Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01607

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01607

 

 

М.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01811 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э-, М.М- нарт холбогдох,

Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамиймаа, хариуцагч бөгөөд хариуцагч Д.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

М.Н- нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Э-, М.М- нартай орон сууц захиалгаар барих 67/15 тоот гэрээ байгуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв орон сууцыг нийтэд нь 80,123,500 төгрөгөөр худалдахаар, дээрх орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 24,037,050 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлөх, үлдэгдэл 70 хувь болох 56,086,450 төгрөгийг ипотекийн зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан. Д.Э-, М.М- нар нь дээрх орон сууцны төлбөр 80,123,500 төгрөгөөс ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа төлбөрийг төлсөн байдлаар харагдуулахын тулд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 27,040,000 төгрөгийг Голомт банк дахь М.Н-ын 1805108209 тоот дансанд Д.Э-ы Голомт банк дахь 1609222880 тоот данснаас бэлэн бусаар шилжүүлэн өгч М.Н- нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк дахь М.М-ийн 5270389908 тоот дансанд бэлэн бус шилжүүлгээр 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн.

 

Хариуцагч нар нь урьдчилгаа хувийн төлбөр 24,037,050 төгрөгийг усны тоолуураар төлөхөөр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул М.Н- нь Д.Э-, М.М- нарын 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Гэтэл орон сууцны үлдэгдэл төлбөр 27,040,000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Төлбөр хийгдээгүй болохыг О.И-тай 2019 оны 05 дугаар сард тооцоо хийж мэдсэн. Иймд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн орон сууцыг шилжүүлэн авахыг хүсэж байна.

Хариуцагч нар нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг бусдад түрээслүүлж ашиг олсон тул түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөгөөр тооцож, нийт 29,866,660 төгрөгийн түрээсийн ашгийг орох байсан орлого гэж үзэн нэхэмжилнэ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

О.И- нь ордер гараагүй байрыг урьдчилгаагүйгээр, ипотекийн зээлийн хэмжээнд байрны үнийг тооцоод авчих гэсэн. О.И-г ингэж хэлэх үед М.Н- хамт байсан бөгөөд үүнийг зөвшөөрсөн. Зээл авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлсөн гэж банкинд харагдуулж, банкнаас олгох 70 хувийн зээлийн үнийн дүн энэхүү орон сууцны үнэ болох байсан.

Урьдчилгаа 30 хувийг төлөх боломжгүй байсан тул М.Н-ын санал болгосон 30 хувийн урьдчилгааг тоолуур нийлүүлэхээр тохиролцсон гэж тоолуур нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуруулсан. Уг гэрээг банкны зээлийн эдийн засагчид үзүүлэхэд банк урьдчилгааг бэлэн мөнгөөр байршуулсан байхыг шаардана, ийм гэрээ байж болохгүй гэж хэлээд намайг буцаасан. Тэгээд би М.Н- дээр буцаж очоод тоолуурын гэрээ болохгүй байна, одоо яах вэ гэхэд тэгвэл наад гэрээгээ нааш өгчих гээд авсан. Би тухайн үед нь санаанд орохгүй М.Н-ад гэрээг буцааж өгсөн. Урьдчилгаа төлбөргүй, зээлээр байр авах нь ашигтай байсан учир 80,123,500 төгрөгийн үнэтэй байр зарж байгаа байдлаар гэрээг хийж, урьдчилгаа 24,037,050 төгрөгийг М.Н-ын дансанд байршуулсан гэж харагдуулахын тулд мөнгө хүүлэгчээс өдрийн хүүтэй мөнгө авч М.Н-ын дансанд 27,040,000 төгрөгийг байршуулж, дараа нь буцаан авсан. Ингээд бид хоёрт банкнаас 53,000,000 төгрөгийн зээл гарсан, үүнийг нь М.Н-ад өгсөн. Манай нөхөр төрийн албан хаагч, тоолуур нийлүүлэх ямар ч боломжгүй гэдгийг тухайн үед М.Н-, О.И- нар мэдэж байсан. Бидний бодит тохиролцоо 80,000,000 төгрөг байгаагүй, банкнаас зээл авахын тулд уг гэрээг байгуулсан. Банкнаас авсан 53,000,000 төгрөг гэрээний бодит дүн юм.

М.Н-ад гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, бидний хувьд гэрээний үүргийг зөрчөөгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тоолуур худалдах, худалдан авах гэрээ огт хэрэгжээгүй, дүр үзүүлсэн хэлцэл, манай нөхөр төрийн албан хаагч, тоолуур нийлүүлэх ямар ч боломжгүй. Иймд энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 24,037,050 төгрөгийн үнэ бүхий усны тоолуур нийлүүлж дээрх 50 тоот орон сууцыг 1 м.кв-ийг 1,850,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа 30 хувьд тооцно гэсэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээнд Д.Э- гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ тоолуураа О.И-гаас авч нийлүүлнэ гэж тухайн үедээ тохирсон байдаг боловч энэ үүргээ хариуцагч нар биелүүлээгүй болно. Иймд гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Э-, М.М- нарт холбогдох 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Дулаахан хотхоны 44 дүгээр байрны 50 тоотын 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай М.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015.12.31-ний өдрийн 05 тоот тоолуур худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч М.Н-ад холбогдох хариуцагч Д.Э-, М.М- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,001,058 төгрөг, хариуцагч Д.Э-, М.М- нарын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 797,196 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Н-аас 278,136 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Э-, М.М- нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитоор үнэлээгүй, үнэн зөв эргэлзээгүй дүгнэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205-р зүйлийн 205.1, 227 дугаар 227.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна.

2015 оны 12 сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд үндсэн гэрээний урьдчилгаа 24,037,050 төгрөгийг усны тоолуураар төлөхөөр байгуулсан гэрээ юм.

Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн дараах заалтуудыг эс зөвшөөрч нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхээс дутуу үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3, 4, 5-д дүгнэсэн үйл баримтууд нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.И-, С.Э-мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзсэн нь шүүхээс үйл баримт хэдийд болсон он, сар, өдрөөр нь бодит байдлаар нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт юм.

Шүүх зөвхөн М.М-ийн тайлбарыг үндэсэлсэн. О.И- нь Д.Э-, М.М- нарт орон сууцыг 53,000,000 төгрөгөөр худалдах талаар амаар тохиролцсон зүйл байхгүй. О.И- нь орон сууцны зарах эрхтэй этгээд биш гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1, 2.4, 2.5, 3.2, 4.4-д заасны дагуу гэрээний төлбөрийг 80,123,500 төгрөгөөр тохиролцож талууд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 243, 261, 343, 358 дугаар заалтуудыг үндэслэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ.

Уг гэрээний урьдчилгаа төлбөр болох 24,037,050 төгрөгийг усны тоолуураар төлөх гэрээнээс өөр гэрээ байгуулж байгаагүй бөгөөд орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар 53,000,000 төгрөгөөр зарахаар амаар тохиролцоогүй.

53,000,000 төгрөг нь орон сууцны үнэ биш бөгөөд Голомт банкнаас олгосон зээлийн дүн бөгөөд Д.Э- нь М.Н-ын Голомт банкин дахь 1805108209 тоот дансанд шилжүүлсэн.

Шүүхээс 24,037,050 төгрөгийг төлсөн гэж харагдуулах үүднээс худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Д.Э-ны ажлын газрын тодорхойлолтод нь худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Шүүхээс цагдаад ажилладаг бол тоолуурын талаар ямар нэгэн ойлголтгүй байна гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй.

Мөн орон сууцны үнэлгээний талаар гэрч О.И-, С.Э-нар мэдэхгүй гэдгээ мэдүүлсэн байхад шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг огт үнэлж дүгнээгүй.

Шүүх орон сууцыг нийт 80,123,500 төгрөгөөр худалдан авах, 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 24,037,050 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, үлдэгдэл 70 хувийг нь ипотекийн зээлээр нэхэмжлэгч М.Н-ад төлөхөөр тохиролцсон байна гэж дүгнэсэн атлаа 50 тоот орон сууцны үнийг 53,000,000 төгрөг гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

М.Н-, О.И- нар нь орон сууц худалдсан болон усны тоолуур нийлүүлсэн асуудал нь Д.Э-, М.Мөнх -Оч нарын М.Н-аас маргаан бүхий орон сууцыг худалдан авахтай хамааралгүй бөгөөд үнийг 53,000,000 төгрөг байхаар тохиролцсон талаар нотлох баримт байхгүй.

