Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01518

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01518

 

 

ТБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01110 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.О-, Ц.Н- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 516,195,749 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Э.Н, хариуцагч Э.О-, хариуцагч нарын өмгөөлөгч Л.О, Т.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ТБ ХХК нь хариуцагч Э.О-, Ц.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 516,195,749 төгрөг гаргуулна.

Зээлдэгч Э.О-, Ц.Н- нар нь ТБ ХХКХан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 00 тоот 150 м.кв орон сууц, авто машины зогсоолыг банкны 8 хувиар худалдаж авахаар хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн ерөнхий хорооны хурлын 69/04 тоот шийдвэрийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 307 тоот зээлийн гэрээ байгуулан 432,000,000 төгрөгийг сарын 0.66 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлийг сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь тус зээлийн үндсэн зээлээс 5,654,893.24 төгрөг, зээлийн хүүд 19,336,933.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,973.68 төгрөг нийт 24,993,800 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 426,345,106 төгрөг, үндсэн хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг, нийт 516,195,749 төгрөгийн бодит хохирлыг банкинд учруулсан. Иймд хариуцагч Э.О-, Ц.Н- нараас 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 307 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үндсэн үүрэг 426,345,106 төгрөг, үндсэн хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг нийт 516,195,749 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн үндсэн төлбөр хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зээлийг хариуцагч ашиглаагүй тул зээлийн хүүг төлөхгүй. Шударга ёсны зарчмыг нэхэмжлэгчээс шаардаж байна. Маргаан бүхий байр 2013 онд Төрийн банкны санхүүжилтээр П ХХК барьсан. Төрийн банкнаас уг төслийг санхүүжүүлсэн, орон сууц нь ашиглалтад орж чадаагүйгээс Төрийн банкны уг зээл чанаргүй зээлийн ангилалд орсон. Төрийн банкны зүгээс П ХХК-д орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор их хэмжээний зээл олгосон. Энэ зээлийн хүрээд П ХХК-ийн зүгээс зээлийн хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй. Уг компанийн захирал нь одоо хорих ангид хоригдоод, зээлээ төлж чадахгүй байгаа. Тус зээлийг төлүүлэхийн тулд барьцаанд байгаа хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор П ХХК-ийн зээлийн төлбөрөөс хасахаар иргэдэд маш тааламжтай нөхцөлтэй зээл олгосон. Э.О-гийн зүгээс тухайн гэрээний гүйцэтгэгч буюу худалдагч нь ТБ ХХК байсан гэж ойлгодог. Анх Төрийн банк өөрийн харилцагчдаасаа сонгон тус орон сууцыг худалдан авах саналыг тавьж, гэрээ байгуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь Э.О-д 150 м.кв таун хаусыг жилийн 8 хувийн хүүтэй, барьцаагүй олгож, сарын дараа гэрчилгээ нь гарна гэх саналыг тавьсан. Зээлдэгчийн хүсэлт өгсөн өдөртөө П ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр барилга захиалгын гэрээг байгуулж байсан. Хариуцагч П ХХК-ийн ажилчидтай анхнаасаа орон сууц худалдан авах талаар уулзаж, ярилцаж байгаагүй бүх гэрээ материалыг бэлдсэн байсан, бэлэн материалд нь Э.О-гоор гарын үсэг зуруулсан. 2015 оны 09 дүгээр сард зээлийн эрхийн хорооны шийдвэрээр хүсэлт шийдэж 5 хоногийн дотор 432,000,000 төгрөгийг зээлийн дансыг Э.О-гийн нэрээр нээн өгч, данс руу гэрээний зүйлийг шилжүүлэн, дараа нь тухайн мөнгийг П ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Данснаас дансны хооронд л банк гүйлгээ хийж, хариуцагчаар баримтууд дээр гарын үсэг зуруулсан. Энэ байр хэн нэгний өмчлөлд бүртгэлгүй атал барьцаа байхгүй 432,000,000 төгрөгийг банк шууд зээлдэгч буюу Э.О-д олгосон. Бидний зүгээс байраа буцааж аваад үнэхээр тодорхой хэмжээний цаг хугацааны болон хөрөнгийн асуудал байгаа бол энэ тал дээр харилцан тохиролцож болно. Хариуцагч нь ТБ ХХК-тай удаа дараа байраа буцаан авах талаар уулзаж байхад хэд хэдэн тэмдэглэл дээр энэ талаар тусгагдсан. Зээлийн гэрээний агуулга, нөхцөл шаардлагыг харахад ипотекийн зээл байгуулагдсан гэх боловч уг журмаа банк зөрчсөн. Гэвч нэхэмжлэгч талаас ипотекийн гэрээний үндсэн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргийг зөрчсөн, мөн уг ипотекийн зүйл нь өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй атал банк зээлийг олгосон. Иймд гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн зээлийн гэрээний мөнгө өнөөдрийн байдлаар хариуцагч талд ирээгүй. Э.О-, Ц.Н- нар нэг гэр бүл гэтэл данс нь хаагдсан. Иймд бодит нөхцөл байдалд шүүх зөв дүгнэлт хийж, хэргийг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.О-, Ц.Н- нараас 407,006,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109,189,549 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,738,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О- нараас 2,192,981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.б. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан талаар:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нотлох баримт болох ТБ ХХК-ийн зээлийн ерөнхий хорооны 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 65/06 дугаар хурлын шийдвэр, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш32021/15852 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргуулсан. Уг нотлох баримт нь хариуцагч нарт огт хамааралгүй Төрийн банкны харилцагч Б.М-д зээл олгохыг шийдвэрлэсэн зээлийн ерөнхий хорооны шийдвэр байсан.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 109,189,549 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ маргааны зүйлийн нотлох баримтыг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг бодитоор шинжлэн судлаагүй буруу үнэлж шийдвэр гаргасан тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Зээлийн ерөнхий хорооны 65/06 тоот шийдвэр нь тус зээлийн маргаанд нотлох баримтын ач холбогдолгүй байсан. Учир нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 307 тоот батлан даалтын гэрээ байгуулах үндэслэл болгосон 65/06 тоот хорооны шийдвэр нь иргэн Б.М-д зээл олгохыг зөвшөөрсөн хорооны шийдвэр юм. Тухайн үед батлан даалтын гэрээний төслийг бэлтгэхдээ өмнөх гэрээ байгуулсан төсөл дээр бэлтгэгдсэн байх бөгөөд зээлийн ерөнхий хорооны шийдвэрийн дугаарыг Э.О-д зээл олгохыг зөвшөөрсөн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 69/04 тоот шийдвэр гэж сольж бичээгүй бичилтийн алдаа гаргасан.

