Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01569

 

 

 

 

       2022             08             22                                                 210/МА2022/01569

 

 

 

Б З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01859 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б З ХХК-ийн хариуцагч Замын хөгжлийн газарт холбогдуулан 1,555,065,771.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, Ч.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газар /хуучин нэрээр Нийслэлийн авто замын газар/ нь 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг" ХХК-тай АЗБ/ӨХ-2010/171/12 тоот Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээ-г байгуулсан. “Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг” ХХК-тай нэхэмжлэгч Б З ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Түншлэлийн гэрээ байгуулсан. Уг Түншлэлийн гэрээний 1.1 ...санхүүгийн чиглэлээр болон урьдчилгаа төлбөрийг авах, татвар хариуцлагыг Б З ХХК хариуцна, 2.1. Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ...Б тал дангаар төлөөлөх буюу Б З ХХК дангаар төлөөлөх, 4.1.Түншлэлийн үр дүнг Б тал бүрэн хариуцана. буюу Б З ХХК бүрэн хариуцах тухай зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл “Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг” ХХК-тай байгуулсан Түншлэлийн гэрээгээр манай Б З ХХК-д урьдчилгаа төлбөр авах болон санхүүгийн аливаа шаардах эрхийг шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээний Ерөнхий нөхцөлийн 16 дугаар зүйлд “гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолт болон зургийн дагуу хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Гэтэл энэхүү замын ажлыг гүйцэтгэх явцад ажлын зураг 4 удаа өөрчлөгдсөн бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор батлагдаж нэхэмжлэгч компанид ирсэн. Ийнхүү 4 удаа өөрчлөгдөхдөө ПКОО-ээс ПК0+100 хэсэг буюу Дархан, Сэлэнгэ рүү салдаг уулзварыг 3 замын уулзвар хийх байсныг өөрчилж, аюулгүйн тойрог хийхээр болсон. Ингэснээр ажлын зурагт нийт замын урт 10,4 км байсан бол аюулгүйн тойрог хийх болсноор замын урт 10,6 км болж өөрчлөгдсөн. Нийт 10,6 км хуучин замын хучилтан дээр давхарлан асфальтбетон хучилт хийх байсныг өөрчилж, хуучин хучилтыг хуулан шинээр асфальтбетон хучилт хийхээр болсон. Автозамын хашлагыг 12x15 см хэмжээтэй байсныг өөрчилж, 15x18 см болгосон. Ингэснээр манай компанийн суурилуулахаар худалдан авсан байсан замын хашлагууд хэрэггүй болж, нэмж 15x18 см хэмжээтэй замын хашлага суурилуулах шаардлагатай болсон. ПК31+86,28 хэсэг дээрх 2x1,5 диаметртэй дугуй хоолойг дөрвөлжин хоолой болгон өөрчилсөн. Дугуй хоолойг суурилуулахад хялбар, хугацаа бага зарцуулагддаг төдийгүй үнэ өртгийн хувьд дөрвөлжин хоолойг суурилуулахаас харьцангуй хямд байдаг. Харин дөрвөлжин хоолойг суурилуулахад суурь ухах, арматур зангидах, бетон цутгах гэх мэт ажлуудыг нэмж хийдгээс гадна бэлэн бэлдэц байхгүйн улмаас ихээхэн хүндрэл учруулсан. Дархан, Сэлэнгийн уулзвараас хуучин 22-ын товчооны пост хүртэлх 4,2 км замын голоор нэмж тусгаарлах зурвас шинээр байгуулахаар болгож өөрчилсөн. Ингэснээр тус хэсгийн замд нэмж хашлага суурилуулах шаардлагатай болсон ба тусгаарлах зурвасын хэсэгт зүлэгжүүлэлтийн ажил нэмж хийгдсэн. ПК40+97,83 хэсэг дээрх 2x1,5 м диаметртэй дугуй хоолойг гүүр болгон өөрчилсөн. Биднийг авто зам барих ажлыг эхлүүлснээс хойш захиалагч нь замын барилгын ажлын трасст орсон сурталчилгааны самбар болон кабел шугамын байгууламжууд, түүхий эд борлуулдаг цэгүүдийг нүүлгээгүй, албан байгууллагуудын талбайг чөлөөлж өгөөгүй гэх мэтээр дээр дурдсан үүргээ биелүүлээгүй юм. Бидний зүгээс хуучин нэрээр Нийслэлийн авто замын газарт 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10/131 тоот, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11/145 тоот, 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11/139 тоот, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12/118 тоот, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12/145 тоот албан тоотуудыг явуулж шаардлагыг хүргүүлж байсан. Ийнхүү 5,6 км авто замыг барих явцад захиалагч үүргээ биелүүлээгүйгээс ажлын талбайн бүх хэсгийг ашиглах боломж хязгаарлагдаж, ажлын зураг 4 удаа өөрчлөгдөж, түүнтэй дагалдаж нэмэлт ажлууд хийгдэх болсон нь биднийг авто замаа барьж дуусгаад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа хугацаа хэтрэхэд шууд нөлөөлсөн юм. Гэрээний 2 дугаар зүйлд гэрээний нийт дүн 12,095,140,840 төгрөг байхаар заасан бөгөөд ажлыг өөрийн хөрөнгөөр эхэлж гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг улсын төсөвт батлагдсан тухайн жилд олгохоор заасан байдаг. Ажлын зураг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, захиалагч тал замын трассыг чөлөөлж өгөөгүй гэх мэт шалтгаануудын улмаас биднийг 22-ын товчоо чиглэлийн 5,6 км авто замын ажлыг барьж гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн бөгөөд бид өнөөдрийн байдлаар нийт 8,425,741,499.99 төгрөгийн зардал гаргасан байгаа. Үүний 6,870,675,728 төгрөгийг захиалагч талаас санхүүжилтэд авсан. Иймд захиалагч Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас манай зүгээс гарсан зардал болох 1,555,065,771.