Шүүхээс юуг үндэслэн 53,000,000 төгрөг гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Хариуцагч нар нь ипотекийн зээлээр 53,000,000 төгрөг төлж, 27,040,000 төгрөг дутуу төлсөн байхад гэрээний дагуу төлөх төлбөрөө бүрэн төлсөн, үүргээ зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 27,040,000 төгрөгөөр дутуу болох нь нотлогдож байна.

Гэтэл хариуцагч Д.Э- М.М- нар нь 2021 оны 06 дугаар сард сөрөг нэхэмжлэл гаргасаныг М.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 06 сарын 07-ны өдөр гардаж авсан.

М.Н- 2018 оны 08 дугаар сарын 24 ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлж 2015 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн 67/15 тоот гэрээгээр худалдсан орон сууцны нийт үнэ 80,123,500 төгрөгнөөс 27,040,000 төгрөгийг дутуу төлж үүргээ зөрчсөн тул 67/15 тоот гэрээнээс татгалзаж БГД 9-хороо 44 байрны 50 тоот 80,123,500 гөгрөгний орон сууцыг М.Н-ын өмчлөлд бүцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Э- М.М- нарт даалгуулах, уг орон сууцыг түрээслэж олсон ашиг 29,866,660 төгрөгийг гаргуулж авах нэхэмжлэл гаргасан.

Энэ нөхцөлд Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоож өгөх хуулийн заалт хамаарахгүй харин Иргэний хуулийн 226 дугаар зүйлд заасан хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн.

Орон сууц захиалгаар барих гэрээний 4.4-д Захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 30 хоног хэтрүүлсэн тохиолдолд Гүйцэтгэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэсэн гэрээний заалтын дагуу 67/15 тоот гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлэн өгсөн орон сууцыг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан.

Гэрээ байгуулах үед хариуцагч нар нь орон сууц худалдан авах ямар ч бодолгүй бөгөөд санхүүгийн хувьд боломжгүй байсныг сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар ээргээс үндэслэн ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь илт болсон гэж үзэж байна.

2015 оны 12-р сарын 31-ны өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээг хэрэгжээд дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 67/15 тоот гэрээний дагуу 50 тоот орон сууцны үнэ 80,123,500 төгрөгнөөс 53,000,000 төгрөгийг Голомт банкны ипотекийн зээлээр төлөгдөж М.Н-ын 2016 оны 06-р сарын 28-нд М.М-ид буцаан шилжүүлсэн 27.040.000 төгрөгний үнийн дүнгээр гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон байхад гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Харин тоолуур нийлүүлэх 2015 оны 12-р сарын 31-ны өдрийн 05 тоот гэрээ нь 2015 оны 12-р сарын 31-ны өдрийн 67/15 тоот тоот гэрээний дагуу 44 байрны 50 тоот орон сууцны үнэ 24,037,050 төгрөгийг төлөх зорилготой хийгдсэн гэрээ тул 67/15 тоот гэрээнээс тусад нь салгаж авч үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, орон сууцын барилгыг захиалгаар барих гэрээ болон худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоолгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар 205.1 дэх хэсэгт заасны дагуу М.Н-ын нэхэмжлэлийн шаардлага болох Орон сууцны барилгыг захиалгаар барих 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 гэрээнээс татгалзаж БГД-ийн 9-р хороо 44 байрны 50 тоот 80,123,500 төгрөгийн үнэ бүхий 43.31 м.кв орон сууцыг М.Н-ад буцаан шилжүүлэн өгөхийг Д. Э-, М.М- нарт даалгуулахаар мөн орон сууцыг бусдад түрээслэн олсон ашиг 29,866,660 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлүүлж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Энэхүү маргаан бүхий хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд тухайн үед 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэсэн шаардлага тавьсан. Тухайлбал, 2021 он хүртэл талуудын хоорондын гэрээний үүргийг яагаад шаардаагүй эсэх нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 6 дугаар талд М.М- болон Д.Э- нарын гэрийн хаяг байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээн дээрх бичигдсэн гэрийн хаяг дээр өнөөдрийг хүртэл оршин суудаг бөгөөд утасны дугаар нь хүртэл хэвээр байхад нэг ч удаа холбогдож гэрээний үүргээ шаардаагүй нь тоолуурын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн буюу О.И- гэх зуучлагчаас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О.И- шүүх хуралдаанд биечлэн оролцож гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед хямд үнээр зарагдаж байсан байрыг зуучилж өгсөн бөгөөд үнийн хувьд 50,000,000-60,000,000 төгрөгийн үнэтэй байсан гэж мэдүүлсэн. Хариуцагч М.М- болон Д.Э- нар гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн гэдэг нь нотлогддог. Тухайлбал, М.Н- нь 27,000,000 төгрөгийг хариуцагч нарт буцааж шилжүүлж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Гэрчүүд мэдүүлэг өгөхдөө орон сууцыг М.М- болон Д.Э- нарын хөрөнгө гэдэгт маргадаггүй. Мөн тоолуурыг зөвхөн О.И- нийлүүлж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч Д.Э-, М.М- нарт холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Дулаахан хотхоны 44 дүгээр байрны 50 тоотын 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Н-ад холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

2.а. Нэхэмжлэгч М.Н-, хариуцагч Д.Э-, М.М- нар нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Дулаахан хотхоны 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг 80,123,500 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. /хх4-6/

 

2.б. Мөн зохигчдын хооронд 24,037,050 төгрөгийн үнэ бүхий халуун, хүйтэн усны тоолуурыг худалдах, худалдан авах, иргэн М.Н-ын 77 айлын орон сууцны барилгаас 1 өрөө байрыг сонгон 100% бартердах, 1 м.кв-ыг 1,850,000 төгрөгөөр үнэлэн урьдчилгаа 30%-д тооцох тухай бичгийн гэрээ хэрэгт авагдсан. /хх40-41/

 

2.в. Хариуцагч Д.Э-, М.М- нар нь 50 тоот сууцны үнэд 53,000,000 төгрөг төлсөн тухайд талууд маргаангүй байна. /хх33/

 

2.г. Мөн хэрэгт Д.Э-, М.М- нараас 27, 000,000 төгрөгийг М.Н-ад шилжүүлсэн, М.Н- нь буцаан хариуцагч нарт дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй байна. /хх7, 8/

 

2.д. Д.Э-, М.М- нар нь 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 50 тоот сууцны өмчлөгч болж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан, М.Н- нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад Д.Э-, М.М- нар орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар бичиг гаргаж өгчээ. /хх57/

 

2.е. Хариуцагч нар 50 тоот сууцны үнийг банкны зээлээр төлсөн тухайд талууд маргаангүй.

 

3. Зохигч 50 тоот сууцны үнэ 53,000,000 төгрөг, эсхүл 80,000,000 төгрөгийн аль нь болох талаар маргаантай байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Талуудын гэрээний агуулгаас үзэхэд орон сууц хүлээн авах үед талууд тооцоо нийлэх, төлбөрөө бүрэн төлөөгүй бол алданги тооцох, гэрээг цуцлах зэрэг заалтуудыг тохиролцсон байна.

 

Талууд гэрээг цуцлаагүй, анз тооцоогүй, орон сууцыг хүлээлцсэн, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, төлбөр тооцоогүй тухай албан бичгийг нэхэмжлэгч бүртгэлийн байгууллагад гаргаж өгснөөр гэрээний үүргээ биелүүлж дууссан зэргээс үзэхэд хариуцагч нарыг хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлсөн гэж үзнэ.

 

Учир нь хэргийн тогтоогдсон үйл баримтаас үзэхэд 27,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 53,000,000 төгрөгийг авснаар тооцоогүй гэх бичиг хийж өгсөн байх тул талуудын хоорондын гэрээний үнийг 53,000,000 төгрөг гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхийн зохигчдын гэрээний үнэ бодит байдалд 80,123,500 төгрөг бус харин 53,000,000 төгрөг байх бөгөөд тоолуур худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй, дүр үзүүлсэн гэрээ гэх дүгнэлт зөв байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01811 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД