Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00001

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1989 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Д хэсгийн 1-18 тоотод оршин суух, Боржигон овогт Жамъянхорлоогийн Энхтуул /РД:ГЙ89071201/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00596И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Энхтуул, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн /үнэмлэхний №0403/,онлайнаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 107-17 тоотод оршин суух, ХААН банканд хуулийн зөвлөх ажилтай, Туж овогт Нацагийн Ариунтуул /РД:ВЭ78062204/, түүний өмгөөлөгч Н.Баасанжав /үнэмлэхний №0589/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Хаан банкны Хялганат тооцооны төвд 2011 оны 08 дугаар сард теллерээр анх ажилд орж ажиллаж байгаад 2012 оны 08 дугаар сард ХААН банкны Булган аймаг дахь салбарт шилжин нийтдээ энэ байгууллагад 5 жил ажилласан. Энэ хугацаанд сахилгын ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны Булган салбарын захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 248 тоот тушаалаар өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлыг ашиглан хамт ажилладаг теллерүүддээ зүй бус шаардлага тавьж хий орлогын гүйлгээ, харилцагчийг банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгэсэн үйлдэл эс үйлдэхүйгээрээ ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа аваад 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд цалин хөлсгүй байснаас эдийн засгийн боломж муудан орон сууц болон цалигийн зээл төлөгдөлгүй хугацаа хэтрэлтэнд орсон. Тэгээд банкинд ажилладаг ажилтны хувьд хугацаа хэтэрсэн зээлтэй байх нөхцөлгүй байсан тул хувь хүмүүсээс мөнгө авч зээлээ төлж байсан. Ээжийнхээ малчны зээлийг төлөх гээд Л.Энхтайван гэх хүнээс 2015 оны 12 дугаар сард мөнгө зээлэн авч төлсөн. Мөн 2016 оны 3 дугаар сард өөрийн орон сууц, цалингийн зээлээ төлөх гээд Ц.Ариунтуяагаас мөнгө зээлж аваад зээлээ төлсөн. Манай нөхөр гэртээ хүүхдээ хардаг бөгөөд банканд ирэх боломжгүй байсан тул би өөрөөнөхөр Г.Амартүвшингийн данс руу 50 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн. Мөн нөхөр Г.Амартүвшингийн данснаас 30 000 төгрөг, 8000 төгрөгийг авсан. Ингэж авахдаа зарлагын баримт авч яваад нөхрөөрөө гарын үсэг зуруулаад теллерт өгч зарлагын гүйлгээ хийлгэсэн. Ц.Ариунтуяа, Л.Энхтайван нартай харилцан тохиролцоод мөнгө зээлж авсан. Хий орлого, зарлагын гүйлгээ хийлгэсэн нь буруу ч банканд ямар нэгэн хохирол учруулаагүй. Өндөр зээлтэй учраас хугацаа хэтрэлт гаргахгүй гэж хүнээс мөнгө зээлээд зээлээ төлж байсан. Ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2442000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Булган салбарын захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 248 тоот тушаалаар Ж.Энхтуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Энхтуул нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Энхтуул нь хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай хувийн харьцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлаа ашиглан хамт ажилладаг теллерүүдэд зүй бус хүсэлт тавьж хий орлогын гүйлгээ, харилцагчийг банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгэсэн зөрчлүүдийг гаргасан. Банкс программ ашиглах технологийн журмын 3.2.1, 3.3.1-д заасныг зөрчсөн. Банкс программ ашиглах технологийн журам нь теллерүүдийн дагаж мөрдөх гол журам нь байдаг. Орлого, зарлага хийх дарааллыг зөрчиж байгаа нь теллерүүдийн хувьд байж болохгүй асуудал юм. Хий орлогын баримт бичиж, зарлагын баримтыг мөн бичиж банкс программын дарааллыг зөрчсөн. Банкс программ ашиглах журмын дагуу ажиллаж байж харилцагчдад итгэл төрүүлж найдвартай үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэтэл Ж.Энхтуул нь дүрэм журмаа хэрэгжүүлж ажилладаггүй, эрхэлсэн ажлынхаа давуу байдал, эрх мэдлээ ашиглаж хамт ажилладаг теллерүүдэд зүй бус шаардлага тавьж ажлын байрны тодорхойлолтын 2.1.2, 2.31-д заасныг зөрчсөн. ХААН банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.4.1, 5.4.4, 5.5.2, 5.8.4 дэх заалтуудыг зөрчсөн. Ж.Энхтуул нь хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэж, харилцагчид зээл олгож, үүнийхээ хариуд тусламж дэмжлэг авсан зөрчил гаргасан.

Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.16-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Эрхэлсэн ажлын эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашиглаж харилцагч Л.Энхтайван. Ц.Ариунтуул нарт тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож, олгосон зээлээсээ өөрөө санхүүгийн тусламж авсан. Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ёс зүйн дүрмийн 2.1.9, хөдөлмөрийн гэрээний 5.7.12, 5.7.16-д зааснаар тус тус тодорхойлогддог. Мөн гэрээний 5.7.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан. Энэ нь эрхэлсэн ажлын давуу тал, ажил, албан тушаалын эрх мэдлээ ашиглан хамт ажилладаг теллерүүддээ зүй бусаар хүсэлт тавьж журам зөрчин орлого, зарлагын гүйлгээ хийлгэсэн байдаг. Дээрх зөрчлүүд нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдөр хийсэн дотоод аудитын шалгалтаар илэрсэн. Иймд ХААН банкны Булган салбарын захирлын 248 тоот тушаал нь хуульд нийцсэн, Ж.Энхтуулийн гаргасан зөрчлүүдийн талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаж нотлогдсон гэж үзэж байна. Иймд нэхэжмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхтуул нь Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан Булган салбарын төв тооцооны төвийн теллерын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Энхтуул нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын төв тооцооны төвд теллерээр ажиллаж байгаад тус салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 248 дугаартай тушаалаартооцооны төвийн теллерын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-4, 23-26/

Хаан банкны Булган аймаг дахь салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай хөдөлмөрийн гэргээг цуцлах тухай тушаалд Ж.Энхтуулыг өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлаа ашиглан хамт ажилладаг теллерүүдэд зүй бус хүсэлт тавьж хий орлогын гүйлгээ, харилцагчийг банкинд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийлгэсэн үйлдэл эс үйлдэхүйгээр ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ХААН банкны дотоод журмын 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 3/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтан Ж.Энхтуул нь өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор ХААН банкны харилцагч Л.Энхтайван, Ц.Ариунтуяа нарт тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож, олгосон зээлээс өөртөө авч харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлыг ашиглан хамт ажилладаг теллерүүдэд зүй бус хүсэлт тавьж нөхөр Г.Амартүвшингийн дансанд хий орлогын гүйлгээ, Г.Амартүвшинг банканд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийсэн ноцтой зөрчлийг гаргасан нь дотоод аудитын тайлан, камерийн бичлэгийн агуулга бүхий тайлбар зэргээр тус тус тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хуульд нийцсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Энхтуул нь өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор ХААН банкны харилцагч Л.Энхтайван, Ц.Ариунтуяа нараар тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож, олгосон зээлээс өөртөө авч харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, ажлын байрны давуу байдлыг ашиглан хамт ажилладаг теллерүүдэд зүй бус хүсэлт тавьж нөхөр Г.Амартүвшингийн дансанд хий орлогын гүйлгээ хийсэн гэх зөрчлүүдийн тухайд, тэрээр 2015 оны 12 дугаар сарын 17-нд иргэн Л.Энхтайванд тэтгэврийн зээл, 2016 оны 3 дугаар сарын 21-нд иргэн Ц.Ариунтуяад хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө судлан олгож тэднээс мөнгө зээлдэн авсан, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 20000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 30 000 төгрөгийн орлогын гүйлгээг нөхөр Г. Амартүвшингийн 5270636450 дугаарын дансанд тус тус орлогодож орлогын гүйлгээ хийсэн зөрчлүүд нь дотоод аудитын шалгалтаар илэрч уг гаргасан зөрчилд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээг авчээ. Ажил олгогч ажилтны гаргасан дээрх зөрчилд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй, хуульд заасан хугацаанд шийтгэл ногдуулаагүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх нийт хугацаа6 сар байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын арга хэмжээг авсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Ажлын байрны давуу байдлыг ашиглан хамт ажилладаг теллерүүдэд зүй бус хүсэлт тавьж нөхөр Г.Амартүвшинг банканд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийсэн гэх зөрчлийн тухайд, тэрээр нөхөр Г.Амартүвшинг банканд ирээгүй байхад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 30000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 8000 төгрөгийн зарлагын гүйлгээг хийсэн зөрчил гаргасан нь зохигчдын тайлбар, дотоод аудитын шалгалтын тайлан, камерын бичлэгийн агуулга бүхий тайлбар зэргээр тогтоогдсон хэдий ч Ж.Энхтуулын дээрх үйлдэл нь эрхэлсэн ажлын давуу байдал, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг ашиг сонирхолдоо ашиглаж банкны өмч хөрөнгийг хувьдаа авч завшсан, хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7.3-т заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд Ж.Энхтуулд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан шат дараалсан арга хэмжээг ногдуулах боломжтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Ноцтой зөрчил-д ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаварын бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг судлан үзвэл тус гэрээний 5.7.2-т ХААН банкны ажилтны ёс зүйн дүрэмд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг адилтган тооцоно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан байвал ноцтой зөрчилд тооцох-оор заасан байх боловч ХААН банкны ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд нэг бүрчлэн зааж өгөөгүй, ХААН банкны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.4.1, 5.4.4, 5.5.2, 5.8.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд ХААН банкны Булган аймаг дахь салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 248 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Ж.Энхтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Ж.Энхтуулыг ХААН банкны Булган аймаг дахь салбарын төв тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Энхтуул нь ажилгүй байсан хугацааны цалин 2442000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ж.Энхтуулын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10 дугаар 3-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1978211 төгрөгийг ХААН банкны Булган аймаг дахь салбараас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ж.Энхтуулын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгохоор шийдвэрлэв.

Ажилтны дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын буюу 2016 оны 7-9 сарын цалин хөлсний дунджаар тооцвол 2132445:3=710815 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж 710815:21.2=33529 төгрөг байх бөгөөд үүнийг ажилтны ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу ажлын 59 хоногт үржүүлж 33529*59=1978211 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тооцов.

Шүүх цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцохдоо Ж.Энхтуулын №000290650 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 4/-ыг үндэслэн тооцсон болно.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч Ж.Энхтуул нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 46601 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтуулыг Хаан банкны Булган аймаг дахь салбарын тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 1978211 /нэг сая есөн зуун далан найман мянга хоёр зуун арван нэгэн/ төгрөгийг ХААН банкны Булган аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхтуулд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ХААН банкны Булган аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд 46601 /дөчин зургаан мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН