Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00543

 

Ж.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр,           

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Ж.Энхтуулын нэхэмжлэлтэй,

Хаан банкны Булган салбарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, өмгөөлөгч Н.Баасанжав нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Энхтуул, өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Энхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хаан банкны Хялганат тооцооны төвд 2011 оны 08 дугаар сард теллерээр анх ажилд орж ажиллаж байгаад 2012 оны 08 дугаар сард ХААН банкны Булган аймаг дахь салбарт шилжин нийтдээ энэ байгууллагад 5 жил ажилласан. Энэ хугацаанд сахилгын ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны Булган салбарын захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 248 тоот тушаалаар өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлыг ашиглан хамт ажилладаг теллерүүддээ зүй бус шаардлага тавьж хий орлогын гүйлгээ, харилцагчийг банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгэсэн үйлдэл эс үйлдэхүйгээрээ ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Би 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа аваад 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд цалин хөлсгүй байснаас эдийн засгийн боломж муудан орон сууц болон цалингийн зээл төлөгдөлгүй хугацаа хэтрэлтэд орсон. Тэгээд банкны ажилтны хувьд хугацаа хэтэрсэн зээлтэй байх нөхцөлгүй байсан тул хувь хүмүүсээс мөнгө авч зээлээ төлж байсан. Ээжийнхээ малчны зээлийг төлөх гээд Л.Энхтайван гэх хүнээс 2015 оны 12 дугаар сард мөнгө зээлэн авч төлсөн. Мөн 2016 оны 3 дугаар сард өөрийн орон сууц, цалингийн зээлээ төлөх гээд Ц.Ариунтуяагаас мөнгө зээлсэн. Манай нөхөр гэртээ хүүхдээ хардаг бөгөөд банкинд ирэх боломжгүй байсан тул би өөрөө нөхөр Г.Амартүвшингийн данс руу 50.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн. Мөн нөхөр Г.Амартүвшингийн данснаас 30.000 төгрөг, 8000 төгрөгийг авсан. Ингэж авахдаа зарлагын баримт авч яваад нөхрөөрөө гарын үсэг зуруулаад теллерт өгч зарлагын гүйлгээ хийлгэсэн. Ц.Ариунтуяа, Л.Энхтайван нартай харилцан тохиролцоод мөнгө зээлж авсан. Хий орлого, зарлагын гүйлгээ хийлгэсэн нь буруу ч банкинд ямар нэгэн хохирол учруулаагүй. Өндөр зээлтэй учраас хугацаа хэтрэлт гаргахгүй гэж хүнээс мөнгө зээлсэн. Ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2.442.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Энхтуул нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Энхтуул нь хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай хувийн харьцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлаа ашиглан хамт ажилладаг теллерүүдэд зүй бус хүсэлт тавьж хий орлогын гүйлгээ, харилцагчийг банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгэсэн зөрчлүүдийг гаргасан. Банкс программ ашиглах технологийн журмын 3.2.1, 3.3.1-д заасныг зөрчсөн. Банкс программ ашиглах технологийн журам нь теллерүүдийн дагаж мөрдөх гол журам нь байдаг. Орлого, зарлага хийх дарааллыг зөрчиж байгаа нь теллерүүдийн хувьд байж болохгүй асуудал юм. Хий орлогын болон зарлагын баримтыг бичиж банкс программын дарааллыг зөрчсөн. Банкс программ ашиглах журмын дагуу ажиллаж байж харилцагчдад итгэл төрүүлж найдвартай үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэтэл Ж.Энхтуул нь дүрэм журмаа хэрэгжүүлж ажилладаггүй, эрхэлсэн ажлынхаа давуу байдал, эрх мэдлээ ашиглаж хамт ажилладаг теллерүүдэд зүй бус шаардлага тавьж ажлын байрны тодорхойлолтын 2.1.2, 2.31-д заасныг зөрчсөн. ХААН банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.4.1, 5.4.4, 5.5.2, 5.8.4 дэх заалтуудыг зөрчсөн. Ж.Энхтуул нь хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэж, харилцагчид зээл олгож, үүнийхээ хариуд тусламж дэмжлэг авсан зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Эрхэлсэн ажлын эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашиглаж харилцагч Л.Энхтайван, Ц.Ариунтуул нарт тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож, олгосон зээлээсээ өөрөө санхүүгийн тусламж авсан. Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ёс зүйн дүрмийн 2.1.9, хөдөлмөрийн гэрээний 5.7.12, 5.7.16-д зааснаар тус тус тодорхойлогддог. Мөн гэрээний 5.7.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Энэ нь эрхэлсэн ажлын давуу тал, ажил, албан тушаалын эрх мэдлээ ашиглан хамт ажилладаг теллерүүддээ зүй бусаар хүсэлт тавьж журам зөрчин орлого, зарлагын гүйлгээ хийлгэсэн байдаг. Дээрх зөрчлүүд нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдөр хийсэн дотоод аудитын шалгалтаар илэрсэн. Иймд ХААН банкны Булган салбарын захирлын 248 тоот тушаал нь хуульд нийцсэн, Ж.Энхтуулийн гаргасан зөрчлүүдийн талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаж нотлогдсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтуулыг Хаан банкны Булган аймаг дахь салбарын тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 1.978.211 /нэг сая есөн зуун далан найман мянга хоёр зуун арван нэгэн/ төгрөгийг ХААН банкны Булган аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхтуулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ХААН банкны Булган аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 46.601 /дөчин зургаан мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Н.Ариунтуул, түүний өмгөөлөгч Н.Баасанжав нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.600 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, өмгөөлөгч Н.Баасанжав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дугаар шийдвэр, 2017 оны 01 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дах заалтыг үндэслэн хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах заалтыг шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрт зааснаар “Энхтуулын гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна” гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Харилцагч Ц.Ариунтуяад 2016.03.21-нд 850.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг Ж.Энхтуул судлан олгож, олгосон зээлээс нь 600.000 төгрөгийг хувьдаа зээлсэн. Мөн харилцагчаас 2016.08.08-нд дахин 150.000 төгрөг болон 100.000 төгрөгийг зээлсэн бөгөөд нийт 850.000 төгрөгийг зээлж санхүүгийн харьцаанд орсон. Мөн 2016 оны 09 сард Банкны аудитын шалгалтын үеэр харилцагч Ц.Ариунтуяа энэ талаар тайлбар өгсөн зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа тухай энэ тайлбартаа дурдсан байдаг. Мөн Нэхэмжлэгч Энхтуул өөрөө шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтандаа харилцагч Ц.Ариунтуяатай байгуулсан “эвлэрлийн гэрээ”-ээр зээлсэн мөнгөө төлөх талаар байгуулсан байгаа нь Энхтуулын гаргасан зөрчлийг хангалттай нотолж байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь санхүүгийн харьцаа үүсгэж харилцагчаас мөнгө зээлээд буцааж өгөөгүй байгаа нь зөрчил үргэлжилсэн шинжтэй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байгааг харуулж байна.