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн авто замын газартай 12,095,140,840 төсөвт өртөгтэй АЗБ/ӨХ-201/171/12 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээг 1 жилийн хугацаатайгаар “Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээ байгуулан ажиллах явцад нэхэмжлэлд дурдагдсан газар чөлөөлөлт болон шугам сүлжээ, зургийн өөрчлөлтийн асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд манай газраас холбогдох байгууллага албан тушаалтнуудад албан шаардлага, албан бичиг, хүсэлт, хамтран ажиллах гэрээ хийх мэтээр асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэх арга хэмжээг авч ирсэн байдаг. Тиймээс ч дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Ийнхүү зам барилгын ажлын явцад ажлыг эрчимжүүлэх чанаргүй хийгдсэн ажлыг засан сайжруулах гэрээний хариуцлага тооцох чиглэлээр захиалагчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч “Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт” ХХК Б З ХХК-ийн удирдлагатай олон удаагийн уулзалт, ярилцлага хийх, тодорхой хугацаатай үүрэг даалгавар чиглэлийг өгч байсан. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын уялдаа холбоо зохион байгуулалт муу байсан зэргээс үүдэн энэхүү замыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчоо чиглэлийн 5,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан. Тухайн үед буюу баяр наадмын өмнө нэг талын замын хөдөлгөөнийг нээхийн тулд НИТХ-ын 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11/41 тогтоолын 2-р хавсралтаар Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5,0 км авто замын ажлын нэмэлт хөрөнгө 647,500,000 төгрөг, хуучин 22-ын товчооноос Баруун аймаг, Дархан чиглэлд салдаг уулзвар хүртэл автозамын суурь хучилт асфальт бетоны ажилд /4.3км/ 650,000,000 төгрөгийг тус тус төсвийн нэмэлт тодотголоор 1 тэрбум 297 сая 500 мянган төгрөгийн нэмэгдэл хөрөнгийг Нийслэлийн төсвөөс гаргасан. 2010 оноос 2015 он хүртэл хугацаанд Баруун аймгууд руу явдаг гол зам бүрэн ашиглалтад ороогүй зэрэг нь ерөнхий гүйцэтгэгч “Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг” ХХК, Б З ХХК-тай шууд холбоотой. Иймд тус газраас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Чи Чи Ха Ар Хотын Хот төлөвлөлт инженеринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13/03 дугаартай албан бичигт 4,2 км замын ажлыг өөрийн хөрөнгөөр ямар нэг хүндрэл гарахгүйгээр 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн дуусгаж Улсад хүлээлгэж өгнө гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн Улсаас ямар нэгэн нэмэлт санхүүжилт хүсэхгүйгээр 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, үлдсэн 5.0 км замын барилгыг захиалагч талаас гэрээг цуцалж сонгон шалгаруулалт явуулахад ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна гэсэн албан хүсэлтийг тус газарт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /одоогийн нэхэмжлэгч/ ирүүлж байсан. Иймд дээрх тайлбар болон үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б З ХХК нь тус газраас илүү гарсан зардал гэх 1,555,065,771.99 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг тус газар нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-ийг баримтлан Нийслэлийн Замын хөгжлийн газар (хуучин нэрээр Авто Замын хөгжлийн газар)-аас 583,068,634 төгрөгийг гаргуулж Б З ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 971,997,137.99 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагч Замын хөгжлийн газар (хуучин нэрээр Авто Замын хөгжлийн газар)-аас 5,017,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б З ХХК-д олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 7,933,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 4.а. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмж хийсэн ажлын зардлыг гаргуулах гэж тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн.

          4.б. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх явцад гурван удаагийн шинжээчийн дүгнэлтээр “... нэмж хийсэн ажлын зардлыг тодорхойлох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасаар атал шүүх хэт нэг талыг барьж дахин нэмж хийсэн ажлын зардлыг тогтоолгохоор дөрөв дэх удаагаа шинжээч томилсон хэдий ч шинжээчийн зүгээс дахин “... нэмж хийсэн ажлын зардлыг тодорхойлох боломжгүй” гэсэн дахин дүгнэлт гарсан. Нийслэлийн авто замын газар “Чи Чи Ха Ар хотын Хот төлөвлөлт инженеринг” ХХК, Б З ХХК-ийн түншлэлтэй байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо,22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн барилгын ажлын гэрээ”-ний нэг гол нөхцөл нь Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр өөрийн санхүүжилтээр ажлыг хийж гүйцэтгэсний дараа санхүүжилтийг авах нөхцөл байсан боловч улсын төсвөөс гэрээгээ зөрчиж санхүүжилтийг гаргасан гэдгийг мөн шүүх анхаараагүй.

          Ийнхүү дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал шүүх хэт нэг талыг барьж хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхгүй, нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байсан зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус болсон гэж хариуцагчийн талаас үзэж байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Барилгын ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд уг зураг нь 4 удаа өөрчлөгдсөн. Захиалагчийн зүгээс зам барилгын ажлын зургийг 4 удаа дур мэдэн өөрчилсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн улмаас зам барилгын ажлын зурагт заагдсан замын чиглэл (трасст) газар чөлөөлөх ажлууд хийгдээгүй, цаг хугацаа ихээр алдсантай холбоотойгоор материалын зардал ихээр өсөж, бид алдагдал хүлээсэн. Шинжээчийн гаргасан дүгнэлтийн 18 дугаар хуудсанд ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар бүх зүйлүүд нь тодорхой болсон бөгөөд хариуцагчийн зүгээс маргадаггүй. Тухайн хийсэн ажлын обьем нь тодорхой болсон. Гэтэл зам барихаас өмнөх нь ямар байсан, мөн нэмэлт ажил, зардлын тоо хэмжээ, үнийн өсөлтийг нарийвчлан тодорхойлох боломжгүй талаар дурьдагдсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд зардал гараагүй, үнэ өсөөгүй, зөвхөн гэрээнд заасны дагуу үнэлэх учиртай. Мөн шинжээчийн дүгнэлтээр үнэлгээний төсвийн асуудлыг өөр компаниар гүйцэтгүүлнэ гэж заасан. Үүний дагуу Монгол Улсын тэргүүлэх зэргийн төсөвчин н.Цэрэндорж гэх хүн төсвийг тогтоосон. Нийт зардал 8,384,084,801.60 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нягтлан бодох бүртгэлийн Б З ХХК-ийн 4 жилийн хугацааны аудитын тайлан болон санхүүгийн анхан шатны баримтад үндэслэж, бодит зардлыг нотолж гаргасан. н.Энхтайван болон н.Цэрэндорж гэх шинжээч нар шүүх хуралдаанд оролцож тодорхой ярьсан бөгөөд хавтаст хэргийн 239-242 дугаар хуудсанд авагдсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал нийлж байсан. Давж заалдах гомдлын 4 дүгээрт ноцтой асуудалд дурдагдсан. Үүнд: 650,000,000 төгрөгийн санхүүжилт нь асфальт бетоны зардал байсан бөгөөд “Тэгш плант” ХХК-д Б З ХХК-ийн данснаас шилжүүлсэн. 647,500,000 төгрөгийг “Эрдэнэ зам” ХХК болон “Тэгш плант” ХХК-ууд өгсөн гэх боловч Б З ХХК-ийн дансанд уг мөнгө орж ирээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс 10.5 км замын гүйцэтгэх ёстой нийт ажлын 67%-ийг хийж гүйцэтгэсэн болохыг нотолж, уг ажилд тохирсон хөлс авах ёстойгоос нэмэлт санхүүжилтийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж 583,000,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Хариуцагч нарын зүгээс хууль бус шийдвэр гарсан гэх боловч нотолж чадаагүй. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар албан бичиг удаа дараа гаргаж байсан. Ажил гүйцэтгэх цаг хугацаанаас алдсан бөгөөд 4 жилийн хугацаанд 4 удаа зураг өөрчлөгдөж, баталгаажсан 1 зураг байна. Захиалагчийн эрсдэл нөхцөл байдлаас хамаарч, цаг хугацаа алдаж нэмэлт зардал гарсан. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан боловч төлбөрийн маргаантай байсан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б З ХХК нь хариуцагч Авто замын хөгжлийн газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,555,065,771.99 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үүргээ гүйцэтгэсэн гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 10.6 км замаас 5.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2011 оны 05 дугаар сараас хийж эхэлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийж гүйцэтгэн, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5. 2014 оны “Голден пэйж аудит” ХХК-ийн Б З ХХК-ийн 2011 оноос 2013 оны ажлын гүйцэтгэлийн аудитын дүгнэлтэд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 6,870,675,728 төгрөгийг замын ажилд зарцуулсан, 293,315,124 төгрөгийг зарцуулаагүй үлдсэн талаар тусгасан.

5.а. Шинжээч “МСРСgr” ХХК-ийн 2019 оны дүгнэлтээр Б З ХХК-ийн 2011-2014 онд нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тогтоосон. 

5.б. Төсөвчин Ц.Цэрэндоржийн Б З ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсвийг хянасан шинжээчийн дүгнэлтэд нэмэгдэж хийгдсэн 4 төрлийн ажлын төсвийн нийт дүнг 1,555,065,771 төгрөг гэсэн дүгнэлтийг гаргажээ. Уг төсөвт шинжээч “МСРСgr” ХХК-ийн дүгнэлтэд 2014 онд гүйцэтгэсэн ажлын төсөв тусгагдаагүй, зөрүүтэй байна.

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ямар баримтыг үндэслэн гүйцэтгэсэн ажлыг 67 хувиар тооцсон нь ойлгомжгүй байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудаас маргааны үйл баримтыг тодруулж, түүнтэй холбогдох ажиллааг явуулах боломжтой байжээ.

7. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01859 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдлыг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД      

                          ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР          

                                                                              Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч АГГ-тэй холбоотой нэмэлт зардал гарсан гэх үндэслэлээр 1,5 тэр бум төгрөгийн зардал гарсан гэж үндэслэн хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан 2013.12.31-ний өдрийн аудитын дүгнэлтээс үзэхэд 6,5 тэр бум төгрөгийг замын ажилд зарцуулсан. Үүнээс 293 сая төгрөгийг зарцуулаагүй үлдсэн байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Санхүүжилтын хувьд 2013 онд авсан 6,8 тэр бум төгрөг байна гэсэн аудитын дүгнэлт гаргасан. Мөн хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдсан байна. 2012.2013.2014 онд хийсэн ажлын шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтийн 2013 он хүртэл ажлын хэмжээг тогтоогдсон гэж үзэхээр 2014 онд нийт хийсэн ажлын хэмжээ, 10.6 км замын трассын гэрэлтүүлгийн ажил, дархан сэлэнгийн уулзвараас хуучин 22 товчоо хүртэлх 4.3 км авто замын өнгө, аспалтан тэмдэг, тэмдэглэгээ, замын тоноглолын ажлууд гэж хийсэн ажлын хэмжээг тогтоосон дүгнэлтүүд гарсан байна. мөн 2021.3.16-ны өдрийн шүүгчийн 2541 дугаар захирамжийн дагуу хийсэн ажлын төсөвтэй холбоотой дүгнэлт байна. энэ ажлын нийт хэмжээг 4 төрлийн ажил нэмэгдэж хийсэн, ажлын төсвийн 1,5 тэр бум төгрөгөөр төсвийг үнэлсэн байна. уг нэмэлт ажлын дүгнэлтээс харахад нийт ажлын хийсэн ажлыг дүгнэлт гарсан. Тэгэхээр 2014 онд хийсэн ажлыг тогтоосноор нийт ажлын хэмжээ тогтоогдох, үүнтэй холбоотойгоор нэмэлт зардал гарсан уу үгүй юу гэдэг үйл баримттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын маргааны үйл баримтыг дүгнэж шийдвэрлэхийн тулд 2014 оны ажлын төсөв тогтоогдсон баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар тогтоогдоогүй байна гэж үзнэ. Шүүх нэхэмжлэлийн нэмэлт зардал нь өөрөө ойлгомжгүй 67 хувийг яаж тогтоосон гэдэг нь тодорхой бус байна.