Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 01

 

 

Ж.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс 132/2016/00596/И

 

           Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

         Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийдвэртэй,

         Ж.Энхтуулын  нэхэмжлэлтэй Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, түүний өмгөөлөгч Н.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч  Ж.Энхтуул

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул

           Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ж.Энхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хаан банкны Хялганат тооцооны төвд 2011 оны 08 дугаар сард теллерээр анх ажилд орж ажиллаж байгаад 2012 оны 08 дугаар сард ХААН банкны Булган аймаг дахь  салбарт шилжин нийтдээ энэ байгууллагад 5 жил ажилласан. Энэ хугацаанд сахилгын ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны Булган салбарын захирлын  “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 248 тоот тушаалаар  өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлыг ашиглан хамт ажилладаг теллерүүддээ зүй бус шаардлага тавьж хий орлогын гүйлгээ, харилцагчийг банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгэсэн үйлдэл эс үйлдэхүйгээрээ ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан.  Миний бие 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа аваад 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд цалин хөлсгүй байснаас эдийн засгийн боломж муудан орон сууц болон цалигийн зээл төлөгдөлгүй хугацаа хэтрэлтэнд орсон. Тэгээд банкинд ажилладаг ажилтны хувьд хугацаа хэтэрсэн зээлтэй байх нөхцөлгүй байсан тул хувь  хүмүүсээс мөнгө авч зээлээ төлж байсан. Ээжийнхээ малчны зээлийг төлөх гээд Л.Энхтайван гэх хүнээс 2015 оны 12 дугаар сард мөнгө зээлэн авч төлсөн. Мөн 2016 оны 3 дугаар сард өөрийн орон сууц, цалингийн зээлээ төлөх гээд Ц.Ариунтуяагаас мөнгө зээлж аваад зээлээ төлсөн.  Манай нөхөр гэртээ хүүхдээ хардаг бөгөөд банканд ирэх боломжгүй байсан тул би өөрөө  нөхөр Г.Амартүвшингийн данс руу 50 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн. Мөн нөхөр Г.Амартүвшингийн данснаас 30 000 төгрөг, 8000 төгрөгийг авсан. Ингэж авахдаа зарлагын баримт авч яваад нөхрөөрөө гарын үсэг зуруулаад теллерт өгч зарлагын гүйлгээ хийлгэсэн. Ц.Ариунтуяа, Л.Энхтайван нартай харилцан тохиролцоод мөнгө зээлж авсан. Хий орлого, зарлагын гүйлгээ хийлгэсэн нь буруу ч банканд ямар нэгэн хохирол учруулаагүй. Өндөр зээлтэй учраас хугацаа хэтрэлт гаргахгүй гэж хүнээс мөнгө зээлээд зээлээ төлж байсан. Ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2442000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Булган салбарын захирлын “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 248 тоот тушаалаар Ж.Энхтуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Энхтуул нь  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Энхтуул нь хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай хувийн харьцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлаа ашиглан хамт ажилладаг теллерүүдэд зүй бус хүсэлт тавьж хий орлогын гүйлгээ, харилцагчийг банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгэсэн зөрчлүүдийг гаргасан. Банкс программ ашиглах технологийн журмын 3.2.1, 3.3.1-д заасныг зөрчсөн. Банкс программ ашиглах технологийн журам нь теллерүүдийн дагаж мөрдөх гол журам нь байдаг.  Орлого, зарлага хийх дарааллыг зөрчиж байгаа нь теллерүүдийн хувьд байж болохгүй асуудал юм. Хий орлогын баримт бичиж, зарлагын баримтыг мөн бичиж банкс программын дарааллыг зөрчсөн. Банкс программ ашиглах журмын дагуу ажиллаж байж харилцагчдад итгэл төрүүлж найдвартай үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэтэл Ж.Энхтуул нь дүрэм журмаа хэрэгжүүлж ажилладаггүй, эрхэлсэн ажлынхаа давуу байдал, эрх мэдлээ ашиглаж хамт ажилладаг теллерүүдэд зүй бус шаардлага тавьж ажлын байрны тодорхойлолтын 2.1.2, 2.31-д заасныг зөрчсөн.  ХААН банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.4.1, 5.4.4, 5.5.2, 5.8.4 дэх заалтуудыг  зөрчсөн. Ж.Энхтуул нь хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэж, харилцагчид зээл олгож, үүнийхээ хариуд тусламж дэмжлэг авсан зөрчил  гаргасан.

           Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Эрхэлсэн ажлын эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашиглаж харилцагч Л.Энхтайван. Ц.Ариунтуул нарт тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож, олгосон зээлээсээ өөрөө санхүүгийн тусламж авсан. Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ёс зүйн дүрмийн 2.1.9, хөдөлмөрийн гэрээний 5.7.12, 5.7.16-д зааснаар тус тус тодорхойлогддог. Мөн гэрээний 5.7.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Энэ нь эрхэлсэн ажлын давуу тал, ажил, албан тушаалын эрх мэдлээ ашиглан  хамт ажилладаг теллерүүддээ зүй бусаар хүсэлт тавьж журам зөрчин орлого, зарлагын гүйлгээ хийлгэсэн байдаг. Дээрх зөрчлүүд нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдөр хийсэн дотоод аудитын шалгалтаар илэрсэн. Иймд ХААН банкны Булган салбарын захирлын 248 тоот тушаал нь хуульд нийцсэн, Ж.Энхтуулийн гаргасан зөрчлүүдийн талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаж нотлогдсон гэж үзэж байна. Иймд нэхэжмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтуулыг Хаан банкны Булган аймаг дахь салбарын тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 1978211 /нэг сая есөн зуун далан найман мянга хоёр зуун арван нэгэн/ төгрөгийг ХААН банкны Булган аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхтуулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ХААН банкны Булган аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд 46601 /дөчин зургаан мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, түүний өмгөөлөгч Н.Баасанжав давж заалдах гомдолдоо: “...Ж.Энхтуулын гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Ж.Энхтуул нь харилцагчтай санхүүгийн харьцаа үүсгэсэн үйлдэл болох харилцагч Ц.Ариунтуяад 850000 төгрөгийн зээл олгож, олгосон зээлээс нь 600000 төгрөгийг хувьдаа зээлсэн.  Мөн харилцагчаас 2016 оны 08 дугаар сарын 08-нд дахин 150000 төгрөг болон 100000 төгрөгийг зээлсэн бөгөөд нийт 850000 төгрөг өгөх ёстой байгаа энэхүү зээлсэн мөнгөө төлөөгүй байсан. 2016 оны  09 сард Банкны аудитын шалгалтын үеэр харилцагч Ц.Ариунтуяа энэ талаар тайлбар өгсөн байдаг. Тэгэхээр Энхтуул нь харилцагчтай санхүүгийн харьцаа үүсгэж мөнгө зээлсэн үйлдэл гаргасан байгаа нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Ж.Энхтуул нь өөрөө шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтандаа харилцагч Ц.Ариунтуяатай байгуулсан эвлэрлийн гэрээгээр зээлсэн мөнгөө төлөх талаар байгуулсан байгаа нь Ж.Энхтуулын гаргасан зөрчлийг хангалттай нотолж байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байгааг харуулж байна.

          Мөн хамт ажилладаг теллерийг гуйж хий орлого хийлгэсэн үйлдэл нь 2016 оны 04 дүгээр сарын 29, 2016 оны 05 дугаар сарын 04,  харилцагч банканд ирээгүй байхад зарлагын  гүйлгээ хийлгүүлсэн үйлдэл нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд гарсан бөгөөд Энхтуулын ажлаас халсан тушаал нь 2016 оны 10 дугаар сарын 06–ны өдөр гарсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байгааг харуулж байна.

           Ж.Энхтуулын гаргасан зөрчил нь холбогдох баримтуудаар тогтоогдсон хэдий ч Энхтуулын дээрх үйлдэл нь эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон эрхийг ашиглаж Банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1–д заасан арга хэмжээг шат дараалан ногдуулах боломжтой байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

           Учир нь Энхтуул нь банкинд теллерийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа харилцагчид хадгаламж барьцаалсан зээл, тэтгэврийн зээл олгох, гүйлгээ хийх эрх мэдэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл Энхтуул теллерээр ажилладаггүй байсан бол харилцагчид зээл олгохгүй, зээл олгосон харилцагчийг мөнгөтэй гэдгийг мэдэх боломжгүй юм. Иймд зээл олгох нь теллерт олгогдсон эрх мэдэл ажлын байрны давуу тал юм. Теллерээр ажиллаж байгаа тул хамт ажилладаг теллерээр хий орлогын гүйлгээ хийлгүүлсэн, харилцагч банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгүүлсэн нь зөвхөн банкинд теллерээр ажиллаж байгаа эрх мэдлээ ашиглаж хийсэн үйлдэл юм.