1.2.Мөн хамт ажилладаг теллерийг гуйж хий орлого хийлгэсэн үйлдэл нь 2016.04.29-нд 2016.05.04-нд, харилцагч Банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгүүлсэн гэх үйлдэл нь 2016.07.21 болон 2016.08.25-ны өдрүүдэд гарсан.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа тохиолдолд ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байхыг хууль шаарддаг. ХААН Банк Ж.Энхтуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дах заалтад Ноцтой зөрчлийг нэрлэн заасан бөгөөд Энхтуул хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж. гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэрт зааснаар Энхтуулын гаргасан зөрчил нь холбогдох баримтуудаар тогтоогдсон хэдий ч Энхтуулын дээрх үйлдэл нь эрхэлсэн ажлын давуу тал. ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон эрхийг ашиг сонирхолдоо ашиглаж Банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоодохгүй байна.

2.1. Учир нь Энхтуул нь Банкинд теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа Харилцагчид Хадгаламж барьцаалсан зээл, тэтгэврийн зээл олгох, гүйлгээ хийх эрх мэдэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Иймд зээл олгох нь теллерт олгогдсон эрх мэдэл ажлын байрны давуу тал юм. Теллерээр ажиллаж байгаа тул хамт ажилладаг теллерээр хий орлогын гүйлгээ хийлгүүлсэн, харилцагч Банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгүүлсэн нь зөвхөн Банкинд теллерээр ажиллаж байгаа эрх мэдлээ ашиглаж хийсэн үйлдэл юм.

2.2 Мөн Энхтуулын гаргасан зөрчил нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасан ноцтой зөрчил шууд хамаарч байгаа юм. Энхтуулын Хөдөлмөрийн гэрээг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул цуцалсан. Эдгээр заалтуудад заасан зөрчилд Энхтуулын гаргасан эдгээр зөрчлүүд шууд хамаарч байгаа юм.

2.3 Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан УДШ-ийн 33 дугаар тогтоолын 29-д зааснаар байгаа тул Энхтуулд Халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд үндэслэлтэй гарсан.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Энхтуул нь хариуцагч ХААН банкны Булган салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

ХААН банкны Булган салбарын захирал 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр 248 дугаар тушаал гаргаж Ж.Энхтуулыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.7 дах заалтыг үндэслэл болгосон ба хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэжээ /хэргийн 3 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэнэ.

Ж.Энхтуул нь ХААН банкны Булган салбарт теллерээр ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээнд “...ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэнэ” гэжээ. 

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сард  Л.Энхтайванд, 2016 оны 3 дугаар сард Ц.Ариунтуяа нарт тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож, уг зээлийг өөртөө авсан, мөн 2016 оны 04 дүгээр сарын 20, 29, 5 дугаар сарын 4, 07 дугаар сарын 21, 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд харилцагч банкинд ирээгүй байхад хамт ажилладаг теллерийг гуйж хий орлого, зарлагын гүйлгээ хийлгүүлсэн нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон /хэргийн 54-82 дугаар тал/, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т “ХААН банкны ажилтны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд адилтган тооцно гэж заасан зөрчил гаргасан” 5.7.3-т “ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажил албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан /шан харамж авсан.../ аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, 5.7.11-т “зохих журам хэм хэмжээг зөрчин бэлэн, бэлэн бус зарлага, орлого, шилжүүлгийн гүйлгээ хийх, бусад ажилтнаар гүйлгээ хийлгүүлэх, хийлгэхээр нөлөөллөөр, гуйх, дарамтлах”, 5.7.16-т “харилцагчийн нэр дээр зээл авах, авахуулах,...” зөрчлийг ноцтойд тооцохоор заасан нь Ж.Энхтуулын гаргасан зөрчилд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан, нэхэмжлэгч нь нэр бүхий харилцагч нарт зээл олгож, уг зээлээс өөртөө шилжүүлсэн авсан нь ноцтой зөрчилд хамаарч буй боловч  эдгээрт сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.          

Харин дээрхээс бусад зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

Дээрх зөрчлийн улмаас банкинд хохирол учраагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч энэ нь зөрчил гараагүй гэж үзэх  үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул  түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч ХААН банкны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Энхтуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 46.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                             Г.ЦАГААНЦООЖ