4.в. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн талаар:

Шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу банкны хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 307 тоот орон сууцны зээлийн гэрээгээр ТБ ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Э.О-, Ц.Н- нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж хүчин төгөлдөр байгуулагдсан.

Э.О- нь 340004076984 тоот харилцах данснаас 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 390,000,000 төгрөгийг 4 дүгээр байр, 00 тоот Онон байрны төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Мөн тус өдөр 90,000,000 төгрөгийг Э.О- барилгын засварын ажлын төлбөр 99119231 гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

Гэтэл шүүх Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.4.14-д заасан Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэж заасныг буруу тайлбарлан нотлох баримтын ач холбогдолгүй 65/06 тоот хорооны шийдвэр буюу хэрэгт хамаарахгүй баримтыг үнэлж шийдвэр гаргасан байна.

Зээлдэгч Э.О-, Ц.Н- нарт дээрх журамд заасан актив, хүүг нэмж олгоогүй, анх удаа орон сууц худалдан авах зээл олгосон байхад шүүхээс чанаргүй зээлийг хаах зорилгоор зээл олгосон гэж тайлбарласан нь илтэд үндэслэлгүй, тус журмын заалтад хамаарахгүй байх бөгөөд ямар ч арилжааны банк хууль, журам зөрчиж зээл олгодоггүй байхад журмын заалтыг буруугаар тайлбарлан шийдвэрлэсэн.

4.г. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү хасаж шийдвэрлэсэн талаар:

Талуудын хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгуулсан зээлийн гэрээний 3.2.4-т зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг тохиролцсон. Гэтэл шүүхээс 109,189,549 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль болон гэрээнд заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

ТБ ХХК болон Э.О-, Ц.Н- нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэдэгт маргаагүй бөгөөд хариуцагч Э.О-, Ц.Н- нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу 407,006,200 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

ТБ ХХК нь өөрийн санхүүжилтээр П ХХК-ийн бариулсан өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй, эрхийн доголдолтой орон сууцыг П ХХК-ийн чанаргүй зээлийг төлүүлэх зорилгоор хариуцагч нартай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Э.О-, Ц.Н- нар нь уг мөнгийг захиран зарцуулаагүй, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр гэрээний дагуу олгосон гэх мөнгө эцэстээ буцаад ТБ ХХК-д орсон. Хариуцагч Э.О-, Ц.Н- нар нь зээлийн гэрээний дагуу олгосон гэх мөнгөөр хөрөнгөжөөгүй, зээлийн гэрээний дагуу олгосон гэх мөнгө хариуцагч нар ашиглаагүй тул авсан өгснөө буцаах үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ТБ ХХК нь П ХХК-тай энэхүү зээлийн гэрээний дагуу батлан даалтын гэрээ байгуулсан. Хариуцагч Э.О- болон ТБ ХХК нарын уулзалтын тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба уг тэмдэглэлд Э.О- нь уг орон сууц нь эрхийн болоод чанарын доголдолтой учраас худалдан авахаас татгалзсан, ...зээлийг төлөх боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн. ТБ ХХК нь Парк найн ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу П ХХК-аас шаардах нөхцөл байдал үүссэн байна. П ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу П ХХК нь энэхүү 407,006,200 төгрөгийг төлөх ёстой бөгөөд ТБ ХХК-аас хариуцагч Э.О-, Ц.Н- нарт зээл олгосон гэх мөнгийг хариуцагч нар ашиглаагүй, П ХХК-ийн ТБ ХХК-аас авсан зээлээс хасагдсан тул П ХХК нь хариуцах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн тогтоолд заасан зөрчлийг арилгаагүй анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан, мөн хариуцагчийн зүгээс гаргасан гуравдагч этгээдээр П ХХК-ийг оролцуулах хүсэлтээсээ татгалзаагүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар гуравдагч этгээдээр П ХХК-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгосон. П ХХК-ийг гуравдагч этгээдээр энэхүү маргаанд оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь ...илт үндэслэл муутай гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул П ХХК-ийг энэхүү маргаанд гуравдагч этгээдээр оролцуулж, талуудын маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. П ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасны дагуу эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотолсон баримттай хариуцагч танилцах эрхтэй. Хариуцагч Ц.Н- нь хэргийн оролцогчийн хувьд ТБ ХХК-аас ирүүлсэн нотлох баримт буюу зээлийн хорооны шийдвэрийг танилцаагүй бөгөөд зээлийн хорооны шийдвэрт холбогдуулан тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ТБ ХХК-аас Э.О-д зээл олгоогүй. Тухайн 432,000,000 төгрөгийг Э.О-гийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй. Э.О-гийн зээлийн дансыг нээж, тухайн зээлийн данснаас өөрийн П ХХК -ийн дансанд шилжүүлж татан авсан үйл баримт тогтоогдсон. Уг мөнгийг Э.О- ашиглаж авчихсан, тухайн зээлийн 432,000,000 төгрөгийг ТБ ХХК-д эгүүлэн өгөх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан эрх үүрэг үүсээгүй. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Э.О-, Ц.Н- нарт холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 307 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 426,345,106 төгрөг, зээлийн хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг, нийт 516,195,749 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч уг зээлийг бид авч ашиглаагүй гэж маргажээ.

 

3. Э.О-, Ц.Н- нар нь ТБ ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 307 тоот зээлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 00 тоот 150 м.кв орон сууц, авто машины зогсоолыг худалдаж авах зорилгоор 432,000,000 төгрөгийг, сарын 0.66, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдэж авсан байх ба энэхүү зээлийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч ТБ ХХК, П ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 307 тоот батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч Э.О-той байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийг батлан даахтай холбоотой харилцааг зохицуулсан гэрээг байгуулжээ.

 

3.а. Нэхэмжлэгч ТБ ХХК, П ХХК-тай байгуулсан дээрх батлан даалтын гэрээний 1.2-1.6-д зээлдэгч Э.О-той байгуулсан дээрх зээлийн гэрээний дагуу, зээлдэгчийн банкны өмнө хүлээх үүргийг зээлээр худалдан авсан дээрх орон сууц, авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зээлдэгчийн нэр дээр гарч, зээлдэгч уг орон сууцаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банктай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл зээлийн гэрээний үүргийг батлан дааж, барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсноор уг гэрээ дуусгавар болох, батлан даах үүргийн хэмжээг уг зээлийн гэрээний дүн, түүгээр тодорхойлогдсон хүү, нэмэгдүүлсэн хэмжээгээр тодорхойлох, батлан даалтын гэрээгээр батлан даагч болон банкны хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 300, 301 тоот барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулах зэргээр тохиролцжээ.

 

3.б. Дээрх батлан даалтын гэрээний 2.1.3, 2.2.5-д үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлдэгч болон банкны хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, мөн энэ гэрээ байгуулагдаагүй байхад батлан даагчийн буруугаас болж гэрээ цуцлагдах тохиолдолд зээлдэгчийн гүйцэтгэх үүргийг батлан даагчаас шаардах, батлан даагч эд хөрөнгийн эрхийн болон биет байдлын доголдолтой, захиалгын гэрээгээр тохирсон шаардлага хангаагүй хөрөнгө шилжүүлснээс буюу батлан даагчийн буруугаас гэрээг цуцлах, дуусгавар болох болсон тохиолдолд зээлдэгчийн хүлээх үүргийг батлан даагч хариуцахаар заасан зэргээс үзэхэд уг хэрэгт П ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан болох нь тогтоогдож байна.

 

3.в. Гэтэл анхан шатны шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр П ХХК-ийг оролцуулах тухай шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11973 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15852 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар өөрчилж, П ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь тухайн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тодруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болгосон, хууль буруу хэрэглэсэн үндэслэл болно.

 

3.г. Хэрэгт П ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Т.Э- гэх этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, өөрийн компанийг уг маргаанд батлан даагчийн гэрээтэй оролцсон тул манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж болзошгүй байгаа тул гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр и-мейлээр шүүхэд ирүүлсэн баримт авагдсан байна. Уг хүсэлтийг дэмжин нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс гуравдагч этгээдийг оролцуулахаар гаргасан хүсэлтийг мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04777 дугаар захирамжаар хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна.

 

4. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон Ц.Н- нь хэргийн материалтай танилцсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 703,898 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,192,981 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