          Мөн Энхтуулын гаргасан зөрчил нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасан ноцтой зөрчилд шууд хамаарч байгаа юм. Энхтуулын Хөдөлмөрийн гэрээг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул цуцалсан. Эдгээр заалтуудад заасан зөрчилд Ж.Энхтуулын гаргасан эдгээр зөрчлүүд шууд хамаарч байгаа юм.

          Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан УДШ-ийн 33 дугаар тогтоолын 29-д “ сахилгын шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэж заасан байгаа тул Ж.Энхтуулд халах Сахилгын шийтгэл ногуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд үндэслэлтэй гарсан.

           “Хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т ХААН банкны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан байвал ноцтой зөрчилд тооцох”-оор заасан байх боловч Ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.  

          Ж.Энхтуул харилцагчтай санхүүгийн харьцаа үүсгэсэн зөрчлийг гаргасан. Энэхүү зөрчлийг “ХААН Банкны ёс зүйн дүрэм”-ийн 5.8.4-өөр хориглосон байдаг бөгөөд энэхүү зөрчлийг ноцтойд тооцно гэдгийг “ХААН Банкны ёс зүйн дүрэм”-ийн 2.1.10-т тодорхойлон заасан. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т “Ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол “ гэж заасан байгаа. Иймд Энхтуулын гаргасан зөрчлийг Ёс зүйн дүрэмдээ ч хөдөлмөрийн гэрээндээ ч ноцтой зөрчилд тооцохоор тодорхой зааж зохицуулсан байна.

           Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан байхыг шаарддаг. ХААН Банкны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 248 тоот тушаал энэхүү хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Иймд Булган аймгйин сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

                                                                    ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Ж.Энхтуул нь  Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

           Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Нэхэмжлэгч Ж.Энхтуул Хаан банкны Булган аймаг дахь салбарын тооцооны төвд теллерээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хаан банкны дотоод журмын 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан үндэслэлээр  Хаан банкны Булган аймаг дахь салбарын захиралын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 248 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Ж.Энхтуул нь Хаан банкны теллереер ажиллаж байхдаа  харилцагч Л.Энхтайванд 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдөр тэтгэвэр барьцаалсан зээл, харилцагч Ц.Ариунтуяад 2016 оны 3 дугаар сарын 21-нд хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож, тэднээс мөнгө зээлэн авч өөрийн зээлийг төлсөн нь зохигчдын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон хэдий ч дээр дурьдсан үндэслэлээр ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 248 дугаар тушаалаар  цуцалсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

          Харин хариуцагч тал харилцагч Г.Амартүвшинг банкинд ирээгүй байхад нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 30000 төгрөг, 2016 оны 8000 төгрөгний  зарлагын гүйлгээг  түүний данснаас хийсэн гэх үйлдэл нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.11-т “ зохих журам хэм хэмжээг зөрчин бэлэн, бэлэн бус зарлага, орлого, шилжүүлгийн гүйлгээ хийх, бусад ажилтнаар гүйлгээ хийлгүүлэх, хийлгэхээр нөлөөлөх, гуйх, дарамтлах” гэж заасныг  ноцтой зөрчсөн гэж  маргажээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт нь ажил олгогч буюу түүний  эрх бүхий албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлсон бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” - бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг тодорхойлжээ.

               Хаан банкны ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтыг зөрчвөл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой заагаагүй, нэхэмжлэгч Ж.Энхтуул нь Хаан банкинд эд хөрөнгийн (бодит мөнгөн) болон нэр хүндэд нөлөөлөхүйц хохирол учруулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйрийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хаан банкны дотоод журмын 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэл муутай болжээ.

          Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан аргаар үнэлж нэхэмжлэгч Энхтуулыг теллерийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

         Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул хариуцагч талаас гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.       

           Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Ариунтуул, түүний өмгөөлөгч Н.Баасанжав нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Ариунтуул, түүний өмгөөлөгч Н.Баасанжав нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46600 /дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг  Тарийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН 

 

                                ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

                                                             

                                                                                    М.ХҮРЭЛБААТАР