дүгнэлтүүд шүүх шинжилгээний хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу бүрэн бус дутуу, үндэслэлгүй гарсан байгааг огт анхаарахгүй байгаад гомдолтой байна. Амь хохирогч өнөөдөр амьд сэрүүн байх боломж байсан эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгдэхгүй байна.

Шинжээчийн 1493 дугаартай дүгнэлтийг үндэслэж гэм бурууг тогтоосон. Тус шинжээчийг “томилсон 2019.11.12 ны өдрийн 49 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор шинжээчээс нийт 8 асуултыг асууж тодруулсан байх ба маш оновчтой хэрэгт ач холбогдолтой асуудлыг тодруулах гэсэн зорилго харагддаг. Уг шинжээч томилсон тогтоолын 6 дугаар асуултаар “Улаанбаатар Сонгдо эмнэлэгт амь хохирогч Х.Б-д эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэх, тус эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлсэн өвчтөн Х.Б-ы амь насыг аврах боломжтой байсан эсэх” гэх асуулт тавигдсан ба дүгнэлтийн 6-д “ирүүлсэн материалд Улаанбаатар Сонгдо эмнэлгийн бичиг баримт үгүй байх тул асуултанд хариулах боломжгүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл асуултанд хариулаагүй тул шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар бүрэн бус гарсан байгааг харж болно.

Угтаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13.1 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар шинжээч нарт шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрх нь хуулиараа олгогдсон билээ. Гэтэл уг хуулийн дагуу нэмэлт материал авах боломжтой байсаар байхад авалгүйгээр дүгнэлтийг бүрэн бус гаргасан тул нэмэлт шинжилгээ хийлгэх эрх зүйн үр дагаврыг бий болгосон байдаг. Энэ асуулгыг тодруулах нь туйлын чухал ач холбогдолтой ба хэргийн зүйлчлэлд илтэд нөлөөлөх юм. Бас эргэлзээтэй зүйл байгаа нь 1 дугаар хавтаст хэргийн 203-218 дугаар хуудсанд Сонгдо эмнэлгийн материалууд авагдсан байх ба гаргасан дүгнэлт нь 228-239 дугаар хуудсанд байх тул зарчмын хувьд шинжээч байгаа материалыг байхгүй гэсэн мэт харагдаж байна.

Уг шинжээч томилсон тогтоолын гуравдугаар асуултаар: ГССҮТ-д 2018.11.18-нд үзсэн эмч, хэвлийн эхо хийсэн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлсэн болох, шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан эсэх талаарх асуултанд, мөн дөрөвдүгээр асуултаар: уг эмч нар хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний цооролтыг илрүүлэх боломжтой байсан эсэх гэх асуултуудад шинжээчид хариулахдаа ГССҮТ-д 2018.11.18-нд хүлээн авч үзсэн эмч, хэвлийн эхо хийсэн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна гэж хариулсан байх ба энэ нь ШМГГХ-н 18.1 дүгээр зүйлийн 18.1.8-д заасан шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр бичих гэсэн шаардлага, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна гэх шаардлагуудыг хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ дүгнэлт нь нэмэлт бус дахин хийгдэж байгаа буюу эргэлзээтэй учраас хийгдэж байхад дүгнэлтээ гаргахдаа өмнөх дүгнэлтүүдийг хуулж баахан бичиж байснаа шууд дүгнэлт хэсгээ ийнхүү товч байдлаар бичсэн байдаг билээ.

Угтаа бол шинжээч нь өмнөх дүгнэлтийг хуулж бичих бус учир шалтгаан үндэслэлийг тайлбарлах учиртай, ийм л учраас хуулийн байгууллага тусгай мэдлэгтэй хүмүүсээр дүгнэлт гаргуулдаг юм. Яагаад 2018.11.18 ны өдөр амь хохирогчийн ГССҮТ-д очиход оношийг тогтоож чадаагүй юм, яагаад эход харчихаад шууд явуулчихдаг юм. Энэ байдал нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар учир шалтгаанаар зохих түвшинд үзүүлсэн болчихдог юм гээд олон асуулт хариултаа хүлээж байна.

Эмч бус хуульч хүний үүднээс харахад түргэн тусламжийн эмч оношийг хэвлийн битүү гэмтэл болохыг гаднаас хараад оношлоод зохих шатны эмнэлэгт хүргээд өгсөн байхад хүлээж авсан эмч яагаад эход хараад явуулав. Энэ эхоны эмчээс өөр мэс заслын эмч ч юм уу өөр эмч нар уг эмнэлэгт тухайн өдөр байсан уу эсэх асуудал бүрхэг ойлгомжгүй байдаг.

Хамгийн гол чухал анхаарах зүйл гэвэл амь хохирогч нь гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгт ирж эмчилгээ хийгдсэн тул амь нас аврагдах боломжгүй байсан талаар 1493 тоот дүгнэлтэнд дурдсанаас гадна ГССҮТ-ийн эмч Х.Батдэлгэрэх нь өгсөн мэдүүлэгтээ /1хх 29-33/ “энэ өвчтөний хувьд 3 хоносон учраас маш их хугацаа алдсан нь биеийн байдал хүндрэх шалтгаандаа оржээ” гэсэн байдаг. Гэтэл хэрэг учрал 2018.11.17-ны өдөр болж амь хохирогч 2018.11.18-ны өдөр уг нь эмнэлэгт очоод байгаа шүү дээ, энэ өдөр амь хохирогчид зохих эмнэлгийн үйлчилгээг хэрхэн үзүүлсэн юм гэдэг асуулт хариултгүй байна.

Хэрэгт авагдсан 2019.03.06-ны өдрийн 315 дугаартай дүгнэлтийн 7-д: Талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлыг цаг алдалгүй оношилж мэс заслын эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой гэж дүгнэжээ. Гэтэл хугацаа алдсан шалтгаан нь нэгдүгээрт талийгаач өөрөө 2018.11.18-ны өдөр эхний удаа 103 очиход татгалзаад яваагүй өөрөөс нь шалтгаалсан байх ч мөн ГССҮТ-ийн 2018.11.18-ны өдрийн жижүүр бүрэлдэхүүн нь амь хохирогчид эхо-ний зураг авснаас өөрөөр үйлчилгээ үзүүлээгүйтэй холбоотой байж болох нөхцөлийг шүүх анзаарч анхаарах учиртай.

Мөрдөгч, прокурор нь яаралтай түргэн тусламжийн төв болон ГССҮТ нь эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг хэрхэн зөв зохион байгуулж үзүүлснийг тодруулахын тулд холбогдох журам, дүрмийг судлаагүй, хэрэгт энэ талаарх баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, зөвхөн шинжээч нарт найдахаас илүүтэй хэргийг тал бүрээс нь шалгахын тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчинг тодруулах нь зүй ёсны хэрэг юм. Товчхондоо эмч эмнэлгийн байгууллага өөрөө хугацаа алдсан бол хэргийн зүйлчлэлд маш том өөрчлөлт орно.

Хоёрдугаарт. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх нь Б.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тухайн зүйл хэсэгт оногдуулах гуравны хоёроос багагүй хэмжээгээр буюу 3,3 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь Б.Ц- нь амь хохирогчийн оршуулгын зардлыг сайн дураараа төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гомдол саналгүй болгосон, амь хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх энэхүү хуулийн боломжийг эдлүүлж өгөхийг хүсч байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Ц- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт. Давж заалдах шатны шүүх Б.Ц-ын зүйлчлэлийг өөрчлөн бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон боловч хэргийн бодит байдлыг зөв тогтоосон бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ч зүйлчлэгдэх боломжтой байсан.

Хамгийн гол чухал анхаарах зүйл гэвэл амь хохирогч нь гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгт ирж эмчилгээ хийгдсэн тул амь нас аврагдах боломжгүй байсан талаар 1493 тоот дүгнэлтэнд дурдсанаас гадна ГССҮТ-ийн эмч Х.Батдэлгэрэх нь өгсөн мэдүүлэгтээ /1хх 29-33/ “энэ өвчтөний хувьд 3 хоносон учраас маш их хугацаа алдсан нь биеийн байдал хүндрэх шалтгаандаа оржээ” гэсэн байдаг.

Мөрдөгч, прокурор нь яаралтай түргэн тусламжийн төв болон ГССҮТ нь эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг хэрхэн зөв зохион байгуулж үзүүлснийг тодруулахын тулд холбогдох журам, дүрмийг судлаагүй, хэрэгт энэ талаарх баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, зөвхөн шинжээч нарт найдахаас илүүтэй хэргийг тал бүрээс нь шалгахын тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчинг тодруулах нь зүй ёсны хэрэг юм. Товчхондоо эмч эмнэлгийн байгууллага өөрөө хугацаа алдсан бол хэргийн зүйлчлэлд маш том өөрчлөлт орно.

Хоёрдугаарт. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх нь Б.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тухайн зүйл хэсэгт оногдуулах гуравны хоёроос багагүй хэмжээгээр буюу 3,3 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь Б.Ц- нь амь хохирогчийн оршуулгын зардлыг сайн дураараа төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гомдол саналгүй болгосон, амь хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх энэхүү хуулийн боломжийг эдлүүлж өгөхийг хүсч байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсгээр ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилсөн нь үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 896 дугаартай дүгнэлт үндэслэлтэй буюу Гэмтэл согог үндэсний төвийн жижүүр эмч зохих журмын дагуу эмчилгээ үзүүлсэн болох нь тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Алтансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ц-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Ц-ыг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины засварын газарт Х.Б-тай ажлын байранд архи уусан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар өшиглөн зодож, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт бүхий гэмтэл учруулсны улмаас Х.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барж, хүний амь насыг нь хохироосон гэж дүгнэн, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны хянаад Б.Ц-ын үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа зорилго, үйлдлийн шинж чанарт хууль зүйн буруу дүгнэлт хийж, Б.Ц-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд тэрээр хохирогчийн амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй хэдий ч үйлдлээрээ хүнд гэмтэл санаатай учруулсан болохыг давж заалдах шатны шүүх бодитойгоор үнэлж дүгнэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийн нотолбол зохих байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн ижил агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 714 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц- болон түүний өмгөөлөгч Д.Алтансүх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН